Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/174

 

 

 

 

                                   2022/ШЦТ/174  

 

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

              Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: Ж.Ундармаа

              Шүүгдэгч: Ж.Ж  

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүнд овогт Жгийн Жт холбогдох эрүүгийн 2212000000012 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 2, ээжийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын .............. тоотод суух, урьд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 07/А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Хүнд овогт Жгийн Ж/РД:АЯ............../

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Ж нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулаг хорооллын 18-19а тоотод суух Г.Дгийн эзэмшлийн амбаарт нэвтэрч, 1 ширхэг цахилгаан хөрөө, 1 шуудайтай мах зэргийг хулгайлж, түүнд 382.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

              *Эрүүгийн 2212000000012 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

*Хохирогч Г.Дгийн өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн өглөө хашаанд байдаг амбаараас усны тэргээ авах гээд орох үед урьд өдөр нь байсан буюу 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн өглөө байсан цагаан өнгийн шинэ цахилгаан хөрөө 1 ширхэг, 25 кг хэмжээтэй гурилын цагаан өнгийн шуудайнд хийсэн үхрийн мах 1 шуудай, хулгайд алдагдсан байсан ба тухайн үед цас орсон байсан учраас хулгай хийсэн хүн хаанаас орж ирээд хаашаа явсан зэрэг мөр нь ил байсан миний бодлоор тухайн хулгайч 2021 оны 12 дугаар сарын 23-ний оройхон 18 цагийн орчимд цас дөнгөж орж эхэлж байсан тэр үед л манай амбаар уруу хулгайч орсон гэж бодож байна учир нь гэвэл цасан дээр үүсэн гутлын мөрний хээ мэдэгдэхгүй байсан атлаа цасан дээр гишгэж явсан мөр нь тод байсан учраас би цагийн багцааг нь гаргасан тэгээд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр цагдаа нар манайд ирж үзэж хараад намайг дагуулаад тэр хулгайчийн мөрийг дагаж явж байгаад яг манайх чиглээд ирсэн, манайхаас гараад буцаж хулгай хийхээр гарсан газраа орсон мөрийг нь олж чадаад Наранбулаг хороолол 36-29 тоот айлын хашааны гадаа ирээд гэрт нь орж үзэхэд гэрийнх баруун хаяанд миний хулгайд алдсан цагаан өнгийн цахилгаан хөрөө дүрээрээ байсан. Тэгээд гэрийнх нь хүнээс мах асуухад нэг эмэгтэй хүн намайг дагуулж гараад гэрийнхээ ард байсан цагаан өнгийн эвдэрхий хөлдөөгч дотроос манайхаас алга болсон махан дотор байсан цагаан өнгийн хэсэг тортой махыг гаргаж ирж өгсөн тэгээд би тухайн хүнээс эдгээр зүйлсийн хэн ямар хүн авчирч өгсөн талаар тодруулахад Ж гэж дууддаг залуу авчирсан гэж хэлсэн. Тэгээд би Ж гэдэг залуугаас нь асуухад эхлээд энэ хөрөө минийх би баазаас олж ирсэн гэж ярьж байсан тэгээд сүүлдээ болохоор Молом авч ирсэн гээд худлаа яриад байсан тэр үед цагдаа тухайн Ж гэх залууг манайхаас ирсэн гутлын мөрний хажууд цасан дээр гишгүүлсэн түүнийг нь би харахад Ж гэх залуугийн гуталтай таарч байсан тэгсэн ч тэр Ж гэх залуу би биш гээд байсан түүнээс өөр зүйл мэдэхгүй. Манай хашаанд байрлах модон амбаарыг хаалганы цоожийг эвдэж ороод амбаар дотор байсан цахилгаан хөрөө, шуудайтай мах хоёрыг хулгай хийсэн байсан. Би өөрөө тус цахилгаан хөрөөг хэрэглэж байсан учраас хараад л таньсан хэрвээ нарийн содон шинж тэмдэг гэвэл цахилгаан хөрөөний шугам төмрийн хэрээ хошууны нэг тал нь сэтрээд унасан, хөрөөний гарын хамгаалалт хаймрын оронд цахилгааны хар өнгийн лентээр ороож янзалж байсан. Харин тухайн хэсэг цагаан тортой махны хувьд гэвэл би идэшний үеэр гаргаж янзалсан махаа гялгар торонд хувааж хийж байсан бөгөөд миний гялгар уутанд хийж байсан махан дотор байсан хярамцаг нь үлдсэн байсан учраас тухайн хярамцгийг хараад таньсан гэхдээ манайхыг хулгайд алдах үед тус хярамцаг бүтэн байсан харин олох үед жаахан хөшиглөж хэрэглэсэн байсан. Хулгайд алдсан цахилгаан хөрөөгөө өнгөрсөн жил 220.000 мянган төгрөгөөр худалдаж авч байсан, харин 25 кг шуудайтай алдсан үхрийн махаа 25 кг гэж тооцож байна түүнээс алдаад олж авсан хярамцгаа 6 кг гэж тооцоод 19 кг мах сураггүй алга болсон тул хулгайд алдсан 1 кг махаа 6500 төгрөгөөр нийт 19 кг махаа 114.000 мянган төгрөгөөр үнэлж байна. Одоо хөрөөгөө олж авсан учраас хөрөөндөө бол ямар нэгэн гомдол санал байхгүй, харин олдоогүй 19 кг мах, мөн үнэлгээ гаргуулсан мөнгө өө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-27 дугаар тал/,

 

*Гэрч Д.Гын өгсөн:

“...Өчигдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн өглөө манайд Ж ирээд манай нөхөр болох Г.Цогжаргал, Д ах, Молоо ах нар ирээд 1 шил архи хувааж ууцгаасан түүний дараа манай нөхөр, Д ах хоёр хамт, Молоо ах ганцаараа гараад явсан бөгөөд манай гэрт Ж ах ганцаараа үлдэж хоцорсон. Тэгээд оройны 18 цагийн орчимд манайхаас гарч яваад 19 цаг гээд буцаж ганцаараа орж ирсэн. Ж ах нь манайхаас гарах үедээ хоосон гарч яваад буцаж орж ирэх үедээ цагаан тортой 1 хэсэг мах барьж орж ирсэн тэгэхээр нь би юун мах юм гэж асуухад бааз ороод ирлээ гэж ярьж байсан түүний дараа манай нөхөр ирсэн тэгсэн бас манайд нөхөрт хүртэл танайд мах авчирч өглөө шүү гээд л хэлээд байсан. Тэгээд тэр өдрөө Ж ах манайд хоноод босож ирээд нэг цахилгаан хөрөө байгаа зарах хэрэг байна гэж ярьсан тэгэхээр нь ямар хөрөө юм гэж асуусан чинь би оруулаад ирье гэж гэрээсээ дөнгөж гараад манай хашаан дотроос манай гэрт оруулаад ирсэн гэхдээ би тухайн хөрөөг хаана нуусан байсан талаар нь бол мэдэхгүй байна. Би хүртэл тухайн хөрөөг аваад ороод ирэхээр нь хулгай хийгээгүй биз дээ гэж асуусан чинь үгүй минийх итгэхгүй бол больчихгүй юу гээд байсан тэгээд яриад сууж байтал цагдаа нар ороод ирсэн. Түүний дараа Ж ах Молоо ахыг хулгай хийсэн дэлгүүр дээр таарсан энэ тэр гээд худлаа яриад байсан миний бодлоор Ж ах өөрөө хулгай хийсэн байх яагаад гэвэл манай гэрээс гараад цаг гаран болоод ирэхээр нь яасан хурдан бааз ороод ирэв ээ гэж бодоод түүнээс ямар хурдан яваад ирэв гэхэд Ж ах надад хандаад найз тараад машинаар яваад ирлээ гэж хэлж байсан. Цагаан өнгийн шинэ цахилгаан хөрөө байсан...’’гэх мэдүүлэг /хх-ийн 15-16  дугаар тал/,

 

*Гэрч Б.Бгийн өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн өглөө хашаанд байдаг амбаараас усны тэргээ авах гээд манай орох үед урд өдөр нь байсан буюу 2021 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн өглөө байсан цагаан өнгийн шинэ цахилгаан хөрөө 1 ширхэг, 25 кг хэмжээтэй гурилын цагаан өнгийн шуудайнд хийсэн үхрийн мах 1 шуудай, хулгайд алдагдсан байсан ба тухайн үед цас орсон байсан учраас хулгай хийсэн хүн хаанаас орж ирээд хаашаа явсан зэрэг мөр нь ил байсан миний бодлоор тухайн хулгайч 2021 оны 12 дугаар сарын 23-ний оройхон 18 цагийн орчимд цас дөнгөж орж эхэлж байсан тэр үед л манай амбаар уруу хулгайч орсон гэж бодож байна учир нь гэвэл би тухайн өдөр бүтэн өдөр гэртээ өнжсөн бөгөөд ямар нэгэн чимээн шугайн бол огт гараагүй цасан дээр үүсэн хулгайчийн гутлын мөрний хээ мэдэгдэхгүй байсан атлаа цасан дээр гишгэж явсан мөр нь тод байсан учраас би цагийн багцааг нь нөхрийнхөө хамт гаргасан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр цагдаа нар манайд ирж үзэж хараад манай нөхрийг дагуулаад явсан тэгээд хэсэг хугацааны дараа манай нөхөр хулгайд алдсан цахилгаан хөрөө, алдсан махан дотор гялгар ууттай байсан хэсэг хярамцгаа олсон гээд гэртээ бариад ирсэн тэгээд би хаанаас олсон талаар асуухад манай саахалт айл буюу миний ангид хүүхэд нь явдаг ээжийг нь Д.Га гэж дууддаг айлаас оллоо гээд ирсэн түүнээс өөр зүйл бол би мэдэхгүй байна. Манай хулгайд алдсан цахилгаан хөрөөгөө бол хараад шууд таньсан манай нөхрийн авчирсан хөрөө бол манайх байсан, алдсан шуудайтай махан дотор байсан гялгар ууттай хярамцаг бас мөн байсан харин тус хярамцаг алдах үедээ бүтэн байсан бол буцаад олоод ирэх үедээ хажуу талаас нь хөшиглөөд хэрэглэсэн байсан. Би өөрийн алдсан эд зүйлсийнхээ үнэлгээний талаар бол надад мэдэх зүйл байхгүй тэр талаар манай нөхөр болох Д.Га сайн мэднэ. Мөн тус хэрэгт маш их гомдол саналтай байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-31 дүгээр тал/

 

*Гэрч А.Эын өгсөн:

“...2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 13 цаг өнгөрч байхад Цагдаагийн газраас айлд хулгай орлоо гэж дуудлага мэдээлэл ирж, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ж.Баттамирын хамт Архангай аймаг Эрдэнэбулган сумын 5-р баг Наранбулаг хороолол 18-19А тоотод очиход тус хашаанд байрлах айлын амбаараас эд зүйлс алдагдсан байсан тэгээд “Пуумаа” дуудлагатай албаны эрэлч нохойгоо тухайн хашааны зүүн талаас давж хашаанаас гарсан газраас гутлын мөрнөөс үнэр авхуулж үнэр хөөлгөхөд тус айлаас чанх баруун зүгт шороон төв замын баруун талд Наранбулаг хороолол 36-29 тоот хашааны хаалган тулж ирсэн тэгээд тухайн айлд мөрдөгчийн хамт орж үзэхэд тус хашаанд байрлах гэрт хулгайд алдсан гэх цагаан өнгийн цахилгаан хөрөө, гэрийн ард байрлах цагаан өнгийн хөлдөөгч дотроос цагаан өнгийн ууттай хэсэг мах гарч ирсэн ба тухайн айлд 3 эрэгтэй 1 эмэгтэй хүн байсан бөгөөд тухайн хөрөө Ж гэж залуу авчирсан гэж бид нарт хэлсэн. Тэр үед Ж гэж дууддаг залуу эхэндээ миний хөрөө би урд бааз дээрээс олж ирсэн гэж ярьж байсан тэгсэн сүүлдээ Молом гэж дууддаг хүн надад өгсөн гээд яриад эхэлсэн түүнээс хойш надад мэдэх зүйл байхгүй. Цагаан өнгийн шинэ цахилгаан хөрөө байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 32-33 дугаар тал

 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаартай: “...25 кг үхрийн мах 162.500/нэг зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөг, цахилгаан хөрөөний үнэ 220.000/хоёр зуун хорин мянга/ төгрөг нийт 382.500/гурван зуун наян хоёр мянга таван зуу/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 33 дугаар тал/

 

*Яллагдагч Ж.Жийн өгсөн:

“...Би өмнө 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө үйлдсэн хэргийнхээ талаар бүх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа тул одоо дахин ярих шаардлага байхгүй би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. архи ууснаас хулгайн хэрэг үйлдсэн байна. би өмнө гэмт хэрэгт холбогдсоноос хойш огт гэмт хэрэг үйлдээгүй байсан архи ууснаас л боллоо миний буруу би ажлаа хийж байгаад цалингаа авахаар хохирогчийн 114 мянган төгрөгийг барагдуулах болно...” гэх мэдүүлэг/хх-ийн 60-61 дүгээр тал/  

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 62 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Ж.Жт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

   Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулаг хороололд байх иргэн Г.Дгийн эзэмшлийн амбаараас 1 ширхэг цахилгаан хөрөө, 1 шуудайтай мах зэрэг эд зүйлс хулгайд алдагдаж, түүнд 382.500 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Ж.Ж нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулаг хорооллын 18-19а тоотоос иргэн Г.Дгийн эзэмшлийн амбаараас 1 ширхэг цахилгаан хөрөө, 1 шуудайтай мах зэрэг эд зүйлс хулгайлан авч, түүнд 382.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай  болох нь хохирогч Г.Дгийн”...2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн өглөө хашаанд байдаг амбаараас усны тэргээ авах гээд орох үед урьд өдөр нь байсан буюу 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн өглөө байсан цагаан өнгийн шинэ цахилгаан хөрөө 1 ширхэг, 25 кг хэмжээтэй гурилын цагаан өнгийн шуудайнд хийсэн үхрийн мах 1 шуудай, хулгайд алдагдсан байсан ба тухайн үед цас орсон байсан учраас хулгай хийсэн хүн хаанаас орж ирээд хаашаа явсан зэрэг мөр нь ил байсан миний бодлоор тухайн хулгайч 2021 оны 12 дугаар сарын 23-ний оройхон 18 цагийн орчимд цас дөнгөж орж эхэлж байсан тэр үед л манай амбаар уруу хулгайч орсон гэж бодож байна учир нь гэвэл цасан дээр үүсэн гутлын мөрний хээ мэдэгдэхгүй байсан атлаа цасан дээр гишгэж явсан мөр нь тод байсан учраас би цагийн багцааг нь гаргасан тэгээд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр цагдаа нар манайд ирж үзэж хараад намайг дагуулаад тэр хулгайчийн мөрийг дагаж явж байгаад яг манайх чиглээд ирсэн, манайхаас гараад буцаж хулгай хийхээр гарсан газраа орсон мөрийн олж чадаад Наранбулаг хороолол 36-29 тоот айлын хашааны гадаа ирээд гэрт нь орж үзэхэд гэрийнх баруун хаяанд миний хулгайд алдсан цагаан өнгийн цахилгаан хөрөө дүрээрээ байсан. Тэгээд гэрийнх нь хүнээс мах асуухад нэг эмэгтэй хүн намайг дагуулж гараад гэрийнхээ ард байсан цагаан өнгийн эвдэрхий хөлдөөгч дотроос манайхаас алга болсон махан дотор байсан цагаан өнгийн хэсэг тортой махыг гаргаж ирж өгсөн тэгээд би тухайн хүнээс эдгээр зүйлсийн хэн ямар хүн авчирч өгсөн талаар тодруулахад Ж гэж дууддаг залуу авчирсан гэж хэлсэн. Тэгээд би Ж гэдэг залуугаас нь асуухад эхлээд энэ хөрөө минийх би баазаас олж ирсэн гэж ярьж байсан тэгээд сүүлдээ болохоор Молом авч ирсэн гээд худлаа яриад байсан тэр үед цагдаа тухайн Ж гэх залууг манайхаас ирсэн гутлын мөрний хажууд цасан дээр гишгүүлсэн түүнийг нь би харахад Ж гэх залуугийн гуталтай таарч байсан тэгсэн ч тэр Ж гэх залуу би биш гээд байсан түүнээс өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Д.Гын”...2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн өглөө манайд Ж ирээд манай нөхөр болох Г.Цогжаргал, Д ах, Молоо ах нар ирээд 1 шил архи хувааж ууцгаасан түүний дараа манай нөхөр, Д ах хоёр хамт, Молоо ах ганцаараа гараад явсан бөгөөд манай гэрт Ж ах ганцаараа үлдэж хоцорсон. Тэгээд оройны 18 цагийн орчимд манайхаас гарч яваад 19 цаг гээд буцаж ганцаараа орж ирсэн. Ж ах нь манайхаас гарах үедээ хоосон гарч яваад буцаж орж ирэх үедээ цагаан тортой 1 хэсэг мах барьж орж ирсэн тэгэхээр нь би юун мах юм гэж асуухад бааз ороод ирлээ гэж ярьж байсан түүний дараа манай нөхөр ирсэн тэгсэн бас манайд нөхөрт хүртэл танайд мах авчирч өглөө шүү гээд л хэлээд байсан. Тэгээд тэр өдрөө Ж ах манайд хоноод босож ирээд нэг цахилгаан хөрөө байгаа зарах хэрэг байна гэж ярьсан тэгэхээр нь ямар хөрөө юм гэж асуусан чинь би оруулаад ирье гэж гэрээсээ дөнгөж гараад манай хашаан дотроос манай гэрт оруулаад ирсэн гэхдээ би тухайн хөрөөг хаана нуусан байсан талаар нь бол мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бгийн”...2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн өглөө хашаанд байдаг амбаараас усны тэргээ авах гээд манай орох үед урд өдөр нь байсан буюу 2021 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн өглөө байсан цагаан өнгийн шинэ цахилгаан хөрөө 1 ширхэг, 25 кг хэмжээтэй гурилын цагаан өнгийн шуудайнд хийсэн үхрийн мах 1 шуудай, хулгайд алдагдсан байсан ба тухайн үед цас орсон байсан учраас хулгай хийсэн хүн хаанаас орж ирээд хаашаа явсан зэрэг мөр нь ил байсан миний бодлоор тухайн хулгайч 2021 оны 12 дугаар сарын 23-ний оройхон 18 цагийн орчимд цас дөнгөж орж эхэлж байсан тэр үед л манай амбаар уруу хулгайч орсон гэж бодож байна учир нь гэвэл би тухайн өдөр бүтэн өдөр гэртээ өнжсөн бөгөөд ямар нэгэн чимээн шугайн бол огт гараагүй цасан дээр үүсэн хулгайчийн гутлын мөрний хээ мэдэгдэхгүй байсан атлаа цасан дээр гишгэж явсан мөр нь тод байсан учраас би цагийн багцааг нь нөхрийнхөө хамт гаргасан...” гэх мэдүүлэг, гэрч А.Эын”...2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 13 цаг өнгөрч байхад Цагдаагийн газраас айлд хулгай орлоо гэж дуудлага мэдээлэл ирж, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ж.Баттамирын хамт Архангай аймаг Эрдэнэбулган сумын 5-р баг Наранбулаг хороолол 18-19А тоотод очиход тус хашаанд байрлах айлын амбаараас эд зүйлс алдагдсан байсан тэгээд “Пуумаа” дуудлагатай албаны эрэлч нохойгоо тухайн хашааны зүүн талаас давж хашаанаас гарсан газраас гутлын мөрнөөс үнэр авахуулж үнэр хөөлгөхөд тус айлаас чанх баруун зүгт шороон төв замын баруун талд Наранбулаг хороолол 36-29 тоот хашааны хаалган тулж ирсэн тэгээд тухайн айлд мөрдөгчийн хамт орж үзэхэд тус хашаанд байрлах гэрт хулгайд алдсан гэх цагаан өнгийн цахилгаан хөрөө, гэрийн ард байрлах цагаан өнгийн хөлдөөгч дотроос цагаан өнгийн ууттай хэсэг мах гарч ирсэн ба тухайн айлд 3 эрэгтэй 1 эмэгтэй хүн байсан бөгөөд тухайн хөрөө Ж гэж залуу авчирсан гэж бид нарт хэлсэн...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаартай дүгнэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Ж нь хохирогч Г.Дгийн амбаар буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг авсан буюу эд хөрөнгийн өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Жт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт  зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Ж.Жийг хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Хохирол хор уршгийн талаар:

              Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Дд 382.500 төгрөгийн хохирол учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Г.Дгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, хохирол төлбөр төлсөн банкны дансны хуулга зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ж.Жт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдав.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялаас доогуур ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж дүгнэв.

 

              Шүүгдэгч Ж.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд хорих ял оногдуулсан тул урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хүнд овогт Жгийн Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жийг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жт оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  5. Шүүгдэгч Ж.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Жт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР