| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2018/0101/И |
| Дугаар | 110 |
| Огноо | 2018-04-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын ЦХ-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын Үүд суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, зөөгч бармен мэргэжилтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдрах, Замын Үүд сумын 3 дугаар багт оршин суух, Б овогт Ч.Т-д холбогдох
Албадан эмчлэх газарт явуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ө.Б, хариуцагч Ч.Т, гэрч Б.Э, Н.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Замын-Үүд сум дахь Сум дундын ЦХ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ч.Т нь бага насны хүүхдүүд болох Э.Э, Э.Э нарын хажууд ахуйн хүрээнд согтууруулах ундаа байнга хэрэглэдэг архидан согтуурах донтой үр хүүхдүүдээ сэтгэл санааны хүнд дарамтад байлгадаг, хараа хяналт тавихгүй үл хайхрах зэргээр эрүүл, аюулгүй орчинд өсөж хөгжих хүүхдийн эрх ноцтой зөрчиж байгаа тул согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6.1 дэх зүйлд зааснаар албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ .
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Замын-Үд сумын 3 дугаар багт оршин суудаг Ч.Т нь гэртээ байнга янз бүрийн хүмүүс авчирч, архидан согтуурдаг, хүүхдүүддээ хараа хяналт тавьдаггүй, архи уух болгондоо эрэгтэй хүнтэй байдаг. Засаг, захиргаа, сургууль цагдаагийн байгууллага гээд бүгд л энэ айлд анхаарал хандуулж байна. Энэ хүний хамтарч амьдарч байсан Д.Д гэх хүн 2 хүүхдийг нь бэлгийг хүчирхийлэлд өртүүлж, гэмт хэргийн хохирогч болгосон, шүүхээс Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлд зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Т-г архидан согтуурч хүүхдүүдээ анхаарал халамж тавихгүй байгаа байдал хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Сүүлд архи уусан үед нь очиход гэрийнхээ гадаа унтаж байсан. Хоёр дахь удаагаа очиход хүний амнаас гарахаар хараалын үгээр хүүхдүүдээ харааж, агсам согтуу тавьж байсан. Өвөл гэрт нь очиход улайссан хайч барьчихсан хоёр хүүхэд рүүгээ дайрч байсан. Тэгээд түүнээс хойш цагдаа нартаа хэлж, байнгын эргүүлийн хамгаалалт хийлгэдэг болсон. Сумын захиргаанаас хоёр хүүхдийг асрамжийн газарт өгчихье гэтэл нөхрийнх нь эгч Э гэж хүн Т-г архины эмчилгээнд яваад иртэл нь хараа хяналтдаа байлгана гэсэн. Иймд Т-г архины албадан эмчилгээнд явуулах шаардлагатай байна гэв.
Хариуцагч Ч.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Манай нөхөр, ах нар маань 2016 онд ойрхон нас барсан юм. Түүнээс хойш одоо хүртэл архи ууж байна. 7 хоногт 3-4 удаа архи уудаг. Зарим үед хүүхдүүдийнхээ дэргэд архи уудаг нь үнэн. Би албадан эмчилгээнд явахгүй, өөрөө архинаас гарч ажил хийнэ. Надад шүүхэд гаргаж өгөх нотлох баримт байхгүй гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасны дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын ЦХ нь Ч.Т-г албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлснийг хангаж шийдвэрлэлээ. Үндэслэл нь :
Хариуцагч Ч.Т нь архинаас гарна, архины албадан эмчилгээнд явахгүй гэж маргаж байгаа болно.
Хэдийгээр Ч.Т нь архинаас өөрөө гарна гэж шүүх хуралдаанд тайлбарлах боловч тэрээр архи уусан цаг хугацаанаасаа хойш архийг хэрэглэхээс татгалзах оролдлого хийх талаар санаачилга гаргаж байсан байдал тогтоогдохгүй байна.
Харин хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд Ч.Т нь 2016 оноос хойш одоог хүртэл согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг, гэртээ гадны хүмүүсийг бөөгнөрүүлж архи ууж, хүү Э, охин Э.Э нарынхаа тайван, эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцлийг алдуулдаг зэрэг нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Б.Э, Н.М нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, согтуурах мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон тухай “ Архинд донтох эмгэгээс үүдэлтэй эрхтэн системийн архаг өвчлөл, архинд донтох эмгэг, зан төрхийн өөрчлөлт” гэсэн комиссын дүгнэлт, цагдаагийн ахлагч Д.З, Б.У нарын илтгэх хуудас, Замын-Үүд сумын 3 дугаар багийн засаг дарга Н.Д-н тодорхойлолт, Замын-Үүд сумын хамтарсан багийн 2018 оны 03 сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэл, хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, Ч.Т-н эрүүлжүүлэгдсэн байдлын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Иймд Ч.Т-г Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасны дагуу албадан эмчилгээнд хамруулах зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Б овогт Ч.Т-г албадан эмчлэх газарт хүргүүлж, албадан эмчилгээнд хамруулсугай.
2. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дах хэсэгт зааснаар Ч.Т-н албадан эмчилгээний хугацаа нь түүний эдгэрсэн тухай эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гарснаар дуусгавар болохыг мэдэгдсүгэй.
3. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-т зааснаар Ч.Т-г албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.
4. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
5. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.Ц