Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/500

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүгдэгч Б.Г,

нарийн бичгийн дарга Б.Номинзул,

улсын яллагч Б.Баярчимэг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баясгалангийн Гт холбогдох эрүүгийн 2211 00000 0834 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Баясгалангийн Г, /РД: ./,

Монгол Улсын иргэн, 1975 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, арматурчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 9 дүгээр гудамжны 259 тоотод бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 24-396б тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 6 дугаар гудамжны 709 тоотоос иргэн Н.Сандагсүрэнгийн эзэмшлийн Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 305,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.        

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 323 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.Г нь 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 6 дугаар гудамжны 709 тоотоос иргэн Н.Сандагсүрэнгийн эзэмшлийн Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 305,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

            Энэ нь хохирогч Н.Сандагсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...Би 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 6 гудамжны 709 тоот гэртээ зээ хүүгийнхээ хамт гэртээ байж байсан чинь 11 цагийн орчимд манай гудамжны Чимгээ гэх эмэгтэй манай гэрт орж ирээд миний унтдаг орны дэрийг налж сууж байхдаа надаас тамхи, сонины цаас асуучхаад гараад явсан. Тэгээд би байж байсан чинь миний дэрний доор байсан хэтэвч ил гарсан байсан. Тэгэхээр нь би хэтэвчээ шалгасан чинь миний хаан банкны карт байхгүй байсан. Тэгээд би араас нь гараад “Оргил” дэлгүүрийн урд байх автобусны буудлаас автобусанд суугаад 7-н буудлын хаан банк ороод өөрийнхөө картыг хаалгах гэсэн чинь миний картаас 300,000 төгрөг авсан байсан...Миний хаан банкны картын нууц үгийг манай гэрт орж ирсэн Чимгээ мэднэ. Яагаад гэвэл өчигдөр буюу 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн орчим Чимгээ гэх эмэгтэйтэй хамт 6 буудалд байх “Хаан” банкны “ATM” орж картаасаа мөнгө авсан” гэх /хавтаст хэргийн 10-р тал/,

 Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 22-р тал/,

 Хаан банкны 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн албан бичиг, түүний хавсралт, /хавтаст хэргийн 27-28-р тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 29-31-р тал/,

Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн үед танил Сандагсүрэнгийн гэр болох Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 6-709 тоотод очсон юм. Тэгээд намайг Сандагсүрэнгийн гэрт ороход ганцаараа байсан ба Сандагсүрэн галаа түлэх гээд гарсан хойгуур нь би түрийвчийг аваад нээж үзэхэд “хаан банк”-ны карт нь байхаар нь би уг картыг нь аваад явсан. Тэгээд би картыг нь аваад Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх 6 буудал дээр байх “Очир” төвийн дотор байх “ATM” ороод Сандагсүрэнгийн картыг “АТМ”-д уншуулаад картаас нь 300,000 төгрөг аваад мөнгөөр нь өөрийн хэрэгцээнд хоол хүнсний зүйл аваад үлдэгдлээр нь архи авч уусан юм..." гэх / хавтаст хэргийн 52-р тал/,

шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. 

Хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг 2 сарын хугацаанд арилгах үүрэг хүлээлгэж түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Шүүгдэгч Б.Г нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Хохирол, хор уршиг төлөгдсөн байдал

Хохирогч Н.Сандагсүрэн шүүгдэгч Б.Гээс 305,000 төгрөг нэхэмжилснээс 80,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 225,000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн 14-р хороо, Хандгайтын 6 гудамж 709 тоотод оршин суух, Н.Сандагсүрэн /НЫ52032475/-д олгуулахаар шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Баясгалангийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хор уршгийг 2 сарын хугацаанд арилгах үүрэг хүлээлгэж түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Гээс нийт 225,000 төгрөг гаргуулж Чингэлтэй дүүргийн 14-р хороо, Хандгайтын 6 гудамж 709 тоотод оршин суух, Н.Сандагсүрэн /НЫ52032475/-д олгосугай.

 

            6. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                   ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×             П.АРИУНБОЛД