Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/168

 

             

 

 

 

               2022/ШЦТ/168

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Э.Оргилбат

Хохирогч: Д.О

Хохирогчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Шүүгдэгч: С.О, О.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Срын О, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гал овогт Оийн О нарт холбогдох эрүүгийн 2212000000020 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, аав, ээжийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын .......... гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Сартуул овогт Срын О/РД:АЮ............/

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, аав, ээжийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын .......... тоотод газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Гал овогт Оийн О/РД:АР............../,

 

                           Холбогдсон хэргийн талаар:  

 

  Шүүгдэгч С.О, О.О нар нь бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Баянбулагийн Сүрьеэгийн ам гэх газар иргэн Д.Огийн хоттой хониноос 1 тооны эр хонь хулгайлахаар завдсан,

Шүүгдэгч С.О нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Сүрьеэгийн ам гэх газраас 2020 оны 06 дугаар сарын дундуур Б.Жы 1 тооны үхрийг хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            * Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Хохирогч Д.Огийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Гэртээ гэрлээ унтраагаад сууж байсан чинь гэнэт хонь үргэх шиг болсон. Тэгээд гэрлээ аваад хувцсаа өмсөөд гараад ирсэн чинь О.О хонины хашаан дотор хонь тэврээд зогсон байсан. С.О нь хашааны гадна зогсож байсан. Би хулгайч гэж орилоод гэртээ орсон. Манай нөхөр гараад зогс цагдаа дуудлаа шүү  гэж хэлсэн. Тэгээд араас нь урд айлын хүмүүсийг дуудаад энэ 2-ын араас явсан, цагдаа нар мөн ирсэн. Тэгээд С.О нь шууд гэр рүүгээ явсан байсан, О.О нь том хадны ард сууж байсан. Тэгээд цагдаа нар ирээд барьж авсан. Ирээд С.О би хулгай хийгээгүй гээд байсан, О.О нь хулгай хийснээ хүлээн зөвшөөрсөн. С.Оын цагдаагийн байгууллагаас цагдаа нар ирээд нохойгоор үнэрлүүлээд олсон. С.О намайг хөдөөний хүн болохоор үнэрлээд байх шиг байна гэж хэлсэн. Манайх малаа шөнө алдаад байдаг, өдөр манай нөхөр байнга малаа дагаж явдаг болохоор өдөр алдаггүй, шөнө 2-3 цагийн үед хонь үргээд байдаг, гараад харахад харагдаж үзэгдэх юм байдаггүй, маргааш өглөө нь хонио тоолохоор дутаад байдаг. Нөхөр бид хоёр хоёулхнаа амьдардаг, тийм болохоор дээрэлхээд байгаа юм болов уу гэж бодож байгаа. Хөгшин хүмүүс шөнө унтахгүй малаа сахиад байх хэцүү байна, гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

 

            * Эрүүгийн 2212000000020 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            *Хохирогч Д.Огийн өгсөн:

“...2022 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө манай нөхөр гэртээ унтаад амарч байсан. Би гэртээ гэрлээ унтраагаад зурагтаа үзээд сууж байтал хонь гэнэт үргээд би гэрээс гарч хонины хашаа руу гэрэл тусгаад хартал манай хонины хашаанд шар хувцастай хүн хонь бариад авсан зогсож байсан. Би гэр рүүгээ сандарч ороод өөрийн нөхөр Г.Гийг сэрээгээд босоорой манай хоттой хонинд хулгай орсон байна гэж хэлсэн. Би буцаж гараад гэрэл тусгаад хартал тэр үед нэг хулгайч нь хашаан дотор нэг хулгайч нь хашааны гадна талд нь байсан. Тэр үед манай нөхөр Г.Г гэрээс гарч ирээд хулгайчаа чи наанаа зогсож бай би цагдаа дуудлаа шүү гээд орилоход хулгайч хашаа даваад зугтаасан. Тэгээд хашаан дотор байсан шар куртик өмссөн хулгайч нь хашаа даваад манай гэрээс хойд зүг рүү харанхуй дагаад зугтаасан. Манай нөхөр Г.Г араас нь мотоциклын гэрэл тусгаад хөөтөл том хадны ард нэг шил архи, нэг том ундаа, модон иштэй хутга хажуудаа тавьчихсан нутгийн хүмүүс “Өөдөс” гэж дууддаг О.О сууж байсан. Тийм зүйл байгаа өмнө манайх хоттой хониноосоо алдаж байсан. 2021 оны намар нэг хоёроор нь алдсаар байгаад нийт арваад хонь хулгайд алдсан. Би Ср овогтой Оыг танина. Манай хоёр гэр айл аймаг 21 жил хөрш зэргэлдээ амьдарч байна. С.Оыг бага наснаас нь мэднэ. Манай гэрийг хүн бүлгүй хоёр хөгшин байдгийг сайн мэддэг болохоор дээрэлхэж хулгай хийж байгаа юм. Хөрш айл болохоор биднийг ямар хөдөлгөөн хийж байгааг маш сайн мэднэ. Өдөр нь унтаад шөнө болохоор унтахгүй гэрээсээ гараад явчихдаг. Би О овогтой Оыг танина. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө манай нутаглаж байгаа газар гэр бүлээрээ Архангай аймгийн Эрдэнэмандал сумаас нүүж ирж байсан. Тэр цагаас эхлэн мэддэг болсон. Манай өөрийн эзэмшлийн хонин сүрэг байгаа юм. Манай гэр бүл энэ нутагтаа амьдран суугаад 21 жил болж байна. Манай хонин сүрэг энэ нутагт мөн л 21 жил идээшиж байна. Надад учирсан хохирол байгаа. Би өмнө хулгайд алдсан малаа олж авч хохиролгүй болмоор байна. Бог мал буюу хонь, ямаа нийлээд 30 ширхэг, нас бие гүйцсэн мухар хар хайнагийн шар нэгийг хулгайд алдсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-19 дүгээр тал/

 

*Хохирогч Б.Огийн дахин өгсөн:

“...Манайх одоо С.О гэх залуутай айл хөрш амьдарч байгаа болохоор манай малыг сайн мэдэж байгаа. О.О, С.О нар манай хонийг сайн мэддэг болохоор бор толгойтой мухар эр хонь бариад авсан зогсож байсан. Би 170.000 мянган төгрөгөөр үнэлж байна. Надад учирсан хохирол байгаа би өмнө хулгайд алдсан малаа олж авч хохиролгүй болмоор байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байна миний өмнө алдсан малыг О.О, С.О нар хулгай хийж авч байсан тул би нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 35 дугаар тал/

 

*Гэрч Г.Гийн өгсөн:

“...2022 оны 01 сарын 07-ны шөнө би гэртээ унтаж амарч байсан юм. Хонь үргээд манай гэрийн хүн гарч хоттой хонь руу гаа гэрэл тусгатал хонины хашаан дотор хулгайч хонь бариад авсан байна гээд орж ирсэн би сандарч гараад гэрэл тусгатал хашаан дотор шар куртик өмссөн хүн хонь бариад авсан цаана нь бас нэг хүн байж байсан. Би чамайг цагдаад барьж өгнө гээд орилтол хашаанд байсан 2-р хүн хашаа даваад зугтаасан. Би ч ойр орчмын айл сахалтын хүмүүсийг гар утсаар дуудаж манай тэнд нутагладаг айлууд бүгд ирсэн. Бид нар гэрэлтүүлж манай байгаа газрын хойд зүгт явж байтал том хадны ард нутгийн хүмүүс өөдөс гэж дууддаг О овогтой О сууж байсан. Манайх С.Оын аав Ср гэх айлтай хамт 21 жил айл аймаг амьдарч байна. С.О манай гэрийг 2000 онд нүүж ирэхэд 2-3 настай жаахан хүүхэд байсан. О гэх Оын аав нь одоо манай нутаглаж байгаа Баянбулаг нэртэй газар амьдарч байгаад нүүгээд явсан айл байгаа. 2019 оны 04 сараас хойш мал хашаанаас 1, 2 дутаад байдаг болсон. Би өдөр нь хонь малаа байнга хариулж явдаг болохоор алдахгүй шөнө болохоор л хашаанаасаа алдаад байдаг юм. Тэгсэн харин хажуу хайлын С.О гэх залуу аваад байдаг байсан байна. О.О, С.О 2-р сайн найзууд байгаа юм. Би энэ 2-р залууг хулгай хийгээд байгааг мэдээд байсан юм аа. Өмнө харсан үзсэн гэрчгүй хөдөлшгүй нотлох баримтгүй болохоор барьж чадахгүй байсан юм. Саяхан манай хашаанд 2022 оны 01 сарын 07-ны шөнө хонь хулгай хийж байгаад үйл дэрээ баригдлаа...гэх  мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/

 

*Хохирогч Б.Жы өгсөн:

“...Би мал маллаж амьдардаг. 2020 оны намаг он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Манай үхэр дунд эвэртэй монголын шүдлэн үхэр байсан. Тухайн үхрийг С.О гэх залуу урдхан талд барьж дөрвөн хөлийг нь хүлсэн байж байгаад хүнтэй таарч цагдаа дуудаж тэр газраасаа зугтсан гэж хүмүүс ярьж байсан. Манай үхрүүд дунд эвэртэй шүдлэн монголын үхэр байдаг. Тухайн үхэр эвэртээ уяатай байсан. С.Оын дөрвөн хөлийг нь хүлсэн байсан гэх үхэр нь эвэртэй монголын шүдлэн үхэр гэсэн мөн эвэртээ уяатай байсан гэсэн тэгэхээр манай үхэр мөн. Одоо манай үхэр дунд байхгүй. Тухайн үед алга болоод олдсон болохоор нь идшэнд идсэн. С.Оыг мэднэ. Манайхтай ойролцоо байдаг. Сүүлийн үед мал хулгайлаад байгаа сураг байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-7 дугаар тал/

 

*Гэрч Д.Огийн өгсөн:

“...Би 2020 оны 06 дугаар сарын дундуур байх манайх Сүрьеэгийн аманд зусаж байсан юм. Тэгсэн С.О орой болсон бүрэнхий тасарсан байхад мотоциклтой халамцуу ирээд та нар намайг хулгайч гэж хэлсэн би хулгай хийдэггүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би гайхаад юу яриад байгаа талаар асуухад хамт явж байсан Ч.Б гэх залуу наадах чинь хэд хоногийн өмнө шөнийн цагаар үхэр багласан байж байгаад баригдсан юм тэрийгээ хэлээд байгаа юм гэж надад хэлсэн. Би тэгэхээр нь С.Оаас юун үхэр хүлсэн талаар асуухад тэр чинь манай үхэр шөнийн үхэр эвэртэй зурган дээр гардаг юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би танайд эвэртэй монгол үхэр байхгүй ш дээ гэж хэлтэл шөнө зураг дарахаар эвэртэй болж харагддаг юм гэж хэлсэн. С.Оынд мухар улаан үхэр л байдаг эвэртэй монголын үхэр байхгүйг би мэднэ. Эвэртэй бөөрөн дээрээ цагаантай үхэр гэж байсан. Хүлсэн байсан үхрээ бол өөрийнхөө үхэр гэж хэлж байсан С.Оынд тийм зүстэй үхэр байхгүй. Мөн шөнийн зураг дарахаар эвэртэй гардаг юм гэж худлаа ярьж байсан. Тухайн үед тэр үхрийг Б.Ж гэх айлын үхэр гэж байсан. С.О нь ээж, аав хоёртойгоо мал малладаг юм. С.О шөнийн цагаар ийш тийшээ их явдаг хөдөлгөөнтэй хүүхэд байгаа юм. Хүмүүс малаа хотлуулж байхад зөрөөд машин, мотоцикл асаагаад явдаг тэгээд үүрээр орж ирдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/,

 

*Гэрч Ж.Дын өгсөн:

“...Манай аав Б.Ж нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р баг, Сүрьеэгийн ам гэх газар эхнэрийн хамт мал маллаж амьдардаг. Аавын үхэр дунд эвэртэй монголын шүдлэн насны үхэр байгаа. Тухайн үхэр нь аавын эзэмшлийн үхэр байгаа. Би энэ хэргийн талаар сонссон аавын эвэртэй монгол үхрийг С.О гэх залуу шөнийн цагаар урдхан талд дөрвөн хөлийг нь уясан байсан, тэгээд хүн харж цагдаа дуудсан гэсэн тэр хойгуур нь хаяад зугтсан гэж байсан. Тэр үхэр одоо бол байхгүй. Тухайн үед идшинд идсэн гэж байсан. Эвэртэй шүдлэн насны монголын үхэр байгаа мөн эвэртээ уяатай байгаа. Доогуураа бөөр алаг.Би танина. Манай тэр хавьд мал малладаг. Ер нь хөдөлгөөнтэй залуу байгаа юм. С.О нь ээж, аав хоёртойгоо мал малладаг юм. С.О шөнийн цагаар ийш тийшээ их явдаг хөдөлгөөнтэй залуу байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-16 дугаар тал/

 

*Гэрч Ч.Бы өгсөн:

“...Би энэ асуудлын талаар сүүлд  мэдсэн. Шомбого гэж дууддаг хүний утсан дээр 4 хөлийг нь уясан эвэртэй үхрийн зураг байсныг  харсан. Шомбого надад С.О шөнө жалганд хөлийг нь хүлсэн байсан үхрийн зураг гэж хэлсэн. Тэгээд би мэдсэн. С.Оын үхэр дунд зурган дээрх шиг эвэртэй монголын үхэр байхгүй. Тухайн зурган дээрх үхэр хэний эзэмшлийн үхэр гэдгийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 36-38 дугаар тал/

 

*Гэрч А.Бийн өгсөн:

“…2020 оны зун сар, өдрийг нь сайн санахгүй байна. Сүрьеэгийн аманд үхэр хүлсэн байна гэх дуудлагад очиход Сүрьеэгийн ам руу өгсөх замд байдаг жалганд нэг тооны эвэртэй монголын үхэр хүлээд тавьсан байсан. Эргэн тойронд нь хүн байхгүй байсан. Мөн хүлсэн байсан үхрийн хажууд хөх өнгийн тэвштэй тэрэг байсан тухайн тээврийн хэрэгслийг шалгаж байтал нэг залуу ирээд наа чинь миний үхэр байгаа юм зугтаад байхаар нь барьж аваад хүлсэн юм гэж хэлж байсан. Тэгээд тухайн үед үхрийн зургийг дараад өнгөрч байсан. Нэрийг нь сайн санахгүй байна зураг нь байгаа. Үхэр хүлсэн байсан залууд үлдээгээд явсан. Үхрийн хажууд нь зогсоож байгаад зургийг нь дарсан. Над дээр ирэхдээ ганцаараа ирсэн. Өөр хүн байгаагүй. Ойр орчмын газар өөр үхрүүд байгаагүй. Намайг очиход машин дээр ачаагүй жалганд хүн харагдахааргүй хонхор газарт хэвтүүлсэн байсан. Би дуудлага ихтэй байсан болохоор тэгээд явсан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 41-42 дугаар тал/,

 

*Гэрч Д.Оын өгсөн:

“...Би 2020 оны 06 сарын 15-ны шөнийн 00 цаг өнгөрч байхад тамир хорооллоос гэртээ харихаар өөрийн машинтай явж байхад машин гэрэл хэвтэж байгаа үхэр харагдахаар нь очиж үзэхэд жалганд хөлийг нь багласан монголын эвэртэй насаар бага үхэр байсан. Мөн хөх өнгийн портер маркийн автомашин хажууд нь байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд эргүүлийн автомашинтай цагдаа нар ирсэн. Тэгээд цагдаа ирэх үед С.О машины цаанаас явган ирсэн, ирээд цагдаа нарт манай үхэр байгаа юм гэр рүүгээ ачиж явах гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд би цагдаа нар ирсэн болохоор гэр рүүгээ явсан. Би тухайн тээврийн хэрэгслийн дугаарыг мэдэхгүй байна. Улаанбаатар дугаартай байсан. Уг автомашиныг С.О унаж хэрэглэдэг уг тээврийн хэрэгсэл одоо хаана байгаа талаар мэдэхгүй байна. Би тэдний гэр рүү явдаггүй учраас мэдэхгүй байна. Би тухайн үхрийн гэрэл зургийг авсан. Миний утас дээр хадгалсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 74 дүгээр тал/,

 

*Яллагдагч С.Оын өгсөн:

“...Би тогтоод дурдагдсан хонийг барьж аваагүй байсан учраас тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 62-63 дугаар тал/

 

*Яллагдагч О.Оын өгсөн:

“...Надад тухайн хонийг барьж авсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 53-54 дүгээр тал/

 

*Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 579 дугаартай: “...1 тооны монголын шүдлэн үхрийн үнэ 650.000/зургаан зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 22 дугаар тал/

 

*Дамно ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 22-09 дугаартай: “...1 тооны эр  хонины үнэ 180.000/нэг зуун наян мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 40-43 дугаар тал/

 

*Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 3-8 дугаар тал/

 

*Тань олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 62-68 дугаар тал/

*Д.Оын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 75-77 дугаар тал/

 

  *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч С.О, О.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.О, О.О нар нь бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Баянбулагийн Сүрьеэгийн ам гэх газар иргэн Д.Огийн хоттой хониноос 1 тооны эр хонь хулгайлахаар завдсан, мөн шүүгдэгч С.О нь ганцаараа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Сүрьеэгийн ам гэх газраас 2020 оны 06 дугаар сарын дундуур Б.Жы 1 тооны үхрийг хулгайлахыг завдсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

 Шүүгдэгч С.О, О.О нар нь бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Баянбулагийн Сүрьеэгийн ам гэх газар иргэн Д.Огийн хоттой хониноос 1 тооны хонь хулгайлахаар завдсан, шүүгдэгч С.О нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Сүрьеэгийн ам гэх газраас 2020 оны 06 дугаар сарын дундуур Б.Жы 1 тооны үхрийг хулгайлахыг завдсан гэх гэмт хэрэгт гэм буруутай болох нь хохирогч Д.Огийн“...Би гэртээ гэрлээ унтраагаад зурагтаа үзээд сууж байтал хонь гэнэт үргээд би гэрээс гарч хонины хашаа руу гэрэл тусгаад хартал манай хонины хашаанд шар хувцастай хүн хонь бариад авсан зогсож байсан. Би гэр рүүгээ сандарч ороод өөрийн нөхөр Г.Гийг сэрээгээд босоорой манай хоттой хонинд хулгай орсон байна гэж хэлсэн. Би буцаж гараад гэрэл тусгаад хартал тэр үед нэг хулгайч нь хашаан дотор нэг хулгайч нь хашааны гадна талд нь байсан. Тэр үед манай нөхөр Г.Г гэрээс гарч ирээд хулгайчаа чи наанаа зогсож бай би цагдаа дуудлаа шүү гээд орилоход хулгайч хашаа даваад зугтаасан. Тэгээд хашаан дотор байсан шар куртик өмссөн хулгайч нь хашаа даваад манай гэрээс хойд зүг рүү харанхуй дагаад зугтаасан. Манай нөхөр Г.Г араас нь мотоциклийн гэрэл тусгаад хөөтөл том хадны ард нэг шил архи, нэг том ундаа, модон иштэй хутга хажуудаа тавьчихсан нутгийн хүмүүс “Өөдөс” гэж дууддаг О.О сууж байсан, өмнө манайх хоттой хониноосоо алдаж байсан. 2021 оны намар нэг хоёроор нь алдсаар байгаад нийт арваад хонь хулгайд алдсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Гийн“...2022 оны 01 сарын 07-ны шөнө би гэртээ унтаж амарч байсан юм. Хонь үргээд манай гэрийн хүн гарч хоттой хонь руу гэрэл тусгатал хонины хашаан дотор хулгайч хонь бариад авсан байна гээд орж ирсэн би сандарч гараад гэрэл тусгатал хашаан дотор шар куртик өмссөн хүн хонь бариад авсан цаана нь бас нэг хүн байж байсан. Би чамайг цагдаад барьж өгнө гээд орилтол хашаанд байсан 2-р хүн хашаа даваад зугтаасан. Би ч ойр орчмын айл сахалтын хүмүүсийг гар утсаар дуудаж манай тэнд нутагладаг айлууд бүгд ирсэн. Бид нар гэрэлтүүлж манай байгаа газрын хойд зүгт явж байтал том хадны ард нутгийн хүмүүс өөдөс гэж дууддаг О овогтой О сууж байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Жы“...Манай үхэр дунд эвэртэй монголын шүдлэн үхэр байсан. Тухайн үхрийг С.О гэх залуу урдхан талд барьж дөрвөн хөлийг нь хүлсэн байж байгаад хүнтэй таарч цагдаа дуудаж тэр газраасаа зугтсан гэж хүмүүс ярьж байсан. Манай үхрүүд дунд эвэртэй шүдлэн монголын үхэр байдаг. Тухайн үхэр эвэртээ уяатай байсан. С.Оын дөрвөн хөлийг нь хүлсэн байсан гэх үхэр нь эвэртэй монголын шүдлэн үхэр гэсэн мөн эвэртээ уяатай байсан гэсэн тэгэхээр манай үхэр мөн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Огийн”...Би 2020 оны 06 дугаар сарын дундуур байх манайх Сүрьеэгийн аманд зусаж байсан юм. Тэгсэн С.О орой болсон бүрэнхий тасарсан байхад мотоциклтой халамцуу ирээд та нар намайг хулгайч гэж хэлсэн би хулгай хийдэггүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би гайхаад юу яриад байгаа талаар асуухад хамт явж байсан Ч.Б гэх залуу наадах чинь хэд хоногийн өмнө шөнийн цагаар үхэр багласан байж байгаад баригдсан юм тэрийгээ хэлээд байгаа юм гэж надад хэлсэн. Би тэгэхээр нь С.Оаас юун үхэр хүлсэн талаар асуухад тэр чинь манай үхэр шөнийн үхэр эвэртэй зурган дээр гардаг юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би танайд эвэртэй монгол үхэр байхгүй ш дээ гэж хэлтэл шөнө зураг дарахаар эвэртэй болж харагддаг юм гэж хэлсэн. С.Оынд мухар улаан үхэр л байдаг эвэртэй монголын үхэр байхгүйг би мэднэ. Эвэртэй бөөрөн дээрээ цагаантай үхэр гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Дын”...Би энэ хэргийн талаар сонссон аавын эвэртэй монгол үхрийг С.О гэх залуу шөнийн цагаар урдхан талд дөрвөн хөлийг нь уясан байсан, тэгээд хүн харж цагдаа дуудсан гэсэн тэр хойгуур нь хаяад зугтсан гэж байсан. Тэр үхэр одоо бол байхгүй. Тухайн үед идшинд идсэн гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Бы”...Шомбого гэж дууддаг хүний утсан дээр 4 хөлийг нь уясан эвэртэй үхрийн зураг байсныг  харсан. Шомбого надад С.О шөнө жалганд хөлийг нь хүлсэн байсан үхрийн зураг гэж хэлсэн. Тэгээд би мэдсэн. С.Оын үхэр дунд зурган дээрх шиг эвэртэй монголын үхэр байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч А.Бийн”...Сүрьеэгийн аманд үхэр хүлсэн байна гэх дуудлагад очиход Сүрьеэгийн ам руу өгсөх замд байдаг жалганд нэг тооны эвэртэй монголын үхэр хүлээд тавьсан байсан. Эргэн тойронд нь хүн байхгүй байсан. Мөн хүлсэн байсан үхрийн хажууд хөх өнгийн тэвштэй тэрэг байсан тухайн тээврийн хэрэгслийг шалгаж байтал нэг залуу ирээд наа чинь миний үхэр байгаа юм зугтаад байхаар нь барьж аваад хүлсэн юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Оын”...Би 2020 оны 06 сарын 15-ны шөнийн 00 цаг өнгөрч байхад тамир хорооллоос гэртээ харихаар өөрийн машинтай явж байхад машин гэрэл хэвтэж байгаа үхэр харагдахаар нь очиж үзэхэд жалганд хөлийг нь багласан монголын эвэртэй насаар бага үхэр байсан. Мөн хөх өнгийн портер маркийн автомашин хажууд нь байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд эргүүлийн автомашинтай цагдаа нар ирсэн. Тэгээд цагдаа ирэх үед С.О машины цаанаас явган ирсэн, ирээд цагдаа нарт манай үхэр байгаа юм гэр рүүгээ ачиж явах гэж байгаа гэж хэлсэн...”гэх мэдүүлэг, хохирлын үнэлгээг гаргасан Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 579 дугаартай дүгнэлт, Дамно ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 22-09 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж ойлгохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.О, О.О нарын бүлэглэн хохирогч Д.Огийн хонины хашаанд нэвтэрч 1 тооны хонийг хулгайлахаар завдсан, мөн шүүгдэгч С.О нь ганцаараа хохирогч Б.Жы 1 тооны үхрийг хулгайлахыг завдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа болно.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаярын шүүгдэгч С.О, О.О нар нь бүлэглэн хохирогч Д.Огийн 1 тооны хонийг хулгайлахыг завдсан үйлдэл нь  гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ноцтой хохирол хор уршиг учруулаагүй тул гэмт хэрэгт тооцохгүй байж өгнө үү гэсэн саналыг хүлээж авах боломжгүй юм. Учир нь шүүгдэгч С.О, О.О нар нь хохирогч Д.Огийн нэг тооны хулгайлахаар урьдчилан тохиролцож, хохирогч Д.Огийн хашаанд байсан хоттой хонь руу нэвтэрсэн байх бөгөөд хохирогч гэрээсээ гарч ирж гэрэл тусгаснаар шүүгдэгч нарын үйлдэл таслан зогсоогдсон, тухайн гэмт хэргийн улмаас хохирол учраагүй боловч тэдний бүлэглэн бусдын малыг хулгайлахыг завдсан үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, уг үйлдэл нь нийгмийн аюулын хэр хэмжээ эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа болно.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.О, О.О нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2 хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч С.От холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч С.От холбогдох хэргүүдийг прокуророос тус тусад нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж ирүүлсэн бөгөөд түүнд холбогдох хэргийг нэгтгэн шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул шүүхээс шүүгдэгч С.От холбогдох эрүүгийн 221200000020, 2212000000077 дугаартай хэргүүдийг нэгтгэн түүний үйлдлийг эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан,  үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг гэж үзэн нэг зүйл ангиар зүйлчлэх нь зүйтэй гэж дүгнэв.

           Иймд шүүхээс шүүгдэгч С.Оыг ганцаараа болон бусадтай бүлэглэн, шүүгдэгч О.Оыг бусадтай бүлэглэн бусдын малыг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

   Хохирол хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд хохирогч Б.Ж, Д.О нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч С.О, О.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч С.О, О.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Сартуул овогт Срын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын малыг хулгайлахыг завдсан гэмт хэрэгт, шүүгдэгч Гал овогт Оийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан бусадтай бүлэглэн бусдын малыг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

             2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оыг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оыг 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.От оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.Оад оногдуулсан 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          

             4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О, О.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

             5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч С.О, О.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

              6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

              7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.О, О.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ГАНДОЛГОР