Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2018/00089

 

 



 

2018 4 09

103/ШШ2018/00089

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 2 дугаар гудамжны 55 тоотод оршин суух, Боржигон овогт Баяраагийн Эрдэнэсувдын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Музейд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Эрдэнэсувд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, хариуцагч Хэнтий аймгийн Музейн захирал Н.Нямсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Эрдэнэсувд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Музейд хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр Арга зүйч-Эрдэм шинжилгээний ажилтны албан тушаалд ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд 2 удаа аварга ажилтан, 1 удаа шилдэг ажилтан, БСШУСЯ-ны Хүндэт жуух бичгээр тус тус шагнагдаж хамт олноо манлайлан нутаг орондоо төрийн албыг нэр хүндтэй хашиж байсан. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Музейн захирлын тушаалаар ажлаас халагдсан. Ажлаас халагдсан шалтгаан нь Хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчсөн гэсэн байсан. Миний хувьд Хөдөлмөрийн хуулийг зөрчөөгүй учир энэ шалтгаанаар ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ тушаал нь хэтэрхий нэг талыг барьсан, гүтгэлийн шинжтэй байгаа нь миний үндсэн хуульд заасан иргэний суурь эрх чөлөөг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Би цалингийнхаа хэмжээг тодорхойлоогүй, яагаад гэхээр шүүх хурал олон удаа хойшлогдсон. Би 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртлэх цалинг гаргуулах хүсэлтэй байна. Миний сарын цалин 683.000 төгрөг байдаг. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цайны цагаар буюу 13 цаг өнгөрч байхад нягтлан бодогч Мөнхзул, тухайн өдөр ээлжийн харуултай байсан Өнөрбат, Боловсролын ажилтан Цэцэглэхдаваа нарыг ажил дээр байхад нягтлан Мөнхзул намайг хоолонд орох уу?, би хоолоор дайлая гэхээр нь бид нар хамтдаа явж Нэгдэлчин ресторанд орсон. Тухайн үед бид хэд дөрвүүлээ байсан, пиво захиалахын хувьд захиалсан. Гэхдээ би тэр пивоноос уугаагүй, Мөнхзул, Өнөрбат хоёр уусан. Тэгээд 14 цаг 40 минут буюу 15 цагийн үед ажил дээрээ ирсэн. Миний хувьд ажлын цагаар ажлаасаа хоцорч гадуур явсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Харин архи уусан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн тухайн өдрийн ажилчдын хурлыг захирал Нямсүрэн нь 17 цаг 49 минутад зарлаж, 18 цаг 30 минутад хурал тарсан. Би хариуцагчийн хариу тайлбар болон гэрчүүдийн мэдүүлэгтэй танилцсан. Энд тухайн өдөр ээлжийн харуултай байсан хүн архи уусан байхад яагаад ажлаас нь халахгүй цуг явсан нэрээр би ажлаас халагдаж байгаа юм бэ? Би үүнийг гүтгэлэгийн шинжтэй гэж үзэж байна гэв.

Хариуцагч Хэнтий аймгийн Музейн захирал Н.Нямсүрэн шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр би байгууллагынхаа ажилчидтай тухайн цаг үед болж байгаа асуудлын талаар дотооддоо хурал хийсэн. Тэр хуралд манай байгууллагын бүх ажилчид суусан, тэр өдөр Эрдэнэсувд миний өөдөөс хараад архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай, царай нь улайчихсан, нүд нь бүлцийчихсэн байдалтай сууж байсан. Би байгууллагын хурал дууссаны дараа Дотоод аудит хариуцсан мэргэжилтэн Алтансувдаар Эрдэнэсувдыг дуудуулж чи яагаад ажлын цагаар, ажлын байран дээр архи уучихсан ирж байгаа юм бэ?, царай чинь яачихаад байгаа юм гэхэд миний сэтгэл бухимдаад сая Мөнхзултай Нэгдэлчин бааранд очиж пиво уугаад ирсэн юм аа гэж хэлсэн. Манай Музей бол тусгай объект гэж явдаг. Тэгээд би тухайн өдөр харуулын үүрэг гүйцэтгэж байсан Өнөрбатыг дуудаж ажлын байран дээр согтуу хүн байхад яагаад шаардлага тавьдаггүй юм бэ? энэ асуудал дээрээ анхаар гэж хэлээд Өнөрбатыг гаргасан. Тэгээд Эрдэнэсувдад энэ асуудлыг маргааш ярилцъя, явж амар гэж үүрэг өгөөд гаргасан. Түүний дараа ажлын цаг дуусаагүй байхад Эрдэнэсувд, Мөнхзул хоёр цаг бүртгэгч үйлчлэгч Баярцэцэгээр согтууруулах ундааны зүйл буюу пиво авчруулаад ажлын байр буюу манааны байранд уусан байсан. Эрдэнэсувд нь тэр оройжингоо уусан байсан. Тэгээд маргааш өглөө Эрдэнэсувдыг ажилдаа ирэхэд нь ороод ирэх болов уу гэж нилээн харсан боловч орж ирээгүй, үдээс хойш би Эрдэнэсувдыг дуудаж чи өчигдөр уусан байсан, би чамайг харьж амар гэхэд яагаад үргэлжлүүлэн уусан юм бэ? гэхэд даргаа намайг уучлаарай гээд бичгээр хүсэлт өгсөн. Эрдэнэсувдтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон манай байгууллагын дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт ажлын цагаар согтуу ирэх, ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд ажлаас чөлөөлнө гэж заасан байдаг. Тэгээд маргааш нь Эрдэнэсувд би алдаа гаргасан нь үнэн, та надад арга хэмжээ авч өгөөч гэсэн. Тэгэхээр нь би энэ байгууллага бол онцгой объект, ажлын байран дээр улаан цайм уугаад ирсэн хүнийг арга хэмжээ авахгүй бол бусад хүмүүст ямар байх вэ? хуулийн хүрээнд би чамайг 3 сарын цалингийн 20 хувиар бууруулах тушаал гаргая гэхэд Эрдэнэсувд би цалингаа хасуулахгүй, арга хэмжээ авахуулахгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж уурласан. Тэгээд нилээн байж байгаад дахин орж ирээд би Солонгос явъя, та надад Солонгос улсын элчин сайдын яаманд тодорхойлолт гаргаж өгөөч гэсэн хүсэлт өгсөн. Би Эрдэнэсувдыг ажлаас халах тухай тушаал төлөвлөсөн тушаал дээр барьсан хуулийн заалтуудыг тодорхой бичээд ажлын байран дээр согтуурсан тул ажлаас чөлөөлөв гэж бичсэн. Тэгсэн Эрдэнэсувд тухайн үед манай бичиг хэрэг хийж байсан Сайнзаяатай хамт орж ирээд даргаа би эмэгтэй хүн, залуу хүн, өөр төрийн албанд орно тушаал дээрээс маань ажлын байранд архидан согтуурсан гэдгийг маань хасаад өгөөч гэж гуйсан. Би хүсэлтийг нь хүлээж авсан. Эрдэнэсувд нь энэ ямар онцлогтой байгууллага гэдгээ өөрөө мэдэж байгаа би өмнө нь энэ үндэслэлээр харуул хамгаалалтын ажилтанг ажлаас чөлөөлж байсан. Мөн намайг нам улс төрийн шинжтэй нэг талыг барьсан гэж хэлээд байгааг гайхаж байна. Бид бүгдээрээ төрийн албан хаагч би нам бус, Эрдэнэсувд ч нам бус, ямар үндэслэлээр нам улс төрийн шинжтэй нэг талыг барьсан гэж хэлээд байгаа юм. Эцэст нь хэлэхэд би ажилтан албан хаагчтайгаа хуйвалдаж Эрдэнэсувдыг гүтгэсэн зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. Манай байгууллага нь цөөхөн хүнтэй цомхон байгууллага нягтлан Мөнхзулын хувьд Байгаль орчин аялал жуучлалын яамны үндсэн ажилтан, манай байгууллагад 40 хувийг авч цалинждаг, манай үндсэн ажилтан биш гэдгийг хэлмээр байна. Тухайн өдөр би Өнөрбатыг дуудаж Эрдэнэсувдыг асуухад Өнөрбат уугаагүй байсан. Би Өнөрбат, Мөнхзул, Цэцэглэхдаваа нарыг уусан байгааг нь хараагүй. Энэ асуудалтай холбогдуулаад дараа нь нилээн маргаан, тэмцэл болсон. Тухайн үед Боловсролын ажилтан Цэцэглэхдаваа, Өнөрбат нар нь тэнд очсон юм байна лээ, гэхдээ уугаагүй байдаг. Ер нь би байгууллага удирдаж яваа хүний хувьд хүнийг уугаагүй байхад нь уусан гэж гүтгэхгүй, эрүүл согтуу байгааг нь ялгаж чадна. Эрдэнэсувдын хувьд уучихсан байхад нь сануулаад гаргаж байхад буцаж очоод манааны байранд уусныгаа юу гэж тайлбарлахыг нь би мэдэхгүй байна. Дахин хэлэхэд тухайн өдөр би Эрдэнэсувдаас өөр согтууруулах ундаа хэрэглэсэн хүн олж хараагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч Алтансувд, Мөнхзул нарын мэдүүлэг,

Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Музейн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Эрдэнэсувдын Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх 62 дугаартай тушаал, Хөдөлмөрийн гэрээ, Эрдэнэсувдын Музейн захиргаанд гаргасан өргөдөл, Солонгос улс руу гаргаж өгнө үү гэх хүсэлт, Ажилчдын цагийн бүртгэл, Байгууллагын дотоод журам зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Эрдэнэсувд нь Хэнтий аймгийн Музейн Арга зүйч-Эрдэм шинжилгээний ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай гомдлын шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Музей нь нэхэмжлэгч нь сахилгын ноцтой зөрчил гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.Учир нь:

Нэхэмжлэгч Б.Эрдэнэсувд нь Хэнтий аймгийн Музейд 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Үзмэр харагч үйлчлэгч, тайлбарлагч, Арга зүйч-Эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан болох нь нийгмийн даатгалын 000147330 дугаартай дэвтэрт бичилт хийсэн байдлаар тогтоогдож байна.

Б.Эрдэнэсувд нь анх ажилд орохдоо ажил олгогч байгууллагатай Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулан ажил үүрэг гүйцэтгэж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, харин 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс тус байгууллагын захирал Н.Нямсүрэнтэй Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулан Арга зүйч-Эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан талаарх Хөдөлмөрийн гэрээ хэрэгт хавсаргагдсан байна. Талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүдийн талаар харилцан тохиролцож, гэрээнд гарын үсгээ зурж гэрээг баталгаажуулсан байх ба талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсжээ.

Ажил олгогч Хэнтий аймгийн Музей нь ажилтан Б.Эрдэнэсувдыг ажлын цагаар болон ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсэн үндэслэл зааж Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 37 дугаар зүйлийн 37.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Байгууллагын дотоод журмын 7.6, 7.7 дахь заалт, Байгууллагын хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1, 4.2.2 дахь заалтуудыг баримтлан 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Хариуцагч байгууллага нь тушаалдаа баримталсан хуулийн заалт, үндэслэлээ шүүх хуралдаан дээр Байгууллагын дотоод журмын 7.7-д Ажилтан албан хаагчид нь албан үүргээ гүйцэтгэж байх үедээ болон ажлын цагаар архи уусан тохиолдолд тухайн өдөр ажил тасалсанд тооцож хуулийн дагуу ажлаас чөлөөлнө гэж зааснаар ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Б.Эрдэнэсувд нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажлын цагаар болон ажлын байранд архидан согтуурсан зөрчил гаргасан нь байгууллагын захиралд гаргасан Эрдэнэсувдын Миний бие байгууллагын дотоод журам, Хөдөлмөрийн гэрээнд заасан заалтуудыг зөрчиж ажлын байранд доголдол гаргасан нь үнэн болно. Энэхүү буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч дахин алдаа дутагдал гаргахгүй, дотоод журам зөрчихгүй ажиллахаа амлаж байна. Миний буруутай үйлдэл нь арга хэмжээ авахуулах зайлшгүй шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа тул удирдлагын шийдвэрийг хүнтэтгэнэ. Сануулах арга хэмжээ авч өгнө үү гэсэн хүсэлт,

Гэрч Мөнхзулын шүүх хуралдаанд өгсөн Би 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Нэгдэлчин ресторанд Эрдэнэсувд, Өнөрбат нарын хамт орсон. Цэцэглэхдаваа орж ирээд гарсан. Хоолоо идчихээд Эрдэнэсувд бид хоёр 2, 2 пиво уусан. Өнөрбат ахыг пиво уусаныг хараагүй. Бид хоёр ажилдаа очихдоо дэлгүүрээс пиво авч манааны байранд уусан, тэнд би Эрдэнэсувд, Өнөрбат нар байсан пивыг Эрдэнэсувд бид хоёр уусан. Том ногоон савтай 2 ширхэг пиво байсан гэсэн мэдүүлэг,

Гэрч С.Өнөрбатын шүүх хуралдаанд өгсөн Би 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үдийн цайны цагаар нягтлан Мөнхзул, Эрдэнэсувд хоёртой хоолны газар очсон. Би тухайн үед машинтай явж байсан учраас Мөнхзул, Эрдэнэсувд хоёр 2, 2 пиво уугаад ажил дээрээ ирсэн. Ажил дээрээ ирсэн цагаа сайн санахгүй байна. Би эмэгтэй хүний лайв нэртэй пивоноос стаканд хийгээд жаахан уусан, машин барьж байсан болохоор нэг их уугаагүй. Мөнхзул ажил руу ирэхдээ Нийслэл нэртэй 2.5 литрийн хэмжээтэй ногоон савтай 2 ширхэг пиво авсан гэсэн мэдүүлэг,

Гэрч С.Баярцэцэгийн шүүх хуралдаанд өгсөн Эрдэнэсувд 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цайны цагаараа яваад ирэхдээ пиво үнэртүүлээд ирсэн. Намайг 16 цаг өнгөрч байхад Мөнхзул пивонд явуулсан, би Нийслэл нэртэй пиво авч ирж манааны байранд орхичихоод явсан. Манааны байранд Мөнхзул, Эрдэнэсувд хоёр л байсан. Би байгууллагын цаг бүртгэдэг тухайн өдрийн цагийн бүртгэлд бүртгэхдээ Эрдэнэсувдыг 11 дүгээр сарын 23-ны өдрийн цайны цагийг 15 цаг 40 минутад ирсэн гэж андуурч бүртгэсэн байсан. Уг нь 11 дүгээр сарын 22-ны өдрийг бүртгэсэн юм миний хараа жаахан муу гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Хөдөлмөрийн гэрээний 4 дугаар зүйлийн 4.2.2-д заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар талууд гэрээгээрээ тохиролцсон. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг ноцтой зөрчилд тооцон гэрээг шууд цуцлахаар дотоод журам болон гэрээнд заасан байна.

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Эрдэнэсувдын гаргасан нэхэмжлэлээс ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөх олговор гаргуулах шаардлагад иргэний хэрэг үүсгэж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг орхигдуулан бичсэнийг тус шүүх засварлах боломжгүйг дурдах нь зүйтэй.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд ажил олгогч нь ажилтан Б.Эрдэнэсувдыг ажлаас буруу халсан гэх үндэслэл тогтоогдоогүй, Б.Эрдэнэсувд нь сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нараас шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримт болон нотолгооны хэрэгсэл нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, эргэлзээгүй, үнэн зөв, тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтууд гэж дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус зааснаар Боржигон овогт Баяраагийн Эрдэнэсувдын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Музейд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ