Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар   2022/ШТ/184

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Оээр хөтлүүлж, 
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э

Шүүгдэгч: Д.Сугар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас хяналтын прокурор С.Бээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Дийн Сугар /РД: /-т холбогдох 2212 дугаартай эрүүгийн хэргийг  хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамт Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат баг, Салхит гэх газар оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Ц овогт Дийн Сугар /РД:/

Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Дэмбэрэлийн Сугар нь Архангай аймгийн Өгийнуур сумын Ямаат багийн Улаан чулуут гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Н.Ганбаатарын халтар зүсмийн соёолон насны 1 тооны үхрийг хулгайлж, хохирогчид 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

*Эрүүгийн 221 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
*Хохирогч Н.Ганбаатарын өгсөн: “... Манайх 2021 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө нэг тооны үхэр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Улаан Чулуу гэх газраас алдсан юм. 2021 оны 11 дүгээр сарын 20-ны орой бүртгэхэд бүрэн байсан. 2021 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр очиж бүртгэхэд нэг тооны халтар зүсмийн нэг тооны халтар зүсмийн соёолон насны эр үхэр дутсан байсан. Ингээд айлын үхэр малтай нийлсэн байж магад гээд тэр хавиар хайгаад олоогүй юм тухайн үед айлын үхэрт яваа гэж бодоод цагдаад мэдэгдээгүй юм. Ингээд байж байтал манай дүү Алтаншагай надад таны хайгаад байгаа үхрийг Сугар хулгайлсан гэж байна хэлсэн би тэр үед Сугарыг дуудаж уулзаад чи ахынхаа үхрийг хулгайлсан гэж байна гэхэд эхлээд үгүй хулгайлаагүй гэж байснаа сүүлдээ би танай үхэр гэж таниагүй хулгайлчихсан юм тэр үед дүү нь хүнд өртэй байж байгаад өрөө дарах гэж хулгай хийсэн юм гэж хэлсэн ингээд Д.Сугар миний хохиролыг 2022 оны 04 сард багтааж өгнө гэж надтай тохирсон юм. Д.Сугар таны үхэр гэж мэдээгүй шүү ахаа намайг уучлаарай гэж уучлалт гуйсан. Ямаат багийн нутгаар их олон хоног хайсан. Тухайн нэг тооны үхрээ би 2.000.000 төгрөгөөр үнэлэж байна. Д.Сугар надад хэлэхдээ ганцаараа хулгайлаад сүүлд нь Данзанпүүнүү гэх манай сумын залуу Өлзийт сумаас ирж махыг нь авсан гэж хэлсэн. Д.Сугар Данзанпүүнүүд өртэй байсан гэж надад ярьсан. Д.Сугар бид хоёр ах дүүсийн хүүхдүүд байгаа юм харин Данзанпүүнүүтэй бол ямар нэгэн төрөл садны харилцаа холбоо байхгүй. Зүгээр нутгийн танил дүү байгаа юм. Би хохиролоо гаргуулж авмаар байна хохиролоо авчих юм бол ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/,

*Гэрч Ё.Гантөмөрийн өгсөн: “...Айлын гадаа үхэр алаагүй эзэнгүй малын хашаа дээр нэг танихгүй залуу халтар зүсмийн эр үхэр авчираад тэр үхрийг нь бид гурав хамт алсан ингээд Данзанпүүнүүгийн машинд ачиж Өлзийт сумын төвд ирээд намайг Данзанпүүнүү гэрийнхээ гадаа буулгаад орхисон тэр хоёр махаа ачсан чигээрэй яваад өгсөн хаашаа явсныг нь би мэдээгүй. Мэдээгүй би чих дүлий учир хүний ярьж буй зүйлийг сонсдоггүй бүр миний чихэнд тулж ирээд орилож ярьсан зүйлийг л сонсдог. Өөр хүн байгаагүй бид гурав л хамт үхэр алсан эзэнгүй хашаанд. Арьсанд нь махыг нь боогоод машинд ачсан толгойг нь ачаад явсан. Данзанпүүнүүгийн машинтай явсан юм. Надад Данзанпүүнүү 10.000 төгрөг өгөөд гэрийнхээ гадаа буулгаад явсан тэгээд Данзанпүүнүү гэртээ хоёр хоног ирээгүй эхнэр нь надаас Данзанпүүнүү хаашаа явсан юм гээд асуугаад байсан би тэр үед би эхнэрт мэдэхгүй л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/,

*Гэрч С.Буяндалайгийн өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын яг хэдэн гэдгийн нь сайн санахгүй байна. Сугар над руу ярьж үхрийн мах авах уу гэж асуухаар нь авна гэж хэлсэн. Ингээд Сугар Данзанпүнлүү нар нэг үхрийн мах авчир ч өгсөн бөгөөд би жижглэж авсан юм. Тухайн махыг 1.500.000 төгрөгөөр авсан бөгөөд Сугар тухайн үед өөрийнхөөсөө үхэр алж ирсэн юм.Өвс тэжээл авах гэж байгаа гэж ярьж байсан. Ингээд бт мах авсан өдрийнхөө маргааш нь тэр хоёрын нэгийнх нь данс руу мөнгө шилжүүлсэн одоо яг хэнийнх нь данс руу мөнгө шилжүүлсэнээ санахгүй байна. Сугар, Данзанпүнлүү хоёр л ирсэн өөр хүн байгаагүй. Би өөрийн аав Саянжаргалын данснаас мобайл банкаар шилжүүлсэн юм. Тухайн мах гарал үүслийн гэрчилгээ байгаагүй бөгөөд нэг нутгийн найз нөхөд хүмүүс учир итгээд л авчихсан юм. Тэр махны арьс толгой зэрэг нь байсан учраас би авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/,
         *Гэрч Д.Алтаншагайгийн өгсөн: “... Мэднэ манай ах Ганбаатар 2021 оны 11 дүгээр сард яг хэдэн гэдгийг нь сайн санахгүй байна нэг тооны үхэр алдсан гэж ярьж байсан. Яг ямар зүсмийн ямар насны үхэр алдсаныг нь мэдэхгүй нэг тооны үхэр алдсан гэдгийг нь мэдэж байсан. Гэтэл 2022 оны 03 дугаар сард нэг орой гэртээ харих гээд явган явж байтал манай гэрийн ойролцоо гудамжны үзүүрт 2 хүн хоорондоо Ганбаатарын үхрийг Сугар хулгайлж худалдсан гэсэн зүйл ярьж байхыг би сонссон бөгөөд тэр хоёр хүний яриаг сонсоод байж байтал тэр хоёр хүн цаашаа яваад өгсөн. Би яг хэн байсныг нь мэдэж чадаагүй. Ингээд би өөрийн ах Ганбаатарт таны үхрийг Сугар хулгай хйисэн юм биш үү гэж хэлсэн. Гэтэл манай ах Сугартай очиж уулзахад Д.Сугар хь ахад би танай үхэр гэж мэдэлгүй хулгай хийчихсэн юм төлж өгнө гэж ярьсан байсан. Тэрийг би мэдэхгүй байна. Ямар ч гэсэн 2 эмэгтэй хүн байсан. Харанхуй болсон байсан болохоор хэн гэдгийг нь болон ямар хувцастай хүмүүс байсныг нь харж чадаагүй. Тэрийг би мэдэхгүй байна. 4 сардаа багтааж хохирлыг нь төлж өгнө гэж манай ах Ганбаатарт хэлсэн байсан. Төлж барагдуулсан эсэхийг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 129-130 хуу/,

Гэрч Г.Данзанпүнлүүгийн өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд гэртээ байж байтал Д.Сугар над руу утсаар ярьж чиний надаас авах 12 төлөгний мөнгөндөө үхрийн мах авчих аав, ээж хоёр байхгүй байгаа дээр ирээд авчих гэж хэлсэн бөгөөд би сумын төвөөс Ё.Гантөмөр гэх чих нь юм сонсдоггүй хөгжлийн бэрхшээлтэй ахыг хамт яваад үхэр алаад махыг нь ачаад ирье гэж гуйгаад аваад явсан бөгөөд бид хоёрыг очиход Д.Сугар малынхаа хашаанд Халтар зүсмийн нэг тооны эр үхэр уячихсан байсан бөгөөд тэр үхрийг хашаанаас гаргаад гэрээс нь зүүн урд зүгт хуучин малын тарилгын хашаанд аваачиж төхөөрөөд махыг нь миний 49-57 УНЕ улсын дугаартай приус маркийн автомашинд мааньд ачсан бөгоөд тухайн үхрийн арьсийг нь дэлгэж байгаад тахыг нь ачсан юм. Толгойг нь махтай чь авч яваад хээр хаясан санагдаж байна. Тэндээс яваад сумын төв ороод би гэрийнхээ үүдэнд Ё.Гантөмөр гэх хүнийг буулгаж орхиод Д.Сугарын хамт Баяндалай гэх залуу дээр очиж тухайн үхрийн махаа өгсөн бөгөөд тухайн махны мөнгийг нь маргааш нь авна гээд Д.Сугар бид хоёр хөдөө гэртээ очиж хоёр шил архи уугаад маргааш нь би гэртээ ирсэн. Ингээд сүүлд нь Сугар надад 12 төлөгний мөнгө болох 600.000 төгрөг надаас 2021 оны хавар авсан байсан тэр мөнгөө л би буцааж авсан юм. Сугар анх ярихдаа өөрөөсөө үхэр өгнө. Аав ээж хоёр хот явчихсан байгаа энэ хооронд л ирээд аваадах гэж ярьсан юм. Ингэж хэлэхээр нь би очсон, би Сугарыг үхэр хулгайлсан гэж мэдээгүй. Бид хоёр гарал үүслийн гэрчилгээ аваагүй. Шууд Баяндалайд махаа аваачиж өгсөн. Үхрийн махны мөнгийг Сугар дансандаа авсан гэж надад сүүлд хэлсэн. Надад яг хэдэн төгрөг авсан эсэхээ хэлээгүй. Надад өгөх ёстой байсан 600.000 төгрөгөө л өгсөн. Сугар ахиж миний машинаар мах ачиж тээвэрлээгүй. Тэр үед л ганц удаа ачиж тээвэрлэсэн. Сугар, Гантөмөр бид гурав л байсан. Өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуу/, 

*Д.Сугарын яллагдагчаар өгсөн: “....Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрнө. Миний үйлдэлтэй тохирч байна. Би 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 19 цагийн үед гэртээ байж байгаад өөрийн буурал морио унаад Эргэл гэх газрын уулыг даваад ороход айлын үхрүүд байсан тэгэхээр би тэр үхэр сүргээс нэг тооны хязаалан гэмээр монголын эр үхрийг салгаж хөөгөөд 21 цаг өнгөрч байхад гэртээ тууж ирээд малын хашаанд хашаад найз Данзанпүнүү рүү гар утсаар залгаад манай аав ээж байхгүй байна манайхаас ирээд нөгөө мөнгөндөө үхэр авчих гэж хэлсэн. Тэгсэн Данзанпүнүү Гантөмөр ахтай хамт 23 цаг өнгөрч байхад машинтай ирсэн. Тэгээд би үхрийг гэрийн зүүн урд талд байх малын тарилгын хашаан дээрээ тууж очоод араас Данзанпүнүү Гантөмөр нар машинтай ирсэн. Бид нар тэр газраа үхрээ нядлаад Данзанпүнүүгийн машины ард махыг ачаад Өлзийт сумын төв рүү орсон. Би мах авдаг ченж Баяндалай ах руу залгаад мах авах уу гэхэд авна гэж хэлэхээр нь замдаа Гантөмөр ахыг гэрийнх гадаа үлдээгээд Данзанпүнүү бид 2 цааш явж махаа зарсан. Тэгсэн мах зарсан мөнгийг маргааш аваарай гэхээр нь бид 2 манайх руу буцах замдаа дэлгүүр ороод 2 шил Хараа нэртэй 0,75гр архийг аваад хөдөө манай гэрт очоод хувааж уугаад дуусгаад унтсан. Би Данзанпүнүүгээс 2021 оны хавар төлөгний мөнгө болох 600.000 -өгрөгийг авсан байсан юм. Тэр өрөөндөө би Данзанпүнүүд 600.000 бэлнээр өгсөн. Мах ззрсан мөнгө би Баяндалай ахаас өөрийн Хаан банкны 5 дугаарын данс руу 1500.000 төгрөгийг шилжүүлж авсан. Бид нар сүх 2 ширхэг хутга, мяндсан олс зэргийг ашиглан нядласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 хуу/,
*2021 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн 25 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29 хуу/
*2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85/
* Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 141 хуу/
 *Ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 61 хуу/,
 *Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 80 хуу/,
 *Мал тэжээвэр амьтны тооллогын хуулга /хх-ийн 142-144 хуу/,
*Д.Сугар нь ял шийтгэгдэж байсан талаарх 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 70-73 хуу/,
*Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 146-149 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Д.Сугарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Сугар Архангай аймгийн Өгийнуур сумын Ямаат багийн Улаан чулуут гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Н.Ганбаатарын халтар зүсмийн соёолон насны 1 тооны үхрийг хулгайлж, хохирогчид 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.    

Эрүүгийн 221 дугаартай хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.   

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Сугар Архангай аймгийн Өгийнуур сумын Ямаат багийн Улаан чулуут гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Н.Ганбаатарын халтар зүсмийн соёолон насны 1 тооны үхрийг хулгайлж, хохирогчид 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь: хохирогч Н.Ганбаатарын: “...2021 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр очиж бүртгэхэд нэг тооны халтар зүсмийн нэг тооны халтар зүсмийн соёолон насны эр үхэр дутсан... манай дүү Алтаншагай надад таны хайгаад байгаа үхрийг Сугар хулгайлсан гэж байна хэлсэн би тэр үед Сугарыг дуудаж уулзаад чи ахынхаа үхрийг хулгайлсан гэж байна гэхэд эхлээд үгүй хулгайлаагүй гэж байснаа сүүлдээ би танай үхэр гэж таниагүй хулгайлчихсан юм тэр үед дүү нь хүнд өртэй байж байгаад өрөө дарах гэж хулгай хийсэн юм гэж хэлсэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 ху/, гэрч Ё.Гантөмөрийн: “...эзэнгүй малын хашаа дээр нэг танихгүй залуу халтар зүсмийн эр үхэр авчираад тэр үхрийг нь бид гурав хамт алсан ингээд Данзанпүүнүүгийн машинд ачиж Өлзийт сумын төвд ирээд намайг Данзанпүүнүү гэрийнхээ гадаа буулгаад орхисон тэр хоёр махаа ачсан чигээрэй яваад өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/, гэрч Г.Данзанпүнлүүгийн: “...бид хоёрыг очиход Д.Сугар малынхаа хашаанд Халтар зүсмийн нэг тооны эр үхэр уячихсан байсан бөгөөд тэр үхрийг хашаанаас гаргаад гэрээс нь зүүн урд зүгт хуучин малын тарилгын хашаанд аваачиж төхөөрөөд махыг нь миний 49-57 УНЕ улсын дугаартай приус маркийн автомашинд мааньд ачсан бөгоөд тухайн үхрийн арьсийг нь дэлгэж байгаад тахыг нь ачсан юм. Толгойг нь махтай чь авч яваад хээр хаясан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 хуу/, гэрч Д.Алтаншагайгийн: “...2022 оны 03 дугаар сард нэг орой гэртээ харих гээд явган явж байтал манай гэрийн ойролцоо гудамжны үзүүрт 2 хүн хоорондоо Ганбаатарын үхрийг Сугар хулгайлж худалдсан гэсэн зүйл ярьж байхыг би сонссон бөгөөд тэр хоёр хүний яриаг сонсоод байж байтал тэр хоёр хүн цаашаа яваад өгсөн. Би яг хэн байсныг нь мэдэж чадаагүй. Ингээд би өөрийн ах Ганбаатарт таны үхрийг Сугар хулгай хйисэн юм биш үү гэж хэлсэн. Гэтэл манай ах Сугартай очиж уулзахад Д.Сугар хь ахад би танай үхэр гэж мэдэлгүй хулгай хийчихсэн юм төлж өгнө гэж ярьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 129-130 хуу/, 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 25 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Бээс шүүгдэгч Д.Сугарын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.  


Иймд шүүхээс шүүгдэгч Д.Сугарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 


Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Ганбаатарт 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан нь 2021 оны 03дугаар сарын 30-ний өдрийн 25 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29 хуу/ тогтоогдож байгаа бөгөөд хохирогч Н.Ганбаатар нь шүүх хуарлдааны тов мэдэгдэхэд”... гомдол саналгүй хохирлоо авсан..”гэсэн мөн шүүгдэгч Д.Сугар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх дүгнэв. 

         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 

Шүүгдэгч Д.Сугар нь бусдын малыг хулгайлсан  байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Иймд шүүгдэгч Д.Сугарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байгаа бөгөөд эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сугарыг 1 / нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сугар нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сугарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэм хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж  тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 46 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Сугарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улаан буурал зүсмийн хязаалан насны 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий 1 /нэг/ тооны морийг хураан авч улсын орлого болгох нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Д.Сугар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Сугарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногт 1 ширхэг, төмөр сүх 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэв.  


Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                                     ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Ц овогт Дийн Сугарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сугарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
 
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сугар нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглосугай.                                                                                                                           

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Сугар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 
 
5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар 
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 46 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Сугарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улаан буурал зүсмийн хязаалан насны 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий 1 /нэг/ тооны морийг хураан авч улсын орлого болгосугай. 

6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногт 1 ширхэг, төмөр сүх 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

7.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сугар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.  

8.    Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Сугарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ОТГОНЦЭЦЭГ