Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/177

 

 

 

 

 

                                   2022/ШЦТ/177

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ж.Ундармаа

Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ

Шүүгдэгч: Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр  ирүүлсэн Гэлэгхүү Мөнх-Оргих овогт Бын Дд холбогдох эрүүгийн 2212000740197 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын .......... оршин суух  хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Гэлэгхүү Мөнх-Оргих овогт Бын Д/РД:............./

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 57-13 тоот өөрийн гэртээ 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу өөрийн эхнэр У.Бт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хүзүү, баруун, зүүн бугалга, өгзөгт цус хуралт, умдагт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2212000740197 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч У.Бийн өгсөн:

“...Хамгийн сүүлийн үйлдэл нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны орой зодож гэмтэл учруулсан үүнийг шүүх эмнэлгээр тогтоолгосон зодуулсны дараа манай ээж, болон нөхрийн ажлын хүмүүс болох Батсүх, төрсөн дүү нь болох П нар харсан. Үүний өмнө 2022 оны 03 дугаар сарын дунд үеэр согтуу орж ирээд намайг зодож агсам тавиад 10 хоногийн баривчилгаанд ороод гарсан. Тухайн үед миний биеийн нуруу, хөл, гар зэрэг хэсгүүд хөхөрчихсөн, толгой хэсэг үсэн дотор хавдсан байсан манай нөхөр тухайн үед надаас уучлалт гуйгаад байхаар нь би шалгасан байцаагчдаа биедээ гэмтэл авсан талаар хэлээгүй тухайн үед ямар нэгэн хүнд хэлээгүй энэ талаар мэдэх хүн байхгүй. Эмнэлэгт үзүүлээгүй нуугаад өнгөрсөн юм. Үүний өмнө зодсон цаг хугацааг санахгүй байна. Ер нь л байнга уур уцаартай, намайг янз бүрийн үгээр доромжилж харааж байдаг. Энэ талаар манай хүү сайн мэднэ. Тухайн үеүдэд зодуулах бүртээ би эмнэлэгт огт үзүүлж байгаагүй нуугаад өнгөрдөг байсан. Үзэж харсан гэрч гэх зүйл байхгүй манай хүүхэд л байнга хамт байдаг болохоор бүгдийг хардаг. Ойрхон газар манай буйдан зөөлөн учраас гэмтэж бэртсэн зүйл байхгүй эрүүл мэндийн байгууллагад үзүүлээгүй. Мөн миний бие нялх хүүхэдтэй байгаа учраас надад ямар нэгэн зав гардаггүй.  Үзүүлэх шаардлага байхгүй ямар нэгэн гэмтэж бэртсэн зүйл байхгүй зүгээр байгаа. Манай нөхөр архи уусан үедээ намайг шалтгаангүй хардаж зоддог, эрүүл үедээ хэрүүл өдөөд эд зүйл авч шидээд байдаг юм би нялх хүүхдээ асраад гэртээ байдаг харин манай нөхөр барилгын ажил хөдөө сумдаар явж хийдэг. Тэгээд ирэхээрээ хэрүүл хийгээд байдаг. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/

 

*Хохирогч У.Бийн дахин өгсөн:

“...Намайг зодсон асуудал бол байна энэ асуудлаа шалгуулж байна харин харгис хэрцгий харьцаг, догшин авирладаг, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, эрхэд халдсан зүйл бол байхгүй. Бид хоёр хоорондоо ойлголцохгүй байнга шахуу хэрүүл хийдэг юм. үүнээс болоод би шүүхэд салах өргөдөл өгөөд шүүх хурлаар Б.Д бид хоёрыг тусдаа амьдар шийдвэр гарсан энэ шийдвэр албан ёсоор цаасан дээр буусан тамга дарагдсан зүйл байхгүй 14 хоногийн дараа гарна гэсэн. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 60-61 дүгээр тал/

 

*Гэрч Л.Оийн өгсөн:

“...Хуримаа хийсний дараа нэг жил манай хашаанд амьдарч байгаад хашаа байшин худалдаж аваад манай хашаанаас нүүсэн юм. манай хашаанд амьдарч байхдаа бол хоорондоо таарамжтай зүгээр байдаг байсан. У.Б нь манай 3 дахь охин байгаа юм би 4 охин 1 хүүтэй. Манай хүүхдүүд бүгд тусдаа гарсан. У.Б нь Архангай аймгийн Ихтамир сумын 10 жилийн сургууль төгсөөд Архангай аймгийн Багшийн сургуульд сурч байгаад сургуулиасаа гараад одоо аймгийн зах дээр цагаан идээ зардаг ажил хийж байгаа. Харин манай хүргэн Б.Д нь Өндөр-Улаан сумын залуу байгаа юм, хөдөөгүүр барилгын ажил хийдэг гарын дүйтэй уг нь бол ажилсаг, ажилд сайн залуу байгаа, сүүлийн үед архи уугаад байгаа юм шиг анзаарагдаад байгаа. Манай хүргэн Б.Д нь У.Бийг миний мэдэхийн 2020 онд нэг удаа зодож байсан үүнээс хойш зодсон эсэхийг нь би мэдэхгүй байна харин хоорондоо хэрүүл хийгээд байгаа юм шиг байна лээ, саяхан 2022 оны 04 дүгээр сард нэг зодсон байсан энэ асуудал нь цагдаад шалгагдаж байна, харгис хэрцгий харьцаад догшин авирлаад тарчлаагаад, эд хөрөнгө захиран зарцуулах эрхэд нь халдаад байгаа зүйл бол байхгүй. Надаас нуугаад байдаг юм шиг байна лээ, сая 04 сард зодуулахдаа У.Б над дээр ирээд зодуулчихлаа гэж ирсэн, тэгээд одоо салахаар шийдсэн шүүхэд өргөдлөө өгчихсөн гэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 52-53 дугаар тал/

 

*Гэрч Э.Эын өгсөн:

“...У.Б нь цайлган цагаан сэтгэлтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Хасу” зах дээр цагаан идээний лангуу ажиллуулдаг. Харин Б.Д хөдөө сумдаар явж барилгын ажил хийдэг залуу байгаа юм сүүлийн үед архи уугаад ар гэртээ агсан тавиад саяхан 04 дүгээр сард эхнэрээ зодсон. Гэхдээ Б.Д нь архи уугаагүй эрүүл үедээ сайн залуу, ажилсаг, дуу цөөтэй, төлөв томоотой залуу байгаа юм харин архи уусан үедээ агсан согтуу тавиад байдаг эмгэг согтолттой залуу гэж ойлгосон. Б.Д нь архи уусан үедээ гэрийнхээ эд зүйлийг эвдэлдэг, эхнэрээ 2022 оны 04 дүгээр сард зодсоны дараа би У.Бийг харсан үүний өмнө зодсон эсэх талаар би мэдэхгүй, харин харгис хэрцгий харьцаг, тарчлаадаг, хуваарьт болон дундын эд хөрөнгө захиран зарцуулах эрхэд нь халдсан асуудал байхгүй байна гэж бодож байна. Миний харж байгаагаар хэрүүл маргаан тасардаггүй хоорондоо ойлголцдоггүй гэр бүл гэж ойлгож байгаа. Б нь салах өргөдлөө шүүхэд өгсөн гэж байсан. Өөр цаг хугацаанд зодож байхыг нь би хараагүй харин 04 дүгээр сард зодуулсны дараа нь харсан энэ асуудлаа цагдаагаар шалгуулж байгаа гэсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 56-57 дугаар тал/

 

*Яллагдагч Б.Дн өгсөн:

“...Би зүйлчлэлтэй маргахгүй байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 40-41 дүгээр тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 167  дугаартай“...У.Бийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хүзүү, баруун, зүүн бугалга, өгзөгт, цус хуралт, умдагт, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

     Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 57-13 тоотод иргэн У.Б нь өөрийн нөхөр Б.Дд зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Д нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр У.Бийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч У.Бийн”...2022 оны 04 дүгээр сарын 20-ны орой зодож гэмтэл учруулсан үүнийг шүүх эмнэлгээр тогтоолгосон зодуулсны дараа манай ээж, болон нөхрийн ажлын хүмүүс болох Батсүх, төрсөн дүү нь болох П нар харсан. Үүний өмнө 2022 оны 03 дугаар сарын дунд үеэр согтуу орж ирээд намайг зодож агсам тавиад 10 хоногийн баривчилгаанд ороод гарсан. Тухайн үед миний биеийн нуруу, хөл, гар зэрэг хэсгүүд хөхөрчихсөн, толгой хэсэг үсэн дотор хавдсан байсан манай нөхөр тухайн үед надаас уучлалт гуйгаад байхаар нь би шалгасан байцаагчдаа биедээ гэмтэл авсан талаар хэлээгүй тухайн үед ямар нэгэн хүнд хэлээгүй энэ талаар мэдэх хүн байхгүй. Эмнэлэгт үзүүлээгүй нуугаад өнгөрсөн юм. Үүний өмнө зодсон цаг хугацааг санахгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч Л.Оийн”...Саяхан 2022 оны 04 дүгээр сард нэг зодсон байсан энэ асуудал нь цагдаад шалгагдаж байна, харгис хэрцгий харьцаад догшин авирлаад тарчлаагаад, эд хөрөнгө захиран зарцуулах эрхэд нь халдаад байгаа зүйл бол байхгүй. Надаас нуугаад байдаг юм шиг байна лээ, сая 04 сард зодуулахдаа У.Б над дээр ирээд зодуулчихлаа гэж ирсэн, тэгээд одоо салахаар шийдсэн шүүхэд өргөдлөө өгчихсөн гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Эын”...Харин Б.Д хөдөө сумдаар явж барилгын ажил хийдэг залуу байгаа юм сүүлийн үед архи уугаад ар гэртээ агсан тавиад саяхан 04 дүгээр сард эхнэрээ зодсон. Гэхдээ Б.Д нь архи уугаагүй эрүүл үедээ сайн залуу, ажилсаг, дуу цөөтэй, төлөв томоотой залуу байгаа юм харин архи уусан үедээ агсан согтуу тавиад байдаг эмгэг согтолттой залуу гэж ойлгосон. Б.Д нь архи уусан үедээ гэрийнхээ эд зүйлийг эвдэлдэг, эхнэрээ 2022 оны 04 дүгээр сард зодсоны дараа би У.Бийг харсан үүний өмнө зодсон эсэх талаар би мэдэхгүй, харин харгис хэрцгий харьцаг, тарчлаадаг, хуваарьт болон дундын эд хөрөнгө захиран зарцуулах эрхэд нь халдсан асуудал байхгүй байна гэж бодож байна...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Дн мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 167 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Дн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр У.Бийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хүзүү, баруун, зүүн бугалга, өгзөгт, цус хуралт, умдагт, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.

 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан шүүгдэгч Б.Д нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр У.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Хохирол хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч У.Бийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хүзүү, баруун, зүүн бугалга, өгзөгт, цус хуралт, умдагт, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч У.Б нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Дг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

             Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Дн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу өөрийн эхнэр У.Бийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Дн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Б.Д нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч Б.Д нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.Дг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Гэлэгхүү Мөнх-Оргих овогт Бын Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг 550/таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000/таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь шүүхээс оногдуулсан 550/таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000/таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7.  Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР