Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 140

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар       

Нэхэмжлэгч: ******* *******, ******* тоотод оршин суух, ******* /регистрийн дугаар: *******/

Хариуцагч: “*******” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газар

Мөнгөн аяга буюу 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн төлөөлөгч Б.Дэчинням, гэрч *******, *******, нарийн бичгийн дарга Ж.Мухлай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус барьцаалан зээлдүүлэх газар нь 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр эрт дээр үеэс уламжлан ирсэн 13 лангийн Ноён, Сэврэй хийцийн үндсэн тагштай аягыг 200 000 төгрөгөөр барьцаанд тавьж 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүү 46 000 төгрөг төлөх гэж очтол дутуу байна гээд аваагүй, би ажилтай та ядаж 2 сарын хүүгээ авчих гэхэд манайх дутуу мөнгө авдаггүй дараа сардаа бүрдүүлж өг гэсэн. 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ажилтай байсан тул аягаа авахаар найз Мөнхжаргалыг явуулсан. Аяга чинь 09 дүгээр сарын 10-ны өдөр зарагдсан гэж хэлсэн. Миний эзэмшлийн аягыг хууль бусаар авч, зарж үрэгдүүлсэн гэж худал хэлж, хуурч мэхлэн намайг хохироосон тул аягыг буцаан авах хүсэлтэй байна  гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би мөнгөн аягаа  ломбарданд 200 000 төгрөгөөр тавьсан байгаа. Хуучны Сэврэй хийцээр хийсэн мөнгөн аяга байсан. Гэтэл энэ хүн мөнгөн аягыг зарсан байгаа. Би аяга ломбарданд тавихдаа битгий зараарай гэж хэлсэн байсан. Өмнө нь хүмүүсийн эд зүйлийг зараагүй байсан хэрнээ миний аягыг зарсан байсан. Би эхлээд анх хоёр аяга ломбарданд тавих гээд үзүүлсэн. Нэг аяга нь 200 000 төгрөг хүрэхгүй байсан. Дараа нь нөгөө аягаа авчраад үзүүлсэн чинь 200 000 төгрөг хүрсэн. Тэгээд аягаа ломбарданд тавьсан. Би уг нь зарж болохгүй шүү гээд зөндөө хэлсэн байсан. Гэтэл зарчихсан байгаа. Тийм учраас би 2 000 000 төгрөг гаргуулан авах хүсэлтэй байна. Би ажлаар яваад хоёр сарын дараа ирж авна гэсэн. Би тухайн үед хэлсэн хугацаанаасаа хоцроод ирсэн. Би тэгээд хоёр сарын хүүнийх нь мөнгийг нь өгье гэсэн та авахгүй гэсэн. Би уг нь хариуцагчид хэлсэн зарж болохгүй, ёстой зарж болохгүй гээд хэлсэн. Би 2017 оны 09 дүгээр сард найзыгаа явуулсан чинь та зарсан гэж хэлсэн гэсэн. Би дараа нь бас найзыгаа явуулаад асуулгасан чинь та зарсан гээд тоохгүй суугаад байсан гэсэн. Энэ надруу нэг ч залгаагүй нэг ч удаа мессеж бичээгүй, миний утас байнга асаалттай байсан. Миний аягыг 350 000 төгрөгөөр зарсныг би сүүлд нь мэдсэн, аяга авсан хүнтэй утсаар ярьж байж мэдсэн гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Дэчинням шүүхэд гаргасан хариу тайбартаа: Өмнөговь аймгийн Даланзадгад суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Энх Амгалан Нар” ХХК нь 2013 оноос одоог хүртэл 5 жилийн турш барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаагаа тогтмол явуулсаар ирсэн. Тус хугацаанд ямар нэгэн иргэний хэрэгт холбогдож байгаагүйгээр үйл ажиллагаа хуулийн дагуу тогтмол ажиллуулж байна. Иргэний анхан шатны шүүхэд иргэн Ганболд овогтой Зоригтбаатар нь нэхэмжлап гаргасантай холбоотой хариу тайлбар гаргаж байна. Иргэн ******* нь 2017.05.31 өдрөөс 06.31-ний өдөр хүртэл үндсэн тагштай Сэврэй хийцний 5-6 лан орчим жинтэй мөнгөн аягыг 8%-ийн хүүтэйгээр зээлийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй мөнгөн дүнгээс 0,5%-тай тэнцэх алдангийг төлөх, гэрээний хугацаанд төлбөрийг барагдуулахгүй бол хугацаа хэтэрснээс хойш 14 дэх хоногт ломбардны орлого болно гэсэн нөхцөлтэйгөөр гарын үсэг зурж тамга даран баталгаажуулан 200 000 төгрөгийг зээлсэн билээ. Гэвч иргэн ******* нь тухайн гэрээнд заасан хугацааг зөрчин хугацааг хэтрүүлэн алга болсон бөгөөд 08 сарын сүүлээр ирж хүүгээ бүтэн төлөх боломжгүй гэж дутуу мөнгө барин ирсэн. Гэвч манай компанийн үйлчилгээний журмын 12 дугаар зүйлд заасны дагуу хүү, торгууль гуйцэд төлөөгүй тохиолдолд сунгалт хийх боломжгүй гэж хэлээд буцаасан билээ. Үүнээс хойш дахин ирэхгүй байж байгаад 2018.02 сард эргэн ирж мөнгөн аягаа гаргаж өгөхийг шаардсан. Иргэн *******ыг холбоо барихгүй алга болоод 2017.09.10-ны өдөр утсаар холбогдох гэж оролдсон боловч утас нь холбогдохгүй байсан учир тухайн өдөр таны ломбарданд тавьсан зүйл ломбардны орлого боллоо гэсэн мессежийг явуулсан билээ. /Манай ломбард нь иргэдийн эд зүйлсийг худалдан борлуулахдаа утсаар ярих буюу мессеж илгээдэг билээ/. Гэвч ******* нь үүнээс хойш ямарч сураггүй байсан. Тухайн мөнгөн аяга зарагдахгүй байж байгаад 2017.11 сарын сүүлээс 12 сарын эхэнд тухайн мөнгөн аягыг 89666789 дугаарын утасны хэрэглэгчид 350 000 төгрөгөөр зарсан болно. /тухайн иргэнд сэврэй хийцний 9 лан гарантай мөнгөн аяга 1ш, *******ын 5-6 лангийн мөнгөн аяга 1ш нийт 2ш мөнгөн аягыг цугт нь 850 000 төгрөгөөр худалдсан/. *******ын Үндсэн зээлсэн мөнгө 200 000 төгрөг 2017.05.31- 06.31 хүртлэх үндсэн хүү 16 000 төгрөг 2017.06.31- 12.01 хүртлэх алдангатай хүү 30 000 х 6 сар=180 000 төгрөг Нийт 396 000 төгрөг болсон. Иймд иргэн ******* нь манай байгууллагын үндсэн гэрээгээ зөрчин гэрээнд заасан хугацаанаас бүтэн 7 cap хэтэрч ирчээд компаний нэр хүндэд халдаж буруу ташаа мэдээлэл өгч байгаа нь байж болошгүй зохисгүй үйлдэл гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Дэчинням шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: Энэ хүн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэг сарын хугацаатай гэрээ хийж мөнгөн аяга 200 000 төгрөгөөр манай ломбарданд тавьсан байгаа. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 31-ний өдөр ирж хугацааг нь сунгуулах ёстой байсан. Гэрээнд заасны дагуу 14 хоног хүлээх хугацаатай байсан. Хүний үнэтэй зүйл байсан учраас би хамаагүй зарж болохгүй байсан. Үүнээс хойш 2 сарын хугацаанд би хүлээсэн. 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэрээнд заасны дагуу мөнгө авчраагүй дутуу мөнгө авчирч гэрээгээ сунгуулах хүсэлтэй байна гэж надад хэлсэн байгаа. Би тухайн үед мөнгийг нь аваагүй энэ сарын 31-ний өдөр бүх мөнгөө аваад ир гээд хэлээд явуулсан. Гэтэл тэр өдрөөс хойш ирээгүй. 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хугацаа нь дуусаад би энэ хүний утасруу нь залгасан боловч утсаа аваагүй. Би бас мессеж явуулсан. Гэтэл надад хариу ирээгүй. Тэрнээс хойш 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр ирж надаас мөнгөн аяга нэхсэн. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 157.1.3 энэ хуулийн 157.2.2-т заасан хугацаанд барьцаалуулагч шаардлагыг хангах өөр арга сонгох буюу өөр зүйл барьцаанд бариулаагүй бол барьцааны зүйлийг хууль, гэрээнд заасан журмын дагуу худалдах, 158.1-т зааснаар шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 286.3-т зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно, 453.2 Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй гэж заасны үндсэн дээрээс би мөнгөн аягыг зарсан байгаа. Би мөнгөн аяга зарсан хүнтэй энэ нэхэмжлэгчийг холбож өгсөн байгаа. Хэдэн төгрөгөөр яаж зарсан талаар би бүгдийг нь хэлсэн байгаа. Энэ хүнийн аяга тийм л үнэтэй байсан юм бол 2017 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хугацаа нь дуусч байхад ирээд авах байсан. Гэтэл би энэ хүнийг их хүлээсэн. Би энэ аягыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зарсан. 2017 оны 06 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 6 сарын хугацаанд ирээд авах боломж зөндөө байсан. Надад тэр аяга нь байсан. Би хүлээгээд байж байсан. Гэрээнд заасан хугацаагаа зөрчөөд ирэхгүй байсан. Дутуу мөнгө аваад ирхээр нь энэ сарын хүүний мөнгөө бүтэн төлчих гэж хэлсэн. Энэ хүн за гэж хэлчихээд гараад явсан. 2017 оны 09 дүгээр сард ирсэн гэсэн. Тэр үед яагаад шүүхээр явж болоогүй юм бэ? Тэр аяга нь надад 12 сар хүртэл байсан. Тэр үед шүүхээр явсан бол одоо бид хоёрын дунд ийм хэрүүл маргаан гарахгүй байсан. Гэтэл энэ хүн тэрийг тоохгүй явсаар байгаад цагаан сарын өмнө нь ирээд надаас аяга нэхсэн. Ломбард мөнгө эргэлдүүлж байж үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага учраас би энэ аягыг зарахаас өөр аргагүй болсон гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гэрч ******* мэдүүлэхдээ:  Б.Зоригтбаатарыг танина. Найз нөхдийн хобоотой. Харин энэ хүнийг танихгүй. Ломбарданд байхад нь харж байсан. 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр намайг очиход энэ ломбардны хүн аяга зарагдсан гэж хэлчихээд тоохгүй сууж байсан. Дараа нь дахиад нэг очиход мөн л зарагдсан гэж хэлсэн гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гэрч ******* мэдүүлэхдээ: Барьцаалан зээлдэх газрын хүнийг харж байсан, танина. Намайг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр очиж ломбардны хүү сунгуулахаар очиход энэ ах дутуу мөнгө авахгүй бүрэн төл гэсэн гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

******* нь “Энх Амгалан нар” ХХК-ийн барьцаалан зээлдэх газраас хохирол болох “Ноён-Сэврэй” хийцийн мөнгөн аяга буюу 2 000 000 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч “Энх Амгалан нар” ХХК-ийн барьцаалан зээлдэх газар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргадаг.

 

******* нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, үндсэн зээл, хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул “Энх Амгалан нар” ХХК-ийн барьцаалан зээлдэх газар барьцааны зүйл болох мөнгөн аягыг худалдан борлуулж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч ******* нь “Энх Амгалан нар” ХХК-ийн барьцаалан зээлдэх газраас 200 000 төгрөгийг, нэг сарын хугацаатай, 8 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд “Ноён Сэврэй хийцийн мөнгөн аяга”-ыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд бариулсан болох нь талуудын тайлбар, барьцаат зээлийн гэрээгээр нотлогдож байна.

“Энх Амгалан нар” ХХК нь барьцаат зээлийн үйлчилгээ явуулах эрхтэй болох нь Улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Зээлдэгч ******* нь зээлийн гэрээний үүрэг болох 200 000 төгрөг, нэг сарын хүү 16000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэгч Б.Зоригтбаатар нь гэрээний хугацааг сунгуулах саналыг гаргасан боловч нөгөө тал саналыг хүлээн аваагүй болох нь гэрч *******, ******* нарын мэдүүлгээр нотлогдож байх тул гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэх боломжгүй,  гэрээний хугацаа дуусгавар болжээ.

 

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсэгт зааснаар Энх Амгалан нар ХХК нь барьцааны зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй байна. 

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахт хэсэгт зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ гэж заажээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Дэчинням “иргэн *******ыг холбоо барихгүй алга болоод 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр утсаар холбогдох гэж оролдсон боловч утас нь холбогдохгүй байсан учир тухайн өдөр таны ломбарданд тавьсан зүйл ломбардны орлого боллоо гэсэн мессежийг явуулсан гэх боловч үүнийгээ нотолсон баримт шүүхэд ирүүлээгүй, хэрэгт авагдсан баримтуудаар энэ нь нотлогдохгүй байх тул нэн даруй зээлдэгчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзэв.

Түүнчлэн Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт “... Ийнхүү мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж, үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэжээ.

Гэтэл “Энх Амгалан нар” ХХК-ийн Барьцаалан зээлдүүлэх газар нь барьцааны зүйл болох мөнгөн аягыг хувь хүнд зарж борлуулж, хуульд зааснаар комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаагүй, хууль зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн “Миний аягыг 350 000 төгрөгөөр зарсныг би сүүлд нь мэдсэн, аяга авсан хүнтэй утсаар ярьж байж мэдсэн гэсэн тайлбар, хариуцагчийн төлөөлөгчийн ”Тухайн мөнгөн аяга зарагдахгүй байж байгаад 2017.11 сарын сүүлээс 12 сарын эхэнд тухайн мөнгөн аягыг 89666789 дугаарын утасны хэрэглэгчид 350 000 төгрөгөөр зарсан болно. /тухайн иргэнд сэврэй хийцний 9 лан гарантай мөнгөн аяга 1ш, *******ын 5-6 лангийн мөнгөн аяга 1ш нийт 2ш мөнгөн аягыг цугт нь 850 000 төгрөгөөр худалдсан/” гэсэн тайлбараар нотлогдож байна.

Иймд иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй байх тул ******* өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч ******* мөнгөн аягаа 2 000 000 төгрөгөөр үнэлж хохирлын хэмжээг тодорхойлж байх бөгөөд хариуцагч тал мөнгөн аяганы үнэлгээн дээр маргахгүй байх бөгөөд талууд үнэ тогтоолгохооор шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй байх тул хохирлын хэмжээг шүүх 2 000 000 төгрөг гэж үзсэн болно. 

Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно гэжээ. ******* нь Энх Амгалан нар ХХК-ны барьцаалан зээлдэх газарт үндсэн зээл 200000 төгрөг нэг сарын хүү 16000 төгрөг, үүргээ хугацаандаа биелүүлэгүй алданги 108 000 төгрөг, нийт 324 000 төгрөгийн үүргээ биелүүлээгүй байх бөгөөд хариуцагч талын 396 000 төгрөгийн үүргээ биелүүлээгүй гэх тайлбарыг нэхэмжлэгч Б.Зоригтбаатар хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул энэ мөнгөн дүнгээр тооцож Барьцаалан зээлдэх газраас 1 604 000 төгрөгийг гаргуулж *******т олгох нь зүйтэй гэж үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. .Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3, 286.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Энх Амгалан нар” ХХК-ийн барьцаалан зээлдэх газраас 1 604 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Зоригтбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 396 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56  дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Зоригтбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Энх Амгалан нар” ХХК-иас 40 613  төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 13 250 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Зоригтбаатарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Р.УРАНЧИМЭГ