Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 278

 

 

     Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

    Нэхэмжлэгч: Увс аймгийн Завхан сумын 4 дүгээр багт оршин суух, 1993 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОГ93011442, Зуутраг овогт Чулуунбатын Ичинхорлоогийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 14-63 тоотод оршин суух, 1987 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО87030413, Борлууд овогт Нацагийн Баяртогтоход холбогдох,

    Гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ичинхорлоо, хариуцагч Н.Баяртогтох, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Ч.Ичинхорлоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь нөхөр Н.Баяртогтохтой 2013 онд танилцаж 2014 онд гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүү Б.Сэргэлэн төрсөн. Н.Баяртогтох нь байнга архи ууж хэл амаар доромжилж байсан ч би хүүхдээ бодож 2 жил хамт амьдарсан. Түрүүний шүүх хуралдаанд амалсан амлалтаа огт хүрээгүй, цагаан сараар хөдөө очин нь бүү хэл утсаар ч тоотой ярьсан, согтуудаа л хааяа залгадаг байсан. Ийм сэтгэлгүй хүнтэй цаашдаа хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй хүүгээ өөрийн асрамжид авч, хуулийн дагуу хүүдээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.

   Хариуцагч Н.Баяртогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшрөхгүй байна. Ажилгүй амьдралын бага зэрэг гачигдлаас болж хааяа маргаан гардаг байсан. Гэхдээ байнга би архи ууж, эхнэрээ зодож байгаагүй. Намайг архи хэтрүүлж уудаг гэж гүтгэж байна. Би хүүхдээ маш их санаж байна, хүүхэдтэйгээ уулзмаар байна. Гэр бүлээ цуцлуулахгүй, гэр бүлтэйгээ амьдармаар байна. Би энэ 2 сарын хугацаанд эхнэр хүүхэд дээрээ очих гэсэн боловч мөнгөний боломж муу учраас очиж чадаагүй, 2 удаа алтанд явсан боловч олигтой мөнгө олж чадаагүй, надад одоо нэг боломж олговол эргээд эвлэрч хамт амьдармаар байна” гэжээ.

  ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Ч.Ичинхорлоо нь хариуцагч Н.Баяртогтохоос гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      Ч.Ичинхорлоо, Н.Баяртогтох нар 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болсныг 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэсэн бөгөөд тэдний дундаас 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүү Б.Сэргэлэн төрсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох дугаар гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

      Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2017 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй мөн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, гэрлэгчдэд эвлэрүүлэх хугацаа авсан боловч энэ хугацаанд эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

       Мөн эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл болон зохигчдын тайлбар зэргийг харгалзан хүү Б.Сэргэлэнг эх Ч.Ичинхорлоогийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү Б.Сэргэлэнг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Н.Баяртогтохоор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.

      Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч  эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж,  хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.   

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Ичинхорлоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93.659 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Баяртогтохоос 93.659 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Ичинхорлоод олгох нь зүйтэй байна.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Борлууд овогт Нацагийн Баяртогтох, Зуутраг овогт Чулуунбатын Ичинхорлоо нарын гэрлэлтийг цуцалсугай.

     2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэрлэгчдийн 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Б.Сэргэлэнг эх Ч.Ичинхорлоогийн асрамжид үлдээсүгэй.

     3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү Б.Сэргэлэнг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Н.Баяртогтохоор тэжээн тэтгүүлсүгэй.

     4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

       5. Зохигчдод эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.

      6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Ичинхорлоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93.659 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Баяртогтохоос 93.659 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Ичинхорлоод олгосугай.

      7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       П.БОЛОР