Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/526

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов,

нарийн бичгийн дарга Б.Номинзул,

улсын яллагч М.Энхтбаатар нарыг оролцуулан,

Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сугарсүрэнгийн Тт холбогдох эрүүгийн 2202 00000 0141 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Сугарсүрэнгийн Т, /РД: /,

Монгол Улсын иргэн, 2001 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Соёл Урлагийн Их сургуулийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горький 18-526Б тоотод оршин суух хаягтай, урьд шийтгэл эдэлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Т нь 2021 оны 7 дугаар сард Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 13 дугаар сургуулийн дэргэдээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 23,959 грамм жинтэй ургамал мэт зүйлийг түүж бэлтгэн, уг ургамал мэт зүйлийг мөн өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18 дугаар гудамжинд, 2022 оны 4 дүгээр сарын 4-5-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, “Honey” нэртэй зочид буудлын 1 дүгээр давхарт биедээ худалдаалах зорилгогүйгээр хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 143 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч С.Т нь

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч С.Т нь 2021 оны 7 дугаар сард Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 13 дугаар сургуулийн дэргэдээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 23,959 грамм жинтэй ургамал мэт зүйлийг түүж бэлтгэн, уг ургамал мэт зүйлийг мөн өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18 дугаар гудамжинд, 2022 оны 4 дүгээр сарын 4-5-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, “Honey” нэртэй зочид буудлын 1 дүгээр давхарт биедээ тус тус хадгалсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 4-10 дугаар тал/,

Гэрч Г.Тэмүүжин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 13 цагийн үед гэртээ байж байгаад найз Ттай уулзах гэж утсаар ярьсан. Тэгтэл Т 16 цагаас хичээл тараад уулзъя гэсэн. Тэгээд би гэрээс гараад үсчин орж үсээ сүлжүүлээд байж байхад Т над дээр ирсэн. Бид 2 миний байсан 100 айлд байдаг үсчнээс гараад алхаж байтал манай найз Дөлгөөн уулзъя гэж залгаад нисдэг машины хойд талын “honey” гэх нэртэй буудлын гадаа 2 талаасаа уулзъя гэсэн. Т бид 2 “honey” гэх нэртэй буудлын гадаа очоод шээс хүрээд байхаар нь тухайн буудлын бие засах өрөөнд ороод буйдан дээр нь Дөлгөөнийг хүлээгээд сууж байтал хоёр цагдаа орж ирээд бид хоёрыг барьж аваад цагдаа ирээд биед үзлэг хийх үед Тын биеэс “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодис гарч ирсэн...” гэх / хавтаст хэргийн 23, 41 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2190 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 44-46 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2191 дугаартай дүгнэлтэд:

-Шинжилгээнд ирүүлсэн өвс ургамал мэт зүйлс шинжилгээнд тэнцэнэ.

-Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан ногоон өнгийн зиплок түгжээ бүхий ууттай уутны хамт 3,837 грамм, цэвэр жин нь 1,51 грамм өвс ургамал мэт зүйл /зураг фЗ,4/, 8 гэж дугаарласан уутны хамт 23,562 грамм, цэвэр жин нь 22,449 грамм өвс ургамал мэт зүйлсэд тус тус дельта-9-тетрагидроканнабинол /delta-9- tetrahydrocannabinol/ илрэв.

- Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг гэх дүгнэлт / хавтаст хэргийн 49-53 дугаар тал/,

Шүүгдэгч С.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 7 дугаар сард 13 дугаар сургуулийн дэргэд найзтайгаа уулзаад сагсны шийтний хажуугаар явж байтал модны доод талд өмнө нь харж байсан өвс байсан. Тухайн үедээ хараад авахгүй үлдээсэн. Тэгээд сонирхол татаад байхаар нь орой нь буцаж тэр газар ганцаараа очоод тухайн өвснөөс түүж авсан. Тэгээд торонд хийгээд өөрийнхөө амьдардаг гудамд аваачаад хаясан. Тэр зүйлээ хаячихсан байж байгаад 2, 3 хоногийн дараа очиж хартал хатаагүй байхаар нь тэр чигт нь үлдээсэн. Тэгтэл маргааш гэрийнхэнтэй хөдөө явах болоод хөдөө явж 3 долоо хоносон. Би хөдөө байхдаа тэр өвсний талаар мартчихсан байсан. 2022 оны 4 сарын 4-ний өдөр гэр рүүгээ харьж явж байгаад нөгөө үлдээсэн байсан өвсөө олж авсан. Тэгээд би тэр өвсийг аваад гэрт байлгаж болохгүй байх гэж бодоод 2022 оны 4 сарын 5-ны өдөр тухайн өвсийг аваад гэрээсээ гараад хичээлдээ суугаад тараад Тэмүүжин гэх найзтайгаа уулзсан. Тэгээд бид 2 уулзаад явж байгаад Мөнх-Эрдэнэ гэж хүүхэдтэй уулзана гээд “Нисдэг” машины хажуу талын “honey” нэртэй зочид буудалд дээр ирээд байж байтал хоёр цагдаа орж ирээд бид хоёрыг цагдаа дээр авч ирээд нэгжлэг хийхэд миний биеэс тухайн өвс гарч ирсэн. Хамгийн сүүлд 2022 оны 4 сарын 4-ний өдөр хэрэглэсэн. Хамгийн анх 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр сонирхоод хэрэглэж үзсэн...өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэх / хавтаст хэргийн 93, 124 дүгээр тал/,

Шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл / хавтаст хэргийн 128-131 дүгээр тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 472 дугаартай дүгнэлт / хавтаст хэргийн 148-149 дүгээр тал/

Шүүгдэгч С.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2190 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, шүүх сэтгэц эмгэг судлалын 472 дугаартай дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд таарсан, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй. 

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч С.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тыг Баянгол, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 

шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч С.Т бусдад төлөх төлбөргүй,

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа цэвэр жин нь 23,959 грамм өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгав.

Ìîíãîë Óëñûí Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 21.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр ç¿éë¿¿äýä òóñ òóñ çààñíûã óäèðäëàãà áîëãîí

ÒÎÃÒÎÎÕ íü:

1. Шүүгдэгч Боржигон овогт Сугарсүрэнгийн Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Шүүгдэгч С.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг / жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тыг Баянгол, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч С.Т нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа цэвэр жин нь 23,959 грамм өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.  

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×             П.АРИУНБОЛД