Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 333

 

МАГАДЛАЛ

 

2017.02.01                                                     Дугаар 333                                Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

А.Доржготовын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2016/01032 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Доржготовын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Роял Өүшн” ХХК-д холбогдох,

Гэм хорын хохиролд 14 970 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Д.Ундрахтамир,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дашдэмбэрэл,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Оюунбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Би 2013 оны 12 дугаар сард “Дөл” зуухыг хороонос захиалж “Роял Өүшн” ХХК-иар байшиндаа байршуулсан. Байшинд 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01 цаг орчимд түймэр гарч 10 770 000 төгрөгийн хохирол манайд учирсан. Иймээс уг хохирлыг зуухны “Роял Өүшн” ХХК-иар гаргуулж өгнө үү. Хариуцагч нь галын аюулгүй байдлыг хангаагүй мөн зуухыг буруу байрлуулсанаас болж дээрх гал түймэр гарах шалтгаан нь болсон. Гал гарах үед гэрийн эд хогшил шатсан байгаа. Шатсан эд хогшлийг жагсаалтаар гаргасан байгаа. Уг хохирол нь пийшэн зуухны цонолтын улмаас байшингийн хамар хана /гол зуух, жижиг өрөөний/ тааз, доторх эд хогшил шатсан “Дөл” зуухыг “Роял Өүшн” ХХК-иас манайд суурьлуулж байршуулсан болно. Галын голомт нь зуух, тусгаарлах хананд хэт ойртсоноос цонож шатсан. Манай гэрт гал түймэр гарсан өдрөөс хойш буюу 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс хойш Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 12 дугаар гудамжны 123А тоотод А.Цагааннохойгийн өмчлөлийн нийтийн орон сууцны зориулалттай байрны нэг өрөөг сарын 110 000-150 000 төгрөгөөр өнөөдрийг хүртэл хөлслөн амьдарч байна. Тухайн үед цалингийн зээл авсан байсан тул орон сууцаа сэргээн засварлах боломжгүй байна. Иймд “Роял Өүшн” ХХК-иас орон сууц хөлслөхөд зарцуулсан 4 200 000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. Хариуцагч “Роял Өүшн” ХХК-иас нийт 14 970 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хууль зүйн үндэслэлгүй байх тул дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. А.Доржготовын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй байна. “Роял Өүшн” ХХК нь А.Доржготовын гэрт 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 68-4 тоотод суурилуулсан байдаг. Суурилуулахдаа А.Доржготовын хүүхэд Д.Энхтүвшинг байлцуулан “Дөл” зуухыг ажиллуулах бүрэн зааварчилгааг өгч, эхний галлагаа хийж өгсөн. Ингэж зааварчилгаа өгөхдөө суурилуулалт хийсэн ажилтан н.Хүрэлбаатар баталгааны хуудас дээр “Ханан пийшингээ зааврын дагуу зөв галлах шаардлагатай, зуухны хажуу ханыг тусгаарлан хамгаалах” гэсэн нэмэлт зааварчилгааг өгч анхааруулан, зуух хүлээн авсан Д.Энхтүвшингээр гарын үсэг зуруулж баталгаажуулсан. “Роял Өүшн” ХХК-ийн нийлүүлдэг “Дөл” зуух нь Монгол улсын стандартыг бүрэн хангасан бүтээгдэхүүн бөгөөд Стандартчилал хэмжил зүйн газрын дугаар:УБИ0000019, тохирлын гэрчилгээгээр MNS5216:2011, EN13240:2011 стандартуудыг хангасан, 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02-07-122/1607 “Бүрэн шаталттай зуухыг ханан пийшинд холбох тухай” Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын улсын байцаагчийн дүгнэлтээр “Дөл зуух нь түлшний шаталтыг бүрэн удирдах боломжтой, 1, 2 дугаар агаар өгөх тохируулгатай ханан пийшинд орох утааны температурын хэмжээ нь пийшинг бүрэн халаах боломжтой нь хэмжилтээр харагдлаа” гэж дүгнэсэн байдаг. “Дөл” зуух нь автомат төхөөрөмж биш бөгөөд шууд хэрэглэгчээс хамааралтай, механик ажиллагаатай бүтээгдэхүүн юм. Хэрэглэгч нийлүүлэгчээс өгсөн зааварчилгааны дагуу зориулалтын түлшээр зуухыг галлах ёстой бөгөөд зуухны халалтыг хэрэглэгч өөрөө тохируулах боломжтой, галын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үүрэгтэй юм. Цаг хугацааны хувьд зуухыг анх суурилуулснаас 1 cap хагасын дараа гал гарсан байгаа нь зуухыг хэрэглэгч      А.Доржготов нь энэ хугацаанд суурилуулагчийн өгсөн зааварчилгааг хангаж галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй болох нь тодорхой байна.
Мөн “Дөл” зуух нь ямар нэгэн байдлаар техникийн доголдолгүй үүнээс болж гал гарсан талаар нотлох баримт байхгүй байгаа зэргээс үзэхэд “Роял Өүшн” ХХК нь А.Доржготовынд “Дөл” зуух суурилуулсны улмаас гал гарсан гэх гэм буруу шалтгаан холбоо тогтоогдохгүй байна. Дээрх үндэслэлээр эд хөрөнгө шатсаны улмаас гарсан хохирлыг “Роял Өүшн” ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 229.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Рояал Өүшн”   ХХК-иас гэм хорын хохиролд нийт 4 583 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Доржготовт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 10 386 900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч А.Доржготовын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Рояал Өүшн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 88 280 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Доржготовт олгож, шинжээчийн зардалд нэхэмжлэгч А.Доржготовоос       105 000 төгрөгийг, хариуцагч “Роял Өүшн” ХХК-иас 45 000 төгрөгийг тус тус гаргуулж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ "дөл зуухнаас ханыг тусгаарлах материалыг буруу сонгосон" гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир би “Роял Өүшн” ХХК-ийн зуух суурилуулсан ажилтан н.Хүрэлбаатарын зөвөлсөнөөр хананд цементэн хавтан хийсэн бөгөөд тухайн үед би манай хуучин пийшэн "Г маягын холболттой байсан Дөл зуухыг Т" маягын холболттой хийгээд өгөөч гэхэд манайд ийм холболт байхгүй, шууд холбоход аюулгүй гэж зөвлөсөн. Манай хуучин пийшэн Г маягын холболттой байхдаа ханаасаа 50-60 см-ийн зайтай байсан, н.Хүрэлбаатарын шууд холбосон холбоос нь ханаас 12 см орчим зайтай суурилуулсан.  Би энэ гал түймрийг зуухыг хананд хэт ойр байрлуулснаас үүдэн гарсан гэж дүгнэж байна. Орон сууцаа цалингийн зээл авч болгосон бөгөөд өнөөдрийг хүртэл зээлээ төлөөд явж байна. Мөн байраа ашиглалтанд орсон цагаас эхлэн ердийн зуухаар галлаад ямар ч асуудалгүй амьдарч байсан. Миний гэр бүл өнөөдрийг хүртэл өөрсдийн хүч хөдөлмөрөөрөө босгосон орон байраа сэргээн засах чадваргүйн улмаас нийтийн байр хөлслөн амьдарч байна. Дөл зуух худалдан авч, мэргэжлийн ажилтанаар нь суурилуулж байхад өөрсдийн эрх ашгаа хамгаалж хэрэглэгчийн буруугаас болж түймэр гарсан гэж тайлбарлаж байгаа компанийг зөвтгөх боломжгүй байна. Манай гэр бүлийнхэн өмссөн хувцаснаасаа өөр юмгүй шахам хоцорсон. Тухайн үед эхнэр бид 2 ярилцаад гэрийн тавилгуудаа зах зээлийн ханшнаас ч доогуур цөөн тооны эд хогшлоо өөрсдөө үнэлснийг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 5 236 200 төгрөгөөр үнэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох хохиролд 5 236 200 төгрөг, нийтийн орон сууц хөлслөхөд зарцуулсан     4 200 000 төгрөг нийт 9 436 200 төгрөгийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэлийг хариуцагч буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид биш хариуцагчийн өмгөөлөгчид гардуулсан. Хариуцагч нь өмгөөлөгч Энхтүвшинд нэхэмжлэлийг гардан авах эрхийг анхнаас нь итгэмжлэн олгоогүй байсан, нэхэмжлэлд хариу тайлбар гаргах эрхээ өөрөө бие даан хэрэгжүүлэх хүсэлтэй байсан болох нь хавтаст хэргийн /12-р хуудаст/ авагдсан хожим нь хүчингүй болгосон итгэмжлэл, 31-р хуудсанд авагдсан Итгэмжлэл хүчингүй болгож өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт, түүнчлэн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтээс тодорхой харагдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.3-р зүйлд зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах эрхтэй, хуулийн 72.2-р зүйлд зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүний нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Хавтаст хэрэгт байгаа (дугаарлаагүй 186 дахь хуудас) 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үйлдсэн нэхэмжлэл гардуулсан тухай баримт, түүнчлэн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр үйлдсэн шүүх хуралдааны тэмдэглэл, шийдвэр зэргийг үзвэл шүүгчийн шийдвэргүйгээр нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар өгөх богиносгосон хугацаа тогтоосон, өмнө дурьдсанаар нэхэмжлэлийн гардан авах эрхгүй өмгөөлөгчид нэхэмжлэлийг гардуулсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ямар ч тэмдэглэл, гарын үсэггүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзалаа тайлбарлах боломжоор хангах тухай хүсэлт өгсөөр байхад түүнийг байлцуулахгүй, тайлбарыг авахгүйгээгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан (29-р хуудас) Тохирлын гэрчилгээ, (27-р хуудас) Баталгааны хуудас, (хавтаст хэрэгт дугааргүй) тусгасан 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр үйлдсэн Хяналтын карт болон (51-56-р хуудас)-т тусгасан хэрэглэгчдийн гарын авлагыг үзвэл, худалдагч “Роял өүшн” ХХК нь стандартын шаардлагад нийцсэн, тохирлын гэрчилгээ бүхий зуух нийлүүлсэн, хариуцагч нь эд хөрөнгөтэй холбоотой баримт бичиг, шаардлагатай зааврыг худалдан авагчид хүлээлгэн өгсөн болох нь нотлогддог. Түүнчлэн хариуцагч нь Бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний ямар ч стандартыг зөрчөөгүй, түүнийг зөрчсөн тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг, 4 дүгээр хуудасны 7 дугаар догол мөрөнд "...нэхэмжлэгч нь тус зааварчилгааг биелүүлээгүй байхад хариуцагч нь “Дөл” зуухыг суурилуулсан байна..." гээд Нэхэмжлэгч нь гэрээний 8 дугаар зүйлд заасан хэрэглэгч урьдчилан мэдэгдсэн хугацаанд нийлүүлэгч талын зуух угсрах бэлтгэл ажлыг хангах хариуцагчийг энэхүү гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас угсралтын ажлыг нийлүүлэгч тал гүйцэтгэх боломжгүй тохиолдолд дахин ирэх үүргээ зөрчсөн гэж дүгнэсэн байдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан /хуудасны дугааргүй/ Эрчим хүчний хэмнэлттэй зуух худалдан авсан хэрэглэгчтэй байгуулах гэрээний 8-р зүйл нь шүүхийн шийдвэрт дурьдсанаар өөр агуулгатай бөгөөд "Хэрэглэгч урьдчилан мэдэгдсэн хугацаанд нийлүүлэгч талын зуух угсрах бэлтгэл ажлыг хангаж гэр бүлийн насанд хүрсэн иргэнийг байлгах үүрэг хүлээнэ. Өмнө дурьдсанаар худалдагч “Роял Өүшн” ХХК нь стандартын шаардлагад нийцсэн зуух нийлүүлсэн, хариуцагч нь эд хөрөнгөтэй холбоотой баримт бичиг, шаардлагатай зааврыг худалдан авагчид хүлээлгэн өгсөн болох нь нотлогддог. Тухайн тохиолдолд талууд гэрээний харилцаанд байсан эсэхээс үл хамаарч гэм хор учруулснаас үүсэх үүргийн тусгай журмыг мөрдөх ёстой байсан бөгөөд Иргэний хуулийн 512.2.2, 512.2.3-р зүйлд заасан журмыг зөрчөөгүй болох нь дээр дурдсан, хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа тул Иргэний хуулийн болон 512 дугаар зүйлийн 512.2 болон 512.4-т зааснаар “Роял Өүшн” ХХК нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй юм. Мөн Шинжээчийн дүгнэлтийн 4, 5 дугаар зүйлд "Дөл зуухнаас ханыг тусгаарлах материалыг буруу сонгосноос гал түймэр гарсан байх үндэслэлтэй байна" гэж дүгнэсэн, түүнчлэн Худалдан авагчид хажуу ханыг тусгаарлаж хамгаалах заавар өгснийг тус тус үзвэл худалдагчийн биш, харин худалдан авагчийн худалдагчийн өгсөн зааврыг биелүүлээгүй буруутай үйл ажиллагаа нотлогдож байгаа бөгөөд Иргэний хуулийн 512.2.5-р зүйлд зааснаар Бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч А.Доржготов нь хариуцагч “Роял Өүшн” ХХК-д холбогдуулан               14 970 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар 2014 оны 2 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч А.Доржготовын гэрт гал гарч эд хөрөнгийн хохирол учирсан, хариуцагч “Роял Өүшн”     ХХК нь “Дөл” зуухыг нэхэмжлэгчийн гэрт суурилуулсан, зуухыг хэрэглэх зааварчилгааг бичгээр өгсөн зэрэг үйл баримт тогтоогдсон талаар зохигчид маргаагүй.

Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 539 дүгээр магадлалаар А.Доржготовын нэхэмжлэлтэй, хариуцагч “Роял Өүшн” ХХК-д холбогдох хэргийг хянаад “...гал түймрийн улмаас учирсан хохирлыг арилгахад зохигчдын хууль бус үйлдэл, учирсан хохирол, тэдгээрийн шалтгаант холбоо, гэм хор учруулсан этгээдийн гэм буруу тогтоогдсон байх ёстой...” “…эрх бүхий этгээд үнэлгээ хийгээгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн...” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

Дээрх магадлалд заасан ажиллагаа бүрэн хийгдээгүйгээс гадна шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн дүгнэлтүүдийг хуульд заасан журмаар бүрдүүлсэн нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна. Тухайлбал, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн гаргасан хөрөнгө үнэлсэн тайланг гаргуулахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан ашиг сонирхолын зөрчилтэй эсэхийг тодруулах, эрх, үүрэг хариуцлагын талаар бичигдэх журмыг хэрэгжүүлээгүй байна.

Түүнчлэн, шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь худалдах, худалдан авах гэрээний зүйлийн биет байдлын доголдолтой холбоотой гэрээний үүргийн шаардлага эсхүл бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний доголдол, дутагдлын улмаас үүссэн гэм хорын аль үндэслэлээр маргаж байгааг тодруулаагүйгээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, нотлох үүргийн хуваарилалтыг тодорхойлон хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэх боломжгүй болсон гэж үзэх үндэслэлтэй.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан зөвтгөх боломжгүй, хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дах хэсэг, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2016/01032 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 92 600 төгрөг, хариуцагчаас 88 300 төгрөг тус тус төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                         ШҮҮГЧИД                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                   М.НАРАНЦЭЦЭГ