Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/181

 

 

 

 

 

                                   2022/ШЦТ/181

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ж.Ундармаа

Шүүгдэгч: Г.Сүхбаатар   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Гал шарга овогт Ганзоригийн Сүхбаатарт холбогдох эрүүгийн 2212000000196 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн Норвилон гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Гал шарга овогт Ганзоригийн Сүхбаатар/РД:АР96061531/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Сүхбаатар нь 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Э.Заяабаярыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хоёр нүдний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн энэ үедээ хохирогч Э.Заяабаярын эзэмшлийн Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг эд ангийг санаатайгаар устгаж гэмтээсний улмаас түүнд 810.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2212000000196 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Э.Заяабаярын өгсөн:

“...Би 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хонь худалдаж авах гээд Цэцэрлэг сумын Хужирт багт оршин суух хүргэн Г.Сүхбаатарынд очсон. Тэгээд тэднийд орсон чинь хүргэн Г.Сүхбаатар ахад хоосон байна. Эрдэнэмандал сум орж ганц юм авч өгье гээд бид хоёр Эрдэнэмандал сум орсон. Тэгээд Г.Сүхбаатар хоёр шил 0.75 тай Хараа нэртэй архи аваад буцаад Г.Сүхбаатарын гэрт нь очоод 0.75 тай хоёр шил архиа хувааж уучихаад байж байгаад Г.Сүхбаатар над руу агсараад танай ээжийн дүү нь манайд бэр байж байгаад салсан тэрний хүүхэд нь манай дээр өссөн та нар муусайн гуйлгачингууд хүүхдийн дугаар асуулаа гэж агсараад намайг гэрт байж байхад цээж руү нэг цохиод авсан. Тэгээд би боль гээд гэрээс гараад сууж байтал Г.Сүхбаатар миний машины зөв талын хойд хаалганы шил, хаалга, урд крыло зэргийг эвдэж сүйтгэсэн. Тэгээд би явах гээд машиндаа сууж байтал Г.Сүхбаатар миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохиж авсан. Тэгээд машинаас буугаад нүдээ дараад сууж байтал дахин намайг баруун талын нүд рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд би машинаа асаагаад зугтаагаад гэрээс нь 300-400 метр газар цусаа угаагаад байж байтал. Г.Сүхбаатар миний араас мотоциклтой давхиж ирээд миний машиныг дайрч танхайрсан. Тэгээд би дахин зугтаагаад айлын гадаа иртэл дахин араас ирээд чамайг ална гүйцээчихье гээд хайч бариад хүрээд ирсэн чинь Г.Содбаатар барьж аваад болиулсан. Тэгээд би машинаа асаагаад сумын төвд гэртээ ирсэн. Бид хоёрыг тэдний гэрт маргалдаж байх хооронд хүн байгаагүй дараа нь Г.Сүхбаатарын эхнэр нь ирчихсэн байсан. Г.Сүхбаатар миний хоёр нүд рүү гараараа нэг удаа цохиж, хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тухайн үед миний хоёр нүд хөхрөөд хавдчихсан байсан. Одоо миний нэг нүд бүрэлзээд байгаа. Би гомдолтой байна миний биед халдсан бас миний машиныг эвдэж хохирол учруулсан.Мөн аймаг явсан бензинээ төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/

 

*Гэрч Г.Содбаатарын өгсөн:

“...Би 2022 оны 05 сарын 07-ны өдөр хөдөө мал дээрээ ямаагаа самнах гээд оччихсон байсан. Тэгээд орой 17 цагийн үед ямаагаа самнаж дуусаад гэрт байж байтал манай гадаа машин ирлээ гээд манай хоёр хүүхэд шагайж хараад Э.Заяабаяр ах хүнд зодуулчихсан байна машин нь аймар болчихож гээд надад хэлсэн. Тэгээд би гүйгээд гартал Э.Заяабаяр цустайгаа холилдчихсон машиндаа сууж байсан. Тэгсэн удаачгүй байж байтал Г.Сүхбаатар ирээд хайч барьчихсан Э.Заяабаярыг ална гээд дайраад байхаар нь би урдуур нь ороод хайчийг нь булааж авч салгасан. Тэгээд би Г.Сүхбаатарт чи хүний машин тэрэг яаж байгаа юм бэ гэтэл Г.Сүхбаатар би машин тэргийг нь янзлаад өгчихнө гэж надад хэлэхээр нь би та нар эрүүл дээрээ учраа ол гээд Г.Сүхбаатарыг гэр рүү нь явуулсан. Э.Заяабаяр ч машинаа асаагаад сумын төв рүү явсан. Тухайн үед Э.Заяабаярын хоёр нүд нь хавдчихсан хамраас нь цус гарчихсан байсан. Манай гадаа бол цохиж зодолцсон асуудал гараагүй Г.Сүхбаатар хайч барьж дайрахаар нь болиулсан. Ил харагдах шарх байхгүй. Мөн нүүр ам нь цус болоогүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 04-05 дугаар тал/

 

*Гэрч Ө.Бямбасүрэнгийн өгсөн:

“...Би 2022 оны 05 сарын 07-ны өдөр нөхөртэйгээ ямаагаа самнаад байж байтал Э.Заяабаяр ах манай гадаа ирсэн. Тэгээд манайд ороод уух юм байна уу би архи ууж явна гээд байсан.Тэгээд манайд архи байхгүй гэтэл гэрээс гараад алив Алгаа ахын дүү суу гээд намайг Эрдэнэмандал сумын төв рүү авч явах гээд байсан. Тэгсэн манай нөхөр Эрдэнэмандал сум руу явж архи авч өгөх гээд Э.Заяабаяр ахын машинаар Эрдэнэмандал сум руу явсан. Тэгээд 2 цаг гарны дараа Э.Заяабаяр ах манай нөхөр хоёр Эрдэнэмандал сум орчихоод согтуу ирсэн. Тэгээд Э.Заяабаяр ах манай нөхөр хоёр манайд архи уугаад юм яриад сууж байснаа Э.Заяабаяр ах чи манай лүүг гэр рүү нь хоёр гурван удаа гүйлгэсэн мөн манай нөхрийн ахынх нь бандийг ярьж байсан аа зодолдоод эхэлсэн. Тэгээд би салгах гээд хүчрээгүй. Тэгээд Э.Заяабаяр ахыг би яв гэтэл явахгүй байсан. Тэгээд намайг Э.Заяабаяр ах гүүр гаргаж өг гээд байснаа дахин манай нөхөртэй зодолдоод эхэлсэн тэгээд салцгаагаад Э.Заяабаяр ах ч явсан. Би байсан өөр хүн байгаагүй. Архи уучихсан согтуу байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 35-36 дугаар  тал/

 

*Хохирогч Э.Заяабаярын дахин өгсөн:

“...Миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд би 2022 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотоос худалдан авч байсан. Надад нийт тээврийн хэрэгслийн зүүн талын урд, хойд хаалга, толь зэргийн үнэлгээ, зөв талын хойд хаалганы шил зэргийн үнэлгээ 810.000 төгрөг, эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчилгээ хийлгээгүй болохоор ямар нэгэн мөнгө төгрөг гараагүй. Нийт 810.000 төгрөгийн хохирол учирсан. Би хохирол төлбөрөө бүрэн гүйцэт авсан. Одоо надад хохирол төлбөрийн ямар нэгэн асуудал байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх  зүйл байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 52-53 дугаар тал/

 

*Яллагдагч Г.Сүхбаатарын өгсөн:

“...Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 45-46 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 194   дугаартай“...Э.Заяабаярын биед хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун, зүүн хацар, зүүн дээд зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Хоёр нүдний зовхины цус хуралт гэмтүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулгаралт гэмтэл тус бүр нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 8-9 дүгээр тал/

 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 46 дугаартай:

“...2008 онд үйлдвэрлэгдэж, 2017 онд МУ-д орж ирсэн Тоёота приус маркийн автомашины зөв талын хойд хаалганы шил хагарсан, хажуугийн толь хугарсан, урд хаалганы түгжээ хагарсан, зөв талын хойд, урд хаалга цөмөрч зурагдсан, зөв талын урд крыло зурагдсан, кузовны хойд хаалганы дээд талд цөмөрсөн, зөв талын 2 хаалганы доод эмжээр зурагдсан зэрэг эвдрэлийн үнэлгээг 2022 оны 05 сарын байдлаар 810,000/найман зуун арван мянган/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 16 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

     Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэн Э.Заяабаяр нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан, мөн шүүгдэгч Г.Сүхбаатар нь Э.Заяабаярын эзэмшлийн Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг эд ангийг санаатайгаар устгаж гэмтээсний улмаас түүнд 810.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Г.Сүхбаатар нь иргэн Э.Заяабаярыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Э.Заяабаярын эзэмшлийн Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг эд ангийг санаатайгаар устгаж гэмтээсний улмаас түүнд 810.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Э.Заяабаярын”...Г.Сүхбаатарын гэрт нь очоод 0.75 тай хоёр шил архиа хувааж уучихаад байж байгаад Г.Сүхбаатар над руу агсараад танай ээжийн дүү нь манайд бэр байж байгаад салсан тэрний хүүхэд нь манай дээр өссөн та нар муусайн гуйлгачингууд хүүхдийн дугаар асуулаа гэж агсараад намайг гэрт байж байхад цээж руү нэг цохиод авсан. Тэгээд би боль гээд гэрээс гараад сууж байтал Г.Сүхбаатар миний машины зөв талын хойд хаалганы шил, хаалга, урд крыло зэргийг эвдэж сүйтгэсэн. Тэгээд би явах гээд машиндаа сууж байтал Г.Сүхбаатар миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохиж авсан. Тэгээд машинаас буугаад нүдээ дараад сууж байтал дахин намайг баруун талын нүд рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд би машинаа асаагаад зугтаагаад гэрээс нь 300-400 метр газар цусаа угаагаад байж байтал. Г.Сүхбаатар миний араас мотоциклтой давхиж ирээд миний машиныг дайрч танхайрсан. Тэгээд би дахин зугтаагаад айлын гадаа иртэл дахин араас ирээд чамайг ална гүйцээчихье гээд хайч бариад хүрээд ирсэн чинь Г.Содбаатар барьж аваад болиулсан. Тэгээд би машинаа асаагаад сумын төвд гэртээ ирсэн. Бид хоёрыг тэдний гэрт маргалдаж байх хооронд хүн байгаагүй дараа нь Г.Сүхбаатарын эхнэр нь ирчихсэн байсан. Г.Сүхбаатар миний хоёр нүд рүү гараараа нэг удаа цохиж, хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тухайн үед миний хоёр нүд хөхрөөд хавдчихсан байсан. Одоо миний нэг нүд бүрэлзээд байгаа...” гэх мэдүүлэг, гэрч Г.Содбаатарын”...Тэгээд орой 17 цагийн үед ямаагаа самнаж дуусаад гэрт байж байтал манай гадаа машин ирлээ гээд манай хоёр хүүхэд шагайж хараад Э.Заяабаяр ах хүнд зодуулчихсан байна машин нь аймар болчихож гээд надад хэлсэн. Тэгээд би гүйгээд гартал Э.Заяабаяр цустайгаа холилдчихсон машиндаа сууж байсан. Тэгсэн удаачгүй байж байтал Г.Сүхбаатар ирээд хайч барьчихсан Э.Заяабаярыг ална гээд дайраад байхаар нь би урдуур нь ороод хайчийг нь булааж авч салгасан. Тэгээд би Г.Сүхбаатарт чи хүний машин тэрэг яаж байгаа юм бэ гэтэл Г.Сүхбаатар би машин тэргийг нь янзлаад өгчихнө гэж надад хэлэхээр нь би та нар эрүүл дээрээ учраа ол гээд Г.Сүхбаатарыг гэр рүү нь явуулсан. Э.Заяабаяр ч машинаа асаагаад сумын төв рүү явсан...” гэх мэдүүлэг, гэрч Ө.Бямбасүрэнгийн”...Тэгээд 2 цаг гарны дараа Э.Заяабаяр ах манай нөхөр хоёр Эрдэнэмандал сум орчихоод согтуу ирсэн. Тэгээд Э.Заяабаяр ах манай нөхөр хоёр манайд архи уугаад юм яриад сууж байснаа Э.Заяабаяр ах чи манай лүүг гэр рүү нь хоёр гурван удаа гүйлгэсэн мөн манай нөхрийн ахынх нь бандийг ярьж байсан аа зодолдоод эхэлсэн. Тэгээд би салгах гээд хүчрээгүй. Тэгээд Э.Заяабаяр ахыг би яв гэтэл явахгүй байсан. Тэгээд намайг Э.Заяабаяр ах гүүр гаргаж өг гээд байснаа дахин манай нөхөртэй зодолдоод эхэлсэн тэгээд салцгаагаад Э.Заяабаяр ах ч явсан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Г.Сүхбаатарын мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 194 дугаартай дүгнэлт, тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээг гаргасан Мэргэнгүн аудит ХХК-ийн 46 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Г.Сүхбаатар нь хохирогчийн эрүүл мэндэд хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун, зүүн хацар, зүүн дээд зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн үйлдэл нь 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

 

Хохирогчид учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээч дүгнэлтдээ тусгасан тул хохирогчийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй, хохирогчийн эрүүл мэндэд учруулсан гэмтлийг нэг удаагийн цохих цохигдох үйлчлэлээр үүсэх талаар шинжээч мөн дүгнэлтдээ заасан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэнг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Г.Сүхбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Э.Заяабаярын биед хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун, зүүн хацар, зүүн дээд зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн Тоёота приус маркийн автомашины зөв талын хойд хаалганы шил хагарсан, хажуугийн толь хугарсан, урд хаалганы түгжээ хагарсан, зөв талын хойд, урд хаалга цөмөрч зурагдсан, зөв талын урд крыло зурагдсан, кузовны хойд хаалганы дээд талд цөмөрсөн, зөв талын 2 хаалганы доод эмжээр зурагдсаны улмаас 810.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлт тогтоогдож байна. Хохирогч Э.Заяабаяр нь хохирол төлбөрөө авсан,  гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, бичгээр хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч Г.Сүхбаатарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

             Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Г.Сүхбаатар нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч Г.Сүхбаатар нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгч Г.Сүхбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий  6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, түүний хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд ял оногдуулах боломжтой байна.

Шүүхээс шүүгдэгчийг хоёр гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Сүхбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Гал шарга овогт Ганзоригийн Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Г.Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1.000/нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000/нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сүхбаатар нь шүүхээс оногдуулсан 1.000/нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000/нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сүхбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            6. Шүүгдэгч Г.Сүхбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8.  Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Сүхбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР