Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/532

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүгдэгч Ж.Г,

нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Б.Баярчимэг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Авгас овогт Жамсрангийн Гд холбогдох эрүүгийн 2211000001074 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Авгас овгийн Жамсрангийн Г, /РД: ./,

Монгол Улсын иргэн, 1993 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-8 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн автобусны буудлын орчимд хохирогч С.Батболдтой маргалдаж бүсэлхий хэсэгт нь хутгаар нэг удаа зүсэж биед нь “бүсэлхийд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 415 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ж.Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн автобусны буудлын орчимд хохирогч С.Батболдтой маргалдаж бүсэлхий хэсэгт нь хутгаар нэг удаа зүсэж биед нь “бүсэлхийд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч С.Батболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр миний бие гадуур ажилтай явж байтал манай найз Хаянхярваа над руу залгаад найз нь Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо 17 дугаар сургуулийн автобусны буудал дээр байна хүрээд ирээч, хүнд зодуулж байна гэхээр нь би тухайн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо 17 дугаар сургуулийн автобусны буудалд дээр яваад очсон. Тэгтэл Хаянхярваа гэгч нь тухайн газар өөр нэг машинтай хүрээд ирсэн. Тэгээд би машинаас буутал 3 залуу нэг эрэгтэй нар байсан ба тухайн Г гэх залуу гартаа хутга барьчихсан, яах гэж байгаа юм та нар намайг зодох гэж байгаа юм уу гэхээр нь чи яах гэж хүн зоддог юм бэ цагдаагийн байгууллага оръё гэж хэлээд түүнийг бариад автал, Г нь шүүх эмнэлэг дээр уулзъя гэж хэлсэн ба миний нуруу хэсэг халуун оргиод яваад өгөхөөр нь гайхаад хартал цус гоожиж байсан..." гэх /хавтас хэргийн 11-12-р тал/,  

Гэрч Н.Хаянхярваа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Г нь 2 танихгүй залуутай байж байх шиг байхаар нь би тухайн 2 залууг та 2 хэн бэ гэж асууж байгаад эргээд хартал Батболдын нуруунаас нь цус гарчихсан, Г нь гартаа жижиг хутга барьчихсан байсан...” гэх / хавтас хэргийн 16-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ний өдрийн 5871 дугаартай дүгнэлтэд:

С.Батболдын биед бүсэлхийд шарх гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /хавтас хэргийн 22-р тал/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 дугаар сарын 5 дугаар сарын 17-ны өдрийн 26л-2б/3662 дугаар албан бичиг, хавсралтын хамт / хавтас хэргийн 35-37-р тал/,

Шүүгдэгч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр миний бие өөрийн ажил болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байх “Нарантуул-2” худалдааны төв дээр хамт ажилладаг хүмүүстэй уулзсан. Тэгээд тэнд байх Хаянхярваа гэгчтэй жаахан маргалдаж байгаад өөрийн найз охины гэр болох Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байж байтал Хаянхярваа гэгч нь над руу залгаад гараад ирээ уулзъя гэхээр нь би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутагт байх 17 дугаар сургуулийн автобусны буудал дээр байж байтал Хаянхярваа нь баахан хүмүүстэй машинтай хүрээд ирсэн бөгөөд Хаянхярваа гэгч нь чи яадаг болсон гэнээ энэ тэр гээд над руу дайраад байсан намайг хойш нь түлхсэн бөгөөд би газар унасан, тэгтэл автобусны буудлын хажууд байх ТҮЦ-ний хажууд жижигхэн хар өнгийн иштэй хутга харагдахаар нь би өнөөх хутгыг аваад нөгөө хүмүүсийг айлгах гээд өнөөх хутгаараа хий агаар дээр зүстэл нэг эрэгтэйн нуруу хэсгийг өнөөх хутгаараа бага зэрэг зүсэх шиг болсон...” гэх / хавтас хэргийн 30-р тал/,  

шүүгдэгч Ж.Г шүүхийн хэлэлцүүлэгт, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. 

Хохирогч С.Батболдын мэдүүлэг, дээр дурдсан гэрч Н.Хаянхярваагийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 5871 дугаартай, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч С.Батболдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ж.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирол төлбөргүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Ж.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 / нэг сая / төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэлээ.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч С.Батболд нь баримтаар хохирол нэхэмжлээгүй, Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан хохирогч С.Батболдын үзүүлсэн тусламж үйлчилгээний хөлс болох 262,000 /хоёр зуун жаран хоёр мянга/ төгрөгийг шүүгдэгч Ж.Гас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 14 см урттай, ажлын хэсэг нь 7 см, хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Авгас овгийн Жамсрангийн Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Ж.Гас хохирогч С.Батболдын үзүүлсэн тусламж үйлчилгээний хөлс болох 262,000 /хоёр зуун жаран хоёр мянга/ гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлсүгэй.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 14 см урттай, ажлын хэсэг нь 7 см, хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.   

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

         ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×                П.АРИУНБОЛД