| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00183/И |
| Дугаар | 276 |
| Огноо | 2018-04-26 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 276
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: х багт оршин суух, Т овогт Б-ийн Ц-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвд холбогдох,
2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 4.031.503 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвийн дарга З.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Малчин сумын Эрүүл мэндийн төвд 1 жил эх баригч, 16 жил ээлжийн сувилагч, 4 жил ахлах сувилагч хийсэн. 2017 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотод мэргэжил дээшлүүлэх сургалтад явсны дараа намайг ажлаас халсан. Ингээд ажлаас халсан тушаал үндэслэлгүй гэж үзэж шүүхэд хандсанаар Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 25 тоот шийдвэрээр ажилд маань эгүүлэн тогтоосон. Намайг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тус төвийн ахлах сувилагчаар томилсон. Миний ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх цалин 4.031.503 төгрөг гаргуулж өгнө үү. Би сард 705.513 төгрөгийн цалин авдаг байсан. Мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвийн дарга З.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Малчин сумын Эрүүл мэндийн төвд сувилагчаар ажиллаж байгаал зөвшөөрөлгүй сургалтад явсан ахлах сувилагч Б.Ц нь цалин нэхэмжилсэн байна. Сувилагч Б.Ц нь Эрүүл мэндийн төвийн даргын зөвшөөрөлгүй өөрөө сургалтад явсан. Сургалт 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхэлсэн боловч уг сувилагч 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл явсан. Иймд 1 сарын сургалтад 2 сар явсан. Ирэхэд нь түр ажлын байр олгосон боловч ажиллаагүй. Сургалтад явсан ямар нэгэн бичиг баримт /сертификат/ байхгүй. Ажлаас үндэслэлгүй халагдлаа гээд шүүхээр ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн. Би шүүхийн шийдвэрийг хүндэтгээд түүнийг ахлах сувилагчаар томилж ажиллуулж байгаа. Өөрөө ажиллаагүй, ажлаа дур мэдэн хаяж явсан тул ажилгүй хугацааны цалинг олгохгүй, цалин олгох цалингийн төсөвт санхүүжилт хүрэлцэхгүй...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвөөс 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 4.031.503 төгрөг гаргуулах, энэ хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 25 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Б.Ц-ыг Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвийн ахлах сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож, тус төвөөс төрийн албан хаагчдад олгож буй урамшуулал 300.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-д олгож шийдвэрлэжээ.
Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 тоот “Ажилд томилох тухай” тушаалаар Б.Ц-ыг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эрүүл мэндийн төвийн ахлах сувилагчаар томилжээ.
Нэхэмжлэгч Б.Ц-ын нийгмийн даатгалын дэвтрээс үзэхэд ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх сүүлийн 3 сар буюу 2017 оны 6 дугаар сард 705.513 төгрөг, 2017 оны 7 дугаар сард 1.209.946 төгрөг, 2017 оны 8 дугаар сард 1.105.851 төгрөгийн цалин авсан байна.
Ингээд 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 4.031.503 төгрөгийг Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвөөс гаргуулан нэхэмжлэгч Б.Ц-д олгох нь үндэслэлтэй гэж үзэв.
Мөн нэхэмжлэгч Б.Ц нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг даалгахыг хүссэн бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заажээ.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ц-ын 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвд даалгаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Ц-ын улсын тэмдэгтийн хураамж төлсөн 79.454 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамж 79.454 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 4.031.503 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц-д олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ц-ын 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Ц-ын улсын тэмдэгтийн хураамж төлсөн 79.454 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 79.454 төгрөгийг хариуцагч Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвөөс гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР