| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2022/0153/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/167 |
| Огноо | 2022-06-02 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Э.Оргилбат |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/167
2022/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Э.Оргилбат
Шүүгдэгч: Л.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Лгийн Дд холбогдох эрүүгийн 2212000000153 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 28-нд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Батцэнгэл ........... гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон овогт Лгийн Д/РД:АА........../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Д нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл баг Майхан уул гэх газраас хууль бусаар 20 ширхэг 1.8 метр куб шинэс төрлийн хуурай мод бэлтгэж, Мустанг-5 маркийн мотоциклоор зөөвөрлөн ойн санд 148.985 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 221200000015 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Иргэний нэхэмжлэгч Л.Жын өгсөн:
“...Би байгаль орчинд учирсан хохирлыг төлүүлмээр байна. Хохирлоо төлж барагдуулсан тохиолдолд гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 94-95 дугаар тал/
*Гэрч Л.Угийн өгсөн:
“...2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мал хариулж явж байгаад Л.Дтай тааралдсан. Майхан уулын араас өөрийнхөө ногоон өнгийн мустанг-5 маркийн мотоциклоор үзүүрийг нь тайраагүй 8 ширхэг хуурай төрлийн мод чирчихсэн явж байсан. Малын байр барьсан чинь дутаад байхаар нь хэдэн унаанги аваад явж байна гэж байсан. Босоо мод унагаасан үгүйг нь мэдэхгүй байна. Надтай таарахдаа үндсээрээ уначихсан 8 унаанги мод тайраад авч явж байна гэж байсан. Ганцаараа л мотоциклоороо үзүүрийг нь тайраагүй уртаар нь мод чирчихсэн явж байсан. Би Л.Дг мод бэлтгэх эрхийн бичиг авсан талаар асуугаагүй. Мод бэлтгэх эрхийн бичиг авсан үгүйг нь мэдэхгүй..” гэх мэдүүлэг/хх-ийн 20-22 дугаар тал/
*Гэрч С.Мын өгсөн:
“...Надаас Л.Д гэх хүн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, 2021 оны намар би малын байр сэлбэх мөн галын түлшний эрхийн бичиг авъя гээд утсаар ярьж байсан. Тэгээд би Л.Дд эрхийн бичиг яаж авах талаар хэлээд ирээд аваарай эрхийн бичиггүй мод бэлтгэж болохгүй шүү гэж хэлсэн. Тэрнээс Л.Д дахин над руу утсаар яриагүй мод бэлтгэх эрхийн бичиг авъя гэж ирээгүй. Баг хариуцсан байгаль хамгаалагч нартаа мэдэгдээд ямар чиглэлээр мод бэлтгэх гэж байгаа чиглэлийн дагуу эрхийн бичиг авна...” гэх мэдүүлэг/хх-ийн 33-34 дүгээр тал/
*Гэрч С.Сын өгсөн:
“...Л.Д манайхаар ирэхдээ малын байр барьсан чинь шургааг дутаад байхаар нь Майхан уулын араас авч ирээд сэлбээд барьчихлаа гэж байсан. 2022 оны 03 сарын 10-нд ирэхдээ тэгж ярьж байсан. Хэзээ мод бэлтгээд байраа сэлбэж барьсныг мэдэхгүй. Манайд ирснээс нь хойш 3 хоногийн дараа буцахад хуурай шургааг модоор малын байраа сэлбээд барьчихсан харагдаж байсан. Хэдэн тооны мод Майхан уулын араас бэлдсэнийг мэдэхгүй байна. Л.Дг мод бэлтгэх эрхийн бичиг авсан үгүйг нь мэдэхгүй. Тэр талаар нь өөрөөс нь асуугаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 65-67 дугаар тал/
*Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн ойн инженер Л.Даваахүүгийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дугаартай”...0.7541 метр куб шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /Бүх төрлийн хуурай мод/ шууд үр ашгийн 48.098₮, шууд бус үр ашгийн-61.6624₮, нийт 109.760₮ мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу хэрэглээний бөөрөнхий мод/шургааг/ мод 1.8 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 148.985.9₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 39-40 дүгээраар тал/
*Дамно ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн АЦ22-22 дугаартай:
“...2016 онд үйлдвэрлэгдэж, Монгол улсын орж ирсэн, Мустанг-5 маркийн улсын дугааргүй, ногоон өнгийн мотоциклийн үнэлгээг 778.456/долоон зуун далан найман мянга дөрвөн зуун тавин зургаа/ төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт/хх-ийн 59-62 дугаар тал/
*Дамно ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн АЦ22-39 дугаартай:
“...хуучин цахилгаан хөрөөний үнэ 144.000/нэг зуун дөчин дөрвөн мянга/ төгрөг, шинэс төрлийн 4.58 метр урттай 20 ширхэг модны үнэ 135.000/нэг зуун гучин таван мянга/ төгрөг, нийт 279.000/хоёр зуун далан есөн мянга/ төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт/хх-ийн 65-67 дугаар тал/
*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хууль бусаар бэлтгэсэн мод болон хожуулд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 7-12 дугаар тал/
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 13-17 дугаар тал/
*Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийг 23-25 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл баг Майхан уул гэх газраас шүүгдэгч нь Л.Д нь хууль бусаар 20 ширхэг 1.8 метр куб шинэс төрлийн хуурай мод бэлтгэж, Мустанг-5 маркийн мотоциклоор зөөвөрлөн ойн санд 148.985 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Л.Д үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Л.Жын”...Би байгаль орчинд учирсан хохирлыг төлүүлмээр байна. Хохирлоо төлж барагдуулсан тохиолдолд гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Л.Угийн”...Майхан уулын араас өөрийнхөө ногоон өнгийн мустанг-5 маркийн мотоциклоор үзүүрийг нь тайраагүй 8 ширхэг хуурай төрлийн мод чирчихсэн явж байсан. Малын байр барьсан чинь дутаад байхаар нь хэдэн унаанги аваад явж байна гэж байсан. Босоо мод унагаасан үгүйг нь мэдэхгүй байна. Надтай таарахдаа үндсээрээ уначихсан 8 унаанги мод тайраад авч явж байна гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Мын”...Надаас Л.Д гэх хүн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, 2021 оны намар би малын байр сэлбэх мөн галын түлшний эрхийн бичиг авъя гээд утсаар ярьж байсан. Тэгээд би Л.Дд эрхийн бичиг яаж авах талаар хэлээд ирээд аваарай эрхийн бичиггүй мод бэлтгэж болохгүй шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч С.Сын”...Л.Д манайхаар ирэхдээ малын байр барьсан чинь шургааг дутаад байхаар нь Майхан уулын араас авч ирээд сэлбээд барьчихлаа гэж байсан. 2022 оны 03 сарын 10-нд ирэхдээ тэгж ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 148.985 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн ойн инженер Л.Даваахүүгийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Л.Дгийн хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Дгийн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Л.Дг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 148.985 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /148.985*3=446.955/дөрвөн зуун дөчин зургаан мянга есөн зуун тавин тав/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 446.955/дөрвөн зуун дөчин зургаан мянга есөн зуун тавин тав/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Л.Д нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророорс хэргийг ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Л.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын санал хүрээнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Л.Дг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж заасан байна.
Иймд шүүгдэгч Л.Дгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 778.456/долоон зуун далан найман мянга дөрвөн зуун тавин зургаа/ төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг хураан, Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлэх 446.955/дөрвөн зуун дөчин зургаан мянга есөн зуун тавин тав/ төгрөгийг төлүүлэн, үлдэх 331.501/гурван зуун гучин нэгэн мянга таван зуун нэг/ төгрөг, 144.000/нэг зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, 135.000/нэг зуун гучин таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 20 ширхэг, 1.8 метр куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг тус тус улсын орлого болгох нь зүйтэй.
Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Лгийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д нь шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Дгаас 446.955/дөрвөн зуун дөчин зургаан мянга есөн зуун тавин тав/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 49 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Дгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 778.456/долоон зуун далан найман мянга дөрвөн зуун тавин зургаа/ төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг хураан, Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлэх 446.955/дөрвөн зуун дөчин зургаан мянга есөн зуун тавин тав/ төгрөгийг төлүүлэн, үлдэх 331.501/гурван зуун гучин нэгэн мянга таван зуун нэг/ төгрөг, 144.000/нэг зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, 135.000/нэг зуун гучин таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 20 ширхэг, 1.8 метр куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Л.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР