Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/254

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,

улсын яллагч Х.Оюунцэцэг,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-т холбогдох 2234000000239 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Э,Б, Монгол улсын иргэн, 1970 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймаг Цэцэрлэг суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ах дүү нарын хамтаар Төв аймаг Баян сумын Цавчир 3 дугаар баг Цагаан гол хороо 30-2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч Э.Б нь согтуугаар 2022 оны 04 дүгээр сарын 21-ний орой Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан гол гудамж төмөр замчдын өртөөний 30 дугаар байрны 1 тоотод байрлах гэртээ “өөрийн дүү Э.Нарангэрэлийг өмөөрч” Г.Дэлгэрбуянтай маргалдаж улмаар Г.Дэлгэрбуянгийн толгойн тус газарт заазуурны ар хэсгээр цохисны улмаас эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Э.Б нь согтуугаар 2022 оны 04 дүгээр сарын 21-ний орой Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан гол гудамж төмөр замчдын өртөөний 30 дугаар байрны 1 тоотод байрлах гэртээ “өөрийн дүү Э.Нарангэрэлийг өмөөрч” Г.Дэлгэрбуянтай маргалдаж улмаар Г.Дэлгэрбуянгийн толгойн тус газарт заазуурны ар хэсгээр цохисны улмаас эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2234000000239 дугаартай хэрэгт авагдсан

 

Хохирогч Г.Дэлгэрбуяны “2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр би орой 22 цагийн орчим Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар баг Төмөр замын өртөөний 4-р байрны 1 тоотод албан бусаар хамтран амьдрагч Э.Нарангэрэлийн хамт мөн түүний ах Э.Б нарын хамтаар архи ууж байсан юм. Бид нар 0.75 литрийн нэг шил мөн 0.5 литрийн нэг шил нийт 2 шил Хараа архи хувааж уусан. Тэгсэн чинь Б ах Нарангэрэл гэх дүүтэйгээ маргалдаад бие биенийгээ гэрээсээ хөөгөөд маргалдсан, ерөөсөө хэрүүл маргаанд оролцоогүй зүгээр хэрүүлийг сонсоод сууж байсан чинь Э.Б ах гал тогооны шургуулганаас заазуур гаргаж ирээд миний толгойн тус газар 2-3 удаа цохих зүсэх мэтээр цохиж толгойны арьс ярьж их хэмжээний цус асгаруулж гэмтээсэн. ... Миний хувьд Э.Б ахад маш их гомдолтой байна. Би тэр хүнтэй маргалдаж муудалцаагүй элдэв янз болоогүй байхад ямар ч шалтгаангүйгээр намайг архи уусан согтуу байхад толгой тархи руу хүйтэн зэвсгээр цохиж зүсэж гэмтээсэнд гомдолтой байна. ... толгой хоёр хэсэг зүсэгдсэн гэмтэл учирсан. Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт толгойн зураг авахуулсан, Баян сумын эмнэлэгт 12 оёдол тавиулсан, Аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 2022 оны 04 дүгээр сарын 24-нөөс 05 дугаар сарын 03-ны хооронд хэвтэн эмчлүүлсэн, надад одоо гаргаж өгөх баримт байхгүй, шүүх хурал дээр гаргаж өгнө...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-13-р тал/,

Гэрч Ж.Мягмарсүрэнгийн “2022 оны 04 сарын 21-ний өдөр би Төв аймгийн Баян сумын эрүүл мэндийн төв дээр ажил дээрээр ээлжийн хувиартай байж байтал 21 цаг 15 минутын 30 орчим насны эрэгтэй хүний толгойд гэмтэл учирсан цус алдаад байна гэх дуудлага ирсний дагуу бараг 5 минутын дараа дуудлага өгсөн газарт очтол Г.Дэлгэрбуян гэх нэг үл таних залуугийн толгойноос цус гоожсон байдалтай, мөн өөрөө архи уусан байдалтай бас өөрөөс нь гадна үл таних 3 хүн байсан ... тухайн үед Дэлгэрбуянгийн толгойд учирсан шарх гэмтлийг ажиглаж үзэхэд толгойны баруун урд тал зулай хэсэгтээ 5-6 см зүсэгдсэн гүн нь 1.5-2.5 см шархтай нөгөө шарх нь баруун дагз хэсэгтээ 7-9 см урттай 2-3 см гүн шарх гэмтэл учирсан байсан тул яаралтай цус тогтоох эмчилгээ хийгээд тэнд гэрт нь шууд нийтдээ 12 оёдол тавьж шархыг оёсон. Улмаар сумын эмнэлэгт Дэлгэрбуян гэх хүнийг авчирч шингэн нөхөн эмчилгээ хийж байх үед Дэлгэрбуян “намайг Б ах заазуурдчихсан юмаа тэр хүнийг дуудаад дусал энэ тэр авахуулна ар гэрээс битгий хүн дуудаарай гэх маягтай зүйл яриад байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,

Гэрч Э.Нарангэрэлийн “2022 оны 04 сарын 21-ний өдөр би гэртээ төрсөн ах Э.Б, Э.Баяраа нарын хамт цуг байсан чцнь өдрийн 13 цагийн орчим Дэлгэрбуян, Х.Төрөө гэх залуучууд манай гэрт бага Зэрэг халамцуу нэг шил архи барьчихсан орж ирсэн, тэгээд бид нар тэр авчирсан архийг нь хувааж уусан. Тэгсэн чинь архи ууж байхад Дэлгэрбуян согтчихоод намайг бусадтай хардаж элдэвээр хэлээд байсан чинь манай ах Б намайг өмөөрөөд тэр хоёр маргалдсан, гэнэт Б ах шургуулганаас заазуур хутга шүүрч аваад Дэлгэрбуянгийн толгой руу хэд хэдэн удаа цохичихсон юм толгойноос нь цус их гарч гэмтсэн байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-р тал/,

Шүүгдэгч Э.Бын сэжигтнээр өгсөн: “...Г.Дэлгэрбуян над руу гараад ир зодолдъё алалцая гэх мэтээр дайраад агсамнаад тэгснээ бүр гал тогооны шургуулганд байсан ногоо арилгадаг жижиг хутгийг аваад над руу дайрсан, бид хоёр гал тогооны өрөөнд барьцалдаж ноцолдоод би уурандаа гарт таарсан юмаараа л Г.Дэлгэрбуянгийн толгой руу цохисон чинь шургуулганд байсан хоолны том заазуур гарт баригдаад заазуурны ар иргүй хэсгээр нь би түүний дагз, толгойны дээд хэсэгт нь 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч И.Ганболорын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 251 дугаартай “Г.Дэлгэрбуяны биед зулай, баруун дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-р тал/,

Төв аймгийн Баян сумын Эрүүл мэндийн төвийн ‘Түргэн тусламжийн хуудас”-ны хуулбар /хх-ийфн 49-р тал/,

Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 57-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Э.Б нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Дэлгэрбуянгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2022 оны 5 сарын 18-ны өдөр 110 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-14-15 тал/ 2022 оны 5 сарын 18-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Э.Б-т холбогдох хэргийг хүлээн авч танилцахад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 сар 15 хоног зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

Шүүгдэгч Э.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймаг Баян суманд оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 52 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 сар 15 хоног зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Хохирогч Г.Дэлгэрбуян нь шүүх хуралдаанд оролцож боломжгүй байна, гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой хохирлын баримтууд надад байгаа шүүхэд хүргүүлэх боломжгүй байх тул хохирол төлбөрөө жич нэхэмжлэх эрхийг минь нээлттэй үлдээж өгнө үү гэж шүүхэд мэдэгдсэн байна.

Шүүгдэгч Э.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Дэлгэрбуянгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул хохирогч Г.Дэлгэрбуянгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2234000000239 дугаартай хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комист даалгах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Э. Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 1/нэг/ сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч Э.Б-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нарын зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймаг Баян сумын нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин  хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай. 

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

6.Эрүүгийн 2234000000239 дугаартай хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, хохирогчийн эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн заазуур 1 ширхэгийг устгахыг Төв аймгийн шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ