Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/515

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,

улсын яллагч П.Итгэл,    

шүүгдэгч Спиряков Г Александрович нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Спиряков Г Александровичид холбогдох эрүүгийн 2211 00000 0960 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Спиряков Г Апександрович,

Иргэний харьяалалгүй, 1997 оны 07 дугаар сарын 27-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, эгч түүний нөхрийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “Эрдэнэ толгой” гудамжны 35 байрны 3 тоотод оршин суух

Урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 cap хорих ял,

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/337 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/387 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г Александрович нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт О.Анурадын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,040,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “CU” дэлгүүрийн орчимд алхаж явсан Э.Эрдэнэсувдын халаасанд байсан “Iphone XR” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 880,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 396 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Г Александрович нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт О.Анурадын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,040,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “CU” дэлгүүрийн орчимд алхаж явсан Э.Эрдэнэсувдын халаасанд байсан “Iphone XR” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 880,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь  насанд хүрээгүй хохирогч О.Анурад мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цаг 05 минутын үед сургуулиасаа гарч сургуулийн ертөнцийн зүгээр баруун зүгт байрлах 47-р байрны зүгт явсан. Намайг сургуулиасаа гарахад миний утас миний баруун гадна халаасанд байсан бөгөөд цааш явж 47-р байрны ойролцоо очиж уг байрны булангаар эргэж цааш явахад миний гар утас баруун талын гадна халаасандаа байсан. Дараагаар нь би цааш явж 47-р байрыг өнгөрөөд халаасандаа гараа хийхэд миний гар утас байхгүй болсон байсан. Тэгэхэд би 15 цаг 13 минутад найзынхаа утсаар өөрийн 95289938 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан” гэх /хавтаст хэргийн 15-16-р тал/,

Гэрч Э.Билгүүтэй мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гриша бид хоёрын урдаас алхаж яваад таарсан тэр үед гартаа нэг гар утас барьсан явж байсан тухайн үед би санаанд ч ороогүй, хэний утас талаар болох талаар асуугаагүй тэндээсээ Анхаа Гриша бид гурав 5 дугаар сургуулийн урд талаар яваад 5 дугаар сургуулийн хойд талын гарцаар гараад явах гэж байсан чинь бие засмаар санагдаад Анхаа бид хоёр хоолны газар орж бие засах үед Гриша байхгүй байсан тэндээсээ гараад СУИС-ын чигт явж байсан чинь Гриша араас гүйгээд ирсэн хаашаа алга болсон талаар асуухад ийшээ явж таньдаг хүнтэй юм яриад ирлээ гэсэн тухайн үед би ямар нэгэн юм болсон болон гар утас бариад явж байгаа талаар хараагүй өмнө нь барьж явсан цагаан өнгийн маркийг нь хараагүй нэгэн гар утсаа бариад явж байсан тэр үед бид гурав хүнсний 4 дүгээр дэлгүүр ороод хоол идсэн тэгээд гараад явж байхад цагдаагийн байгууллагаас залгаад ирж уулзах талаар ярьсан түүний дагуу ирж уулзахад чамтай хамт явж байсан хүн гар утас авсан байна хэн болох талаар асуухад би тухайн үед юу ч мэдэхгүй байсан болохоор надтай хамт Анхаа гэх найз болон таньдаг Гриша гэх хүүхэд хамт явж байсан гэж хэлсэн чинь Гришаг дууд гэж хэлээд би Гришаг дуудсан...” гэх / хавтаст хэргийн 19-20-р тал/,

Эд зүйл цагдаагийн байгууллагад хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хавтаст хэргийн 7-р тал/,

 “Дамно” компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан / хавтаст хэргийн 33-34-р тал/,

 хохирогч Э.Эрдэнэсувд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч бөгөөд өнөөдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 16 цаг 50 минутын орчимд сургуулиасаа гарсан. Тэгэхэд сургуулийн үүдний шатан дээр явж байхад миний гар утас зүүн гар талын гадна халаасанд байсан юм. Дараагаар нь би сургуулиасаа гараад ертөнцийн зүгээр урагш явж зам гарч “cu” дэлгүүр орж “АТМ”-ээс дансны үлдэгдлээ шалгаад ойролцоогоор 5-6 минутын дараа “cu” дэлгүүрээс гараад халаасандаа гараа хийхэд миний утас алга болсон байсан” гэх / хавтаст хэргийн  89-90-р тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 82-р тал/,

Эд зүйл цагдаагийн байгууллагад хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 83-84-р тал/,

“Дамно” компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан / хавтаст хэргийн 100-101-р тал/,

шүүгдэгч Г Александрович шүүхийн хэлэлцүүлэгт: “...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэх, мөн гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, эд зүйл цагдаагийн байгууллагад хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай, “Дамно” компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч Г Александрович бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г Александровичид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар мөн хугацаанд зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул шүүгдэгчийг 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Шүүгдэгч Г Александровичид нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Г Александрович Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/387 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ба энэ ялаа биелүүлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар энэ тогтоолоор тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэснийг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь Г Александрович нь энэ хэрэгт 29 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Спиряков Г Апександровичийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан мөн хугацаанд зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Спиряков Г Александрович нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Спиряков Г Апександрович нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт 29 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

         ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×        П.АРИУНБОЛД