Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/497

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүгдэгч Б.О,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Б.Дөлгөөн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Бариаширийн От холбогдох эрүүгийн 2211 00000 0956 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Бариаширын О /РД:.

Монгол Улсын иргэн, 1982 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Таван богд интернэшнл” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 9-105 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 4 дүгээр сарын 1-ний шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 9-105 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харьцааны улмаас Л.Баттулгын биед баруун гарын алганд шарх бүхий гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 393 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.О нь 2022 оны 4 дүгээр сарын 1-ний шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 9-105 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харьцааны улмаас Л.Баттулгын биед баруун гарын алганд шарх бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Л.Баттулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 4 дүгээр сарын 1-ний шөнө эхнэр Оюунчимэгийн хамт гэртээ пиво уугаад байж байтал хадам дүү О 1 цагийн орчим жаахан халамцуу байдалтай орж ирэхээр нь бид гурав хамтдаа нэг шил дарс хувааж уугаад байж байгаад би нэлээн согтоод зүүн талын орон дээр хэвтээд миний хажууд эхнэр суучихсан цаад талд нь О сууж байсан. О намайг машинаа гуйхаар харамлаад өгдөггүй гэх мэт зүйл ярьж маргаан эхлэхээр нь би түүнд урьд өмнө нь 2-оос 3 удаа миний машиныг авч яваад аваар осол хийсэн болохоор одоо машинаа өгч чадахгүй гэх мэт зүйл хэлтэл уурлаж эхнэрийн хажуугаар миний толгой руу 1-ээс 2 удаа гараараа цохисон. Би босохгүй хэвтэж байтал О гал тогооны хэсэгт байдаг хоолны шүүгээнээс хар өнгийн иштэй заазуур авч ирсэн байсан. Би түүнийг нь тухайн үедээ мэдэхгүй байж байтал О миний гуя орчим руу гараараа цохих шиг болохоор нь би зүүн гарынхаа алгаар гуяа хаатал О гартаа барьсан байсан заазуураар миний хаасан гарын алга руу цохитол миний гарын алга зүсэгдсэн. Энэ үед манай эхнэр цагдаад утсаар дуудлага өгтөл О гараад явчихсан...” гэх /хавтаст хэргийн 14-17 дугаар тал/,

Гэрч Б.Оюунчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...бид гурав нэг шил вино хувааж уусан. Тэгсэн Баттулга, О нар нь хоорондоо хэрэлдээд байсан бөгөөд О нь гэрийн гал тогооны шургуулгад байсан хар өнгийн иштэй заазуураар манай нөхрийн зүүн талын гарын алга хэсгийг зүссэн байсан бөгөөд би цагдаагийн байгууллагад дуудлага өгтөл О нь гэрээс гараад зугтаасан ба одоо хаана байгааг нь мэдэхгүй...” гэх /хавтаст хэргийн 22-26 дугаар тал/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 4 дүгээр сарын 12-ний өдрийн №5557 дугаартай дүгнэлтэд:

Л.Баттулгын биед баруун гарын алганд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/,

Шүүгдэгч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн орой 00 цаг өнгөрч байх үед би гэрээсээ гарч бие засаж яваад хашаандаа хамт амьдардаг төрсөн эгч Оюунчимэгтэй хашаандаа таарсан. Тэгээд хамт гэрт нь ороход Баттулга, Оюунчимэг нар дарс ууж байхаар нь түүнээс нь хуваалцаж ууж байгаад би Баттулга ахыг надад өмнө нь машинаа хэрэглүүлдэг байж байгаад сүүлийн үед машинаа өгөхгүй байгаад нь гомдож явдгаа хэлсэн чинь Баттулга ах надад өмнө нь өгдөг байсан чи осол хийдэг биз дээ гэж надтай маргалдаад би надаас машинаа харамласанд уур хүрч айлгах гэж хоолны шүүгээний дээр байсан хар өнгийн иштэй заазуурыг аваад орон дээр хэвтэж байсан Баттулгыг айлгах гэж заазуураараа нэг удаа хий цохисон чинь Баттулга гараараа хааж заазуурт гараа цохиж гарынх нь алганаас цус гарч гэмтсэн. Би Л.Баттулгын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх /хавтаст хэргийн 35-37 дугаар тал/

шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй  гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус хөдөлбөргүй нотлогдож байна. 

Хохирогч Л.Баттулгын мэдүүлэг, дээр дурдсан гэрчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Л.Баттулгын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэлээ.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Л.Баттулга нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх,

Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан хохирогч Л.Баттулгын үзүүлсэн тусламж үйлчилгээний хөлс болох 212,500 төгрөгийг шүүгдэгч Б.Оаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд олгуулахаар шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 29 см урт хар иштэй заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Бариаширын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,00 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оаас 212,500 /хоёр зуун арван хоёр мянга таван зуун/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 29 см урт хар иштэй заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×              П.АРИУНБОЛД