Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 81

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Багануур дүүргийн .... дугаар  хороо, .... дүгээр байрны ... тоотод оршин суух, Б овогт Ц-йн Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч:Багануур дүүргийн ... дүгээр хороо, Б-ийн ... дүгээр гудамжны .... тоотод оршин суух, Ц овогт М-ын Б-д холбогдох 6.497.072 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ба, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ц, хариуцагч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь

 Нэхэмжлэгч Ц.Ба шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие М.Б-тай 2015 оны 8 дугаар сараас эхлэн Багануур дүүргийн ... дүгээр байрны ... тоот миний ... өрөө байранд хамт амьдарсан. Сүүлдээ намайг дарамтлан доромжлох нь байнгын шинжтэй болж зодсон. Шинжилгээгээр баруун талын гайморовын хөндийн урд хана 1.4 см өргөн хэсэгт дотогш 0.3 см гүн цөмөрсөн, ар хана 1.8 см өргөн хэсэгт дотогш этмойд хөндий рүү 5 мм цөмөрсөн хугаралттай. Баруун нүдний ухархайн доод хана дагасан салст 0.5 см хүртэл зузаарч агааржилт буурсан гэсэн гэмтлүүд гарсан. Энэ хэрэгт эрүү үүсэн шалгагдаж 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 20 тоот тогтоолоор Б-ыг 240 цаг албадан хөдөлмөр хийлгэн, эмчилгээний зардалд 3.600.000 төгрөгийг төлүүлэхээр болсон. Бид 2017 оны 9 дүгээр сараас эхлэн тусдаа амьдарч эхэлсэн бөгөөд одоо А гэгч эмэгтэйтэй амьдарч байгаа. Надтай амьдарч байх хугацаандаа ажил хийдэггүй, надаар тэжээлгэдэг байсан. Ажилтай болохоороо цалингаа надад өгнө гэж хэлдэг байсан боловч 2.600.000 төгрөгийн цалинтай ажил хийж байх үедээ 100.000 төгрөг л өгдөг байсан. Өгсөн 100.000 төгрөг автобусанд засвар хийнэ гэж хэлээд цувуулаад авчихдаг байсан. Би эгчид нь дээл хийж өгсөн 22 дээлний мөнгө 1.540.000 төгрөгөөс татгалзаж, хоол хүнсний мөнгөө нэмж 4.498.978 төгрөг болгосон. Хариуцагчийг 2 жил тэжээсэн төлбөр болох хоол хүнсний зардалд 13.496.934 төгрөгийн 1/3 нь 4.498.978 төгрөг, гэрэл цахилгааны төлбөрт 763.043 төгрөгийн 1/3 нь 254.347 төгрөг, Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 845.550 төгрөгийн 1/3 нь 281.850 төгрөг, дулааны төлбөрт 308.996 төгрөгийн 1/3 нь 102.990 төгрөг, халуун, хүйтэн усны төлбөрт 2.307.994 төгрөгийн 1/3 нь 769.330 төгрөг, сар бүр хариуцагчийн утсыг 15.000 төгрөгийн нэгжээр цэнэглэсэн гэх төлбөр 360.000 төгрөг, жолоочийн хариуцлагын албан журмын даатгал 41.382 төгрөг, эрүүл мэндийн сайн дурын даатгал 88.320 төгрөг, мэргэшсэн жолоочийн үнэмлэх авах хахуулд 100.000 төгрөг нийт 6.497.197 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Би улирал, улиралд өөр өөр орлого олдог хэдий ч өдөрт дунджаар 35.000 төгрөгийн орлого олдог байсныг хариуцагч мэдэж байгаа.  Хариуцагчтай 2 жилийн хугацаанд хамтран амьдрахдаа 2 жил дараалан эмнэлэгт хэвтүүлж, шүдгүй байхад нь хиймэл шүд хүртэл хийлгэж өгч байсан гэв.

Хариуцагч М.Б-д шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Батай хамтран амьдрахдаа дээрх нэхэмжлээд байгаа төлбөрийг  төлөлцөөд явдаг байсан хэдий ч надад нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгчийн дүү Ононг гэрчээр асуухад оёдол хийхэд хэцүү өдөрт бага мөнгө олдог гэж хэлж байсан. Жолоочийн даатгалын 41,382 төгрөгийг би өөрөө төлсөн. Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг би өөрөө хөөцөлдөж шалгалт өгөөд эрхийг нь авсан. Энэ хүн хахуул өгч авч өгсөн гэж худлаа хэлж байна. Би өөрийгөө хоёр жилийн хугацаанд 4.498.978 төгрөгийн хоол хүнс идсэн гэж бодохгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь

 Нэхэмжлэгч Ц.Ба нь хариуцагч М.Б-д холбогдуулан 6.497.197 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг  шүүхэд гаргажээ.

    Хариуцагч М.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж  байна.

   Шүүх нэхэмжлэлийн шаардлагуудаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

           Нэхэмжлэгч Ц.Ба, хариуцагч М.Б  нар нь 2015 оны 8 сараас 2017 оны 8 сарын 30-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсан болох нь  талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдож байна.

М.Б, Ц.Ба нар Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар хамтын амьдралтай байсан боловч гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүйгээс тэдгээрийн хооронд гэрлэгчдийн эрх, үүрэг үүсээгүй байна.

Зохигчид нь 2 жил хамтран амьдрах хугацаанд хариуцагч М.Б нь архи уудаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, зоддог байсан учраас нэхэмжлэгч нь 2017 оны 8 сард Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж хариуцагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж, эрүүгийн хариуцлага хүлээсэн, тухайн цаг мөчөөс тус тусдаа амьдарч эхэлсэн  байна.

Нэхэмжлэгч нь хүүгийн хамт хариуцагч Б-тай 2 жил хамтран амьдрах хугацаандаа хариуцагчийг тэжээн тэтгэж, өөрийн өмчлөлийн 3 өрөө байранд хамтран амьдарсан байрны зардал болон бусад зардлыг мөнгөн дүнгээр тооцож хоол хүнсний зардалд 13.496.934 төгрөгийн 1/3 нь 4.498.978 төгрөг, гэрэл цахилгааны төлбөрт 763.043 төгрөгийн 1/3 нь 254.347 төгрөг, Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 845.550 төгрөгийн 1/3 нь 281.850 төгрөг, дулааны төлбөрт 308.996 төгрөгийн 1/3 нь 102.990 төгрөг, халуун, хүйтэн усны төлбөрт 2.307.994 төгрөгийн 1/3 нь 769.330 төгрөг, сар бүр хариуцагчийн утсыг 15.000 төгрөгийн нэгжээр цэнэглэсэн гэх төлбөр 360.000 төгрөг, жолоочийн хариуцлагын албан журмын даатгал 41.382 төгрөг, эрүүл мэндийн сайн дурын даатгал 88.320 төгрөг, мэргэшсэн жолоочийн үнэмлэх авах хахуулд 100.000 төгрөг нийт 6.497.197 төгрөг нэхэмжилжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “бид хоёр хамтран амьдарч байх хугацаанд байнга хамт явж  хоол хүнсээ цуглуулан төлбөр тооцоогоо хийдэг байсан” гэж тайлбарлаж байгаа боловч М.Б нь 2016 оны 6-8 сар хүртэл, 2017 оны 5-10 сар хүртэл ажил хийж байснаас бусад хугацаанд нь  ажил, хөдөлмөр эрхлээгүй, орлогогүй байсан нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нэхэмжлэгч Ба хувиараа оёдол хийж гэр бүлээ тэжээдэг байсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдож байна.

Иймд хариуцагчаас гэрэл цахилгааны төлбөр 254.347 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 281.850 төгрөг, дулааны төлбөр 102.990 төгрөг, халуун, хүйтэн усны төлбөр 769.330 төгрөг, сар бүр хариуцагчийн утсыг 15.000 төгрөгийн нэгжээр цэнэглэсэн гэх төлбөр 360.000 төгрөгөөс хариуцагчийн хөдөлмөр эрхэлж байсан хугацааг хасаж 180.000 төгрөг, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд 41.382 төгрөг, эрүүл мэндийн сайн дурын даатгалд 82.400 төгрөг нийт 1.712.299 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх сар бүр хариуцагчийн утсыг 15.000 төгрөгийн нэгжээр цэнэглэсэн гэх төлбөрөөс 180.000 төгрөг, мэргэшсэн жолоочийн үнэмлэх авах хахуулын 100.000 төгрөг, “ebarimt”-аар бүртгэгдсэн гэх хоол хүнс 13.496.934 төгрөгийн 1/3 нь 4.498.978 төгрөгийн шаарлагуудыг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн “ebarimt”-аар бүртгэгдсэн гэх хоол хүнсний зардал 13.496.934 төгрөг нь нэхэмжлэгч Ба-ын нэрээр бүртгэгдээгүй, түүний төрсөн дүү О-ийн нэр дээр бүртгэгдсэн болох нь Ц.О-ийн шүүхэд гэрчээр өгсөн “эгч бид хоёрын баримт холилдон бүртгэгдсэн” гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаан дээр О-йн “ebarimt”-ийг шүүн үзэхэд Ба-ийн нэрээр бүртгэгдсэн “e barimt”-ийн бүртгэл байхгүй, О-ийн нэр дээр 2016, 2017 оны нийт үнийн дүн 13.902.550 төгрөг гэж бүртгэгдсэн байх тул тухайн цахимд бүртгэгдсэн ebarimt болон шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн “ebarimt”-уудыг нэхэмжлэгчийн өөрийнх нь хоол хүнсэндээ зарцуулсан баримт гэж үзэх боломжгүй байна.

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118.903 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1.712.299 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 42.347 гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.     

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь

  1.Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц овогт М-ын Б-аас 1.712.299 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б-д овогт Ц-ийн Ба-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4.784.898 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай

    2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 118.903 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б-аас 1.712.299 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 42.347 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ба-д  олгосугай.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн 2016, 2017 оны “ebarimt”-уудыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц буцаан олгохыг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.

   4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

     5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ