Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 86

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд  хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д аймгийн С сумын .. дугаар баг, Э тоотод оршин суух, Б овогт Э-ийн О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, Г-ын Б-эд холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.О, хариуцагч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Э.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Э.О миний бие Г.Б-тэй 2013 оноос хойш хамтран амьдарч байх хугацаандаа 20... оны ... дүгээр сарын ...-ны өдөр охин С-г төрүүлсэн. Тэр цагаас эхлэн нөхөр маань намайг зүй бусаар доромжлон зодож, архи уун удаа дараа хутга тулган хөх няц болтол нь зоддог болсон тул салсан. Салснаас хойш охинтойгоо уулзаагүй, охиндоо ямар ч тусламж үзүүлээгүй, бид хоёр огт холбоогүй байж байгаад өнөөдөр л шүүх дээр таарч байна. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан тул охин С-гийн эцэг Г.Б мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Г.Б шүүх хуралд өгсөн тайлбартаа: С  нь миний охин мөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Өөр ярих зүйл байхгүй гэв. 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.О нь хариуцагч Г.Б-эд холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.  

Хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Нэхэмжлэгч Э.О, хариуцагч Г.Б нар нь 2013 оноос эхлэн хамтран амьдарч байх хугацаанд 2014 оны ... дүгээр сарын ....-ны өдөр охин О.С-г төрүүлэн, одоог хүртэл эрүүл саруул өсөн бойжиж байгаа болох нь ................ тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл бойжиж байгаа талаарх “Г” өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, Д аймгийн С-д сумын ... дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зохигчидын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч охин С-г төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг зохигчдод үүсчээ. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх үүргийн хувьд хүүхдээ хүмүүжүүлэхэд зохигчид тэгш эрх, үүрэгтэй оролцох бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг уг үүргээ биелүүлэх, охинтойгоо  уулзахад хориглох эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагч Г.Б нь охин С-г өөрийн хүүхэд мөн эсэхэд  маргаагүй, өөрийн хүүхэд гэж хүлээн зөвшөөрч байгаа, захиргааны журмаар эцэг нь Г.Б гэдгийг тогтоогоогүй байх тул эцгээр нь тогтоож Гэр бүлийн тухай   хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Г.Б-ээс тэтгэлгийг сар бүр  гаргуулж  тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-ээс тэмдэгтийн хураамж 103.350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.   

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь хэсэгт зааснаар 20.. оны ... дүгээр сарын ....-ны өдөр төрсөн охин Э.О-ын С-ийн эцэг Б овогт Г-ын Б мөн болохыг тогтоосугай. 

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар Б овогт Э-ийн С-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны  баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Г.Б-ээс сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  103.350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.О-д олгосугай.   

   4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ