Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/150

 

 

 

 

 

 

                             2022/ШЦТ/150

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Гандолгор даргалж, ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг, шүүгч Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй

           Улсын яллагч: С.Батсүх

            Иргэдийн төлөөлөгч: Ц.Булгантамир

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Х.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

Шүүгдэгч: М.Б  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Мгийн Бид холбогдох 2212000000062 дугаар хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ...........зуу гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Мгийн Б/РД:................../

                               Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн нутаг дэвсгэр Урд мөрөн гэх газарт 2022 оны 02 дугаар сарын 10-ны оройн 21 цагийн орчимд М.Атэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар цээжин тус газарт нь 1 удаа хутгалж, амь насыг нь хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Оын шүүх хуралдаанд мэдүүлсэн:

“...Орой 9 цаг болж байхад унтах гээд хэвтэж байсан чинь манай аав гадаанаас хаалга онгойлгоод аав нь орох гэсэн юм гэж хаалга нүдсэн. Тэгээд хаалга онгойлгож өгсөн. Манай аав орж ирээд 2 хүүхдэдээ баярлалаа гээд уйлаад байсан. Тэгээд аав нь орж унтлаа гэхээр нь  манай нөхөр аваад гарсан. Удаагүй 20-30 минутын дараа хүн орлох шиг чимээ гарсан тэгээд гараад харахад манай нөхөр М.Бийн гэрт унасан байсан. Би орилоод түүнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байгаа...” гэх мэдүүлэг

 

Эрүүгийн 2212000000062 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

* Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Оын өгсөн:

“...2022 оны 02 дугаар сарын 10-ны орой 21 цагийн орчим Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус баг, Урд мөрний Бянзуу гэх газар байдаг гэртээ нөхөр хүүхдүүдийн хамт амарч байсан. Тэгсэн манай аав Т.Х манай гэрийн хаалгыг нүдээд миний хоёр хүү хаалгаа онгойлгочих гэхээр нь хаалгаа онгойлгосон. Аав гэрт орж ирээд хоёр хүүхдэдээ аав нь их баярласан гээд уйлж байгаад гэрээс харьж амарлаа гээд гарсан. Тэгсэн манай нөхөр хань нь аавыг гэрт нь оруулж амраачихаад ороод ирье гээд орноос босоод хүрэм, өмд, гутлаа өмсөөд гарсан. Тэгээд гэрээс манай нөхөр гараад 20-с 30 минутын дараа гадаа хүмүүс ирчихсэн, чанга чанга дугараад байхаар нь гэрээс гараад М.Бийн гэр рүү очиход хаалга нь онгорхой харин манай нөхөр М.Бийн гэр дотор зүүн урд байрлах тогооны авдарны урд цус нөжтэйгөө холилдсон байдалтай хэвтэж байсан. Түүнийг хараад би хавь ойрын хүмүүсийг дуудсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Нөхрийгөө цус нөжтэйгөө холилдсон байсныг хараад ухаан санаа балартсан. Тухайн өдөр нь архи уусан байсан бөгөөд нэлээн унтсан болохоор архи нь гарчихсан байсан. Хүрэн өнгийн иштэй хутга байдаг байх гэж бодож байна. Хоорондоо эвтэй найртай байдаг М.Б нь хохирогчийн үгнээс гардаггүй хүн байгаа юм. Өчигдөр гай нь таарсан байх гэж бодож байна. Би нөхрөө зүгээр байхад нь алуулсандаа гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-19 дүгээр тал/

 

*Гэрч Х.Рийн өгсөн:

“...Манай нөхөр М.Б нь Х ахын хамтаар айл хэсээд согтуу манайд ирсэн.Тухайн үед цаг 19 цаг болж байсан байх. Тэгээд М.Б Т.Х ах 2 манайд хамт орж ирээд байж байх үед манай нөхөр М.Б Б.Гд хандаж зургийн жаазны ард байгаа архийг гаргаж ирээд аягал гэсэн. Тэгээд тэр архийг нь Б.Г Т.Х, манай нөхөр нарт аягалж өгөөд байж байх үед гаднаас амь хохирогч М.А манай гэрт орж ирээд Т.Х ахад хандаж “ааваа орж унт” гэсэн чинь орохгүй энд унтана гээд байсан. Т.Х ах талийгаачийн урдаас хэрэлдээд үгээр идээд байсан. Тэр үед М.Б талийгаачийг өмөөрч Т.Х ахыг чимээгүй байгаарай ална шүү гэж хэлж байсан. Тэгсэн талийгаач уурлаад ширээн дээр байсан архийг аваад цайны аяганд хийгээд уучихсан. Тэгсэн М.Б талийгаач М.А ахтай  маргалдаад М.А ах М.Б руу модон сандал авч шидсэн чинь М.Б босож ирээд тэр хоёр барилцаж авсан. Тэгээд хоёр биенийгээ ганц, нэг удаа цохисон.  М:Б тэр үед тогооны авдраас бор иштэй хутга аваад “ална” гээд М.А ах руу дайрсан. Тухайн үед гэрт байсан Б.Г М.Бийн араас тэврээд байж байхад талийгаач М.А, М.Бийн урдаас очих үед М.Б хутгалчихсан. Яг хаана нь хутгалсан талаар мэдэхгүй. Талийгаач “намайг хутгалчихлаа шүү дээ” гэж хэлээд эргэж алхаад манай гэрийн тогооны авдрын урд очоод уначихсан. Тэгээд босож иргээгүй. Талийгаачийн биеэс нэлээд цус гарч байсан. Талийгаач руу ойртсон хүн байхгүй. Удалгүй тэгээд манай гэрт манай хотны хүмүүс орж ирцгээж байсан. Тэгээд манай ах дүү нараас л хэн нэг нь эмч цагдаад хэлж мэдэгдсэн. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа М.Б чимээгүй сууж байгаад өөрөө өөрийнхөө хэлийг тас хазчихсан. М.Б архи уусан үедээ гэртээ агсам согтуу тавих үед нь урьд өмнө талийгаач М.А М.Бийг нэг удаа зодож хавиргыг нь хугалж байсан. Манай нөхөр М.Б хааяа архи уудаг, архи уухаараа жаахан агсам зантай болчихдог. Тэр үед манай гэрт Б.Г, Т.Х ах, М.Б, талийгаач М.А, манай 2 баг насны хүүхэд болон би байсан. Тэр үед Т.Х ах нэлээд их согтчихсон сууж байсан. Б.Г эрүүл байсан. Тэр хутга манай хутга, манай гэрт байсан. Уг үйл явдал манай гэрт болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-31 дүгээр тал/

 

*Гэрч Б.Гын өгсөн:

“...2022 оны 02 сарын 10-ны өдрийн 15 цагийн үед манай хотны Х ах, М.Б нар айл хэснэ гээд явсан. Орой 18 цагийн үед Х М.Б ах хоёр үхрээ туугаад мотоциклтойгоо ирсэн. Тухайн үед М.Б нь ах мотоциклоо жолоодож ирсэн, хоёулаа архи уусан согтуу байсан. Тэр үед би тугалаа хашаад байж байхад Х, М.Б ах хоёр хоёулаа эргээд өгсөөд явсан. Намайг П ахын гэрт байж байхад М.Б ах ганцаараа орж ирсэн, тэр үед би цаг хэд болж байсныг хараагүй, гэрт орж ирээд М.Б ах надад хандаж “эхнэр уурлаад байна ахыгаа гэрт оруулаад унтуулаад өг” гэж хэлсэн. Тэгээд би М.Б ахыг гэрт нь дагуулаад орох үед түүний гэрт эхнэр нь болох Ягаанаа эгч, Х ах болон бага насны 2 хүүхэд нь байсан. Тэгээд байж байтал М.Б ах “зургийн жаазны ард шилтэй архи байгаа тэр архийг аваад аягалаад өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр шилтэй орос нэртэй архи байсан. Т.Х, М.Б ах нарт аягалж өгөөд байж байтал гаднаас талийгаач М.А ах халамцуу орж ирээд та хоёр хамт архи уугаад байхдаа яадаг юм бэ гэхэд хадам аав болох Т.Х талийгаач М.Аийг “чи архичин болчихсон байна” гэхэд М.Б ах “та дуугай байгаарай ална шүү” гэж хэлсэн.  Тэгсэн М.А ах шилтэй архинаас цайны шаазан аяганд нэг удаа дүүрэн хийгээд өөрөө уусан. Архиа ч дууссан. Тэгээд М.Б, М.А ах нар хоорондоо маргалдаад барилцаж авсан. Тэгээд 2 биеэ 1-2 удаа гараараа цохисон. Би тэр хоёрыг салгасан. М.Б ах тогооны авдрын тийшээ очоод бор иштэй том хутга барьж аваад “чамайг ална” гээд М.А ах руу дайрахаар нь би босож ирээд М.Б ахын араас тэврээд зогсож байтал М.А ах “чи албал алалдаа” гээд М.Б ахын урдаас хүрээд ирсэн. Тэр үед М.Б ах М.А ахын цээж хэсэг рүү гартаа барьсан байсан бор иштэй хутгаараа нэг удаа хутгалсан чинь М.А ах “орчихлоо шүү дээ” гэж хэлээд эргэж алхаад тогооны шүүгээний урд очоод уначихсан. Босож ирээгүй. Тэр үед М.Б ахын гартаа барьсан хутгыг авч үүд рүү шидчихээд М.Б ахыг дараад хэвтэж байх үед мана хотны хүмүүс орж ирцгээж байх шиг байсан, хэн хэн орж гарч байсныг анзаараагүй. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа М.Б ах өөрөө өөрийнхөө хэлийг хазаж байгаад үзүүр хэсгийг тасалчихсан. Тэгээд амнаас нь цус гараад байсан. Тэгээд М.Б ахыг Х ахын гар рүү авч ороод цагдааг иртэл хамт байсан. М.Б ах амиа хорлоно гээд байсан тул хажуугаас нь хүн холдоогүй. М.Б ах хэлнийхээ үзүүрийг тас хазчихсан болохоор юм ярьж чадахгүй, ярьж байгаа нь ойлгогдохгүй байсан. М.Б ах архи уусан үедээ эхнэр хүүхдэдээ агсам тавиад байдаг байсан. Тэр үед нь талийгаач М.А ах ороод загнаад ганц хоёр цохиж зоддог байсан. Яг тэр үед миний харснаар талийгаач М.Аийн эхнэр Ягаанаа эгч, Х ах болон талийгаачийн бага насны 2 хүүхэд хамт байсан, энэ явдал болсны дараа олон хүмүүс орж гарч байсан. Тэр хутгыг сумын цагдаа ирээд авсан, тухайн үед М.Б ах нэлээд их согтсон байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-39 дүгээр тал/

 

* Гэрч Т.Хгийн өгсөн:

    “...2022 оны 02 сарын 10-ны өглөө манай хүргэн М.Бийнх хотны айлуудаа цай уулгаж, нэг шил архи задалж уусан. Тэгээд 15 цагийн орчимд М.Б бид 2 мотоцикльтой хоёр айлаар орж ганц хоёр рүнк архи уучихаад гэртээ ирсэн. Тухайн үед хүн харахад гаагүй юм шиг харагдаж байсан боловч нэлээд согтсон байсан, хотондоо ирээд хүргэн М.Бийн гэрт ороод байж байснаа санаж байгаа юм. Тэгээд гэрт нь орж ирээд байж байтал манай хүргэн М.Б М.А нар хоорондоо маргалдаад байсан. Тэгснээ удалгүй хутга шөвөг болоод явчихсан чинь М.Б ах М.Аийг цээж хэсэгт нь хутгалчихсан. Талийгаач М.А ухаангүй байдалтай цус алдсан гал тогооны шүүгээний урд хэвтэж байсан, би тэр үед гэрээс гараад өөрийн охин Х.Од хандаж, дүү нь ахыгаа алчих шиг боллоо дууссан юм шиг байна даа гэж хэлсэн. Тэгээд хотны хүмүүс орж гарч явцгаагаад сүүлдээ эмч цагдаа нар ирсэн. Миний хувьд архи уудаг, архи уухаараа одоо нас өндөр гараад архи даахаа больсон. Тухайн хэрэг болох үед миний бие хамт байсан, гэхдээ нэлээд халамцуухан байсан. Би хүргэнийхээ гэрийг бараадаж энд ирээд одоо нэг жил болж байна. М.Б, талийгаач М.А нарын хоорондын харилцааны талаар сайн мэдэхгүй, ах дүү хоёр учир гаагүй байдаг байлгүй дээ. Бор иштэй хутга байсан. Уг хутга нь М.Бийн гэрийн хутга байгаа. Тухайн хутга нь М.Бийн гэрийн тогооны авдар дээр байсан. М.Б надтай ганц хоёр айлаар орсон ганц нэг татсан согтуу л байсан, хэр зэрэг согтолттой байсан талаар мэдэхгүй байна. Талийгаач М.Аийг түүний төрсөн дүү М.Б нэг удаа цээжин тус газар нь хутгалсан. Талийгаач М.А хутгалуулчихаад босож ирээгүй байж байгаад амьсгал хураасан. М.Б гэртээ байх үедээ өөр өөрийнхөө хэлний үзүүрийг тас хазчихсан амнаас нь цус гарчихсан байсан. М.Б хурдан шуурхай, хөнгөн зантай, хүний үгнээс гарахгүй л хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-53 дугаар тал/

 

*Гэрч Ж.Бын өгсөн:

“...2022 оны 02 дугаар сарын 10-ны орой цагийг нь сайн санахгүй байна. Манай нөхөр надад хэлэхдээ 21 цагийн орчим гэж хэлсэн. Намайг тус аймгийн Чулуут сумын Халуун-Ус баг, Урд мөрний Бянзуу гэх газар байдаг гэртээ байхад манай гэрт Батжаргал орж ирээд М.Б ахынд М.Аийг М.Б хутгалсан гэж байна, та хурдан М.Бийн гэр рүү ороорой гэж надад хэлэхээр нь шууд гэрээсээ гараад М.Бийн гэрт ороход М.А М.Бийн гэр дотор зүүн урд талын тогооны авдарын урд дээш харсан байдалтай их хэмжээний цус цээжин хэсгээс гарсан байсан. Тэгэхээр нь би очоод миний дүү яасан бэ сэргээрэй гээд хоёр хацрыг гараараа зөөлөн алгадсан. Тэгээд миний өөдөөс ямар нэгэн хариу хэлээгүй. Тэгээд би гэрт байсан хүмүүст хандаж эмч дуудаач авраач гэж хэлж байснаа санаж байна. Түүнээс хойш юу болсныг санахгүй байгаа ухаан санаа балартсан. Намайг ороход М.Б, түүний эхнэр Х.Р, Т.Х нар байсан өөр хүн байсныг санахгүй байна. М.Бийн гэрт ороод шууд амь хохирогч дээр очсон. Хөдөөний айлууд ер нь томдуу хутга хэрэглэдэг. Хоорондоо эвтэй найртай М.Б ах М.Аийн үгнээс гардаггүй, жилийн дөрвөн улиралд байнга айл саахалт явдаг хүмүүс байгаа юм. М.Б, М.А нар нээх архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл ажиглагддаггүй. Би амь хохирогч дээр очоод цус гарч байгаа газраас харахад цээж хэсгийн зүүн хөхний доод хэсэгт язарсан шархтай харагдсан...” гэх мэдүүлэг/хх-н 42-46 дугаар тал/ 

 

*Гэрч Б.Дын өгсөн:

   “...Манай гэрт 2022 оны 02 сарын 10-ны өдөр 18-19 цагийн үед хадам аав ээж хоёр ирсэн. Тэгээд явах гэхээр нь гарах гээд явж байтал М.Б ахын гэрт хүн орилох, уйлах чимээ гарахаар нь яваад орсон чинь талийгаач М.А ах М.Бийн гэрийн 2 баганын дунд цээж талдаа хутгалуулчихсан цус гарсан байдалтай зогсож байсан ба надад хандаж ахыг нь хутгалчихлаа гэж хэлсэн. Тэр үед М.Б талийгаачийн хажууд гартаа бор иштэй, урт хутга барьчихсан, түүний араас Б.Г тэвэрчихсэн байдалтай зогсож байсан. Тухайн үед талийгаач ахыг нь хутгалчихлаа гэж надад хэлээд цусаа гоожуулаад тогооны авдарын урд талд газар уначихсан, тэгээд эргэж босоогүй, сэрээгүй амьсгал хураасан. Би тэр үед гэрээс гарч гүйгээд Доёддорж ахад М.Б ах М.А ахыг хутгалчихлаа гэж хэлээд дахин хэрэг болсон гэрт ороогүй. Хэсэг хугацааны дараа гэрт байсан хүмүүс М.Б хэлээ хазаад байсан хүчрэхгүй байна гэхээр нь орж ирэхэд М.Б гэрийнхээ баруун талын орон дээр суучихсан өөрийнхөө хэлийг хазаад амнаас нь цус гараад байсан, гэрт байсан хүмүүс болиулах гэж хичээсэн боловч хүчрэгдээгүй, тэгээд хэлийнхээ үзүүрийг өөрөө тас хазчихсан байна лээ. Талийгаач М.А ах өдөр нь архи уугаад хэсэг унтчихсан байсан учир тухайн үед архи нь гараад эрүүл болсон байх, харин М.Б архи уусан согтуу байсан. Талийгаач М.Аийг М.Б цээж хэсэгт нь нэг удаа хутгалчихсан, үүнээс болж талийгаач нас барсан. Тэр хутга М.Б ахын гэрийн хутга, бор иштэй хутга байсан...” гэх мэдүүлэг/56-59 дүгээр тал/ 

 

           *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаартай:

“...Амь хохирогч М.Аийн биед өвчүүний зүүн хажуугийн шугамаар 6,7 дугаар хавирганы мөгөөрсөн завсраар зүүн дээш чиглэн өрц, үнхэлцэгийн орой, зүрхний баруун ховдолын булчинг гэмтээж зүрхний баруун ховдлын хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийд цочмог цус алдалт /2,5л/ бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүснэ. Цээжний зүүн хөндий рүү нэвтэрч зүрхний булчинг гэмтээсэн шарх, цээжний баруун хөндийд цочмог цус алдалт бүхий дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Амь хохирогч М.А нь цээжний зүүн хөндий рүү нэвтэрч үнхэлцэг, зүрхний булчинг гэмтээсэн шархны улмаас хэрэг болох цаг хугацаанд зүрх зогсож нас баржээ. Шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч М.А нь нас барах үедээ дунд зэргийн /2,4 промиль/ согтолттой байжээ. В(lll)-р бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт/хх-ийн 162-165 дугаар тал/

 

           *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 016 дугаартай:

“...Шинжилгээнд ирүүлсэн улаан хүрэн өнгийн хүрэмний зүүн суганы залгаа оёдлоос, зүүн доош 15 см зайд 4.5хЗ см талбайд үүссэн гэмтэл болон ягаан өнгийн богино ханцуйтай цамцны зүүн суганы залгаа оёдлоос зүүн доош 16 см зайд 4x0.7 см талбайд үүссэн гэмтэл нь зүсэгдэлт байна. Шинжилгээнд ирүүлсэн улаан хүрэн өнгийн хүрэм болон ягаан өнгийн богино ханцуйтай цамцанд үүссэн гэмтэл нь өнгөө алдаж гандаагүй, хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт байна...” гэх дүгнэлт/хх-ийн 199-200 дугаар тал/

 

*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 2-10 дугаар тал/

*Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 158-161 дүгээр тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Б нь Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн нутаг дэвсгэр Урд мөрөн гэх газарт 2022 оны 02 дугаар сарын 10-ны оройн 21 цагийн орчимд амь хохирогч М.Атэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний  цээжин тус газарт нь 1 удаа хутгалж, амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч М.Б үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Оын ”...Тэгээд гэрээс манай нөхөр гараад 20-с 30 минутын дараа гадаа хүмүүс ирчихсэн, чанга чанга дугараад байхаар нь гэрээс гараад М.Бийн гэр рүү очиход хаалга нь онгорхой харин манай нөхөр М.Бийн гэр дотор зүүн урд байрлах тогооны авдарны урд цус нөжтэйгөө холилдсон байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Х.Рийн”...Тэгсэн М.Б талийгаач М.А ахтай  маргалдаад М.А ах М.Б руу модон сандал авч шидсэн чинь М.Б босож ирээд тэр хоёр барилцаж авсан. Тэгээд хоёр биенийгээ ганц, нэг удаа цохисон.  М:Б тэр үед тогооны авдраас бор иштэй хутга аваад “ална” гээд М.А ах руу дайрсан. Тухайн үед гэрт байсан Б.Г М.Бийн араас тэврээд байж байхад талийгаач М.А, М.Бийн урдаас очих үед М.Б хутгалчихсан. Яг хаана нь хутгалсан талаар мэдэхгүй. Талийгаач “намайг хутгалчихлаа шүү дээ” гэж хэлээд эргэж алхаад манай гэрийн тогооны авдрын урд очоод уначихсан. Тэгээд босож иргээгүй. Талийгаачийн биеэс нэлээд цус гарч байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Гын”...Тэгээд М.Б, М.А ах нар хоорондоо маргалдаад барилцаж авсан. Тэгээд 2 биеэ 1-2 удаа гараараа цохисон. Би тэр хоёрыг салгасан. М.Б ах тогооны авдрын тийшээ очоод бор иштэй том хутга барьж аваад “чамайг ална” гээд М.А ах руу дайрахаар нь би босож ирээд М.Б ахын араас тэврээд зогсож байтал М.А ах “чи албал алалдаа” гээд М.Б ахын урдаас хүрээд ирсэн. Тэр үед М.Б ах М.А ахын цээж хэсэг рүү гартаа барьсан байсан бор иштэй хутгаараа нэг удаа хутгалсан чинь М.А ах “орчихлоо шүү дээ” гэж хэлээд эргэж алхаад тогооны шүүгээний урд очоод уначихсан. Босож ирээгүй...” гэх мэдүүлэг, гэрч Т.Хгийн”...Тэгээд гэрт нь орж ирээд байж байтал манай хүргэн М.Б М.А нар хоорондоо маргалдаад байсан. Тэгснээ удалгүй хутга шөвөг болоод явчихсан чинь М.Б ах М.Аийг цээж хэсэгт нь хутгалчихсан. Талийгаач М.А ухаангүй байдалтай цус алдсан гал тогооны шүүгээний урд хэвтэж байсан, би тэр үед гэрээс гараад өөрийн охин Х.Од хандаж, дүү нь ахыгаа алчих шиг боллоо дууссан юм шиг байна даа гэж хэлсэн...”гэх мэдүүлэг, гэрч Ж.Баясахын”...М.Бийн гэрт ороход М.А М.Бийн гэр дотор зүүн урд талын тогооны авдарын урд дээш харсан байдалтай их хэмжээний цус цээжин хэсгээс гарсан байсан. Тэгэхээр нь би очоод миний дүү яасан бэ сэргээрэй гээд хоёр хацрыг гараараа зөөлөн алгадсан. Тэгээд миний өөдөөс ямар нэгэн хариу хэлээгүй. Тэгээд би гэрт байсан хүмүүст хандаж эмч дуудаач авраач гэж хэлж байснаа санаж байна. Түүнээс хойш юу болсныг санахгүй байгаа ухаан санаа балартсан...”гэх мэдүүлэг, гэрч Б.Дашбалбарын”...М.Б ахын гэрт хүн орилох, уйлах чимээ гарахаар нь яваад орсон чинь талийгаач М.А ах М.Бийн гэрийн 2 баганын дунд цээж талдаа хутгалуулчихсан цус гарсан байдалтай зогсож байсан ба надад хандаж ахыг нь хутгалчихлаа гэж хэлсэн. Тэр үед М.Б талийгаачийн хажууд гартаа бор иштэй, урт хутга барьчихсан, түүний араас Б.Г тэвэрчихсэн байдалтай зогсож байсан. Тухайн үед талийгаач ахыг нь хутгалчихлаа гэж надад хэлээд цусаа гоожуулаад тогооны авдарын урд талд газар уначихсан, тэгээд эргэж босоогүй, сэрээгүй амьсгал хураасан...”гэх мэдүүлэг, М.Аийн биед цээжний зүүн хөндий рүү нэвтэрч үнхэлцэг, зүрхний булчинг гэмтээсэн шархны улмаас нас барсныг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаартай дүгнэлт, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 016 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Бийн амь хохирогч М.Аийн цээжин тус газар нь нэг удаа хутгалсан гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч амь хохирсон үр дагавар хоорондын шалтгаант холбоотой,   шүүгдэгчийн хохирогчийн цээжин тус газарт хутгалж амь насыг хохироосон үйлдэл нь хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний дээрх хууль бус үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон хор уршигт хүргэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд иргэдийн төлөөлөгчийн “шүүгдэгч М.Бийг гэм буруугүй” гэсэн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.      

              Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Бийн хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь  үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байх бөгөөд шүүгдэгч М.Бийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Хохирол хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас М.Аийн амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульлчилсан  бөгөөд шүүгдэгч М.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал  зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

            Шүүгдэгч М.Бийн 2022  оны 02 сарын 12-ны өдрөөс 2022 оны 05 сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 87/наян долоо/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1/нэг/ ширхэг, архины шил 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан, шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Мгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 9/ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бид оногдуулсан 9/ес/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийн цагдан хоригдсон нийт 87/наян долоо/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1/нэг/ ширхэг, архины шил 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР

 

                                               ШҮҮГЧ                                          Р.АЛТАНЦЭЦЭГ

 

                                               ШҮҮГЧ                                          Б.ОТГОНЦЭЦЭГ