| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2018/00235/И |
| Дугаар | 318 |
| Огноо | 2018-05-03 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 318
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: х тоотод оршин суух, А овогт Г-ын А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвд холбогдох,
2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 5.634.941 төгрөг, төрийн албаны урамшуулалын 300.000 төгрөг, нийт 5.934.941 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А, хариуцагч Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.А миний бие Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын тушаалаар ажиллаж байсан юм. Гэтэл Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Д.Б намайг нь 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Б/09 тоот тушаалаар Увс аймгийн Зоонозын өвчин судлапын төвийн ариутгагчийн ажлаас чөлөөлсөн юм. Миний бие ажлаас чөлөөлөгдсөний дараагаар ажилдаа эргэн орох талаар Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 490 дугаар шийдвэрээр намайг Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн ариутгагч бэлтгэмэлчээр ажилд буцаан томилох шийдвэр гарсан юм. Миний бие шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хуучин ажилдаа ороод одоо ажиллаж байна. 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 5.634.941 төгрөг, мөн төрийн албаны урамшуулалын 300.000 төгрөг болж байна. Иймд манай байгууллагаас нийт 5.934.941 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээгээгүй байсан юм гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллагад ариутгагч ажилтай Г-ийн А 2017 оны 4 дүгээр сарын 25-ны Б/09 тоот тушаалаар халагдсан. Шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр буцаж ажилдаа орсон. Ажилгүй байсан хугацааны цалин 5.634.941 төгрөг, төрийн албан хаагчийн урамшуулал болох 300.000 төгрөг, нийт 5.934.941 төгрөгийг манай байгууллагаас нэхэмжилсэн болно. Г.А-д Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар сахилгын арга хэмжээ авсан тул төрийн албан хаагчийн урамшуулал болох 300.000 төгрөгийг олгох боломжгүй. Мөн ажилгүй байсан хугацааны цалин болох 4.116.885 төгрөг болж байна. Хууль бус шийдвэр гаргасан Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажиллаж байсан Д-ийн Б-оор төлүүлж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. Манай байгууллагад Г.А-д олгох цалингийн төсөв байхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 5.634.941 төгрөг, мөн төрийн албан хаагчийн урамшуулал 300.000 төгрөг, нийт 5.934.941 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 490 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Г.А-г Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн ариутгагчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.
Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 тоот Г.А-г ажилд томилох тухай тушаалаар Г.А-г 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн ариутгагч, бэлтгэмэлчээр томилжээ.
Нэхэмжлэгч Г.А нь сарын 538.450 төгрөгийн цалинтай болох нь Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 19 тоот тодорхойлолтоор тогтоогджээ.
Ингээд 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нийт 5.634.941 төгрөгийг Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс гаргуулан нэхэмжлэгч Г.А олгох нь үндэслэлтэй гэж үзэв.
Харин төрийн албан хаагчийн урамшуулал 300.000 төгрөгийг гаргуулан олгох боломжгүй байна. Учир нь уг урамшууллыг сахилгын шийтгэл хүлээгээгүй албан хаагчид олгохоор заасан ба нэхэмжлэгч Г.А нь 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Б/05 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээжээ. Иймд нэхэмжлэгч Г.А-ийн төрийн албан хаагчийн урамшуулал 300.000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Г.А-ийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 110.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс улсын тэмдэгтийн хураамж 105.109 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.А-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 5.634.941 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх төрийн албан хаагчийн урамшуулал 300.000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Г.А-ийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 110.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 105.109 төгрөгийг хариуцагч Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс гаргуулж нэхэмжлэгч Г.А-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР