Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/85

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

         Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бямбадорж

         Улсын яллагч А.Оргилбаяр

         Шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ат холбогдох 2216001150126 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, ....-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй,  бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхэдтэйгээ хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд  ял шийтгэлгүй, Д.... регистрийн дугаартай, Бэсүд овогтой Н.А.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Н.А нь согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө  00 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил цаг” дэн буудлын гадна хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Г.Ныг “...буудал авах чадваргүй юм” гэж хэлснээс болж маргалдан улмаар гараараа цохиж унагаан эрүүл мэндэд нь “зүүн хөлний 2,3,4,-р хурууны зөрөө багатай хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Н.А гэм буруутай болох нь:

 Шүүгдэгч Н.Аын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...Би 05 сарын 3-4-нд шилжих шөнө Аялгуу нэртэй караокед ороод найзуудтайгаа хамт архи уусан. Тэгээд тэндээсээ гараад тэр дэн буудлын үүдэнд бид хэд   маргалдаад би Г.Ныг цохисон. Хийсэн энэ үйлдэлдээ харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд эхлээд 200,000 төгрөг өгөөд дараа нь 500,000 төгрөг өгөөд эм тарианы мөнгө гэж 100 гаран мянган төгрөг төлсөнгэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Г.Нын мөрдөн байцаалтад өгсөн “...Би буудал авах гээд ороход өрөө байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад буудалд өрөө алга байна гэхэд чадваргүй юм гээд Н.А над руу хэлэхэд би муудалцаж Н.А руу цохиход Н.А миний хамар руу цохиход цус гараад хамраа дараад доошоо суусан чинь намайг Н.А доороо оруулж байгаад цохиж зодсон байсан... эмчилгээний зардалд 700.000 төгрөг, эм тариа гээд эмчилгээний зардалд зуугаад мянган төгрөгний эм тариа авч өгсөн. ...гомдол саналгүй. ” гэсэн мэдүүлэг /ХХ35-рт/,

Гэрч Ж.У-н мөрдөн байцаалтад өгсөн “...Ганбүргэд, Н.А нар ирээд бид нартай  нийт 3 шил 0.750 граммтай eden  нэртэй архи хувааж уугаад караоке хаах болоход Г.Н буудалд очъё гээд явсан юм. Тэгээд буудлын тэнд очиход Г.Н, Н.А нар муудалцаад би салгаж байснаа санаж байгаа юм. Г.Н Н.Аын дээр суусан цохиж байсан. ” гэсэн мэдүүлэг /ХХ39-рт/,

Гэрч Д.О-н мөрдөн байцаалтад өгсөн “...Оргил цаг дэлгүүрийн тэнд нөгөө хэд буусан. Алтан-Оргил миний машинд сууж байсан юм. Тэгтэл хүмүүс хоорондоо зодолдож байхаар нь би машинаас бууж очиход Ганбүргэд Уламбаярыг цохисон тэгэхээр нь би очоод салгасан чинь намайг цохиж унагасан. Тэгээд би босоод иртэл Н.А Г.Нын дээр нь гараад суучихсан цохиж байсан. Тэгэхэд Уламбаяр тэр хоёрыг салгах гээд хүч хүрэхгүй байтал танихгүй 3 залуу ирж татаж босгоод миний машин руу суулгахад Алтан-Оргил миний машинд байхгүй байсан. Би Н.А, Уламбаяр хоёрыг аваад явах гэж байтал цагдаагийн машин ирээд намайг машинаас буулгаж Н.А, Г.Н, Уламбаяр бид нарыг авч явсан. Тэгээд цагдаагийн газарт очсон байхад Г.Н миний хөл өвдөөд байна гэж байсан..... ” гэсэн мэдүүлэг /ХХ41-рт/,

Гэрч Л.Г-н мөрдөн байцаалтад өгсөн “...22 цаг 30 минутад Алтан-Оргил бид хоёр очиход Г.Н, Н.А, О, У нар архи уугаад сууж байсан. Тэгээд бид нар Един нэртэй 0,75 грамм 1 шил архи би авч өгөөд ууж дуусаад дахиад Уламбаяр 0,75 граммтай архи дахиж 1 шил аваад караоке хаах болсон гээд тэр архиа аваад буудалд очиж ууя гээд аваад явсан юм. Тэгээд бид нар буудал руу яваад Оргил цаг дэлгүүрийн буудал руу Г.Н буудал авна гэж орчихоод буудал байхгүй байна гэж хэлж гарч ирсэн. Тэгсэн чинь Г.Ныг аймагт амьдарч байж ганц буудал авч чадахгүй гээд түүнээс болж маргалдаад Г.Ныг Н.А цохиж унагасан, дээр нь гарсан цохиж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ45-рт/,

 

Шинжээч Д.Даваахүүгийн 2022 оны 05 дугаар сарын \10-ны өдрийн 133 дугаартай  “1. Г.Нын биед зүүн хөлний тавхай ясны 2,3,4,-р хурууны зөрөө багатай хугарал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хамар, хацар, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн хацарт зулгаралт, баруун шанаа, баруун чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүдээс зүүн хөлийн тавхайн 2,3,4-р хурууны хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт /ХХ51-52/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Н.А уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул Н.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Н.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.А нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

 

Шүүх шүүгдэгч Н.Аыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүний прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хуульд заасан доод хэмжээгээр торгож өгнө үү” гэсэн саналыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч Н.А нь хохирогч Г.Нт 810.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бэсүд овгийн Н.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ат оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

    4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Ат танилцуулсугай.

    5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч Н.А нь хохирогч Г.Нт 810.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

     8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

    9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Ат  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА