Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/182

 

 

 

 

 

                                         2022/ШЦТ/182

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Э.Оргилбат

Шүүгдэгч: Д.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дгийн Эад холбогдох эрүүгийн 2212000000159 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1959 оны 04 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ......... оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Дгийн Э/РД:АЮ.........../

 

                 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Э нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бүрд” хүнсний дэлгүүрт хохирогч Э.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгойн тус газарт нь алхаар цохиж эрүүл мэндэд нь толгойн орой зулайн хуйханд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            *Шүүгдэгч Д.Эын шүүх хуралдаанд мэдүүлсэн:

            “...Би тухайн өдөр дэлгүүрт юм авах гэж орсон, тэгээд ороход  хохирогч лангуун дээр нь байсан. Намайг хараад пизда чинь амьд байгаа юм уу, үхдэггүй юм уу гээд байсан. Тэр үед би уурлаад гаргаад явсан. Дэлгүүрээс юм авахаа мартсан байсан тул буцаж ороод авах гэтэл дахиа хохирогч намайг хэл амаар доромжлоод байсан. Би уурлаад халаасанд алах байсан тул аваад цохисон. 2-3 удаа далайсан, 1 удаа цохисон тэр 1 удаагийн цохилтоор гэмтэл учирсан байх. Би ганцаараа амьдардаг намайг дээрэлхээд байдаг. Би цохисон нь үнэн, миний буруу...” гэх мэдүүлэг,

          

            *Эрүүгийн 2212000000159 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Э.Бгийн өгсөн:

“...Би 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр орой 20 цаг өнгөрч байхад гэрийн ойролцоо дэлгүүрт ороод байж байтал Э араас дэлгүүр дотор орж ирсэн тэгэхээр нь ахын мэндийг мэдээд мэнд мэлтийгээд байна уу гэж хэлсэн. Миний санахаар тэр үгэнд л уурласан байх гэж бодож байна. Тэгсэн дэлгүүрээс гарч яваад удалгүй орж ирсэн. Миний толгой хэсэгт алхаар цохисон, би яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Тэгэхээр нь би гарыг нь барьж авахад миний толгойноос их цус гарч байсан, тэгээд дуудлага дуудаж цагдаад өгсөн. Миний толгой хэсэгт 1-2 удаа алхаар цохисон. Би тэр хүнд гар хүрсэн зүйл байхгүй. Дэлгүүрийн худалдагч эгч, Д.Э бид 3 байсан өөр хүн байгаагүй. Би архи уусан байсан бага зэргийн согтолттой байсан. Би архи уусан талаар мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Хуулийн арга хэмжээ авахуулж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-15 дугаар тал/

 

*Гэрч Т.Оийн өгсөн:

“...Би 2022 оны 04 дүгээр сарын 21-ний 17 цаг өнгөрч байхад манай дэлгүүрт Э кофе авах гээд байж байхад гаднаас Э.Б орж ирээд тэр 2 хоорондоо маргалдаад байхаар нь би Эын авсан бал, кофег буцаагаад авсан. Тэгсэн хоорондоо маргалдаж байгаад Э нь гараад явсан. Удалгүй орж ирээд Э.Бг алхаар 2-3 удаа цохисон. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Э.Бг толгой хэсэгт 3 удаа алхаар цохисон. Э.Б, Э бид 3 байсан, өөр хүн байгаагүй. Э нь хэрүүл өдөөд байсан, чи айлын эрх хүүхэд биз дээ гээд зандраад дайраад байсан... “гэх мэдүүлэг /хх-ийн 19-20  дугаар тал/

 

*Хохирогч Э.Бгийн дахин өгсөн:

“...Би 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байсан, би яг сайн нарийн мэдэхгүй байна. Тухайн үед архи уусан байсан, бага зэргийн согтолттой байсан. Миний толгойн хэсэгт гэмтэл учирсан өөр биеийн аль нэг хэсэгт гэмтэл учраагүй. Намайг цохих гээд байхаар нь би гарыг нь барьж аваад өөрийгөө хамгаалсан. Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-32 дугаар тал/

 

*Яллагдагч Д.Эын өгсөн:

“…Би 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гэрийнхээ доод дэлгүүр орж бал кофе авахаар ороход Э.Б намайг үхэх болоогүй хөгшин зөнөг минь гэж хэлээд байсан. Тэгэхээр би дэлгүүрээс гараад гэртээ ороод хаалганы нугасыг чангалж хадчихаад буцаад ороход Э.Б мөн байж байсан тэгснээ мөн л нөгөө хараалаа хэлээд байхаар нь гэнэт уур хүрч карманд байсан алхаараа цохих гэж дайлсан, тэгсэн Э.Б гараараа хаагаад би гарыг барьж аваад байсан. Тэгсэн нэг удаа толгой хэсэгт нь оносон. Тэгээд би гэртээ ороод байж байтал цагдаа нар орж ирээд намайг аваад явсан. Би архи ууссан байсан. Гэхдээ согтсон зүйл байхгүй байсан. Надад гар хүрсэн зүйл байхгүй. Толгойноос нь цус гараад дэлгүүрийн лангууны хажууд цусаа гоожуулаад суусан. Би яг цаг хэд болж байсанг мэдэхгүй байна. Миний багцаагаар 17-18 цагийн болж байсан байх гадаа нартай орой болоогүй байсан. Нэлээн согтуу байсан. Тэгээд намайг элдвээр хэлсэн гэж би бодож байна. Бид 2 хувийн таарамжгүй харилцаатай байсан. Өмнө Э.Б манай гэрийн эд зүйл эвдэлснээс болж хоорондоо маргалдаж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 40-42 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 57 дугаартай“...Э.Бгийн биед толгой орой зулайн хуйханд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд болсон үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 6-7 дугаар тал/

 

  *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

  Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 04 дүгээр сарын 21-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бүрд” хүнсний дэлгүүрт иргэн Э.Б нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Эын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Э нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бүрд” хүнсний дэлгүүрт хохирогч Э.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгойн тус газарт нь алхаар цохиж, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Э.Бгийн”...Миний санахаар тэр үгэнд л уурласан байх гэж бодож байна. Тэгсэн дэлгүүрээс гарч яваад удалгүй орж ирсэн. Миний толгой хэсэгт алхаар цохисон, би яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Тэгэхээр нь би гарыг нь барьж авахад миний толгойноос их цус гарч байсан, тэгээд дуудлага дуудаж цагдаад өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Т.Оийн”...Тэгсэн хоорондоо маргалдаж байгаад Э нь гараад явсан. Удалгүй орж ирээд Э.Бг алхаар 2-3 удаа цохисон. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Э.Бг толгой хэсэгт 3 удаа алхаар цохисон...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Д.Эын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 166 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч Д.Э нь хохирогчийн эрүүл мэндэд толгой орой зулайн хуйханд язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Хохирогчид учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээч дүгнэлтдээ тусгасан тул хохирогчийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй, хохирогчийн эрүүл мэндэд учруулсан гэмтлийг нэг удаагийн цохих цохигдох үйлчлэлээр үүсэх талаар шинжээч мөн дүгнэлтдээ заасан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэнг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Э.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Д.Э нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий  6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг нэг сарын хугацаанд хязгаарлахаар шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй алх 1/нэг/ ширхэгийг устгахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Дгийн Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 1/нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 1/нэг/ сарын хугацаанд хязгаарласугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

            5. Шүүгдэгч Д.Эад хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

             6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй алх 1/нэг/ ширхэгийг устгасугай.

           

            7. Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР