Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 89

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн  хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х..... аймгийн Х сумын ... дугаар баг Б-ийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, Б овогт Б-ийн Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн М-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т, хариуцагч Хэнтий аймгийн М захирал Н.Н, хариуцагчийн өмгөөлөгч Д.О, нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн М-д хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр Арга зүйч-Эрдэм шинжилгээний ажилтны албан тушаалд ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд 2 удаа аварга ажилтан, 1 удаа шилдэг ажилтан, БСШУСЯ-ны “Хүндэт жуух” бичгээр тус тус шагнагдаж хамт олноо манлайлан нутаг орондоо төрийн албыг нэр хүндтэй хашиж байсан. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр М захирлын тушаалаар ажлаас халагдсан. Ажлаас халагдсан шалтгаан нь Хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчсөн гэсэн байсан. Миний хувьд Хөдөлмөрийн хуулийг зөрчөөгүй учир энэ шалтгаанаар ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ тушаал нь хэтэрхий нэг талыг барьсан, гүтгэлийн шинжтэй байгаа нь миний үндсэн хуульд заасан иргэний суурь эрх чөлөөг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Би цалингийнхаа хэмжээг тодорхойлоогүй, яагаад гэхээр шүүх хурал олон удаа хойшлогдсон. Би 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртлэх цалинг гаргуулах хүсэлтэй байна. Миний сарын цалин 683.000 төгрөг байдаг. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны  өдөр цайны цагаар буюу 13 цаг өнгөрч байхад нягтлан бодогч М, тухайн өдөр ээлжийн харуултай байсан Ө, Боловсролын ажилтан Ц нарыг ажил дээр байхад нягтлан М намайг хоолонд орох уу?, би хоолоор дайлая гэхээр нь бид нар хамтдаа явж Нэгдэлчин ресторанд орсон. Тухайн үед бид хэд дөрвүүлээ байсан, пиво захиалахын хувьд захиалсан. Гэхдээ би тэр пивоноос уугаагүй, М, Ө хоёр уусан. Тэгээд 14 цаг 40 минут буюу 15 цагийн үед ажил дээрээ ирсэн. Миний хувьд ажлын цагаар ажлаасаа хоцорч гадуур явсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Харин архи уусан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн тухайн өдрийн ажилчдын хурлыг захирал Н нь 17 цаг 49 минутад зарлаж, 18 цаг 30 минутад хурал тарсан. Би хариуцагчийн хариу тайлбар болон гэрчүүдийн мэдүүлэгтэй танилцсан. Энд тухайн өдөр ээлжийн харуултай байсан хүн архи уусан байхад яагаад ажлаас нь халахгүй цуг явсан нэрээр би ажлаас халагдаж байгаа юм бэ? Би үүнийг гүтгэлэгийн шинжтэй гэж үзэж байна гэв.

Хариуцагч Хэнтий аймгийн М захирал Н.Н шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр би байгууллагынхаа ажилчидтай тухайн цаг үед болж байгаа асуудлын талаар дотооддоо хурал хийсэн. Тэр хуралд манай байгууллагын бүх ажилчид суусан, тэр өдөр Э миний өөдөөс хараад архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай, царай нь улайчихсан, нүд нь бүлцийчихсэн байдалтай сууж байсан. Би байгууллагын хурал дууссаны дараа Дотоод аудит хариуцсан мэргэжилтэн А-аар Э-ыг дуудуулж чи яагаад ажлын цагаар, ажлын байран дээр архи уучихсан ирж байгаа юм бэ?, царай чинь яачихаад байгаа юм гэхэд миний сэтгэл бухимдаад сая М-тай “Нэгдэлчин” бааранд очиж пиво уугаад ирсэн юм аа гэж хэлсэн. Манай М бол тусгай объект гэж явдаг. Тэгээд би тухайн өдөр харуулын үүрэг гүйцэтгэж байсан Ө-ыг дуудаж “ажлын байран дээр согтуу хүн байхад яагаад шаардлага тавьдаггүй юм бэ? энэ асуудал дээрээ анхаар гэж хэлээд Ө-ыг гаргасан. Тэгээд Э-ад энэ асуудлыг маргааш ярилцъя, явж амар гэж үүрэг өгөөд гаргасан. Түүний дараа ажлын цаг дуусаагүй байхад Э, М хоёр цаг бүртгэгч үйлчлэгч Б-ээр согтууруулах ундааны зүйл буюу пиво авчруулаад ажлын байр буюу манааны байранд уусан байсан. Э нь тэр оройжингоо уусан байсан. Тэгээд маргааш өглөө Э-ыг ажилдаа ирэхэд нь ороод ирэх болов уу гэж нилээн харсан боловч орж ирээгүй, үдээс хойш би Э-ыг дуудаж чи өчигдөр уусан байсан, би чамайг харьж амар гэхэд яагаад үргэлжлүүлэн уусан юм бэ? гэхэд даргаа намайг уучлаарай гээд бичгээр хүсэлт өгсөн. Э-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон манай байгууллагын дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт ажлын цагаар согтуу ирэх, ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд ажлаас чөлөөлнө гэж заасан байдаг. Тэгээд маргааш нь Э би алдаа гаргасан нь үнэн, та надад арга хэмжээ авч өгөөч гэсэн. Тэгэхээр нь би энэ байгууллага бол онцгой объект, ажлын байран дээр улаан цайм уугаад ирсэн хүнийг арга хэмжээ авахгүй бол бусад хүмүүст ямар байх вэ? хуулийн хүрээнд би чамайг 3 сарын цалингийн 20 хувиар бууруулах тушаал гаргая гэхэд Э би цалингаа хасуулахгүй, арга хэмжээ авахуулахгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж уурласан. Тэгээд нилээн байж байгаад дахин орж ирээд би Солонгос явъя, та надад Солонгос улсын элчин сайдын яаманд тодорхойлолт гаргаж өгөөч гэсэн хүсэлт өгсөн. Би Эыг ажлаас халах тухай тушаал төлөвлөсөн тушаал дээр барьсан хуулийн заалтуудыг тодорхой бичээд ажлын байран дээр согтуурсан тул ажлаас чөлөөлөв гэж бичсэн. Тэгсэн Э тухайн үед манай бичиг хэрэг хийж байсан С-тай хамт орж ирээд “даргаа би эмэгтэй хүн, залуу хүн, өөр төрийн албанд орно тушаал дээрээс маань ажлын байранд архидан согтуурсан гэдгийг маань хасаад өгөөч” гэж гуйсан. Би хүсэлтийг нь хүлээж авсан. Э нь энэ ямар онцлогтой байгууллага гэдгээ өөрөө мэдэж байгаа би өмнө нь энэ үндэслэлээр харуул хамгаалалтын ажилтанг ажлаас чөлөөлж байсан. Мөн намайг нам улс төрийн шинжтэй нэг талыг барьсан гэж хэлээд байгааг гайхаж байна. Бид бүгдээрээ төрийн албан хаагч би нам бус, Э ч нам бус, ямар үндэслэлээр нам улс төрийн шинжтэй нэг талыг барьсан гэж хэлээд байгаа юм. Эцэст нь хэлэхэд би ажилтан албан хаагчтайгаа хуйвалдаж Э-ыг гүтгэсэн зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. Манай байгууллага нь цөөхөн хүнтэй цомхон байгууллага нягтлан М-ын хувьд Б орчин аялал жуучлалын яамны үндсэн ажилтан, манай байгууллагад 40 хувийг авч цалинждаг, манай үндсэн ажилтан биш гэдгийг хэлмээр байна. Тухайн өдөр би Ө-ыг дуудаж Э-ыг асуухад Ө уугаагүй байсан. Би Ө, М, Ц нарыг уусан байгааг нь хараагүй. Энэ асуудалтай холбогдуулаад дараа нь нилээн маргаан, тэмцэл болсон. Тухайн үед Боловсролын ажилтан Ц, Ө нар нь тэнд очсон юм байна лээ, гэхдээ уугаагүй байдаг. Ер нь би байгууллага удирдаж яваа хүний хувьд хүнийг уугаагүй байхад нь уусан гэж гүтгэхгүй, эрүүл согтуу байгааг нь ялгаж чадна. Э-ын хувьд уучихсан байхад нь сануулаад гаргаж байхад буцаж очоод манааны байранд уусныгаа юу гэж тайлбарлахыг нь би мэдэхгүй байна. Дахин хэлэхэд тухайн өдөр би Э-аас өөр согтууруулах ундаа хэрэглэсэн хүн олж хараагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч А, М нарын мэдүүлэг,

Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр М захирлын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Э-ын Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх ... дугаартай тушаал, Хөдөлмөрийн гэрээ, Э-ын М захиргаанд гаргасан өргөдөл, Солонгос улс руу гаргаж өгнө үү гэх хүсэлт, Ажилчдын цагийн бүртгэл, Байгууллагын дотоод журам зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь Хэнтий аймгийн М Арга зүйч-Эрдэм шинжилгээний ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай гомдлын шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Хариуцагч Хэнтий аймгийн М нь нэхэмжлэгч нь сахилгын ноцтой зөрчил гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж  маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.Учир нь:

Нэхэмжлэгч Б.Э нь Хэнтий аймгийн М-д 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Үзмэр харагч үйлчлэгч, тайлбарлагч, Арга зүйч-Эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж  байсан болох нь нийгмийн даатгалын 000.......... дугаартай дэвтэрт бичилт хийсэн байдлаар тогтоогдож байна.

Б.Э нь анх ажилд орохдоо ажил олгогч байгууллагатай Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулан ажил үүрэг гүйцэтгэж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, харин 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс тус байгууллагын захирал Н.Н-тэй Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулан Арга зүйч-Эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан талаарх Хөдөлмөрийн гэрээ хэрэгт хавсаргагдсан байна. Талууд  Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүдийн талаар харилцан тохиролцож, гэрээнд гарын үсгээ зурж гэрээг баталгаажуулсан байх ба талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсжээ.

Ажил олгогч Хэнтий аймгийн М нь ажилтан Б.Э-ыг ажлын цагаар болон ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсэн үндэслэл зааж Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 37 дугаар зүйлийн 37.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Байгууллагын дотоод журмын 7.6, 7.7 дахь заалт, Байгууллагын хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1, 4.2.2 дахь заалтуудыг баримтлан 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Хариуцагч байгууллага нь тушаалдаа баримталсан хуулийн заалт, үндэслэлээ шүүх хуралдаан дээр “Байгууллагын дотоод журмын 7.7-д “Ажилтан албан хаагчид нь албан үүргээ гүйцэтгэж байх үедээ болон ажлын цагаар архи уусан тохиолдолд тухайн өдөр ажил тасалсанд тооцож хуулийн дагуу ажлаас чөлөөлнө” гэж зааснаар ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Б.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажлын цагаар болон ажлын байранд архидан согтуурсан зөрчил гаргасан нь байгууллагын захиралд гаргасан Э-ын “Миний бие байгууллагын дотоод журам, Хөдөлмөрийн гэрээнд заасан заалтуудыг зөрчиж ажлын байранд доголдол гаргасан нь үнэн болно. Энэхүү буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч дахин алдаа дутагдал гаргахгүй, дотоод журам зөрчихгүй ажиллахаа амлаж байна. Миний буруутай үйлдэл нь арга хэмжээ авахуулах зайлшгүй шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа тул удирдлагын шийдвэрийг хүнтэтгэнэ. Сануулах арга хэмжээ авч өгнө үү” гэсэн хүсэлт,

Гэрч М-ын шүүх хуралдаанд өгсөн “ Би 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Н” ресторанд Э, Ө нарын хамт орсон. Ц орж ирээд гарсан. Хоолоо идчихээд Э бид хоёр 2, 2 пиво уусан. Ө ахыг пиво уусаныг хараагүй. Бид хоёр ажилдаа очихдоо дэлгүүрээс пиво авч манааны байранд уусан, тэнд би Э, Ө нар байсан пивыг Э бид хоёр уусан. Том ногоон савтай 2 ширхэг пиво байсан” гэсэн мэдүүлэг,

Гэрч С.Өнөрбатын шүүх хуралдаанд өгсөн “Би 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үдийн цайны цагаар нягтлан Мөнхзул, Э хоёртой хоолны газар очсон. Би тухайн үед машинтай явж байсан учраас Мөнхзул, Э хоёр 2, 2 пиво уугаад ажил дээрээ ирсэн. Ажил дээрээ ирсэн цагаа сайн санахгүй байна. Би эмэгтэй хүний лайв нэртэй пивоноос стаканд хийгээд жаахан уусан, машин барьж байсан болохоор нэг их уугаагүй. Мөнхзул ажил руу ирэхдээ Нийслэл нэртэй 2.5 литрийн хэмжээтэй ногоон савтай 2 ширхэг пиво авсан” гэсэн мэдүүлэг,

Гэрч С.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн “Э 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цайны цагаараа яваад ирэхдээ пиво үнэртүүлээд ирсэн. Намайг 16 цаг өнгөрч байхад М пивонд явуулсан, би Нийслэл нэртэй пиво авч ирж манааны байранд орхичихоод явсан. Манааны байранд М, Э хоёр л байсан. Би байгууллагын цаг бүртгэдэг тухайн өдрийн цагийн бүртгэлд бүртгэхдээ Э-ыг 11 дүгээр сарын 23-ны өдрийн цайны цагийг 15 цаг 40 минутад ирсэн гэж андуурч бүртгэсэн байсан. Уг нь 11 дүгээр сарын 22-ны өдрийг бүртгэсэн юм миний хараа жаахан муу” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Хөдөлмөрийн гэрээний 4 дугаар зүйлийн 4.2.2-д заасан “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр ажил олгогчийн санаачлагаар” хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар талууд гэрээгээрээ тохиролцсон. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг ноцтой зөрчилд тооцон гэрээг шууд цуцлахаар дотоод журам болон гэрээнд заасан байна.

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Э-ын гаргасан нэхэмжлэлээс “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөх олговор гаргуулах” шаардлагад иргэний хэрэг үүсгэж, “нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай шаардлагыг орхигдуулан бичсэнийг тус шүүх засварлах боломжгүйг дурдах нь зүйтэй.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд ажил олгогч нь ажилтан Б.Э-ыг ажлаас буруу халсан гэх үндэслэл тогтоогдоогүй, Б.Э нь сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нараас шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримт болон нотолгооны хэрэгсэл нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, эргэлзээгүй, үнэн зөв, тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтууд гэж дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б овогт Б-ийн Э-ын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн М-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

                2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

             4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ