Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/175

 

 

 

 

 

                                   2022/ШЦТ/175

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Э.Оргилбат  

Шүүгдэгч: К.Ба

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр  ирүүлсэн Боржгин овогт Кгийн Бад холбогдох эрүүгийн 2212000000158 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, эрэгтэй, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Архангай аймгийн ..........., дасгалжуулагч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ............тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн шүүхийн №194 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90.2 дугаар зүйлд зааснаар 9 жил хорих ялаар шийтгэгдсэн, 1996 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн шүүхийн №177 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.2, 90.2 дугаар зүйлд тус тус зааснаар 6 жил 4 сар 24 хоног хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт Кгийн Ба/РД:АА............../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч К.Ба нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Тамир хорооллын ........... тоотод оршин суух насанд хүрээгүй хохирогч Б.Чийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эцэг К.Ба нь хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь нурууны дунд хэсэг, баруун гуяны гадна дээд, дунд хэсэгт цус хуралт гэмтэл бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2212000000158 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Насанд хүрээгүй хохирогч Б.Чийн өгсөн:

“...2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хичээлээ тараад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 13-1329 тоотод байх гэртээ 13 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд төлөг, тугалуудаа усалчхаад гэртээ хэсэг байж байгаад 16 цагийн үед мэргэжил сонголтын талаар сэтгэл зүйчтэй уулзахаар сургууль руугаа явсан. Тэгээд сэтгэл зүйчтэй уулзаж байж байгаад 18 цаг өнгөрч байхад /байхаа цагийг яг тодорхой санахгүй байна/ замаараа Гост дэлгүүр ороод хүнсний ногоо авчхаад гэртээ ирсэн. Намайг сэтгэл зүйчтэй уулзчихаад гарч ирсэн чинь аав, ээж 2 нэлээн олон удаа залгачихсан байсан. Би сэтгэл зүйчтэй уулзахдаа утасныхаа дууг хаагаад цүнхэндээ утсаа хийчихсэн байсан юм. Тэгээд гарч ирээд залгах гэсэн чинь утас гуравхан хувьтай болчхоод залгаж болохгүй байсан. Намайг гэртээ ирээд хашаандаа орж ирсэн чинь аав хашааны хогийг малтаад зогсож байснаа намайг харснаа “ор чи” гээд загнасан. Би утсаа аваагүй гээд ууртай байгаа юм байна даа гэж бодсон. Тэгээд байшин руу орсон чинь намайг куртикээ тайл гээд загнаад эхлэхээр нь дотуураа ганц нимгэн цамцтай байгаа даа зодох гэж байгаа байж магадгүй гэж бодоод тайлахгүй зогсоод байсан. Тэгсэн чинь том өрөө руу чирч орсноо өмдний тэлээгээ аваад намайг нуруу, бөгс, гуя хэсэг рүү нэлээн хэдэн удаа ороолгосон. Намайг ороолгоод байхаар нь би том өрөөнийхөө цонхыг онгойлгоод туслаарай гээд орилсон тэгсэн чинь аав цонхыг хаасан. Намайг тэлээгээрээ ороолгоод толгой руу гараараа цохиод утсаа өг гэхээр нь утсаа өгсөн чинь миний утсыг хана руу саваад эвдэлсэн. Тэгээд гарч яваад хашаагаа цэвэрлэж байгаад хогоо асгах гээд машинаа асаагаад гараад явсан. Би өөрийнхөө өрөөнд орж уйлж сууж байгаад гэрээсээ зугтаамаар байна гээд хүүхдийн тусламжийн 108 дугаар руу залгаад хэлчихсэн юм. Тэгээд аавыг ирээд бас уурлаад унах байх гэж бодоод галаа түлээд хоолны махаа гаргачхаад байж байтал цагдаа нар манай гэрт ирээд би цагдаа дээр ирсэн юм. Намайг аав өмнө нь зодож байсан. 2019 оны сүүлээр ээж Улаанбаатар хотод ажиллахаар явсан юм. Тэр өвөл намайг 8 дугаар ангид байхад аав гэртээ нэг согтуу эгчтэй хамт ирсэн юм. Тэгэхээр нь би тэрийг ээжид хэлэх нь зөв байх гэж бодоод залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгэхээр ямар тай ч гарч байгаад залгая гэж бодоод шөнө 01 цагийн үед гэрээсээ гараад 10 давхарт байдаг найзындаа очих гээд явсан чинь тэр найз маань гэртээ байгаагүй. Тэгэхээр нь би тэдний орцонд байж байсан чинь аав намайг гэрээсээ гараад явсныг мэдээд над руу залгаад намайг янз бүрийн болж бүтэхгүй хүмүүстэй нийлээд явчихлаа л гэж бодсон юм билээ. Би тэр үед аавд “ээжтэй ярих гэж гэрээсээ гарсан гэж хэлэлтэй биш юу гэж хэлэхээ мэдэхгүй эмнэлэг дээр байна гэж худлаа хэлчхээд аавыг эмнэлэг рүү явсан хойгуур нь би зөрөөд гэр рүүгээ орсон. Намайг гэртээ орж ирэхэд аав гэртээ байхгүй байсан. Тэгсэн аав намайг юу гэж худлаа яриад байдаг юм гээд нэлээн удаан тэлээгээр зодсон. Манай эгч намайг 5 дугаар ангид байхад л 12 төгсөөд гэрээсээ гараад явчихсан дүү жаахан байсан болохоор би гэрийнхээ хамаг хар бор ажлыг хийдэг, шөрмөс сайтай байсан. Маргааш өглөө нь босож ирэхэд нуруу орчим хорсоод байгаа мэдрэмж төрсөн. Би тэр үед аавд зодуулсан талаараа хэнд ч хэлээгүй. Түүний дараа 2021 оны 12 дугаар сард /зулын 25-ны  өдөр/ манай гэрт баахан хүмүүс ирчихсэн аавтай цуг архи ууж байсан. Тэгээд байж байтал орой 20 цагийн үед манай найз залгаад өнөөдөр чинь зулын 25 юм байна гарч зул өргөе гэхээр нь ээж рүү утсаар ярьж хэлээд, аавд өөрт нь бас хэлээд зөвшөөрөл аваад гарсан. Би зулаа өргөчхөөд харж явтал 21 цаг 50 минутын үед аав над руу залгаад хаана байгаа гэртээ ир гэж орилоод байсан. Тэгсэн удаагүй ээж залгаад чи чинь яасан уддаг юм бэ аав чинь чамайг ирээгүй байна гээд уурлаад муухай орилоод байна гэсэн. Тэгэхээр шууд гэр рүүгээ яваад орсон чинь аавтай хамт байсан хүмүүс явчихсан, аав нэлээн их согтчихсон байсан. Намайг яасан их уддаг юм гээд миний нүүр рүү гараараа 4, 5 удаа цохисон. Тэгээд ээж рүү залгаад муухай, муухай орилж байгаад унтаад өгсөн. Тэр өдөр аав намайг зодсоныг ээж мэдээд санаа зовоод над руу залгасан. Өглөө нь босож ирээд нүүрээ толинд харсан чинь нэг нүд жижиг болчихсон, хацар дээр хөндүүртэй байсан. Би тэр өдөр хичээлдээ яваагүй. Маргааш нь аав намайг цохисноо санахгүй, аав нь тэгсэн юм уу гээд байсан. Тэр өдөр намайг аав загнаад муухай орилоод байсныг тухайн өдөр надтай хамт явж байсан манай найз Намуун-Уянга сонссон. Ээж гэртээ байдаг байхдаа аавыг намайг зодох гэхээр ээж өмөөрдөг байсан. Манай аав үе үе найз нөхөд хөдөөгөөс ирэх эсвэл ажил дээр нь уух шалтгаан гарсан үед уучхаад ирдэг. Манай ээж, аав 2 таарч тохирохгүй маргалдаад байдаг болохоор ээж Улаанбаатар хот руу явсан. Манай мал Өгийнуур суманд байдаг юм. Тэгээд одоо малчин олдохгүй байна гээд аав ээжийг ир гээд байдаг юм. Ээж гэхдээ ирэхгүй байх гэж бодож байна. Манай ээжийг зоддог байсан. Эгч Цийг гэртээ байхад ээж хамт байдаг байсан болохоо өмөөрдөг байсан. Тэгээд ч намайг бүр бага байхад ээж аав 2 эвтэй байдаг байсан тэр бүр зодоон цохион болоод байдаггүй, хааяа нэг ам зөрөлддөг л байсан. Тийм болохоор эгчийг нэг зодоод байдаггүй байсан. Манай эгч одоо Өмнөговь аймагт ээлжээр ажилладаг. Ээлжгүй үедээ Улаанбаатар хотод гэртээ байдаг, аймагт хааяа нэг ирдэг. Дүү жаахан байсан болохоор зоддоггүй байсан. Намайг Улаанбаатар хотод байхад аав ээжийг зодоод байхаар нь ээж цагдаад дуудлага өгчихсөн байсан. Тэр үед цагдаа ирээд уулзаад ээж, аавыг нэг удаадаа больё гээд аваад үлдсэн байсан. Үүнээс өөрөөр дуудлага өгч байгаагүй байх гэж бодож байна. Аавыг миний эцэг байхаас түдгэлзүүлж өгөөч гэж хүсэж байна. Мөн аавыг ял авахуулмааргүй байна. Өөр санал хүсэлт алга...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-22 дугаар тал/

 

*Насанд хүрээгүй хохирогч Б.Чийн дахин өгсөн:

“...Би өмнө нь аавдаа дээрх хугацаанд загнуулж байсан талаараа хэлж байсан. Тухайн үед мэдүүлэг тайлбар өгөхдөө аавыг намайг загнаж, хэрүүл маргаан хийж байсан болохоор тэр асуудлынхаа талаар хэлж, мэдүүлсэн. Мөн тухайн хэрүүл маргааны талаар би хэн нэгэн хүнд хэлж байгаагүй, аав К.Ба нь намайг эмнэлгийн байгууллагад үзүүлж тусламж авах хэмжээний зодож цохиж байгаагүй, загнаж байсан болохоор би эмнэлгийн байгууллагад үзүүлж байгаагүй. Би тухайн үедээ аавтайгаа маргалдсан байсан болохоор уур хүрээд шууд л мэдүүлэг өгсөн. Эрүүгийн хариуцлагын талаар сайн ойлгоогүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 83-84 дүгээр тал/

 

*Гэрч Ш.Нгийн өгсөн:

“...Б.Ч нь дуугүй, хөдөлгөөн багатай, хэр баргийн юманд дуугарахгүй. Өөрт шаардлагатай зүйл дээр бусадтай харилцдаг, бага байхын ийм зан араншинтай хүүхэд байсан. Сурлагын хувьд дунджаас дээгүүр үнэлгээтэй байдаг. Б.Чийн аав нь хүүхдэдээ маш их анхаарал тавьдаг. Надтай ганц харьцдаг хүн нь байгаа юм. Хүүхдийн асуудлыг байнга асууж сураглаж, юу нь болж байна, юу нь болохгүй байна, гэртээ ирээд хичээлээ хийхгүй байна, сурлага нь юу болж байна гэж асууж сураглаж байдаг. Багаар бодоход сардаа 3 удаа залгаж асуудаг. Б.Чийн ээж, эгч 2 нь хамт байдаггүй, аав, дүү 2-тойгоо хамт байдаг юм. Аавтайгаа бол энгийн харилцаатай байдаг. Би ер нь энэ ангийг дааж авснаас хойш аавтай нь харьцаг байсан. Ээж нь ер нь надтай бараг харьцаж байгаагүй. Хүүхдүүдийнхээ төлөө явдаг ганц хүн нь аав нь байгаа. Надад өмнө аавдаа зодуулсан загнуулсан гэж огт ярьж байгаагүй. Ер нь Б.Ч нь асуудлаа хүнд яриад байхаар нээлттэй хүүхэд биш. Б.Ч нь Номун-Уянга гэдэг охинтой нийлж нөхөрлөдөг. К.Ба нь хүүхдийн эцэг эхийн хуралд идэвхтэй оролцдог. Үр хүүхдийнхээ төлөө санаа тавьдаг, хамтарч ажилладаг хүн байгаа. Б.Ч нь дүүгээ хичээлд нь хүргэж өгдөг болохоор эхний цаг дээр хожигдож ирдэг. Тэрнээс хичээл таслаад байдаггүй. 2022 оны 03 дугаар сарын дунд үеэс эхлээд ааш зан өөрчлөгдөөд өмнө нь байснаасаа тэс өөр болоод байгаа байдал анзаарагдсан. Миний ажиглаж харснаар өөрийнхөө гадна дүр төрхөө өөрчлөөд нүүрээ будаад үсээ гэзгээ будаад өмсдөг хувцаслалтаа хүртэл өөрчилсөн. Дотно нөхөрлөдөг найзаасаа харьцаагаа хөндийрүүлээд уур уцаартай болоод байх шиг санагдсан. Би хичээлийн улирлын төгсгөлд өөртэй нь нэг удаа ярилцаж үзсэн. Мөн аавдаа зодуулсан асуудал гарсных нь дараа ганцаарчилж уулзахад аав намайг ерөөсөө ойлгохгүй байна, миний өөрчлөлтийг ойлгож хүлээж авахгүй, буруу зам руу орж байна гэж бодоод байна. Би өөрөө өөртөө өөрчлөлт хийгээд нийгэмд оролцоотой хүн больё гэж бодоод өөртөө аптет хийж байгаа юм. Энэ байдлыг маань аав ойлгохгүй намайг буруугаар ойлгоод байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-27 дугаар тал/

 

*Гэрч П.Мгийн өгсөн:

“...2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр сурагчийн амралтаар миний охин Б.Ч нь дүүгийн хамт Улаанбаатар хотод ирсэн юм. Би цэцэрлэгийн багш болохоор өглөө 06 цагийн үед гараад орой 19 цагийн үед гэртээ ирдэг юм. Намайг ажилтай байх үеэр Б.Ч дэлгүүр хоршоогоор орж юм үзэж байна аа гээд ярьдаг, 2, 3 удаа 22 цаг, 23 цаг өнгөрөөж ирээд болохгүй байсан. Би олны хөлийн газар оройтож ирээд байхаар аав руу залгаад охин оройтож ирлээ, хэд хэдэн удаа давтагдлаа гээд аавд нь хэлчихсэн юм. Тэр үедээ би охиноо буруу замаар орчих вий гэж бодоод санаа зовоод л аав руу нь хэд хэд ярьсан. Тэрнээс болоод аав нь бухимдаад 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр охиндоо гар хүрсэн юм билээ. Тэрнээс манай нөхөр К.Ба нь хүүхдүүддээ гар хүрээд байдаггүй. Би амьдралын эрхээр ажил хийх гээд Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан. Мөн өөрийн настай ээжийг харж хандаж байгаад зуны цагт аймагт гэртээ ирдэг юм. Би Архангай аймагт ирээд охинтойгоо ярилцсан юм. Тэгсэн энэ хичээлийн жилд ангид нь Налайх дүүргээс шилжиж ирсэн хүүхэдтэй Улаанбаатар хотод уулзаад найзалж нөхөрлөөд хамт гадуур яваад байсан юм билээ. Тэрнээс миний охин өмнө нь гадуур яваад байдаггүй байсан юм. Манай нөхөр охиноо нэг их сүртэй зодож нүдээгүй байх л гэж бодож байна. Ер нь хүүхдүүддээ зодож нүдээд байдаг хүн биш байгаа юм. Би хүүхдээ охин хүүхэд болохоор нь дураар нь өсгөсөн. Тэгээд ер нь хүний үг даахгүй хүн үг хэлэхээр зөрүүдлээд байдаг. Тэгээд ч одоо шилжилтийн насан дээрээ явж байгаа. Нөхөр бид 2 гэр бүлийн асуудлаас болоод хааяа нэг хэрэлдэж маргалдах асуудал байдаг юм. Манай нөхөр намайг зодож цохиж байгаагүй. Би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч байгаагүй. Манай нөхөр К.Ба нь Архангай аймгийн Биеийн тамир спортын газарт ажилладаг, дээрээс нь 5 мал хашаандаа тэжээдэг. Өвлийн цагт нь хүүхдүүдээ харж ханддаг гээд маш их ажилтай, амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй хүн байгаа юм. Тэрнээс хүүхдүүд болон намайг айлган сүрдүүлж дарамталдаг асуудал байхгүй. Ажил ихтэй байдаг болохоор уурлаж бухимдах асуудал байдаг л юм. Би охиныгоо буруу замаар орчих вий гэж бодоод гадуур яваад байна яана аа ийнээ гээд хэлчихсэн, тэрнээс болоод уурлаж бухимдаад тэр өдөр охиндоо гар хүрсэн юм билээ. Миний охин Б.Ч нь хүн юм асуухаар дуугардаггүй, зөрүүд, өөрийнхөөрөө зүтгээд байдаг зантай. Сүүлийн үед шилжилтийн насан дээрээ ирчихээд зан араншин нь өөрчлөгдөөд гадаад үзэмж энэ тэрээ өөрчлөөд байгаа юм. Сая хотод ирчихээд аймар урт хумс хийлгэчихээр нь сургуулийн хүүхдэд арай урт юм биш үү гэсэн чинь уурлаад өөрийнхөөрөө зүтгээд байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-33 дугаар тал/

 

*Яллагдагч К.Бын өгсөн:

“...Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 51-52 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 164  дугаартай“...Б.Чийн биед нурууны дунд хэсэг, баруун гуяны гадна дээд, дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх цус хуралт гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч К.Ба холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

     Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 04 дүгээр сарын 12-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Тамир хорооллын 13-1369 тоотод иргэн Б.Ч нь төрсөн эцэгтээ  зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч К.Ба нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн охин Б.Чийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч Б.Чийн”...Намайг гэртээ ирээд хашаандаа орж ирсэн чинь аав хашааны хогийг малтаад зогсож байснаа намайг харснаа “ор чи” гээд загнасан. Би утсаа аваагүй гээд ууртай байгаа юм байна даа гэж бодсон. Тэгээд байшин руу орсон чинь намайг куртикээ тайл гээд загнаад эхлэхээр нь дотуураа ганц нимгэн цамцтай байгаа даа зодох гэж байгаа байж магадгүй гэж бодоод тайлахгүй зогсоод байсан. Тэгсэн чинь том өрөө руу чирч орсноо өмдний тэлээгээ аваад намайг нуруу, бөгс, гуя хэсэг рүү нэлээн хэдэн удаа ороолгосон. Намайг ороолгоод байхаар нь би том өрөөнийхөө цонхыг онгойлгоод туслаарай гээд орилсон тэгсэн чинь аав цонхыг хаасан. Намайг тэлээгээрээ ороолгоод толгой руу гараараа цохиод утсаа өг гэхээр нь утсаа өгсөн чинь миний утсыг хана руу саваад эвдэлсэн. Тэгээд гарч яваад хашаагаа цэвэрлэж байгаад хогоо асгах гээд машинаа асаагаад гараад явсан. Би өөрийнхөө өрөөнд орж уйлж сууж байгаад гэрээсээ зугтаамаар байна гээд хүүхдийн тусламжийн 108 дугаар руу залгаад хэлчихсэн юм. Тэгээд аавыг ирээд бас уурлаад унах байх гэж бодоод галаа түлээд хоолны махаа гаргачихаад байж байтал цагдаа нар манай гэрт ирээд би цагдаа дээр ирсэн юм. Намайг аав өмнө нь зодож байсан. 2019 оны сүүлээр ээж Улаанбаатар хотод ажиллахаар явсан юм. Тэр өвөл намайг 8 дугаар ангид байхад аав гэртээ нэг согтуу эгчтэй хамт ирсэн юм. Тэгэхээр нь би тэрийг ээжид хэлэх нь зөв байх гэж бодоод залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгэхээр ямар тай ч гарч байгаад залгая гэж бодоод шөнө 01 цагийн үед гэрээсээ гараад 10 давхарт байдаг найзындаа очих гээд явсан чинь тэр найз маань гэртээ байгаагүй. Тэгэхээр нь би тэдний орцонд байж байсан чинь аав намайг гэрээсээ гараад явсныг мэдээд над руу залгаад намайг янз бүрийн болж бүтэхгүй хүмүүстэй нийлээд явчихлаа л гэж бодсон юм билээ. Би тэр үед аавд “ээжтэй ярих гэж гэрээсээ гарсан гэж хэлэлтэй биш юу гэж хэлэхээ мэдэхгүй эмнэлэг дээр байна гэж худлаа хэлчхээд аавыг эмнэлэг рүү явсан хойгуур нь би зөрөөд гэр рүүгээ орсон. Намайг гэртээ орж ирэхэд аав гэртээ байхгүй байсан. Тэгсэн аав намайг юу гэж худлаа яриад байдаг юм гээд нэлээн удаан тэлээгээр зодсон. Маргааш өглөө нь босож ирэхэд нуруу орчим хорсоод байгаа мэдрэмж төрсөн. Би тэр үед аавд зодуулсан талаараа хэнд ч хэлээгүй. Түүний дараа 2021 оны 12 дугаар сард манай гэрт баахан хүмүүс ирчихсэн аавтай цуг архи ууж байсан. Тэгээд байж байтал орой 20 цагийн үед манай найз залгаад өнөөдөр чинь зулын 25 юм байна гарч зул өргөе гэхээр нь ээж рүү утсаар ярьж хэлээд, аавд өөрт нь бас хэлээд зөвшөөрөл аваад гарсан. Би зулаа өргөчхөөд харж явтал 21 цаг 50 минутын үед аав над руу залгаад хаана байгаа гэртээ ир гэж орилоод байсан. Тэгсэн удаагүй ээж залгаад чи чинь яасан уддаг юм бэ аав чинь чамайг ирээгүй байна гээд уурлаад муухай орилоод байна гэсэн. Тэгэхээр шууд гэр рүүгээ яваад орсон чинь аавтай хамт байсан хүмүүс явчихсан, аав нэлээн их согтчихсон байсан. Намайг яасан их уддаг юм гээд миний нүүр рүү гараараа 4, 5 удаа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Нгийн”...Би хичээлийн улирлын төгсгөлд өөртэй нь нэг удаа ярилцаж үзсэн. Мөн аавдаа зодуулсан асуудал гарсных нь дараа ганцаарчилж уулзахад аав намайг ерөөсөө ойлгохгүй байна, миний өөрчлөлтийг ойлгож хүлээж авахгүй, буруу зам руу орж байна гэж бодоод байна. Би өөрөө өөртөө өөрчлөлт хийгээд нийгэмд оролцоотой хүн больё гэж бодоод өөртөө аптет хийж байгаа юм. Энэ байдлыг маань аав ойлгохгүй намайг буруугаар ойлгоод байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч П.Мгийн”...Тэрнээс болоод аав нь бухимдаад 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр охиндоо гар хүрсэн юм билээ. Тэрнээс манай нөхөр К.Ба нь хүүхдүүддээ гар хүрээд байдаггүй. Би амьдралын эрхээр ажил хийх гээд Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан. Мөн өөрийн настай ээжийг харж хандаж байгаад зуны цагт аймагт гэртээ ирдэг...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч К.Бын мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 164 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч К.Бын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн охин Б.Чийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед нурууны дунд хэсэг, баруун гуяны гадна дээд, дунд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.

 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан шүүгдэгч К.Ба нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн охин,  насанд хүрээгүй хохирогч Б.Чийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Хохирол хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд насанд хүрээгүй хохирогч Б.Чийн биед нурууны дунд хэсэг, баруун гуяны гадна дээд, дунд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Насанд хүрээгүй хохирогч Б.Ч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, бичгээр хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч К.Быг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

             Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч К.Бын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу өөрийн охин насанд хүрээгүй хохирогч Б.Чийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч К.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч К.Ба нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч К.Ба нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч К.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч К.Ба нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Кгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Быг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ба нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ба нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч К.Ба нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7.  Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч К.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР