Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/185

 

 

 

 

 

                           2022/ШЦТ/185

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ж.Ундармаа  

Шүүгдэгч: Б.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бын Оад холбогдох эрүүгийн 2212000000095 тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 1, ганцаараа Архангай аймгийн Эрдэнэмандал ............ газарт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон овогт Бын О/РД:АР............/

 

                             Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн нутаг дэвсгэр Уртын даваа гэх газраас 8 ширхэг, 3.796 м3 хэмжээтэй, шинэс төрлийн нойтон модыг мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр буюу зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр 82-40 АРА улсын дугаартай Бонго пронтер маркийн автомашинаар тээвэрлэн, ойн санд 2.524.282 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2212000000095 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Иргэний нэхэмжлэгч Н.Лийн өгсөн:  

“...Б.О нь 2022 оны 03 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн Уртын давааны өвөр зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй хууль бусаар ойгоос нойтон мод бэлтгэж ойн санд 2.524.282.3 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна. Би тухай газар нутгийг тусгай хамгаалалтанд байдаг талаар сайн мэдэхгүй байна. Би танилцлаа хуулийн дагуу дүгнэлтүүд гарсан байна гэж бодож байна санал хүсэлт байхгүй. Байгаль орчинд учирсан хохирол барагдуулчихвал ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 120-121 дүгээр тал/

 

          *Гэрч Т.Пын өгсөн:

          “...Би 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Эрдэнэмандал сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт эргүүл хяналт шалгалт хийж ажиллаж байхад 82-40 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Эрдэнэмандал сумын иргэн Б.О, Ч.Б, Б.Д гэх хүмүүс эрхийн бичиггүй 8 ширхэг дүнз мод бэлтгэж, тээвэрлэж явсныг илрүүлж тээврийн хэрэгслийг түр саатуулж ажилласан. 4 метр орчим урттай 8 ширхэг бүдүүн дүнз мод байсан. Тухайн хүмүүс молд бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан. Тухайн дүнз модыг Идэр-Улаан багийн Уртын давааны өврөөс бэлтгэсэн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 4-5 дугаар тал/

 

         *Гэрч Ч.Бийн өгсөн:

         “...Би 2 сарын 23-нд Улаанбаатар хотоос дүү Б.Дынд ирсэн байж байхад 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Б.О өглөө галын түлээний модонд явалцаад өгөөч гэж Б Дынд ирсэн. Тэгэхээр нь би зүгээр байж байхаар яваад өгье гэж бодоод Б.О, Б.Д бид 3 хамт явж Уртын давааны өвөрт очиж 3 унианги модноос модоо бэлтгэж байхад хөрөө нь эвдрээд, асахгүй, даахгүй байхаар нь 4 метрийн уртаар нь тайрч модыг бэлтгэж ачаад сумын төвийн урд талын гүүрэн дээр явж байхад цагдаа зогсоож шалгаад саатуулсан. Б.О надад эрхийн бичиг авсан талаар юм яриагүй би ч асуугаагүй. Б.О Б.Д бид 3 явсан урьд өмнө нь явж бэлтгээгүй тэр өдөр нь бэлтгэж, ачсан юм. Б.Оын аав манай аав 2 төрсөн ах дүүсийн хүүхдүүд байгаа юм. Бид 3 шинэс төрлийн 3 ширхэг унианги модноос 4 метр орчим урттай 8 ширхэг мод бэлтгэсэн. Би тэр машиныг хэний машин гэдгийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13 дугаар тал/  

 

           *Гэрч Б.Дын өгсөн:

           “...Би малдаа явж ирээд гэртээ байж байхад 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Б.О ах өглөө галын түлээний модонд явалцаад өгөөч гэж манай гэрт Ч.Б ах бид 2-г гуйсан. Тэгэхээр нь би эхнэрт малаа харж байгаарай гэж хэлээд Б.О ах, Ч Б ах 2-той хамт явж Уртын давааны өвөрт очиж унианги модноос модоо бэлтгэж байхад хөрөө нь асч унтраад, ир нь даахгүй байхаар нь уртаар нь тайрч модыг бэлтгэж, ачаад сумын төвийн урд талын гүүрэн дээр явж байхад цагдаа зогсоож шалгаад саатуулсан. Б.О ах надад эрхийн бичиг авсан талаар юм яриагүй би асуугаагүй. Б.О ах, Ч.Б ах бид 3 явсан урьд өмнө нь явж бэлтгээгүй тэр өдөр нь бэлтгэж ачсан. Б.О ахын эмээ манай эмээ хоёр төрсөн эгч дүү байгаа юм. Бид 3 шинэс төрлийн 3 ширхэг унианги модноос 4 метр орчим урттай 8 ширхэг мод бэлтгэсэн. Би тэр машиныг хэний машин гэдгийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-17 дугаар тал/

 

         *Гэрч Р.Бын өгсөн:

         “...Иргэн хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг авах өргөдөл хүсэлтийг Сум дундын Ой ангид гаргаж, ой анги сумын Засаг даргаар шийдвэр гаргуулж мод бэлтгэх эрхийн бичиг олгодог учраас надад иргэнээс хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг авах өргөдөл, хүсэлт ирээгүй. Уртын давааны өвөр гэх газар Алаг-Уул багийн нутаг дэвсгэрт хамаардаг юм. Идэр-Улаан багийн нутаг дэвсгэрт ордоггүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 38-39 дүгээр тал/

 

         *Гэрч Ч.Мын өгсөн:

         “...Миний нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл байгаа юм. Тэгсэн 2022 оны 03 дугаар сарын эхээр Б.О надаас машинаа зарчих гэхээр нь би тухайн тээврийн хэрэгслийг 2.000.000 төгрөгөөр Б.Оад зарсан. Б.О нь миний хохирлыг бүрэн барагдуулсан, бид хоёрын дунд одоо ямар нэгэн мөнгө төгрөгийн асуудал байхгүй. Хөдөө байдаг болохоор Б.Оын нэр рүү шилжүүлж чадаагүй байгаа. Би иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 86-88 дугаар тал/

 

         *Архангай аймгийн Эрдэнэмандал сум дахь Сум дундын ойн ангийн инженер Д.Мөнхнарангийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаартай”...3.796 метр куб шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /шинэс нойтон/ шууд үр ашгийн 161982₮, шууд бус үр ашгийн-207544₮, нийт 369436₮ мод, модон материалын гарцын дагуу хэрэглээний бөөрөнхий мод 1.8 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 2.524.282₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 32-33 дугаар тал/

 

            *Дамно ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн АА22-13 дугаартай:

            “...2001 онд үйлдвэрлэгдсэн, 2008 онд Монгол улсад орж ирсэн, 82-40 АРА улсын дугаартай Кио Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 03 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр 2.819.012/хоёр сая найман зуун арван есөн мянга арван хоёр/ төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт/хх-ийн 56-59 дүгээр тал/

          

            *Дамно ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн АА22-03-04 дугаартай:

            “...хуучин цахилгаан хөрөөг 56.000/тавин зургаан мянга/ төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт/хх-ийн 62-64 дүгээр тал/

     

            *Дамно ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн АА22-28 дугаартай:

            “...Шинэс төрлийн нойтон модын үнэ 683.280/зургаан зуун наян гурван мянга хоёр зуун ная/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 111-113 дугаар тал/

 

            *Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 68 дугаартай албан бичиг/хх-ийн 158 дугаар тал/

            *Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 22-27 дугаар тал/  

            *Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл  зургууд/хх-ийн 40-44 дүгээр тал/

            *Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд/хх-ийг 18-21, 45-48 дугаар тал/

            *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гэм буруугийн талаар: 

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн нутаг дэвсгэр Уртын даваа гэх газраас Б.О нь 8 ширхэг, 3.796 м3 хэмжээтэй, шинэс төрлийн нойтон модыг мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр буюу зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр 82-40 АРА улсын дугаартай Бонго пронтер маркийн автомашинаар тээвэрлэн, ойн санд 2.524.282 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.О үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Н.Лийн”...Б.О нь 2022 оны 03 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн Уртын давааны өвөр зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй хууль бусаар ойгоос нойтон мод бэлтгэж ойн санд 2.524.282.3 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна. Би тухай газар нутгийг тусгай хамгаалалтанд байдаг талаар сайн мэдэхгүй байна. Би хуулийн дагуу дүгнэлтүүд гарсан байна гэж бодож байна санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Т.Пын”...Би 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Эрдэнэмандал сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт эргүүл хяналт шалгалт хийж ажиллаж байхад 82-40 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Эрдэнэмандал сумын иргэн Б.О, Ч.Б, Б.Д гэх хүмүүс эрхийн бичиггүй 8 ширхэг дүнз мод бэлтгэж, тээвэрлэж явсныг илрүүлж тээврийн хэрэгслийг түр саатуулж ажилласан. 4 метр орчим урттай 8 ширхэг бүдүүн дүнз мод байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Бийн”...Би 2 сарын 23-нд Улаанбаатар хотоос дүү Б.Дынд ирсэн байж байхад 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Б.О өглөө галын түлээний модонд явалцаад өгөөч гэж Б Дынд ирсэн. Тэгэхээр нь би зүгээр байж байхаар яваад өгье гэж бодоод Б.О, Б.Д бид 3 хамт явж Уртын давааны өвөрт очиж 3 унианги модноос модоо бэлтгэж байхад хөрөө нь эвдрээд, асахгүй, даахгүй байхаар нь 4 метрийн уртаар нь тайрч модыг бэлтгэж ачаад сумын төвийн урд талын гүүрэн дээр явж байхад цагдаа зогсоож шалгаад саатуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Дын”...Б.О ах, Ч Б ах 2-той хамт явж Уртын давааны өвөрт очиж унианги модноос модоо бэлтгэж байхад хөрөө нь асч унтраад, ир нь даахгүй байхаар нь уртаар нь тайрч модыг бэлтгэж, ачаад сумын төвийн урд талын гүүрэн дээр явж байхад цагдаа зогсоож шалгаад саатуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Р.Бын”...Иргэн хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг авах өргөдөл хүсэлтийг Сум дундын Ой ангид гаргаж, ой анги сумын Засаг даргаар шийдвэр гаргуулж мод бэлтгэх эрхийн бичиг олгодог учраас надад иргэнээс хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг авах өргөдөл, хүсэлт ирээгүй...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Мын”...2022 оны 03 дугаар сарын эхээр Б.О надаас машинаа зарчих гэхээр нь би тухайн тээврийн хэрэгслийг 2.000.000 төгрөгөөр Б.Оад зарсан. Б.О нь миний хохирлыг бүрэн барагдуулсан, бид хоёрын дунд одоо ямар нэгэн мөнгө төгрөгийн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 2.524.282 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Эрдэнэмандал сум дахь сум дундын ойн ангийн инженер Д.Мөнхнарангийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Оын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Оын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Б.Оыг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 2.524.282 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /2.524.282*3=7,572,846/долоон сая таван зуун хорин дөрвөн мянга хоёр зуун наян хоёр/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 7,572,846/долоон сая таван зуун хорин дөрвөн мянга хоёр зуун наян хоёр/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.О нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос хэргийг ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Б.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын санал  хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Оыг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж заасан байна. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Б.Оын 82-40АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ч.М гэх хүний эзэмшилд байгаа болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Оын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Бонго Пронтер маркийн 82-40 АРА улсын дугаартай автомашиныг эзэмшигч Ч.Мад буцаан олгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 2.819.012/хоёр сая найман арван есөн мянга арван хоёр/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, мөн 56.000/тавин зургаан мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, 683.280/зургаан зуун наян гурван мянга хоёр зуун ная/ төгрөгийн үнэлгээ бүхий 8 ширхэг, 3.796 метр куб шинэс төрлийн нойтон модыг тус тус Байгаль орчин уур амьсгалын санд төлөх 7,572,846/долоон сая таван зуун далан хоёр мянга найман зуун дөчин зургаа/  төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Боржигон овогт Бын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь шүүхээс оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгийн 1-д  зааснаар шүүгдэгч Б.Оаас 7,572,846/долоон сая таван зуун далан хоёр мянга найман зуун дөчин зургаа/  төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Бонго Пронтер маркийн 82-40 АРА улсын дугаартай автомашиныг эзэмшигч Ч.Мад буцаан олгож, уг автомашины үнэ 2.819.012/хоёр сая найман арван есөн мянга арван хоёр/ төгрөгийг шүүгдэгч Б.Оаас гаргуулан, мөн 56.000/тавин зургаан мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, 683.280/зургаан зуун наян гурван мянга хоёр зуун ная/ төгрөгийн үнэлгээ бүхий 8 ширхэг, 3.796 метр куб шинэс төрлийн нойтон модыг тус тус Байгаль орчин уур амьсгалын санд төлөх 7,572,846/долоон сая таван зуун далан хоёр мянга найман зуун дөчин зургаа/  төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулсугай.

 

7. Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч  нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР