Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2020/0579

 

 

2020 оны 09 сарын 09 өдөр               Дугаар 128/ШШ2020/0579                   Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ЭХХК 

Хариуцагч: С

Гуравдагч этгээд: “М” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн яамны 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* албан тоотоор “Хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн” нийлүүлэхийг сонгон шалгаргуулах ******* дугаартай багц 1 тендерийн үнэлгээг дахин хийхийг захиалагчид үүрэг болгосон” шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, өмгөөлөгч Г.Н,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, Б.Т нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э ХХК нь ******* үйлдвэр *******-аас захиалсан “Хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ******* дугаартай багц 1 тендерт оролцсон ба тендерийн үнэлгээний хорооноос манай компанийн хүргүүлсэн 281’506’500.00 төгрөгийн үнийн саналыг “хамгийн сайн” гэж үнэлсний дагуу гүйцэтгэгчээр шалгараад байсан билээ.

Гэтэл тус тендерт оролцогч “М” ХХК-аас Монгол Улсын Сангийн яаманд “захиалагч импортын бараа нийлүүлэхээр санал болгосон компанийг шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101.1 дүгээр зүйлийн 101.1-д /Чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг оролцуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн/ -д заасныг зөрчсөн гэх агуулгаар гомдол гаргасныг тус яамнаас хянан үзээд, 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ******* тоот албан бичгээр “захиалагчийн шийдвэр үндэслэлгүй” гэж дүгнээд тендерийн үнэлгээг дахин хийхийг захиалагчид үүрэг болгожээ.

Үүнтэй холбогдуулан манай компаниас 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сангийн Яамны Хууль, эрх зүйн газарт 5-08 тоот албан бичгээр гомдол гаргасан боловч тус яамнаас “******* *******” *******-т хаяглан 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ******* тоот албан бичгээр хариу ирүүлсэн бөгөөд тус албан бичигтээ “тендерийн хүчинтэй байх хугацаа нэгэнт дуусгавар болж тендер шалгаруулалт бүхэлдээ хүчингүй болсон тул гомдолд дурдсан асуудлаар тендерийн үнэлгээг хянан шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу ирүүлсэн.

Манай компаниас “******* үйлдвэр” *******-аас зарласан тус тендерт холбогдох хууль тогтоомжийн дагуу оролцож, үнийн саналаа ил болгосон байхад тус яамнаас хууль тогтоомжийг буруу хэрэглэж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохиролтой шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 101.2-т “Энэ хуулийн 101.1-д заасан дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар батална гэсэн бөгөөд тус жагсаалтад хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн гэж тусгайлан заагаагүй, мөн 101.3-т “Энэ хуулийн 101.1-д энэ хуулийн 9.2 дахь хэсэг хамаарахгүй, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт Захиалагч нь “100,000.001 төгрөгөөс дээш төсөвт өртөг бүхий бараа, үйлчилгээний тендер шалгаруулалтад гадаадын этгээд оролцохыг хориглож үл болно” гэж тус тус заажээ. Хуулийн 10 дугаар зүйлийн 101. 3-т зааснаас үзвэл ******* ******* *******-аас зарласан “Хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн ” нийлүүлэгчийг хуулийн этгээ бүү хэл гадаадын иргэн, хуулийн этгээд ч оролцох боломжтой байна.

Иймд Э ХХК-ийн оролцож, гэрээ байгуулах эрх авсан ******* ******* *******-аас зарласан “Хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ******* дугаартай багц 1 тендерийн үнэлгээг дахин хийхийг захиалагчид үүрэг болгосон Монгол Улсын Сангийн Яамны дээрх шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Сангийн Яамны аль шийдвэрийн аль хэсгийг хүчингүй болгуулахаар шаардаж байгаа нь ойлгомжгүй, бүрхэг байдлаар бичсэн байх бөгөөд нэхэмжлэлийн сүүлийн өгүүлбэрт “...“Хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ******* дугаартай багц 1 тендерийн үнэлгээг дахин хийхийг захиалагчид үүрэг болгосон Монгол Улсын Сангийн Яамны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэснээс үзвэл Сангийн Яамны 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр тендер шалгаруулалтын 1 дүгээр багцын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн хэсгийг хүчингүй болгохоор шаардаж байна гэж ойлголоо.

Сангийн яам нь тус тендер шалгаруулалтад оролцсон “Монос Хүнс” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны 412 дугаартай албан бичгээр ирүүлсэн гомдлыг үндэслэн тус тендер шалгаруулалтыг хянаж, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай шийдвэрийг гаргасан ба хэрэв нэхэмжлэгч уг албан бичгийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа бол энэхүү нэхэмжлэлийн шүүх хүлээн авахаас татгалзах нөхцөл байдал бүрдсэн байна.

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар тендерт оролцогч Сангийн Яамны шийдвэрийг эс зөвшөөрвөл өөрт гомдол гаргах биш шууд шүүхэд хандахаар заасан ба энэ гомдлоо захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн 30 хоногийн дотор гаргах ёстой тул 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл нь уг шаардлагыг хангахгүй юм.

“******* үйлдвэр” *******-аас Сангийн яамны 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай албан бичгийн дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай мэдэгдлийг ЭХХК-д хүргүүлсэн. Тус компани нь нэхэмжлэлд дурдсан 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 05-08 дугаартай албан бичгээр захиалагчийн шийдвэрт гомдол гаргасан ба энэхүү албан бичгийн хуулбарыг хавсралтаар хүргэж байна.

Өөрөөр хэлбэл, тус компани Сангийн яамны дахин үнэлгээ хийх шийдвэрийн талаар мэдэж байсан бөгөөд уг шийдвэртэй холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар шууд шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлээгүй төдийгүй тус шийдвэрийн үндсэн дээр дахин үнэлгээ хийсэн захиалагчийн шийдвэрт холбогдох гомдлоо Сангийн Яаманд ирүүлсэн.

Иймд тус компани нь Сангийн Яамны 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай албан бичигтэй холбоотой нэхэмжлэлийг л шүүхэд гаргах боломжтой боловч сүүлд гаргасан уг шийдвэрт маргалгүйгээр өмнөх шийдвэрийг хүчингүй болгуулна гэж шаардаж байгаа нь ойлгомжгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч ЭХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “Сангийн яамны 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* албан тоотоор “Хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн” нийлүүлэхийг сонгон шалгаргуулах ******* дугаартай багц 1 тендерийн үнэлгээг дахин хийхийг захиалагчид үүрэг болгосон” шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Маргаан бүхий Сангийн яамны 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Гомдол хянасан тухай” №******* тоот албан албан бичигт “...захиалагч дээрх тендер шалгаруулалтын 1 дүгээр багцад  импортын бүтээгдэхүүн нийлүүлэхээр санал болгосон  компанид гэрээ байгуулах эрх олгосон нь хуулийн 101.1 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг оролцуулахыг хориглоно” заасанд нийцэхгүй байна.

Иймд тендер шалгаруулалтын 1 дүгээр багцын үнэлгээг хууль, журмын дагуу дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтыг үндэслэн мэдэгдье” гэсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 16 дугаар зүйлийн 16.2-т “Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ”, 19.2-т “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана” гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд тендерийн бичиг баримтыг бэлтгэх, боловсруулах нь захиалагчийн үүрэг байх бөгөөд тендерт оролцогчдын ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхийг ямар шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзэж шалгаруулахыг тендерийн баримт бичигт тодорхой заах нь захиалагчийн үүрэг байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101.1 дүгээр зүйлийн 101.1-д “Чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг оролцуулахыг хориглоно” гэж заасан байна.

Хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх тендерийн баримт бичгийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Тендерийн урилга нь сонирхсон этгээд бүрт нээлттэй. Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд тендерт оролцогч болон түүний түншлэлийн гишүүн бүр нь аль ч улсын харьяалалтай байж болно”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Гэрээгээр нийлүүлэх бараа нь аль ч улсын гарал үүсэлтэй  байж болно. Захиалагч төлбөрийг зөвхөн ТОӨЗ-ны 1.1-д дурдсан барааг хүлээн авснаар төлнө” гэж заасан байна.

Дээрх тендерийн баримт бичгийн 4.1, 5.1-д заасны дагуу буюу гадаадын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэхийг зөвшөөрсөн, импортлогч компани тус тендер шалгаруулалтад оролцохыг зөвшөөрсөн агуулгатай тендерийн баримт бичгийн заалтын дагуу нэхэмжлэгч ЭХХК уг тендер шалгаруулалтад оролцсон байна.

Иймд захиалагч тендерийн баримт бичигт импортлогч компани тус тендер шалгаруулалтад оролцохыг зөвшөөрсөн заалт оруулж, үүний дагуу ЭХХК тус тендер шалгаруулалтад оролцсон байх атал хариуцагч Сангийн яамны 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №******* тоот албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101.1 дүгээр зүйлийн 101.1-д заасантай нийцэхгүй гэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Тодруулбал, захиалагчийн бэлтгэн, боловсруулсан тендерийн баримт бичгээр импортлогч компани тус тендер шалгаруулалтад оролцохыг зөвшөөрсний дагуу нэхэмжлэгч ЭХХК  тендер шалгаруулалтад оролцсон байх атал Сангийн яамны №******* тоот албан бичгээр дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжтой агуулгаар шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчимд нийцэхгүй гэж шүүх үзлээ.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 40 дүгээр зүйлийн 40.4-д “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж тус тус заасан ба Сангийн яамны 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №******* тоот албан бичигт ямар мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хор саармагжуулах бүтээгдэхүүнийг үндэсний буюу дотоод үйлдвэрлэлээс хангах боломжтой гэж үзсэн үндэслэлээ заагаагүй байна.

Иймд маргаан бүхий Сангийн яамны 2020 оны №******* тоот албан албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 40 дүгээр зүйлийн 40.4-д заасантай нийцэхгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 16 дугаар зүйлийн 16.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.4, 40 дүгээр зүйлийн 40.4-д заасныг тус тус баримтлан “Э”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Гомдол хянасан тухай” №******* тоот албан албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч ЭХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сангийн яамнаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.БАТЗОРИГ