Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 139

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар       

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Татварын хэлтэс /итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жавхлан, Э.Цэвэгмэд/

 

   Хариуцагч: “Далангийн эх булаг” ЗГБХНөхөрлөл

 

18 915 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цэвэгмэд, С.Жавхлан, хариуцагчийн төлөөлөгч Т.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Ж.Мухлай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аймгийн Татварын хэлтэст “Далангийн эх булаг” ХХК нь 2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр татвар төлөгчөөр бүртгүүлсэн байна. “Далангийн эх булаг” ХХК-ний 2009.01.01-2012.12.31-ний өдрийн татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2013 оны 10 сарын 31-ний өдөр 110258 дугаар татварын улсын байцаагчийн актаар тогтоосон нэмэгдсэн өртгийн албан татварын 12914800 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татварын 1372500 төгрөг, татварын торгуулийн 4286100 төгрөг, татварын алдангийн 303100 төгрөг, татварын хүүгийн 38800 төгрөг, нийт 18915300 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй төсвийн орлогыг саатуулж хууль зөрчиж байна. Татварын алба, Татварын улсын байцаагчийн зүгээс хуулийн дагуу өр барагдуулах шат дараалсан арга хэмжээнүүдийг авч ажилласан. Үүнд: “Далангийн эх булаг” ХХК-ийн захирал Б.Батбаярт татварын өрийн талаар 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр баталгаат шуудангаар 2017073001 дугаар бүхий мэдэгдэх хуудсыг гардуулан өгсөн, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Далангийн эх булаг” ХХК-ний ХАС банкны харилцах дансны зарлагын гүйлгээг хаасан, Аймгийн улсын бүртгэлийн хэлтэст “Далангийн эх булаг” ХХК-ийн нэр дээр ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй эсэх талаар лавлагаа хүссэн Татварын хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/855 албан бичгээр хүргүүлэн улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3/1405 дугаар албан бичгээр “Далангийн эх булаг” ХХК-ний нэр дээр ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй байгаа талаар хариу ирүүлсэн. Иймд Монгол Улсын Татварын Ерөнхий Хуулийн 62 дугаар зүйлд 62.1 “Татварын алба хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураах ажиллагааг дор дурдсан дарааллаар явуулна”. ... 62.1.3 “Шүүхэд нэхэмжлэл гаргах” гэж заасныг үндэслэн албан татварын нийт 18915300 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамгийн гол нь актаа зөвшөөрөхгүй тухай тайлбараа хугацаанд нь ирүүлээгүй. Түүнээс болж өр үүссэн гэж үзэж байгаа. Хуулийн хугацаанд бүх зүйлээ хийж яваагүй байгаа учраас өр үүссэн. Хугацаанд нь тайлбараа ирүүлээгүй учраас зөвшөөрсөн гэж үзэж өрийн бүртгэлд бүртгэдэг байгаа. “Далангийн эх булаг” нөхөрлөлийг хариуцсан байцаагч Э.Цэвэгмэд нь шат дараалсан арга хэмжээг авч актыг гардуулж өгсөн. Банкны зарлагын гүйлгээг хаасан. Хөрөнгө бүртгэлтэй эсэх талаар улсын бүртгэлээс лавлагаа авч ажиллаж байсан учраас уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа. Тухайн аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулаагүй гээд дандаа Х тайлан хийсэн байсан. Яг баримтыг үзэхээр 120.000.000 төгрөг дансаар нь орчихсон байсан. Үүн дээр НӨАТ орлого гэж үзэж байгаа. Аж ахуй нэгжийн албан татвар дээр зарлагагүй орлого гэж байхгүй гэж үзээд зохих хэмжээгээр хасаж хийсэн. Тухайн үед баримт байхгүй байсан. Актыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д зааснаар ажлын 10 хоногт багтаан тайлбараа бичгээр гаргаж өгөх үүрэгтэй байсан. Үүнийг сайн тайлбарлаж хэлсэн. Акт гардуулсан тэмдэглэл дээр гарын үсэг маш их ажил болж байж тайлбарласан. Долгормаад гэсэн зүйл мэйлээр явуулсан боловч тэр нь шаардлага хангахгүй байсан. Маргаан таслах зөвлөлд 30 хоногийн дотор гаргаж өгнө гээд би утсаар нь зөндөө ярьсан гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цэвэгмэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ, нэмж хэлэх тайлбаргүй гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Батбаяр шүүхэд гаргасан хариу тайбартаа: “Далангийн эх булаг” ХХК гэж байдаг эсэхийг мэдэхгүй. Манайх компани биш нөхөрлөл. Компани, нөхөрлөл хоёр өөр хуулиар зохицуулагдсан, хоёр өөр байгууллага юм. Манай нөхөрлөл Татварын Ерөнхий газарт гомдол гаргасан байгаа. Иймд хариуцагчаа зөв тодорхойлж бичээгүй нэхэмжлэлийг ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт заагдсанаар хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэг их мэтгэлцэж буруутгахгүй. Байцаагч нар ажлаа хийсэн. Гэхдээ бодит амьдрал дээр 18 000 000 төгрөгийг төлөх нь байтугай маш их хэцүү буюу ээжтэйгээ 80 нас  гарсан хөгшинтэй байгуулсан нөхөрлөл өрөө дарах гээд л өрнөөс өрний хооронд явдаг. Орон нутгийн зарим хүмүүс гадарлаж байгаа байх. Тэр үед Б.Батбаяр согтуу явж байсан. Тэрнээсээ болоод ямар зүйл үүсч, юу болоод байгааг мэдэхгүй явж байгаад нэг ийм өр үүссэн. Үүнийг хүлээж авах боломжгүй, баримт материал бүрэн биш байна гэсэн зүйлийг 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би байж ядсан өртэй байж байхад дахиад их өртэй боллоо шүү дээ гэж хэлж зөвшөөрөхгүй гэж гарын үсэг зурсан. 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хяналтын улсын ахлах байцаагч Долгормаад л бичдэг юм байх гэж бодсон. Маргаан таслах зөвлөл гэж тэр үед мэдэхгүй байсан.  Тэр үед манайхыг хариуцаж байсан Мөнхзаяа гээд байцаагчийн мэйл хаягаар асуугаад Долгормаад 99809928 гэдэг утсаар Долгормаад явуулах тайлбарыг мэйл хаягаар явууллаа гээд хэлсэн. Мэйл хаягаар явуулаад дараа нь хэлсэн. Үүн дээр төлөхгүй гэж бол бичээгүй. Замын-Үүд боомтоор орж ирж байгаа бараа материалын зөрүү их байна. Дахин нягталж байгаад шалтгааныг харгалзан үзэж дахин хяналтанд оруулах хугацаа гаргаж өгнө үү гэсэн хүсэлт байсан. Улсын төсвийн орлого бүрдүүлэх гэж байгааг ойлгож байгаа. Гэхдээ 18 000 000 төгрөгийн өр шууд тавигдсаны цаана маш их шалтгаан байсан юм. Энэ талаар хүсэлтээ бичсэн болохоос төлөхгүй гэж бичээгүй. Үүний хариу ирээгүй. Хариуг хүлээж байтал шууд мэдэгдэх хуудас хүрээд ирсэн. Үүний дараа 2015 оны 07 дугаа сарын 21-ний өдөр энэ хаягаар тайлбараа шуудангаар явуулсан. Энэ тайлбарт 50 гарсан 2 хүн өрнөөс өрний хооронд л явж байна гээд үнэн байдлаа л бичсэн. Огт төлөхгүй гэсэн зүйл бичээгүй. Дахиад хянаж өгнө үү гэсэн. Дахиад хариу ирээгүй. Цасчихэр гээд хүнээс мэдэгдэх хуудас ирсэн. Цасчихэрт бас хэлсэн тайлбараа бичээд явуулсан. Арга буюу өмгөөлөгчид хандсан. Орон гэргүй шахуу явж байгаа хүмүүс үүнийг төлөх ямар ч боломж байхгүй байна гэдгээ хэлсэн. Бид нарын материалыг үзэж танилцаад, Татварын ерөнхий газарт гомдол гаргаж өгсөн. Татварын ерөнхий газрын Дотоод хяналтын байцаагч Долгормаа гэдэг хүн манайд амаар хариу өгсөн. Амаар хариу өгөхдөө хүү алданги торгуулийг өршөөлийн хуульд хамруулж үзэх боломжтой юм байна. 12 000 000 төгрөгийн өрийг шилжүүлж эцэслэх боломж байгаа юм байна гээд жагсаалт гаргаж өгсөн. Үүний дагуу Долгормаатай хажууд нь байж байхдаа утсаар ярьсан. Нялх хүүхэд харж байсан учраас Долгормаа гэж байцаагчийн хэлснээр энэ асуудлыг яриад явсан бол учраа ололцох байсан байх. Өнөөдөр ингээд явахгүй байсан байх. Дахиад тэр өмгөөлөгч дээр очсон чинь дахиад нэг хүсэлт бичиж өгсөн. Татварын ерөнхий газар үүнд хариу өгсөн. Үнэн байдал ийм байна. 2013 онд үүссэн 35 000 000 төгрөгийн өрийг хүүтэй алдангитай нь дарах үйл ажиллагаа явагдсаар байгаад одоо ингээд 9 000 000 төгрөг үлдсэн. Энэ 9 сая төгрөгийг одоо төлж чадаагүй байгаа. Энэ талаар тэр үед бичиж байсан тайлбар байгаа. Мэргэжлийн хяналтын байцаагчтай нэг юм нийлүүлнэ гэж гэрээ хийгээд тэр гэрээ биелэгдээгүйгээс болж бид нар өрөнд орсон. Энэ үнэн байдлаа хэлж л байсан. Батбаяр энэ талаараа ямар ч ойлголт байхгүй. Ихэнх хугацааг архинаас хамааралтай байж одоо ч гэсэн архины эмчилгээ хийлгээд л байгаад байгаа. Тэр нь бас олигтой нөлөөлөхгүй байгаа. Ийм байдалд орсон нөхөр л байгаа. Татварын ерөнхий газрын зөвлөгөөг авангуутаа хэрэгжүүлээгүйн улмаас энэ байдал өдий хүрээд яваад байна. Үнэн байдал ийм байна. Та бүхэн хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. Амьдралыг маань зогсоох хэмжээний өрөнд орчихоод л байна. Бүгдийг нь шалгаж өгнө үү л гэж хүсэж байна гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Татварын хэлтэс нь “Далангийн эх булаг” ЗГБХНөхөрлөлөөс 2013 оны 10 сарын 31-ний өдрийн 110258 дугаар татварын улсын байцаагчийн актаар тогтоосон нэмэгдсэн өртгийн албан татварын 12914800 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татварын 1372500 төгрөг, татварын торгуулийн 4286100 төгрөг, татварын алдангийн 303100 төгрөг, татварын хүүгийн 38800 төгрөг, нийт 18915300 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч “Далангийн эх булаг” ЗГБХНөхөрлөл нь актын өрийг бүгдийг шалгаж өгнө үү гэж маргадаг.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дараахь баримтуудаар нотолдог. Үүнд:

-2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Татварын улсын байцаагчийн мэдэгдэх хуудас гардуулсан тухай тэмдэглэл

- Татварын өрийн тооцоолол /2017073001, 201606754/

-Хас банкнаас мэдэгдэх хуудсыг хүлээж авсан тухай тэмдэглэл

-Татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 110258 дугаартай акт

-Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/855 дугаартай улсын бүртгэлийн хэлтэст явуулсан албан бичиг,

-Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3/1405 дугаартай албан бичиг,

-Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

-Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цэндийн хариу тайлбар,

-Татвар төлөгчийн бүртгэл-Аж ахуйн нэгж /”Далангийн эх булаг” ЗГБХН/

-Татварын улсын /ахлах/ байцаагчийн акт, дүгнэлтийг танилцуулж гардуулсан тухай тэмдэглэл

-Далангийн эх булаг ЗГБХН-ийн /хуулийн этгээдийн/ улсын бүртгэлийн лавлагаа зэрэг болно.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж дараах нотлох баримтуудыг ирүүлдэг. Үүнд:

-“Далангийн эх булаг” зарим гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн Улсын бүртгэлийн гэрчилгээ

-“Далангийн эх булаг” ЗГБХН-ийн ахлагч Б.Батбаярын хариу тайлбар

-Б.Батбаярын Татварын Ерөнхий газарт гаргасан 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн гомдол зэрэг болно.

 

  Өмнөговь аймгийн Татварын хэлтэс нь “Далангийн эх булаг” ЗГБХНөхөрлөлийн 2009-2012 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж 2013 оны 10 сарын 31-ний өдрийн 110258 дугаар татварын улсын байцаагчийн акт тогтоож, нэмэгдсэн өртгийн албан татварт 12914800 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татварт 1372500 төгрөг, татварын торгуульд 4286100 төгрөг, татварын алданги 303100 төгрөг, татварын хүү 38800 төгрөг, нийт 18915300 төгрөгийг нэхэмжилжээ.

Хариуцагч нь актын төлбөрийн үндэслэлийн талаар эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн шүүхэд гомдлоо гаргах тул иргэний шүүх, ногдуулсан татвар торгууль алданги хүүгийн талаар дүгнэх боломжгүй юм. 

Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлд хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах, боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана гэжээ.

 

Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд хугацаанд нь төлөөгүй татварын өрийг эхний ээлжинд татвар төлөгчийн банкин дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах, уг мөнгөн хөрөнгө нь татварын өрийг төлөхөд хүрэлцэхээргүй бол уг данснаас төлөх баталгаажсан барьцаа, шүүхийн шийдвэртэйгээс бусад зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоож, дансны орлогоос татварын өрийг барагдуулахаар, мөн хуулийн 64 дүгээр зүйлд  хугацаандаа төлөөгүй татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулахаар заажээ.

 

Татварын хэлтэс нь “Далангийн эх булаг” ЗГБХН-ийн зөвхөн Хас банкин дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс татварын өрийг үл маргах журмаар гаргуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн байх бөгөөд бусад банкуудад эзэмшдэг дансны мөнгөн хөрөнгөөс татварын өрийг бүрэн буюу хэсэгчлэн үл маргах журмаар гаргуулан олгосон эсэх нь тодорхойгүй энэ талаархи баримт ирүүлээгүй байх тул бусад банкуудад эзэмшдэг дансны мөнгөн хөрөнгөөс татварын өрийг барагдуулсан эсэхийг нотлохгүй байна.

Түүнчлэн “Далангийн эх булаг” ЗГБХН нь өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөгүй болох нь Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичгээр нотлогдож байх боловч  хуульд зааснаар хөдлөх хөрөнгөнөөс төлбөрийг барагдуулсан эсэх нь тодорхойгүй хуульд заасны дагуу холбогдох ажиллагааг хийсэн эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байх тул татварын өрийг хөдлөх хөрөнгөөс барагдуулсан эсэхийг нотлохгүй байна.

 

Иймд Татварын хэлтэс нь “Далангийн эх булаг” ЗГБХН-ийг татварын өр болох 18915300 төгрөгийн өрийг барагдуулаагүй гэдгээ нотлохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. .Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн “Далангийн эх булаг” ХХК-иас 18 915 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

 

2.Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Р.УРАНЧИМЭГ