Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/91

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Д аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.У даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Ц

          Улсын яллагч М.М

         Хохирогч Б.М

         Хохирогчийн өмгөөлөгч Д.Д

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Д

          Шүүгдэгч П.Э нарыг оролцуулан Д аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Э-д холбогдох эрүүгийн 2122000720096 дугаартай  хэргийг 2022 оны  04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1986 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Д аймгийн Э суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, малчин, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт Д аймгийн Э сумын 1 дүгээр багийн нутаг “Арын аман усны улаан” гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй М овогт П-ийн Э /Регистрийн дугаар /.

 

  Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

  Шүүгдэгч П.Э нь Д аймгийн Ө сумын 2 дугаар баг Хүрэн духны бууц гэх газар 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 59-37 УБЧ улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлж, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн А-д заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох/, мөн дүрмийн Б-д /тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/ жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх гэх заалтуудад заасан үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч Б.М-ийн биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч П.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Б.М манай гаднаас миний машиныг хөдөлгөсөн. Намайг унтаж байх хойгуур гараад явсан байсан. Хаана явна гэсэн чинь Ө суманд явж байна гэсэн. Хохирогчийн нэхэмжилж байгаа мөнгийг төлнө” гэв.

 

         Шүүгдэгч П.Э-ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “2021 оны 04 сарын 24-ний өдөр Ө сумаас зүүн хойш 10 орчим километр зайд байх айлын хороон дээр очиж айлын хониноос өөрийнхөө хонийг ялгаж авсан. Тухайн үед бид нар дээр Б, Б.М хоёр үхэр хайж яваа гээд ирсэн. Би эхнэр Октябрь бага хүүхэд Мөнхзул /2 настай/ нарын хамт явж байсан. Тэгтэл Б Ө сум руу хамт явъя би мотоциклоо чиний машин дээр аччихъя гэсэн. Тэгээд тэд нар хамт Ө сум орж дэлгүүрээс 5 шил 0.5 литрийн савлагаатай “Хараа” нэртэй архи аваад гэр рүүгээ харьсан. Тэр архийг Б, Б.М бид гурав хувааж уугаад би унтсан. Тэгтэл Б намайг дуудаад Ө сум яваад ирье гээд машинд намайг өргөөд суулгасан. Тэр үед манай эхнэр хүүхэд хоёр малдаа явсан байсан. Бид гурав Ө сум орчихоод манайх руу буцсан. Тэгтэл гэрийн урд талд буюу манай гэрээс ертөнцийн зүгээр урагшаа 300-400 метр орчим зайд М миний машиныг элсэнд суулгасан. Бид гурав машинаас бууж элсийг нь малтаж машинаа гаргах гэж оролдож байтал манай хүү Мөнх-Эрдэнэ явган ирсэн. Тэгэхээр нь би хүүгээ жолоочийн суудал дээр суулгаж өгөөд машинаа ухардаг араанд нь хийгээд “миний хүү зөөлөн хөдлөөрэй, би урдаас нь түлхье” гэж хэлээд машинаа түлхсэн. Гэтэл машин хойшоо хөдлөөд дахин зогссон. Тэгтэл Б хүн дайрчихлаа шүү дээ зогс гэж хэлсэн. Тэгээд хартал машины доод талд М хажуу тийшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд л цагдаад дуудлага өгсөн. Бид гурав машинаа элснээс гаргаж чадахгүй байсан тул М.Э-ээр машинаа бариулаад гурвуулаа түлхвэл илүү хүчтэй түлхэх байх гэж бодоод М.Э-ийг жолоон дээр суулгасан. Манай хүү 12 настай, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй. Осол болсны дараа Ө сум дээр очиход Мийн 2 хавирга хугарсан байна гэж байсан. ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 182-183/

 

Хохирогч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би малаа эрж яваад машин зогсож байхаар нь очтол он жав болох П.Э-тай таараад гэрт нь очиж хоол идээд, төв орж дайлъя гээд ийм зүйл болсон юм. П.Э ахтайгаа ирээд нөгөө хохирсон хүн чи нь энэ үү гэж хэлсэн. Би жил гаруй хугацаанд төлбөр төлөх болов уу гэж бодсон. Хүнийг ийм болгочихоод чимээгүй болсонд гомдолтой байна. Би ажил хийж чадахгүй байгаа,  хохирлоо авмаар байна. Сайхан сэтгэл гаргаад өдийг хүртэл хүлээлээ. 7.858.333 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна. Хүнийг ийм болгочихоод хэрэгсэхгүй болгоно гэж байхгүй. Би зүгээр ажлаа хийгээд явж байсан бол ингэхгүй байсан” гэв.

 

Хохирогч Б.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр би Б гэх залуугийн хамт шуурганд алга болсон айлуудын малын эрэлд мотоциклтой явж байтал замд цэргийн он жав Э гэх залуу эхнэрийн хамт явж байгаад таарсан. Би цэргийн найз Э-тай ойрд тааралдаагүй байсан учир гэрт нь очиж ганц, нэг шил архи уухаар хамт явсан. Тэгээд гэрт нь 2 шил архи уугаад Б, Э бид гурав сумын төв орж архи авахаар 16 цагийн орчим гэрээс нь гараад Э өөрийнхөө машиныг жолоодоод явсан. Сумын төвийн дэлгүүрээс 2 шил архи аваад бид гурав харих замдаа 1 шил архийг нь задлаад уусан. Би замдаа нэлээд согтоод тасарсан. Архи гараад сэргэхэд би эмнэлэгт хэвтэж байсан. Би тээврийн хэрэгсэл ухрах үед хаана байснаа санахгүй байна. Тээврийн хэрэгсэлд дайруулсны улмаас хавирга хугарсан, нуруу хугарсан босч чадахгүй байгаа. Уушгиндаа хагалгаа хийлгэсэн. Гомдолтой, Э-аас эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 22-23/

 

Гэрч Т.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Би 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хонинд яваад орой гэртээ ирээд байж байтал манай хүргэн Э гэрт орж ирээд хүүхэд хүн дайрчихлаа хурдан түргэн дуудаарай гэхээр нь юу болсон бэ? гэвэл Э элсэнд машин суугаад гаргах гээд түрж байсан хүнийг дайрчихлаа гэсэн. Ө сумын Эрүүл мэндийн төвийн жолооч руу залгаж дуудлага өгөөд мөн цагдаагийн 102 дугаарын утас руу залгаж дуудлага өгсөн. Э машин элсэнд суугаад элснээс гаргах гээд хүүхдээ машины руль дээр суулгаад би машиныг нь түрж байтал хүн дайрчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27/

 

Гэрч Ш.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 03 сарын 24-ний өдөр Мийн хамт Ө сумаас зүүн хойд зүгт малын эрэлд явж байтал айлын хороон дээр машин зогсож байхаар нь яваад очтол нэг залуу эхнэр хүүхдийн хамт хонь аччихсан зогсож байсан. Бид хоёрыг очиход машиныхаа түлхүүрийг дотор нь түгжчихсэн байсан. Бид 2 машиных нь хаалгыг онгойлголцсон. М нөгөө залуутай цэргийн он жавтайгаа уулзлаа гэж ярилцаж байсан. Машины жолооч залуу он жавыгаа дайлъя гэрт хүрээд  очоорой гэсэн. М бид хоёр үхрээ хайгаад явж байгаад танай гэрт очоод байж байя гэж хэлээд би мотоциклоо жолоодоод хөдөлтөл М ер нь хоёулаа хамт Ө сум ороод ирье мотоциклоо Э-ы машин дээр аччихъя гэсэн. Э дээр иртэл тэгье гээд мотоциклоо ачаад Ө сум орсон. Суман дээр очоод Э 3 шил 0.5 литрийн “Хараа” архи авсан. Гэрт ирж хоол цай идэж уучихаад авсан 3 шил архиа хувааж уучихаад гэрт байж байгаад эргээд бид 3 Ө сум руу явсан. Ө суман дээр очоод М бид хоёр 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи, мөн 0.5 литрийн “Хараа” нэртэй архи авсан. Тэгээд Э-ы гэр рүү явсан. Гэр рүү явж байх замдаа 0.5 литрийн “Хараа” архийг хувааж уусан. Тэгээд зогсож байсан газраасаа хөдлөөд гэр рүү явж байтал гэрийнх нь баруун урд элсэнд суусан. Тэгээд машиныг нь түрээд элснээс гаргах гэж байтал Э-ы хүүхэд гүйгээд ирсэн. Э-ы хүүхэд нь машины руль дээр суугаад Э бид хоёр урдаас нь түрээд машин хойшоо ухартал би газар ойчсон. Тэгтэл Э хүн дайрчихлаа шүү дээ гэж хашхирсан. Босоод иртэл М машины ард дугуйнд дайруулсан байсан. Тэгээд Э бид хоёр Мийг машин доороос гаргах гэтэл болохгүй байсан. Тэгэхээр нь Э бид хоёр машиныг доороос нь данхраадаад М-ийг машин доороос татаж гаргасан. Тухайн өдөр бид гурав архи согтуурах ундааны зүйл хэрэглэсэн. Э-ы гэрт архи уучихаад Ө сум руу явах замд М машиныг жолоодож явсан. Зогсож архи уучихаад хөдлөхдөө Э машиныг жолоод явж байх замдаа элсэнд суусан. Машиныг элснээс түрж гаргахдаа ухраах гэж байгаа талаар хэн нэгэнд асуулж хэлээгүй. Машиныг арагш ухрааж түрэх үйлдэл хийхэд Мийг машины хаана байгааг анзаараагүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-35 /

 

Гэрч Т.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2021 оны 3 сарын 24-ний өдөр би нөхөр хүүхдийн хамт Ө сумаас зүүн хойд зүгт 10-аад километрт шуурганаар алдсан малаа олоод айлын хороонд зогсож аччихаад хөдлөх гэтэл машиныхаа түлхүүрийг дотор нь түгжчихсэн байсан. Тэгээд байж байтал 2 мотоциклтой танихгүй залуу ирсэн. Бид нар хөдлөх гэж байтал нэг танихгүй залуу танайд очиж хоол идье гэсэн. Гэтэл манай нөхөр тэгвэл тэгээрэй бид нар сумын төв орчихоод харина гэж хэлсэн. Нөгөө 2 залуу мотоциклтойгоо хөдлөөд явж байснаа эргэж ирээд мотоциклоо ачаад хамт явъя гэж хэлсэн. Э буугаад мотоциклийг нь машиныхаа тэвшин дээр ачаад нөгөө 2 хүнийг суулгаад Ө сумын төв орсон. Манай нөхөр он жавыгаа дайлна гээд 3 шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи аваад хөдөө гэртээ очсон. Би хоол хийж өгчихөөд хониндоо явсан. Орой гэртээ иртэл манай нөхөр Э хамт ирсэн 2 залуугийн хамт гэрт байхгүй байсан. Тэгтэл орой харанхуй болох гэж байхад би хүүхдийнхээ хамт хотондоо хургаа хөхүүлж байтал баруун урдаас замаар машин ирж байгаад зогсчихсон. Манай хүү Мөнх-Эрдэнэ аав ирж байгаад зогсчихлоо, би оччихоод ирье гээд явган гүйгээд явсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Э гэрт орж ирсэн. Гэрт орж ирэхдээ хүн машинд дайруулчихлаа гэсээр сандарсан байдалтай байсан. Манай нөхөр орж ирсэн дараагаа түргэн дуудаад өг гэж хэлсэн. Тэгтэл манай ах Б цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн. Манай нөхөр хүүхэд алга болчихлоо, хойшоо гүйсэн байх гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр Э мотоциклоо асааж унаад хөдлөөд явсан. Манай нөхөр гэрт орж ирэхдээ машиныг хэн жолоодож байсан талаар яриагүй. Эыг дуудлага өгөх гээд ирэхэд том хүү Мөнх-Эрдэнэ гэртээ ирээгүй байсан. ” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 37-38 /

 

Насанд хүрээгүй гэрч Э.М-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн осол болсон өдөр би ээжийн хамт хороонд хонь, хурга хөхүүлээд байж байтал гэрийн баруун урд зам дээр машины гэрэл цацраад удаад байхаар нь аав ирж байгаа юм байна гэж бодоод гүйгээд очсон чинь машин нь элсэнд суучихсан байсан. Аав машиныхаа руль дээр суугаад элснээс гаргах гэтэл гарахгүй байсан. Гэтэл аав миний хүү руль дээр суугаад ухрах араанд нь хийгээд зөөлхөн ухраарай, бид 3 урд талаас нь арагш дэмнэе гэсэн. Тэгээд би руль дээр нь суугаад ухрах араанд нь хийгээд аав нэг ахын хамт машины урдаас арагш нь түрсэн. Тэгтэл аавтай цуг машин түрэлцэж байсан танихгүй ах зогсооч ээ, хүн дайрчихлаа гээд хашхирахаар нь зогссон. Тэгээд машинаасаа буугаад машин доогуур хартал хүн дайрчихсан байхаар нь би айгаад хойшоо гүйгээд явчихсан. Тэрнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй. Айгаад сууж байтал Б ах ирж намайг авсан. Тухайн осол болдог газар манай аав Э 2 танихгүй ахын хамт байсан. Би машины аль хэсгээр дайрсныг сайн мэдэхгүй байна. Хойшоо ухарч байтал хүн дайрчихлаа гэхээр нь зогсоод бууж ирээд хартал машин доор хүн байсан. Тухайн дайруулсан хүн машины урд дугуйны ард урагшаа харсан байрлалтай хэвтэж байсан.” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 41 /

 

 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, холбогдох баримтууд /1-р хх-ийн 3-4/

 Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 5-11/

        Хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч / 1-р хх-ийн 12/

Хүний биеэс биологийн дээж авсан тухай тэмдэглэлүүд / 1-р хх-ийн 13-15 /

2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 59-37 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 16-18 /

Д аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Д-ийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаартай:

  6.10/. Б.М-ийн биед үүссэн зүүн талын 1-10-р хавирганы зөрүүтэй далд хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн урагдалт, цээжний хөндийн хий /500 мл/ шингэн /400мл/ хуралдалт,бүсэлхийн 2-4-р нугалмын сэртэнгийн хугарал, нүүр, мөр, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

 7/. Дээрх гэмтлүүд хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

8.9/. Учрах үедээ амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Б.Мийн биед үүссэн зүүн талын 1-10-р хавирганы зөрүүтэй далд хугарал, зүүн уушигны доод дэлбэнгийн урагдалт, цээжний хөндийн хий /500 мл/, шингэн /400 мл/ урагдалт нь тус бүрдээ гэмтлийн хүнд зэрэг, бүсэлхийн 2-4 дүгээр нугаламын сэртэнгийн хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэг, нүүр, мөр, нуруунд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ” гэх  дүгнэлт / 1-р хх-ийн 48-50 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээч, цагдаагийн ахмад А.Б-ын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2247 дугаартай: иргэн Ш.Б, П.Э, Б.М нарын цусанд хийсэн “...1. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 2.”Б/баяр” гэж хаягласан В94945492 дугаартай хуруу шилтэй цусанд 0.8 промилли, “Э/тайв” гэж хаягласан В94945480 дугаартай хуруу шилтэй цусанд 1.3 промилли, “М.дэлгэр” гэж хаягласан В94945081 дугаартай хуруу шилтэй цусанд 0.6 промилли, цусанд спирт илэрсэн. Цусан дахь 0.8. 1.3, 0.6 промилли спирт тус бүр нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 53-55 /

2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 11 дугаартай: “59-37 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно.

а/  тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох:

б/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна” гэх мөрдөгчийн магадалгаа  / 1-р хх-ийн 56-57/

Хохирогч Б.Мийн Д аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар / 1-р хх-ийн 62-117/,

Хохирогч Б.М-ийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар / 1-р хх-ийн 119-139/

Хохирогчоос ирүүлсэн хохирол төлбөртэй холбоотой баримтууд /1-р хх-ийн 193-221, 223, 247-250, 2-р хх-ийн 01/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 184/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч П.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/  тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.7 б/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно гэх заалтуудыг зөрчиж Д аймгийн Ө сумын 2 дугаар багийн нутаг “Хүрэн духны бууц” гэх газар 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 59-37 УБЧ улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож, мөн жолоодох эрхийн үнэмлэхгүй 12 настай өөрийн хүү Э.Мөнх-Эрдэнэд жолоогоо шилжүүлсний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Б.Мийн эрүүл мэндэд “бүсэлхийн 2-4 дүгээр нугаламын сэртэнгийн хугарал, зүүн талын 1-10-р хавирганы зөрүүтэй далд хугарал, зүүн уушигны доод дэлбэнгийн урагдалт, цээжний хөндийн хий /500 мл/, шингэн /400 мл/ урагдалт” бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

 Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүгдэгч П.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/  тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.7 б/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно гэх заалтуудыг зөрчиж Д аймгийн Ө сумын 2 дугаар багийн нутаг “Хүрэн духны бууц” гэх газар 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 59-37 УБЧ улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож, мөн жолоодох эрхийн үнэмлэхгүй 12 настай өөрийн хүү Э.Мөнх-Эрдэнэд жолоогоо шилжүүлсний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Б.Мийн эрүүл мэндэд “бүсэлхийн 2-4 дүгээр нугаламын сэртэнгийн хугарал, зүүн талын 1-10-р хавирганы зөрүүтэй далд хугарал, зүүн уушигны доод дэлбэнгийн урагдалт, цээжний хөндийн хий /500 мл/, шингэн /400 мл/ хуралдалт” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

      шүүгдэгч П.Э-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Б.М манай гаднаас миний машиныг хөдөлгөсөн. Намайг унтаж байх хойгуур гараад явсан байсан. Хаана явна гэсэн чинь Ө суманд явж байна гэсэн. Хохирогчийн нэхэмжилж байгаа мөнгийг төлнө” гэх,

     хохирогч Б.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Би малаа эрж яваад машин зогсож байхаар нь очтол он жав болох П.Э-тай таараад гэрт нь очиж хоол идээд, төв орж дайлъя гээд ийм зүйл болсон юм. Би жил гаруй хугацаанд төлбөр төлөх болов уу гэж бодсон. Хүнийг ийм болгочхоод чимээгүй болсонд гомдолтой байна. Би ажил хийж чадахгүй байгаа,  хохирлоо авмаар байна. Гомдолтой байна, 7.858.333 төгрөг нэхэмжилж байна.” гэх,

гэрч Т.Б-ийн: “...Би 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хонинд яваад орой гэртээ ирээд байж байтал манай хүргэн Э машин элсэнд суугаад элснээс гаргах гээд хүүхдээ машины руль дээр суулгаад би машиныг нь түрж байтал хүн дайрчихлаа гэж хэлсэн” гэх

          гэрч Ш.Б-ын: “...Эы хүүхэд нь машины руль дээр суугаад Э бид хоёр урдаас нь түрээд машин хойшоо ухартал би ойчсон. Тэгтэл Э хүн дайрчихлаа гэж хашхирсан. Босоод иртэл М машины ард дугуйнд дайруулсан байсан. Э бид хоёр Мийг машин доороос гаргах гэтэл болохгүй байхаар нь машиныг данхраадаад Мийг машин доороос гаргасан.Тухайн өдөр бид гурав архи согтуурах ундааны зүйл хэрэглэсэн” гэх,

          гэрч Т.О-ын: “...орой харанхуй болох гэж байхад би хүүхдийнхээ хамт хотондоо хургаа хөхүүлж байтал баруун урдаас замаар машин ирж байгаад зогсчихсон. Тэгтэл манай хүү Мөнх-Эрдэнэ аав ирж байгаад зогсчихлоо, би оччихоод ирье гээд явган гүйгээд явсан. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа Э гэрт орж ирэхдээ хүн машинд дайруулчихлаа гэсээр сандарсан байдалтай ирсэн. Манай нөхөр хүүхэд алга болчихлоо, хойшоо гүйсэн байх гэж хэлсэн.” гэх,

          насанд хүрээгүй гэрч Э.М-ий: “...Тэгтэл аав миний хүү руль дээр нь суугаад ухрах араанд нь хийгээд зөөлхөн ухраарай, бид гурав урд талаас нь арагш дэмнэе гэсэн. Тэгээд би руль дээр нь суугаад ухрах араанд нь хийгээд аав нэг ахын хамт машины урдаас арагш нь түрсэн. Тэгтэл аавтай цуг машин түрэлцэж байсан танихгүй ах зогсооч ээ, хүн дайрчихлаа гээд хашхирахаар нь зогссон. Тэгээд машинаасаа буугаад машин доогуур хартал хүн дайрчихсан байхаар нь би айгаад хойшоо гүйгээд явчихсан юм” гэх мэдүүлгүүд болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, хохирогч Б.Мийн эрүүл мэндэд “бүсэлхийн 2-4 дүгээр нугаламын сэртэнгийн хугарал, зүүн талын 1-10-р хавирганы зөрүүтэй далд хугарал, зүүн уушигны доод дэлбэнгийн урагдалт, цээжний хөндийн хий /500 мл/, шингэн /400 мл/ хуралдалт” бүхий хүнд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр  нотлогдож байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

         Шүүгдэгч П.Э-д холбогдуулан  Д аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

        Шүүгдэгч П.Э-ы хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд бүсэлхийн 2-4 дүгээр нугаламын сэртэнгийн хугарал, зүүн талын 1-10-р хавирганы зөрүүтэй далд хугарал, зүүн уушигны доод дэлбэнгийн урагдалт, цээжний хөндийн хий, шингэн хуралдалт” бүхий хүнд гэмтэл /хохирол/ учирсан байх бөгөөд хохирогч Б.М нь шүүгдэгч П.Э-аас ажилгүй байсан хугацааны цалин 3.780.000 төгрөг, өмгөөллийн хөлс 500.000 төгрөг, эм тариа, эрүүл мэндийн үйлчилгээ авсан зардал 3.578.333 төгрөг, нийт 7.858.333 төгрөгийг нэхэмжилж байна.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-аас 3.578.333 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Мт олгохоор шийдвэрлэлээ.

 

      Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан “Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй” үндэслэлээр өмгөөллийн хөлс 500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

        Мөн хохирогчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Дорнын илч ХХК-ийн 2021 оны 6 сарын 25-ны өдрийн 50 дугаартай “Б.М гагнуурчин ажилтай сард 1.100.000 төгрөгийн цалин авдаг тухай” тодорхойлолт,  Дорнын илч ХХК-д галчаар ажилладаг тухай бичилт бүхий 0120952 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Дорнын илч ХХК-ийн ажилтан Б.М нь 420.000 төгрөгийн цалин авдаг тухай 2021 оны 03 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын талаарх баримтууд нь хоорондоо зөрүүтэй байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Иймд хохирогчийн цалин 3.780.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.

     

      Харин хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан мөн хохирогч нуруундаа 12 ширхэг хадаастай байгаа 2-3 жилийн дараа дахин хагалгаанд орно гэж мэдүүлж байх тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэл болон цаашид эмчилгээтэй холбогдон гарах зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заахаар шийдвэрлэлээ.

 

           Эрүүгийн хариуцлагын талаар:

 

       Шүүх шүүгдэгч П.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

 

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн ...хамаарна.” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.

 

 Шүүгдэгч П.Э нь 2021 оны 03 дугаар  сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд цаг хугацааны хувьд хамаарч байна.

 

Иймд шүүгдэгч П.Э-д Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус  зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

           Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

Шүүгдэгч П.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй  болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Э-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

   1. Шүүгдэгч М овогт П-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

    2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт П-ийн Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

    3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э аас 3.578.333 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Мт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар хохирогчоос гаргасан өмгөөллийн хөлс 500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, цалин 3.780.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэл болон цаашид эмчилгээтэй холбогдон гарах зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

           7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.У