| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2018/00386/и |
| Дугаар | 155/ШШ2018/00716 |
| Огноо | 2018-04-24 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2018/00716
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ********************* тоотод оршин суух, Б овогт В-ын М /********************/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ЭЧ ХХКомпанид холбогдох
ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлтэй 155/2018/00386/и дугаар индекстэй хэргийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч В.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие В.М нь ЭХ ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогчоор 2009 оны 4 сарын 03-наас 2017 оны 10 сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж 2017 оны 10 сарын 6-ний өдөр тус компанийн гүйцэтгэх захирлын Б/43 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн юм.
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 05-ны өдрийн 51 тоот шийдвэрийн дагуу Санхүү хариуцсан ерөнхий менежерийн үүрэгт ажилд 2018 оны 02 сарын 19-ны өдөр ЭЧХХК-ийн гүцэтгэх захирлын Б/10 тоот тушаалаар эгүүлэн томилогдож ажилгүй байсан хугацааны 2.800.000 төгрөгийг тус компаниас олгосон.
Миний бие 2017 оны 10 сарын 07-ны өдрөөс 2018 оны 02 сарын 19-ны өдрийг хүртэлх нийт ажлын 92 хоногийн хугацаанд ажилгүй байсан бөгөөд сум дундын
шүүхийн шийдвэрийн дагуу 1 өдрийн цалингийн дундаж 81502 төгрөгөөр тооцон үзэхэд нийт 7498184 төгрөг болсон. Иймд ажилгүй байсан хугацааны үлдэгдэл цалин хөлстэй тэнцэх нөхөн төлбөр болох 4698184 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч В.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие В овогтой М нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2018 оны 02 дугаар сарын 19-ны өдөр ажилдаа эгүүлэн томилогдсон. Ажилгүй байсан хугацаа болох 10 дугаар сарын 09-ны өдрөөс 31-ний өдрийг дуустал ажлын 17 хоног, 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 30-ны өдрийг дуустал ажлын 22 хоног, 12 дугаар сарын 01-ний өдрөөс 28-ны өдрийг дуустал ажлын 20 хоног, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 31-ний өдрийг дуустал ажлын 22 хоног, 02 дугаар сарын 01-ний өдрөөс 15-ны өдрийг дуустал ажлын 11 хоног нийт ажлын 92 хоног байгаа. Ингээд ажлын 92 хоногийг дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу сүүлийн 3 сарын дундаж цалин болох 81.502 төгрөгөөр тооцож үзэхэд нийт 7.498.184 төгрөг болж байгаа.
Үүнээс 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 2.800.000 төгрөгийг надад олгосон бөгөөд одоо миний нэхэмжилж байгаа зүйл гэвэл ердөө л үлдэгдэл болох 4.698.184 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Мөн хавтаст хэрэгт гаргаж өгсөн ажилгүй байсан хугацааны хуанли дээр амралтын өдрүүдийг хасаад зөвхөн ажлын өдрүүдийг тодруулж зурсан байгаа. Энэ хоногуудыг тооцож үзэхэд ажлын 92 хоног болж байгаа юм. Миний хувьд бодохдоо 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ажлын хуанлигаар тооцож үзэхэд 62 хоног байсан. Тухайн үед анхан шатны шүүх хурал дээр шүүхийн шийдвэр хэзээ гарч хэдэн сарын хэдний өдөр ажилдаа буцаж орох нь тодорхойгүй байсан учраас би тулгамдаад тооцоо хийгээгүй шүүх хуралдаан дээр тооцоо хийгээгүй учраас шүүгчид ойролцоогоор тоо хэлсэн. Тэгээд шүүхээс шийдвэр гаргахдаа ажлын 47 хоног гэж бодсон байсан. Би үүнийг алдаатай бодсон юм болов уу гэж бодож байна. Ажлын хоногуудыг тооцож үзэхэд яах аргагүй 92 хоног буюу нийт 7.498.184 төгрөг болж байгаа. Үүнээс надад олгосон 2.800.000 төгрөгийг хасаж тооцоход ажилгүй байсан хугацааны төлбөр нийт 4.698.184 төгрөг болж байгаа юм.
Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсаны дагуу би хариуцагч талаас 2.800.000 төгрөгийг авсан. Гэхдээ шүүхийн шийдвэр гарсны дараа ажилдаа орох хүртэлх хугацаа байгаад байхад шүүх үүнийг тооцож үзээгүй учраас би дээрх хоногуудын алдааг залруулж шийдвэрлэж өгнө үү гэж хүссэн юм.
Хариуцагч ЭХ ХХКийн гүйцэтгэх захирал Г.Очирхуяг шүүхэд гаргасан тайлбартаа: В.Мийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. В.М нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 19- ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гэх нийт 4.698.184 төгрөгийг нэхэмжилжээ.
2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ЭХ ХХК-д холбогдох В.Мийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хурал болж шүүхийн шийдвэр гарсан ба тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Очирхуяг миний бие шүүхийн шийдвэрийг гардан авч танилцсан болно. Тус өдрийн 51 дугаар шүүхийн шийдвэрт ... Ажилгүй байсан хугацаа 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл буюу 47 хоногийн цалин 3.830.594 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэж, хариуцагч байгууллагаас 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж тусгасан байна. Иймд хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 08 өдөр дээрх хугацааны буюу ажлын 47 хоногийн цалин хөлстэй тэнцэх 2800.000 төгрөгийг олгосон болно.
Гэтэл В.М нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үлдэгдэл гэх 4.698.184 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх ажлын 29 хоног байх ба үүнтэй тэнцэх цалин хөлс нь дээрх мөнгөн дүнд хүрэхгүй гэж үзэж байна гэжээ.
Мөн хариуцагч ЭХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х хуралдаанд гаргасан тайлбартаа : Тус шүүхэд 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл нийт ажлын 92 хоногийн цалин хөлс болох 7.498.184 төгрөгийн үлдэгдэл 4.698.184 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэл гаргасан байсан. Харин хариуцагчийн зүгээс 4.698.184 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр манай компанийн гүйцэтгэх захирлын Б/43 тушаалтай холбогдуулсан Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр болсон. Энэ өдрийн шүүх хуралдаанаар 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл нийт ажилгүй хугацаа нь нийт 47 хоног байна. Ингээд үүний дундаж цалин хөлс нь нийт 2.800.000 төгрөг байна гэж үзээд шүүхээс шийдвэр гарсны дагуу бид 2.800.000 төгрөгийг олгосон байгаа. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцахад хэсэгчилж нэхэмжлэлийн шаардлагыг хангаад байгаа юм шиг эхний ээлжинд 2.800.000 төгрөг төлсөн юм шиг харагдаж байна. Тэгэхлээр 2.800.000 төгрөг нь үндсэндээ анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл нийт ажилгүй хугацааны нийт 47 хоногт тооцож олгосон төгрөг байгаа юм. Мөн нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн хүлээн зөвшөөрөхгүй ажлын 47 хоног биш, ажлын 62 хоног байсан гэж үзэж байсан бол шүүхийн шийдвэрийн гардаж авснаас хойших хугацаанд давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргах эрхтэй байсан байх гэж бодож байна. Анхан шатны шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гаргасан гүйцэтгэх захирлын Б/43 тушаалыг үндэслэлтэй байна гэж үзээд энэ хүнийг ажилд нь эгүүлэн томилсон байгаа. Тэгэхлээр анхан шатны шүүхийн шийдвэрээр энэ хүнд ажилгүй байсан хугацааны төлбөрт 2.800.000 төгрөгийг гарсныг үндэслэж манай байгууллагын зүгээс 2.800.000 төгрөгийг олгосон. Иймд манай байгууллагын зүгээс шүүхийн шийдвэрийн дагуу хууль ёсоор үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна. Манай байгууллагын зүгээс ажилгүй байсан хугацааны цалин хөлс буюу 47 хоногийн цалин хөлсийг энэ хүнд олгосон. Тэгэхлээр шүүхээс шийдвэр гаргахдаа дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийдвэрээ гаргах байх гэж бодож байна. Өөр хэлэх зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В.М нь хариуцагч ЭХ ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалингийн үлдэгдэл 4.698.184 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч ЭХ ХХКомпани нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг нэхэмжлэгч нь 2800.000 төгрөг гэж гаргуулахаар нэхэмжилсэн ба нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэж, нэхэмжлэгчид 2800.000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэснийг үндэслэн ажлын 47 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 2.800.000 төгрөгийг олгосон. Гэтэл В.М нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үлдэгдэл гэх 4.698.184 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч В.М би өмнөх шүүх хуралдаанд цалингаа сайн тооцоогүй байсан болохоор намайг ажилгүй байсан хугацааны цалин хэд вэ гэхээр нь 2 сар орчим ажилгүй байсан гар дээрээ 1400.000 төгрөг авдаг юм гэж багцаагаар бодоод 2.800.000 төгрөг гэж хэлсэн юм. Би сайн тооцоогүй байсан. Шүүхийн шийдвэрт нэг өдрийн цалин хөлсийг 81.502 төгрөг гэж тооцож гаргасан байгаа тийм болохоор ажилгүй байсан 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх ажлын өдрөөр бодохоор 7.498.184 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс 2.800.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 4.698.184 төгрөгийг нэхэмжилж байгаа гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгч В.М нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ажлаас халагдсан бөгөөд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 51 дугаартай шийдвэрээр В.Мөнхцэцэгийг Хөвсгөл аймгийн ЭЧхязгаарлагдмал хариуцлагатай компанийн санхүү хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг В.Мт олгуулж шийдвэрлэсэн, анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж В.Мийг ажилд нь эгүүлэн томилж, түүнд шүүхийн шийдвэрээр олгуулахаар шийдвэрлэсэн 2.800.000 төгрөгийг Хөвсгөл -Эрчим хүч хязгаарлагдсан хариуцлагатай компани олгосон зэрэг үйл баримт тогтоогдлоо.
Нэхэмжлэгч В.М нь Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Учир нь нэхэмжлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртлэх буюу шүүхийн шийдвэр гарах хүртлэх ажилгүй байсан хугацаа болох ажлын 47 хоногийн цалин хөлсийг нэхэмжлэгч В.Мийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэж, хариуцагч байгууллагаас 2.800.000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 51 дугаартай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тул нэхэмжлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-наас өмнөх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг шийдвэрлэгдсэн гэж үзлээ.
Харин нэхэмжлэгч нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр захирлын тушаалаар ЭХ хязгаарлагдсан хариуцлагатай компаний санхүү хариуцсан ерөнхий менежерийн ажилдаа томилогдсон гэдэг бөгөөд хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ажилдаа томилогдож орсон хугацааны талаар маргадаггүй ба шүүхийн шийдвэр гарснаас хойшхи ажилдаа томилогдох хүртлэх хугацааны ажлын 29 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг мөн нэхэмжилсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд Энэ хуулийн 36.1, 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгоно гэж заасан учир ажлын 29 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч В.Мийн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр буюу 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс ажилдаа эгүүлэн тогтоогдсоноос хойш 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ажилдаа томилогдон орох хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорын талаар маргаагүй болно.
Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 51 дугаартай хүчин төгөлдөр шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч В.Мийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг бодохдоо ...Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а.д ... ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлногэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2017 оны 7 дугаар сард 1.474.500 төгрөг, 8 дугаар сард 2.685.863 төгрөг, 9 сард 1.096.526 төгрөг авч байсан нь түүний 170393 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул сүүлийн гурван сарын цалин 5.256.889 төгрөг: нэг сард 1.752.296 төгрөг үүнийг ажлын 21,5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 81.502 төгрөг байна ... гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байх тул Хөвсгөл аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 51 дугаартай хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон нэхэмжлэгчийн нэг өдрийн цалин 81.502 төгрөг байна гэх үйл баримтыг үндэслэн В.Мийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш түүнийг ажилд нь эгүүлэн томилсон өдөр болох 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртлэх ажлын 29 хоногийг нэг өдрийн цалин 81.502 төгрөгөөр үржүүлэн тооцоход 2.363.558 төгрөг болж байх бөгөөд үүнийг хариуцагч байгууллага болох ЭХ хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулж нэхэмжлэгч В.Мт олгохоор шүүх шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч В.Мийн нэхэмжлэлийн шаардлага болох 4.698.184 төгрөгөөс үлдэх 2.334.626 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч В. М нь 4.698.184 төгрөгт тохирох 90.121 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид улсын орлогод төлсөн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90.121 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж нэхэмжлэлийн хангагдсан дүн болох 2.363.558 төгрөгт тохирох 52.767 төгрөгийг хариуцагч байгууллага ЭХ хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч ЭХ хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 2.363.558 /хоёр сая гурван зуун жаран гурван мянга таван зуун тавин найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.Мт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.334.626 /хоёр сая гурван зуун гучин дөрвөн мянга зургаан зуун хорин зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90.121 /ерэн мянга нэг зуун хорин нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭХ хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 52.767 /тавин хоёр мянга долоон зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.Мт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА