Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 162

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өмнговь аймаг *******, Нутгийн удирдлагын ордон, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар

Хариуцагч: ******* *******, ******* тоотод оршин суух, ******* /регистрийн дугаар: *******/

Орон сууц албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 2.728.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаяр, нарийн бичгийн дарга Ж.Мухлай нар оролцов.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өмнөговь аймгийг хөгжүүлэх 2013 оноос 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.187 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор тендер шалгаруулан төрийн албан хаагчдад орон сууцны зориулалтаар *******ын төвд баригдаж буй 70 айлын орон сууцны барилгаас 42.94 м2 бүхий 2 өрөө 14 байр, 44.8 3 м2 бүхий 2 өрөө 27 байр, нийт 1811.57 м2 талбай бүхий 2 өрөө 41 орон сууц захиалан төрийн албан хаагчдын хөнгөлөлттэй нөхцөлөөр, хямд орон сууцаар хангах зорилгоор харилцан тохиролцож орон сууц захиалгын ӨМ2012/74 дугаартай гэрээг аймгийн Засаг даргын Тамгын газар, “*******” ХХК нар 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан юм. “*******” ХХК-иас захиалгын байрыг гэрээний дагуу 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр барьж дуусган ашиглалтад оруулахаар аймгийн Засаг даргын Тамгын газраас төрийн албан хаагчдыг хямд үнэтэй орон сууцаар хангах боломж бүрдэж, төрийн албан хаагчдаас гаргасан хүсэлтийг үндэслэн түрээс болон зээлээр худалдах, худалдан авах агуулга бүхий гурвалсан гэрээ байгуулж орон сууцаар хангасан. Аймгийн Засаг даргын Тамгын газар нь *******аас гаргасан өргөдлийг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 42 дугаар байрны 43.66 м2, 2 өрөө 3 тоот орон сууцыг олгосон юм. ******* нь орон сууцны үнийн 30-40 хувийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх, орон сууцны үнийг төлөх хүртэлх хугацаанд нэг сарын 109.150 төгрөгөөр тооцож түрээсийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон болно. Орон сууцны үнийг төлөхөөр тохиролцсон хугацаа буюу 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор орон сууцны үнэ болон түрээсийн төлбөрийг төлөөгүй тул аймгийн Засаг даргын Тамгын газраас төлбөр төлөх нэмэлт хугацаа тогтоож 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлбөрийн 30 хувийг төлж, тухайн орон сууцыг худалдан авах боломжийг олгосон ч мөн үүргээ гүйцэтгээгүй юм. Орон сууц худалдах, худалдан авах тухай хүсэлт гаргасан ******* нь тогтоосон хугацаанд орон сууцны төлбөр болон түрээсийн үүргээ биелүүлээгүй тул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “Тухайн орон сууцыг хүлээлгэн өгсөнөөс хойшхи хугацааны түрээсийн төлбөрийг төлөн, орон сууцыг суллан хүлээлгэн өгөх” талаар мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл орон сууцыг хүлээлгэн өгөөгүй, түрээсийн төлбөрийг төлөлгүй төрийн байгууллагыг хохироож байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Хөрөнгө бүртгэх тухай” 184 дугаартай тогтоолоор тус орон сууцыг аймгийн Засаг даргын Тамгын газрын өмчид бүртгэхийг Засаг дарга *******аранбаатарт даалгасан шийдвэр гарсан юм. Уг шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын өмчид 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн болно. Иймд Аймгийн Засаг даргын Тамгын газрын өмчлөлийн шийдвэртэй, *******ын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны 1 дүгээр орцны 03 тоот, 43.66 м2, 2 өрөө орон сууцыг иргэн *******ын эзэмшлээс чөлөөлүүлж, тус орон сууцыг хүлээлгэн өгсөнөөс хойш нэг сарын түрээсийн төлбөрийг 109.150 төгрөгөөр тооцож, 25 сард ногдох хугацааны нийт түрээсийн төлбөрт 2.728.750 /хоёр сая долоон зуун хорин найман мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж төрийн байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оноос 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн албан хаагч нарыг хямд үнэтэй орон сууцаар хангах зорилт дэвшүүлсэн байгаа. Уг зорилтын хүрээнд “*******” ХХК-тай гэрээ байгуулаад 2-3 өрөө нийт 41 айлын орон сууцыг захиалан бариулаад төлбөр мөнгийг нь “*******” ХХК-д шилжүүлж “*******” ХХК нь гэрээний үүргээ биелүүлж 2014 онд байрыг барьж дуусган ашиглалтанд оруулсан байгаа. Ингээд төрийн албан хаагч нарыг хямд үнэтэй байранд оруулахын тулд иргэд болон төрийн албан хаагч нараас өргөдөл авч эхэлсэн байгаа. Үүний хүрээнд ******* хүсэлт өгсөн байгаа. 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүсэлтээ өгсөн байгаа. Уг хүсэлтэндээ одоогийн байгаа “*******” ХХК-ийн барьсан 42 дугаар байрны 2 өрөө байрыг худалдан авах хүсэлт гаргасан байдаг. Манай тамгын газраас хүсэлтийг үндэслээд 42 дугаар байрны 3 тоот орон сууцыг *******т хүлээлгэн өгсөн байдаг. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэхэд байрны үндсэн үнийн дүнгийн 30-40 хувийг төлнө гэсэн. Мөн өөрийн эзэмшлийн авто машиныг зарж, мөн хөдөө байгаа малын ноосоо зарж байгаад 30-40 хувийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэхэд төлж барагдуулна гээд төлсний дараа худалдах худалдан авах гэрээг байгуулна гээд, энэ 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд уг байрны 1 метр квадрат нь 2500 төгрөгөөр бодоод 43.66 метр квадратад ноогдох 109.150 төгрөгийг сарын түрээсийн хэлбэрээр төлж ашиглаж байхаар тохиролцоог хийсэн байдаг. Яагаад гэрээг хийсэн гэж үзэж байна вэ? гэхээр тухайн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн өргөдөл дээрээ 42 дугаар байрны 43.66 метр квадратад 2 өрөө байрыг *******т хүлээлгэн өгч 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр орон сууцны үнийг дүнг төлөх хүртэлх хугацаанд 1 метр квадрат нь 2500 төгрөгөөр бодож төлөхөөр тохиролцож ийм агуулгатай өргөдөл гаргасан учраас гэрээг байгуулсан гэж үзэж байгаа. Тухайн орон сууцыг хүлээлгэн өгсөнөөс хойш ******* нь түрээсийн болон орон сууцын төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй явсаар байгаад 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл бараг 2 жил гаран түрээсийн төлбөр болон орон сууцны гэрээнээс нэг ч төгрөг төлөхгүй байгаад байсан учраас 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Засаг даргын тамгын газраас *******т түрээсийн төлбөр төлөх хэрэгтэй гэсэн агуулгатай мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. *******аас 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлбөр төлөх боломж бололцоо хүрэхгүй гэсэн олон шалтгаан бичээд 2018 оныг дуустал уг байрыг түрээслэх хүсэлтэй байна гэсэн тайлбар гаргаж байсан. Үүний хариуг Засаг даргын тамгын газраас 2017 оны 08 дугаа сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаагаар сунгаж байна гэсэн агуулгатай ийм мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Уг хугацаанд түрээс болон орон сууцны төлбөрөөс нэг ч төгрөг төлж барагдуулаагүй учраас 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байрыг түрээслэж байгаа энэхүү гэрээг цуцалсанд тооцож, байрыг чөлөөлж, тухайн ашигласан хугацааны түрээсийн төлбөр болох тодорхой хэмжээний мөнгийг төлүүлэх агуулга бүхий мэдэгдэл хүргүүлсэн байгаа. ******* түрээсийн гэрээ байгуулаагүй гэсэн тайлбар ирүүлдэг. ******* нь 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн Засаг даргын тамгын газарт хандан өргөдөл гаргасан байдаг. Уг өргөдөл дээрээ би түрээсийн төлбөр 1.636.150 төгрөгийг төлж барагдуулах болно гэсэн байдаг. Энэ байдлаараа түрээсийн гэрээ байгуулсан гэдгээ нотолж байгаа. Засаг даргын тамгын газраас Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1 дэх хэсэгт зааснаар нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар гэрээг цуцлана гэсэн үндэслэлээр 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр мэдэгдэл хүргүүлсэн учраас гэрээг цуцлагдсанд тооцож нэхэмжлэл гаргасан байгаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаа. Тухайн үед захиалгын гэрээг байгуулах нэр бүхий хүмүүсийн нэг болох ******* нь өөрөө энэ ажлыг зохион байгуулж мэдээлэлд илүү ойр байсан. Өөрийн уг албан тушаалаа ашиглан байранд орчихоод мөнгө төл гэхээр мөнгө төлөхгүй, эсвэл байрнаасаа гар гэхээр гарахгүй гэдэг ийм байдлаар төрийн байгууллагыг хохироож байдаг. Энэ байдал нь шудрага ёсонд нийцэхгүй байх гэж үзэж байна. Хуулийн салбарт ажиллаж байгаа энэ хүмүүс өөрсдөө эрх мэдлээ янз бүрийн байдлаар ашиглаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* нь тайлбартаа эхлээд түрээсийн гэрээ байгуулчихаад, дараа нь биш гээд байгаа нь их сонин байгаа. Засаг даргын тамгын газар захиран зарцуулах эрх нь энэ захиалгын гэрээгээр нотлогддог. Засаг даргын тамгын газраас хөрөнгө нь шилжсэн байдаг. Тухайн захиалагч нь аймгийн Засаг даргын тамгын газар, гүйцэтгэгч нь “*******” ХХК, мөн хүлээн авахдаа аймгийн Засаг даргын тамгын газар хүлээн авсан байгаа учраас захиран зарцуулах эрх нь Засаг даргын тамгын газарт байгаа нь энэ зүйлээр нотлогдож байгаа. ******* нь тайлбартаа тухайн байрны өмчлөгч нь Засаг даргын тамгын газар биш, мөн өмчлөх эрх нь байхгүй учраас энэ байрны өмчлөгч нь би гэдэг байдлаар тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү? гэж хүсч байна. Аймгийн тамгын газраас ойлгомжтой байдлаар гурван удаа мэдэгдэл явуулаад шууд гар гэсэн, өр ширээ барагдуул гэсэн утгатай мэдэгдэл хүргүүлээгүй. 04 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд нийт 3 удаа мэдэгдэл хүргүүлээд уг мэдэгдлээрээ түрээсийн төлбөрөө болон орон сууцны төлбөрөө төлнө үү, үүний дараа худалдах худалдан авах гэрээ хийнэ гэсэн утгатай мэдэгдэл явуулсан. Үнэхээр тухайн орон сууцыг хүлээн авснаас хойш 28 сарын хугацаанд нэг ч удаа түрээсийн төлбөр төлөөгүй. Одоогийн зах зээлийн ханшаар сарын төлбөр 109.150 төгрөгийн үнэтэй байр хаана ч байхгүй. Энэ байдлаа ашиглаад боломж бололцоогүй гэхээс илүү арай өөр байдлаар тайлбарлах нь зүйтэй байх. 109.150 төгрөгийн төлбөр төлөхгүй, зүгээр орон сууцны хийдэл гаргаж байгаад, орон сууцтай болох гэсэн ийм зорилго санаа агуулж байна гэж үзэж байгаа. Үнэхээр шудрага ёсоор хандахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдах байх гэж найдаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэв.

 

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өмнөговь аймгийн ЗДТГ-аас тус шүүхэд гаргасан 2 шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараахь тайлбарыг хүргүүлж байна. Үүнд иргэн ******* миний Өмнөговь аймгийн ЗДТГазартай байгуулсан гэрээний хугацаа 2018 оныг дуустал байхад уг гэрээний хугацаа дуусаагүй байхад шүүхэд хандаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй ба цаашид шүүхээр маргаан эцэслэн шийдвэрлүүлэх болно. Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дараа нь шүүхэд гаргаж өгөх болно. Иймд Өмнөговь аймгийн ЗДТГ-аас гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбар, хүсэлтдээ: ******* миний бие Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татагдан оролцож байгаа бөгөөд энэхүү хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй боломжгүй тул шүүх хуралдаанд бичгээр тайлбар гаргаж байна. Намайг байлцуулахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй. ******* миний бие 2016 онд аймгийн Засаг даргын Тамгын газраас байр худалдан авч одоог хүртэл эзэмшиж байгаа нь үнэн. Уг байр нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссаны дагуу хямдралтай үнэ, төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр урьдчилгаа төлбөргүй төрийн албан хаагчдыг орон сууцтай болгох зорилготой байсан. Би тухайн үед аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан бөгөөд өөрийн боломж нөхцөлийг тооцож 42 дугаар байрны 3 тоотыг худалдан авсан. Би ямарч түрээсийн гэрээ байгуулаагүй. Түрээсийн төлбөр төлөхгүй. Нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Монгол Улсын иргэний хуулийн 383 дугаар зүйлийн 318.3.Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. 318.4.Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Би байр худалдан авсан болохоос байрыг нь түрээслээгүй. Гэтэл уг байрыг байрны үндсэн үнийг төлөх хүртэл түрээслүүлэх, түрээслүүлсэн тохиолдолд түрээсийн төлбөрийг урьдчилгаа төлбөрт хамааруулж тооцох гээд гэрээний гол нөхцөлүүд яригдаж эхэлсэн ч тодорхой шийдвэр гараагүй юм. Худалдагч буюу нэхэмжлэгч өөрсдөө ийм ойлгомжгүй байдлуудыг бий болгож өнөөдрийг хүртэл албан ёсны гэрээ хийгээгүй юм. Би өөрөө аймгийн Тамгын газар дээр очиж суугаад тэдний тамгыг дараад өөрөө өөртэйгөө гэрээ байгуулах боломжгүй юм. Байрны төлбөрөө төлөх хүртэл түрээсийн гэрээ байгуулахад татгалзах зүйлгүй гэдгээ би бичгээр илэрхийлж өөрөөс шалтгаалах алдаа гаргаагүй. Би байраа худалдан авдагаараа авна. Энэ ч үүднээс засч янзлаад, салгаж болохгүй засварууд хийгээд амьдарч байна. Төлбөрөө төлөх тал дээр маргаантай тодорхойгүй асуудлууд үүссэн, миний боломж бололцоо ч хүрэхгүй байсан тул би өргөдөл гаргаж төлбөр төлөх хугацааг сунгасан. Бид тохиролцсон. Намайг байрны төлбөртэй холбоотой асуудлаар уулзахад Тамгын дарга Баянмөнх төлбөр төлөх боломжит хугацааг хэл тэр хугацаа хүртэл сунгая гэж хэлсэн. Би өргөдөл гаргаж 2018 оныг дуустал амьдрах бөгөөд энэ хугацаанд төлбөрөө төлж барагдуулах хүсэлтэй байгаа тухай өргөдөл бичиж өгсөн. / хавтаст хэргийн материалд байгаа/ Өөрсдөө төлбөр төлөх хугацааг тохиролцоод дараа нь шүүхэд хандаж байгааг ойлгохгүй байна. Хэрэв байрны төлбөр төлөх хугацааг 2018 оныг дуустал гэж тохироогүй бол миний өргөдөлд татгалзсан хариу өгөх байсан. Надад татгалзал илэрхийлээгүй. Монгол Улсын иргэний хуульд зааснаар татгалзлаа илэрхийлэхгүй байх нь зөвшөөрсөн, тохиролцсоныг илтгэнэ. Мөн Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу саналын шинжтэй өргөдөл гомдлыг шийдвэрлэж хариу өгөх дээд хугацаа нь 90 хоног байна. Энэ 90 хоногийн хугацаанд надад миний төлбөр төлөх хугацааг сунгах боломжгүй бол хариу өгөх байсан. Энэ үүргээ биелүүлээгүй. Иймээс би 2018 онд байрныхаа төлбөрийг төлж өөрийн өмчлөлд шилжүүлнэ. Гэтэл 2018 оны 01 дүгээр улирал ч дуусаагүй байхад юу бодож нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн шаардлага өөрөө буруу байна. Юу нэхэх ёстойгоо ямар үндэслэлтэйгээ нэхэмжлэгч өөрсдөө ч ойлгоогүй байна. Тэр бүү хэл миний худалдаж авсан байрыг төрийн өмчид авах тухай аймгийн ИТХурлын тогтоол 2017 оны 12 сард гарсан байна./ хавтаст хэргийн материалд хавсаргасан байна./ Уг тогтоол нь миний эд хөрөнгө өмчлөх, олж авах, эзэмших эрхийг ноцтой зөрчсөн төдийгүй захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийх мэдэгдэх үүргээ биелүүлээгүй тогтоол болсон байна. Би энэхүү тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандах болно. Мөн Улсын бүртгэлийн тухай хууль болон иргэний хууль тогтоомжид заасны дагуу үл хөдлөх хөрөнгө нь төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлснээр баталгаажна. Гэтэл манайд өгсөн гээд ИТХурлын тогтоол л хэргийн материалд хавсаргаад байгаагаас нэхэмжлэгч өөрийнхөө өмч гэдгийг баталсан улсын бүртгэлийн гэрчилгээг хавсаргаагүй байна. Хавсаргах ч боломж байхгүй. Одоохондоо үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг Улсын бүртгэлийн байгууллага бүртгэж байгаа. Аймгийн ИТХурал биш. Би нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэхгүй байна. Хэн болчихоод хэнээс юуг ямар үндэслэлээр нэхээд байгааг нь ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүх хэргийн бодит үнэнийг хуульд удирдлага болгон тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл /хх-1-3/, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2-133 дугаартай итгэмжлэл /хх-4/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-5/, “*******” ХХК-ийн Арслан хотхоны А блокын орон сууцнаас АЗДТГазарын захиалсан байрыг хүлээлгэн өгсөн жагсаалтын хуулбар /хх-6/, Өмнөговь айгмийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 184 дугаартай тогтоолын хуулбар /-7/, Аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгөд бүртгэх хөрөнгийн жагсаалтын хуулбар, орлогын падаан /хх-8/, *******ын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн өргөдөлийн хуулбар /хх-9/, Өмнөговь айгмийн ЗДТГ-ын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2-572 дугаартай мэдэгдлийн хуулбар /хх-10/, *******ын өргөдөлийн хуулбар /хх-11/, Өмнөговь айгмийн ЗДТГ-ын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2-1471 дугаартай өргөдөлийн хариу хүргүүлэх тухай /хх-12/, “*******” ХХК-ийн *******ын 8-р багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа А блокын 70 айлын орон сууцны 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ӨМ2012/74 дугаартай захиалгын гэрээны хуулбар /хх-13-14/, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн У-2014/50 дугаартай актын хуулбар /хх-15/, Өмнөговь айгмийн ЗДТГ-ын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2-2290 дугаартай мэдэгдлийн хуулбар /хх-16/, Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2/67 дугаартай албан бичиг /хх-21/, хариуцагчийн хариу тайлбар /хх-22/, 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, *******ын өмгөөлөгч Б.Энхбатын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн тайлбар, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн а/20 дугаартай тушаал, хариуцагчийн хүсэлт, тайлбар, ******* дахь захиргааны хэргийн анхан  шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 120/ШЗ2018/0035 дугаартай захирамж зэргийг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар нь *******т холбогдуулж Орон сууц албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 2.728.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох   үндэслэлтэй байна гэж үзлээ.

Орон сууц албадан чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар нь “...Аймгийн Засаг даргын Тамгын газрын өмчлөлийн шийдвэртэй, *******ын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны 1 дүгээр орцны 03 тоот, 43.66 м2, 2 өрөө орон сууцыг иргэн *******ын эзэмшлээс чөлөөлүүлж, тус орон сууцыг хүлээлгэн өгсөнөөс хойш нэг сарын түрээсийн төлбөрийг 109.150 төгрөгөөр тооцож, 25 сард ногдох хугацааны нийт түрээсийн төлбөрт 2.728.750 төгрөгийг гаргуулж төрийн байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү...” гэж,

Хариуцагч ******* нь “...миний худалдаж авсан байрыг төрийн өмчид авах тухай аймгийн ИТХурлын тогтоол 2017 оны 12 сард гарсан байна. ИТХурлын тогтоол л хэргийн материалд хавсаргаад байгаагаас нэхэмжлэгч өөрийнхөө өмч гэдгийг баталсан улсын бүртгэлийн гэрчилгээг хавсаргаагүй байна. Хавсаргах ч боломж байхгүй. Одоохондоо үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг Улсын бүртгэлийн байгууллага бүртгэж байгаа. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал биш. Би нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэхгүй байна...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 184 дугаартай Хөрөнгө бүртгэх тухай тогтоол, хавсралтаар Өмнөговь аймгийн *******ын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны 1-3 тоот орон сууцны зориулалттай 43,66 метр квадрат талбай бүхий хоёр өрөө орон сууцыг аймгийн Засаг даргын тамгын газрын хөрөнгөд бүртгэхээр шийдвэрлэжээ.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “ Төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх болон түүнийг төрийн байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхгүй”,  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “ Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь шаардах эрхтэй ба хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын хөрөнгөд бүртгэсэн тогтоолыг үндэслэлтэй эсэх талаар маргаж өөр шүүхэд хэрэг үүсгэн шалгагдаж байгаа баримт тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, *******ын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны 1 дүгээр орцны 03 тоот, 43.66 м2, 2 өрөө орон сууцыг хариуцагч *******ын эзэмшлээс албадан чөлөөлүүлэх үндэслэлтэй гэж үзэв.

Түрээсийн төлбөр 2.728.750 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар дээрхи нэхэмжлэлийн шаардлагаа “ ...орон сууцыг хүлээлгэн өгсөнөөс хойш нэг сарын түрээсийн төлбөрийг 109.150 төгрөгөөр тооцож, 25 сард ногдох хугацааны нийт түрээсийн төлбөрт 2.728.750 төгрөг гаргуулах гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаяр шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан тайлбартаа: “... ******* нь 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн Засаг даргын тамгын газарт хандан өргөдөл гаргасан байдаг. Уг өргөдөл дээрээ би түрээсийн төлбөр 1.636.150 төгрөгийг төлж барагдуулах болно гэсэн байдаг. Энэ байдлаараа түрээсийн гэрээ байгуулсан гэдгээ нотолж байгаа. Засаг даргын тамгын газраас Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1 дэх хэсэгт зааснаар нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар гэрээг цуцлана гэсэн үндэслэлээр 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр мэдэгдэл хүргүүлсэн учраас гэрээг цуцлагдсанд тооцож нэхэмжлэл гаргасан байгаа...” гэжээ.

Хариуцагч ******* нь “...Би ямарч түрээсийн гэрээ байгуулаагүй. Түрээсийн төлбөр төлөхгүй. Нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна., Би байр худалдан авсан болохоос байрыг нь түрээслээгүй. Гэтэл уг байрыг байрны үндсэн үнийг төлөх хүртэл түрээслүүлэх, түрээслүүлсэн тохиолдолд түрээсийн төлбөрийг урьдчилгаа төлбөрт хамааруулж тооцох гээд гэрээний гол нөхцөлүүд яригдаж эхэлсэн ч тодорхой шийдвэр гараагүй юм...” гэж маргаж байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт “ Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” , мөн хуулийн 318.3 дахь хэсэгт “ хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж тус тус заасан ба нэхэмжлэгч түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж буй шаардлагаа өөрөөр хэлбэл түрээсийн гэрээ байгуулагдсан болохыг нотлох баримтаар нотлоогүй болно.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт “Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно” гэж заасны дагуу шаардлага гаргах эрх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт шүүхийн зардлыг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт төсвийн байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас хангагдсан нэхэмжлэлийн шаардлагаас тооцож,  улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2-133 дугаартай итгэмжлэл /хх-4/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-5/, “*******” ХХК-ийн Арслан хотхоны А блокын орон сууцнаас АЗДТГазарын захиалсан байрыг хүлээлгэн өгсөн жагсаалтын хуулбар /хх-6/, Өмнөговь айгмийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 184 дугаартай тогтоолын хуулбар /-7/, Аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгөд бүртгэх хөрөнгийн жагсаалтын хуулбар, орлогын падаан /хх-8/, *******ын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн өргөдөлийн хуулбар /хх-9/, Өмнөговь айгмийн ЗДТГ-ын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2-572 дугаартай мэдэгдлийн хуулбар /хх-10/, *******ын өргөдөлийн хуулбар /хх-11/, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2-1471 дугаартай өргөдөлийн хариу хүргүүлэх тухай /хх-12/, “*******” ХХК-ийн *******ын 8-р багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа А блокын 70 айлын орон сууцны 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ӨМ2012/74 дугаартай захиалгын гэрээны хуулбар /хх-13-14/, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн У-2014/50 дугаартай актын хуулбар /хх-15/, Өмнөговь айгмийн ЗДТГ-ын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2-2290 дугаартай мэдэгдлийн хуулбар /хх-16/, Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2/67 дугаартай албан бичиг /хх-21/, 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “ бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлагыг  хангасан байх тул дээрхи нотлох баримтуудыг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

 

 

 Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн а/20 дугаартай тушаал, ******* дахь захиргааны хэргийн анхан  шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 120/ШЗ2018/0035 дугаартай захирамж зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй баримт байх тул нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Хариуцагч *******т шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн ба хариуцагч нь шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх тайлбарыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар ******* *******ын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны 1 дүгээр орцны 3 тоот, 43.66 метр квадрат талбай бүхий, 2 өрөө орон сууцыг хариуцагч *******ын эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн түрээсийн төлбөр 2.728.750 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж 128.810 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.УГТАХБАЯР