| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2018/00152/И |
| Дугаар | 153 |
| Огноо | 2018-03-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 153
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би *******ийн нэхэмжлэлтэй *******ад холбогдох “50.000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлтэй иргэний хэрэгтэй танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... *******аас 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 6 шуудай /1 шуудай-20.000 төгрөг/ төмсийг Баярхүү, Энхцог хоёрын хамт очиж худалдан авсан. Төмсийг гэртээ ирээд үзтэл ургаж, зөөлөрсөн маш жижиг муу төмс байна авахгүй гээд манайд авчирч өгсөн. Би тэр дор нь ******* руу утасдаад хэлтэл би хотод байна гэсэн. 2018 оны 02 дугаар сарын 03-нд Шаамарын таксины Болдбаатарт 17 цагийн үед өгя явуулаад *******ын эхнэр лүү утасдаж 2 шуудай төмсийг явууллаа гэж хэлсэн. Болдбаатар гадаа нь очоод эхнэр лүү утасдаж гарч ирээд төмсөө ав гэтэл үүдэнд тавьчих гэхээр нь танай нохой дайрна ш дээ гэсэн чинь модоор айлгаж байгаад тавьчих гээд утсаа тасалсан гэсэн тэгээд Болдбаатар үүдэнд нь тавьчаад яваад өгсөн. Дараа нь би *******ыг хотоос ирэхээр нь 2 шуудай төмсний мөнгийг нэхтэл мөнгийг чинь өгөхгүй шүүхдээд аваарай гэсэн. Иймд 2 шуудай төмсний 40.000 төгрөг, тээврийн зардал 10.000 төгрөг, нийт 50.000 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт ******* нь нэхэмжлэлийн шаардлагын дагуу 50.000 төгрөгнөөс 40.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл 10.000 төгрөгийг авахаас татгалзаж байгаа учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү! гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******ээс хариуцагч *******ад холбогдуулан “50.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******т төлөх 50.000 төгрөгнөөс 40.000 төгрөгийг төлж үлдэгдэл 10.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 5.450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 5.450 төгрөгний тал хувь болох 2.725 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2.725 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч *******ад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар *******ийн нэхэмжлэлтэй *******ад холбогдох 50.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 5.450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 5.450 төгрөгний тал хувь болох 2.725 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2.725 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ