Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2023/0088/3 |
Дугаар | 221/МА2023/0728 |
Огноо | 2023-12-07 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2023/0728
Х ХХК-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Х ХХК
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар
Гуравдагч этгээд Э.А
Нэхэмжлэлийн шаардлага: Нэгж талбарын 1500901*** дугаартай газар өмчлөх эрхийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-22020195** дугаарт иргэн Э.А-ийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 15* дугаартай Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, хүчингүй болгуулах тухай захирамжийн Э.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0711 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А, Г.Б
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ү
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 128/2023/0088/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Х ХХК нь Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газар тус тус холбогдуулж Нэгж талбарын 150090**** дугаартай газар өмчлөх эрхийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-22020195** дугаарт иргэн Э.А-ийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 15* дугаартай Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, хүчингүй болгуулах тухай захирамжийн Э.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0711 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б давж заалдах гомдолдоо:
3.1 Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1-т Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газар хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх-ээр зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч Э.А нь 2008 онд өөрийн эзэмшиж байгаагүй газар дээр захиргааны байгууллага буюу Нийслэлийн Засаг даргыг хууран мэхлэх замаар өмчлөх шийдвэр гаргуулсан. Э.А нь тухайн газрыг эзэмшиж байгаагүй гэдэг нь дараах баримтаар нотлогддог. Үүнд: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01-08/6** тоот албан бичгээр Э.А-д өмчлүүлсэн газрын нэгж талбарын хувийн хэргийг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд уг ирүүлсэн баримтууд дотор Чингэлтэй дүүргийн Засаг даргаас 2007 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр олгосон 047341 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ байна. Уг газар эзэмших эрхийн гэрчилгээнд нэгж талбарын дугаар байхгүй байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т нэгж талбар /парсель/ гэж хилээр хязгаарлагдсан, ашиглалтын зориулалт адил, эзэмшигч, ашиглагч, өмчлөгч нь нэг, оноосон дугаартай, кадастрт тусгавал зохих эдлэн газар, объект буюу түүний хэсгийг ойлгоно, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-т Улсын бүртгэлд эрхийн гэрчилгээг олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр, олгогдсон газрын нэгж талбарын дугаар, хэмжээ, байршлыг тэмдэглэх гэж тодорхой заасан. Тодруулбал, нэгж талбар бүр оноосон дугаартай байна, тухайн нэгж талбар нь эзэмших эрхийн гэрчилгээ олгогдохоор зохицуулсан. Нэхэмжлэгч Э.А-ийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ бичигдсэн ч нэгж талбарын дугаар байхгүй, яг хаана, ямар газар дээр эзэмших эрх олгогдсон нь тодорхойгүй байна.
Дээр дурдсан Э.А-ийн 2007 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 047*** дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээтэй хамт газар эзэмших гэрээ болон тухайн газрын кадастрын зураг огт байхгүй. Иргэн нь газар эзэмших хүсэлт гаргахдаа эзэмших газрын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зургийг заавал хавсаргана гэж Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т тодорхой заасан, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Газрын энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 34 дүгээр зүйлийн 34.6-д Газар эзэмших гэрээнд дараах зүйлийг тусгана, 34.6.3-т Газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зураг нэгж талбарын дугаар гэж тус тус заасан байна. Э.А-д газар эзэмших эрхийн гэрээ болон тухайн газрын кадастрын зураг байхгүй байхад өмчлөхийг хүссэн газар дээр эзэмших эрх Э.А-д Газрын тухай хуулийн дагаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байсан байна.
Э.А газар өмчлөх хүсэлт гаргахдаа газар эзэмших эрхийн гэрчилгээ үзүүлэх боловч яг хаана байрлалтай, ямар нэгж талбарын дугаартай газар болох нь тодорхойгүй зэрэгцээ уг эрхийн гэрчилгээ дээр бичигдсэн хаяг 12-р хороо, Булаг 21 нь түүний өмчилж авахыг хүссэн газрын хаяг 11-р хороо, нуурын 21 дүгээр гудамж, *** тоот илт зөрүүтэй байсан байх ба захиргаа үүнийг нягталж шалгаагүй. Мөн Э.А нь өмчилж авахыг хүссэн газар дээрээ бодитоор амьдардаггүй, эзэмшдэггүй, энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан. Ийнхүү Э.А-д өмчлүүлсэн гэх газрыг тэрээр хуулийн дагуу эзэмшдэггүй хэрнээ хуурамч төөрөгдүүлсэн баримт бичиг бүрдүүлж, захиргааны байгууллагын хууран мэхлэх замаар газар өмчлөх шийдвэр гаргуулсан байна.
3.2 Дээрх үйл баримтыг шүүхээр шалгуулж, тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага, хүсэлт гаргасан байхад зөвхөн гуравдагч этгээд Э.А-ийн зүгээс гаргаж өгсөн Т ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн албан бичиг2-ийг үндэслэн ...хоёр өөр газар байгаагүй болох нь нотлогдсон гэж шүүх дүгнэлээ ямар ч үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анхан шатны шүүх шийдвэртээ Т ХХК-иас анх 2006 онд Э.А-ийн эзэмшихийг хүссэн газрын кадастрын зургийг үйлдэхдээ Нуурын 21 гэх хаягийг Булгийн 21 гэж алдаатай бичсэн болохоо... тодорхойлсон гэж алдаатай дүгнэлтийг өөрөө зохиож бичсэн. Нэгдүгээрт Э.А-д газар эзэмших эрх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 232 дугаар захирамжаар олгогдсон гэх боловч эзэмшихийг хүссэн газрын кадастрын зураг хавтаст хэрэгт болоод хаана ч байхгүй. Хоёрдугаарт Т ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн албан бичигт анх 2006 онд Э.А-ийн эзэмшихийг хүссэн газрын кадастрын зургийг үйлдсэн гэсэн үг үсэг, утга агуулга огт байхгүй байна. Харин кадастрын зургийг 2007 оны 8 дугаар сарын 15-ны өдөр тус компанийн инженер С.Н хийж гүйцэтгэсэн гэсэн байна. Гэвч энэ огноотой Т ХХК-ийн гүйцэтгэх гэх кадастрын зураг хавтаст хэрэгт огт байхгүй. Анхан шатны шүүхийн энэ дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг шууд зөрчсөн. Анхан шатны шүүх Т ХХК нь кадастрын зураг үйлдэх тусгай зөвшөөрөлтэй эсэх, Т ХХК-ийн үйлдсэн кадастрын зургаар Э.А-ийн эзэмшсэн, өмчилсөн гэх газрын кадастрыг Газрын мэдээллийн санд бүртгэсэн эсэхийг холбогдох төрийн байгууллага болох Газрын харилцаа геодези зураг зүйн газар, Нийслэлийн газрын мэдээллийн сангаас тодруулах, нотлох ямар ч ажиллагаа хийхгүйгээр гуравдагч этгээдийн гаргаж өгсөн албан бичгийг шийдвэрийн үндэслэлээ болгосон. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүх нотлох зарчмыг зөрчсөн. Маргаан бүхий газар буюу Э.А-ийн хууль бусаар өмчилсөн гэх газар дээр хэзээ анх эзэмших, ашиглах эрх үүссэнийг Газрын харилцаа геодези зураг зүйн газраас тодруулах, нотлох ажиллагааг анхан шатны шүүх огт хийгээгүй байна.
Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах ажиллагааг бүрэн дүүрэн хийсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн бол Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т Захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн гэж заасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 15* дугаартай Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, хүчингүй болгох тухай захирамжийн Э.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой байсан гэж үзэж байна.
3.3 Нийслэлийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 15* дугаартай Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, хүчингүй болгох тухай захирамжийн Э.А-д холбогдох хэсэг хууль бус болох нь тогтоогдож байхад уг захирамжийн үндэслэсэн газар өмчлөх эрхийг баталгаажуулсан улсын бүртгэл хүчингүй болох үндэслэлтэй байсан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Нийслэлийн Засаг даргын Э.А-д газар өмчлөх эрх олгож шийдвэрлэсэн шийдвэрийг буруутгаж мэтгэлцээгүй, ийм тайлбар гаргахгүй байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийгээд улсын бүртгэгч нь газар эзэмшүүлсэнтэй холбоотой баримт бичгийг шаардан гаргуулах, газар эзэмших эрх олгосон шийдвэр болон өмчлүүлсэн шийдвэрүүдийг хооронд нь тулгаж үзэх, уг баримт нь өмчлөх эрх олгосон Нийслэлийн Засаг даргын захирамжтай нийцэж байгаа эсэхийг шалгаж тогтоох үүргийг хүлээхгүй юм гэж дүгнээд улсын бүртгэлийг зөвтгөсөн. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс Э.А нь газар өмчлөх эрхийг олж авахдаа захиргааны байгууллагад гаргаж өгсөн эзэмшиж буйгаа нотолсон гэх захирамж нь өмчлөх эрхийг олгосон тухай газартай хамааралгүй газрыг эзэмшиж байгаа гэж худал мэдүүлсэн, тухайн эзэмшиж байгаа гэж мэдүүлэх замаар өмчлөлд авсан газар дээрээ хэзээ ч амьдарч байгаагүй, өмчлөх эрх олж авсан, маргаж буй газар нь өөрийнх нь эзэмшиж байгаа гэж баримт бүрдүүлсэн хаягтай нь зөрүүтэй байдлууд баримтуудаар тогтоогддог болохын хувьд хууран мэхлэх, хууль бус аргаар акт гаргуулсныг хянаж .. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 15* дугаартай Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, хүчингүй болгох тухай захирамжийн Э.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагаа дэмжиж тайлбарласан.
Анхан шатны шүүх гуравдагч этгээд Э.А нь 2008 онд газар өмчлөх тухай захирамж гарснаас хойш 2021 он хүртэл 13 жилийн хугацаанд яагаад уг эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхгүй байсан талаар тодруулаагүй. Зөвхөн нэхэмжлэгч Х ХХК-ийг буруутгаж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0711 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Гуравдагч этгээд Э.А-д Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаар Гэр хорооллын газар эзэмших эрх олгох тухай захирамжаар Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булаг ** хаягт 700 м.кв газрыг эзэмшүүлж, 047341 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, нийслэлийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 15* дүгээр захирамжаар Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 21 гудамж, **** тоот хаягт байрлах 1864231306**** нэгж талбарын дугаартай 700 м.кв газар өмчлүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ.
3. Улмаар гуравдагч этгээд Э.А нь 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Г-22020195** дугаарт бүртгэж газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.
4. Нэхэмжлэгч Х ХХК нь гуравдагч этгээд Э.А-д Нийслэлийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 15* дугаартай Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, хүчингүй болгох тухай захирамжаар Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 21 дүгээр гудамж, *** тоот хаягт байрлах, 150090**** нэгж талбарын дугаартай, 699 м.кв газрыг өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын захирамж хууль бус, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газраас Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 21 дүгээр гудамж, *** тоот хаягт байрлах, 1500901**** нэгж талбар дугаартай, 699 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эрхийн улсын бүртгэлийн Г-22020195** дугаарт бүртгэн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 00062**** дугаартай гэрчилгээг олгосон нь хууль бус хэмээн маргажээ.
5. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт анхан шатны шүүх зөв дүгнэлт өгч, Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
6. Нэхэмжлэгч Х ХХК нь иргэн Б.Д, Т.М нарын өмчлөлийн газар болох Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуурын 21 дүгээр гудамжны 56**, 56** тоот газруудыг /Э.А-ийн өмчлөлийн газрын залгаа зүүн талд/ шилжүүлэн авах хүсэлт гаргасны дагуу нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/7** дүгээр захирамжаар Х ХХК-д Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 150091**** нэгж талбарын дугаар бүхий 1127 метр квадрат газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх олгож, уг газар нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгджээ.
7. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т зааснаар газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж зааснаар гуравдагч этгээд Э.А-д газар давхцуулан эзэмшүүлсэн шийдвэр гараагүй тул газар өмчлөх эрхийг хүчингүй болгуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй.
8. Хариуцагч нийслэлийн Засаг дарга болон Улсын бүртгэлийн ерөнхий газар маргаан бүхий актуудаар гуравдагч этгээд Э.А-д газар өмчлүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгон баталгаалжуулж шийдвэрлэсэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 22 дугаар зүйлийн 22.1-д заасантай нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгох бөгөөд тухайн гаргасан нэхэмжлэл нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээхээр гаргаж буй өргөдлийг шүүхээс хянан шийдвэрлэх ойлголт юм.
10. Энэхүү тохиолдолд нэхэмжлэгч Х ХХК-ийн эзэмшиж буй газартай гуравдагч этгээдийн өмчлөлийн газар ямар нэг байдлаар давхцалгүй, ...тухайн газраа Э.А эзэмшиж, амьдарч байгаагүй, тус газрыг зогсоолын зориулалтаар асфальтлан эзэмшил ашиглалтдаа байлгаж байсан гэх үндэслэлээр шүүх тухайн газрын өмчлөх эрхийн шийдвэрүүд хууль бус хэмээн дүгнэх үндэслэлгүйн зэрэгцээ тухайн шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны газар эзэмших эрх зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байна.
11. Түүнчлэн ...эзэмших эрхийн шийдвэр гарах үед 12 дугаар хороо, Булаг 21, өмчлөх эрхийн шийдвэрт 11 хороо Нуурын 21 дүгээр гудамж 564 тоот гэж илт зөрүүтэй байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэх давж заалдах гомдлын тухайд газар эзэмшүүлсэн шийдвэртэй нэхэмжлэгч маргаагүй, хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12, 112 дугаар зүйлийн 112.4.3-т заасныг удирдлага болгон шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээс зөрүүтэй бичсэнийг анхан шатны шүүх цаашид дахин давтахгүй байхыг анхаарвал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0711 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА