Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 334

 

МАГАДЛАЛ

 

2017.02.01                                                 Дугаар 334                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

Т.Батчулууны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2016/01124 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Батчулууны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Цэрэндулам, О.Алтанцэцэг нарт холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэг, гарсан зардалд 20 690 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Т.Батчулуун,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бадрал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Түрээсийн төлбөрт 16 820 000 төгрөг, байрны урсгал засварын зардалд 4 850 000 төгрөг, байрны урсгал зардлын дутуу төлөлт засварын мөнгийг нийтэд нь тооцож хариуцагчаас               22 670 000 төгрөг нэхэмжилж байна. Анх түрээсийн гэрээг би хариуцагч Б.Цэрэндуламтай байгуулсан. Хариуцагч нь тухайн түрээсийн байранд вакум цонхны үйлдвэр ажиллуулдаг байсан. Тухайн түрээсийн байранд амьдарч байх хугацаандаа тааз цоолсон, хананы завсарыг би өөрийн зардлаа өгөөд засуулж байсан. Би нэмэгдэл төлбөр төлдөг. Гэрээний дагуу өгнө гэж хэлдэггүй. Байраа зараад өгнө, ажил бүтэхээр төлнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл төлөөгүй. Хариуцагчаас шалтгаалан хохирсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Бид хоёр хоорондоо байгуулсан түрээсийн гэрээ байхгүй. Бие биедээ итгэлцээд аман хэлбэрээр хэлцэл байгуулсан. 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн. Манай компани 2015 оны 08 дугаар сараас мөн оны 12 дугаар сар хүртэл үйл ажиллагаа явуулаагүй байгаа үеийн түрээсийн төлбөрийг нэхэмжилж байна. Тооцоо нийлсэн актаар хүлээн зөвшөөрсөн 10 500 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон мөнгөө төлнө. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээрх мөнгөн дүнг ямар нэгэн нотлох баримт байхгүйгээр, үндэслэлгүйгээр 2 дахин нэмээд нэхэмжилсэн. Уг түрээсийн үйл ажиллагаанд манай эхнэр ямар ч хамааралгүй гэвч нэг өдөр нэхэмжлэгч манай эхнэрийг дагуулж яваад нотариатаар очиж ямар учиртай нь мэдэгдэхгүй гэрээн дээр хурууны хээг нь даруулсан байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Цэрэндулам, О.Алтанцэцэг нараас 10 580 000 төгрөгийг гаргуулж Т.Батчулуунд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 090 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 184 230 төгрөг гаргуулж Т.Батчулуунд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Т.Батчулуун миний бие анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2016 оны 5 дугаар сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөр 15 340 000 төгрөг, байранд хийх шаардлагатай засварын зардал            4 850 000 төгрөг, цахилгаан, дулааны төлөгдөөгүй төлбөр 500 000 төгрөг, нийт 20 690 000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шаардсан. Дараа нь 2016 оны 6-10 дугаар саруудын түрээсийн төлбөрийг /нэг сарын 560 000 төгрөгөөр/ нэмж нэхэмжлэн нийт 22 670 000 төгрөг болгосон ба шүүх хурал эхлэхэд цахилгаан, дулааны төлөгдөөгүй төлбөрийн шаардлагын 500 000 төгрөгийг 1 000 000 төгрөг болгож, түрээсийн төлбөрийн шаардлагыг 16 820 000 төгрөг болгож өөрчилсөн. Хариуцагч нь шүүх хурлаас өмнө цахилгаан, дулааны төлөгдөөгүй төлбөр 1 000 000 төгрөг байсныг бүрэн төлсөн байсан тул би шүүх хурал дээр нэхэмжлэлийн шаардлагаас уг 1 000 000 төгрөгийг хасч, түрээсийн төлбөрт    16 820 000 төгрөг, байранд хийх засварын зардалд 4 850 000 төгрөг, нийт 21 670 000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл шүүх хариуцагчийн зүтээс дээрх 1 000 000 төгрөгийн төлсөн талаараа хэлсэн байхад, мөн миний нэхэмжлэлээсээ уг 1 000 000 төгрөгийг хассан талаар дурдахгүйгээр төлөгдөөгүй дулаан, цахилгааны зардал 500 000 төгрөгийг нотолсон баримтгүй гэж буруу дүгнээд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 090 000 төгрөгийг биш, харин 12 090 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна.

Хариуцагчтай 2016 оны 01 дүгээр сарын 30-нд тооцоо нийлэхэд надад 2016 оны 02 дугаар сарын 01-ний дотор 10 580 000 төгрөг төлөхөөр болж түрээсийн байранд байсан 8 ширхэг тоног төхөөрөмжөө барьцаанд тавьсан. Хэдийгээр тэдгээр тоног төхөөрөмжийг барьцаанд тавьсан нэртэй боловч түрээсийн байрандаа хэвээр үлдэж, байрны түлхүүрийг хариуцагч надад өгөөгүй. Хариуцагч дуртай үедээ түрээсийн байранд ирж, тоног төхөөрөмжөө ажиллуулж байсаар 2016 оны 6 дугаар сарын 20-нд байранд чинь засвар хийх болсон тул тоног төхөөрөмжөө байрнаас гаргах хэрэгтэй байна гэж худал хэлээд нүүлгээд аваад явсан. Тэгэхдээ байрны түлхүүрийг манай манаачид үлдээгээд явсан. Хариуцагч нь миний байрыг 2016 оны 6 дугаар сарын 20 хүртэл ашигласан байхад шүүх зөвхөн 2016 оны 1 дүгээр сарын тооцоо нийлсэн актыг үндэслэж 10 580 000 төгрөг гаргуулахаар шийдсэн нь буруу болсон. Иймд 2016 оны 6 дугаар cap хүртэлх түрээсийн төлбөр 4 760 000 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй боловч давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Т.Батчулуун нь хариуцагч Б.Цэрэндулам, О.Алтанцэцэг нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг, гарсан зардалд 22 670 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “Үйлдвэрлэлийн байр түрээслэх” гэрээ бичгээр байгуулагдсан ба энэ гэрээний үүргийн гүйцэтгэл болох түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч шаарджээ.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь заалтад нийцээгүй буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд бичигдсэн 156 м.кв талбай бүхий байрыг хариуцагч нар үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахаар гэрээ байгуулснаа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх тул уг гэрээ нь мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Хуулиар тогтоосон шаардлага хангаагүй тохиолдолд уг хэлцэл хүчин төгөлдөр бус гэдгийг хуульд тодорхой заасан байхад анхан шатны шүүх “...түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус эсэхэд шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй...” гэж дүгнэн улмаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Хүчин төгөлдөр бус хэлцэлд үндэслэн гэрээний үүргийн шаардах эрхийг тодорхойлох нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэл эрх зүйн үндсэн зарчимд нийцэхгүй.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгийг бодитойгоор эзэмшилдээ авч ашиглаж байсан үйл баримт талуудын хэн алины тайлбараар тогтоогдож байгаа тохиолдолд гэрээний хүчин төгөлдөр байдлаас хамааран уг эрх зүйн харилцаанаас үүдэх шаардах эрхийн үндэслэл, түүнд хамаарах эсэхэд дүгнэлт, хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалт, талуудын нотлох үүргийн хуваарилалт тодорхой болох учиртай.

Зохигчдын хоорондын гэрээ нь хууль, хуулийн дээрх зохицуулалтад зааснаар хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгчийн хувьд хүчин төгөлдөр бус хэлцэлд үндэслэн гэрээний үүргийг нөгөө талаас шаардах эрх үүсэхгүй.

 Харин нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нар 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн хууль буюу гэрээнд заасан үндэслэлгүйгээр ашиглаж байсан гэх үйл баримт тогтоогдсон тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493  дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт зааснаар уг эд хөрөнгө хариуцагчийн эзэмшилд байсантай холбоотойгоор олох боломжтой байсан орлогыг шаардах эрхтэй.

Талууд 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Тооцоо нийлсэн акт” үйлдсэн талаар маргаагүй ба хариуцагч нар 10 580 000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 01-ний дотор төлөх үүрэг хүлээсэн байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн хувьд өөрийн эд хөрөнгөөс ийм хэмжээний орлого олох боломжтой байсан нь тогтоогдож байна.

Түүнчлэн хариуцагч нар нь 156 м.кв талбай бүхий байрыг үйлдвэрлэлийн зорилгоор ашиглахдаа 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сар бүр 860 000 төгрөг төлөхөөр тохиролцсон байсан үйл баримтын талаар маргаагүй, хариуцагчийн зүгээс өөрийн эд хөрөнгийг 2016 оны 6 дугаар сард байрнаас авсан гэж шүүгчийн асуултад хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг 5 дугаар сараас төлбөрийг 560 000 төгрөг болгосон гэж тайлбарласан байх тул 2016 оны 1-5 сар хүртэл сард 860 000 төгрөг, 6 сард 560 000 төгрөгөөр тооцон хариуцагч нараас төлбөр гаргуулах үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний болон хариуцагч нараас гаргуулах төлбөрийн хэмжээний талаар өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2016/01124 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Цэрэндулам, О.Алтанцэцэг нараас 14 580 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Батчулуунд олгож, үлдэх 8 090 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...хариуцагч нараас 184 230 төгрөг гаргуулан...” гэснийг “...230 850 төгрөг...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс    төлсөн улсын тэмдэгтийн хураамж 91 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                           М.НАРАНЦЭЦЭГ