Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 169

 

 

                               

 

 

 

 

 

 

 

 

 

                                    

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                             

 Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор, улсын яллагч Н.Алтантүлхүүр, шүүгдэгч Л.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дүгээр зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дүүрэн овогт Лхаасүрэнгийн Мөнхбатад холбогдох эрүүгийн 20160251532 дугаартай, 186/2016/0156/э индекстэй хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний  өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.                                                           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Бат цааз” хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 23 дугаар гудамж, 236 тоотод оршин суух гэх, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй гэх, Дүүрэн овогт Лхаасүрэнгийн Мөнхбат /РД:ХН70082717/, 

            Холбогдсон хэргийн талаар:                                                                                             

Мөнхбат нь 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 15-16 цагийн орчим Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Ариунбаяртай хувийн таарамжгүй харьцаанаас болж хоорондоо маргалдан улмаар муудалцах явцдаа түүний жолоодож явсан 52-45 УНХ улсын дугаартай, “Mitsubishi Lancer” маркийн автомашины урд талын салхины шилийг чулуу шидэж санаатай гэмтээж нийт 140.000  төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс  мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Л.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Би прокурорын яллах дүгнэлтийг хүлээн  зөвшөөрч  байна, би  мөрдөн  байцаалтын шатанд  мэдүүлгүүдээ  үнэн зөвөөр өгсөн, өөрийнхөө хийсэн хэрэгтээ  гэмшиж  байна гэв.

    Хоёр: Шүүгдэгчийг мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           2.1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч  С.Ариунбаярын:.. Би 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчимд байхаа Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо, Чингэлтэй рүү өгсөөд Лха түшиг дэлгүүрийн гадаа өөрийн эзэмшлийн Мицубиши Лансер маркийн 52-45 УНХ улсын дугаатай машинтайгаа дээшээ хүн байвал мөнгөөр нь авч явах гээд зогсож байтал 40 орчим насны нэг согтуу эрэгтэй ирээд машины копут дээр суучихаар нь би машинаасаа буугаад тэр хүнийг яагаад машин дээр суугаад байгаа юм  машин дээрээс буугаач гээд хувцаснаас нь татаад буулгатал тэр залуу намайг хэл амаар доромжлоод  бид хоёр маргалдсан. Би тэр согтуу залууг түлхчихсэн чинь нөгөө залуу цаашаа явсанаа газраас нэг чулуу аваад надруу шидээд миний машины шилийг хагалчихсан. Би өөрийн утсаараа 102-т залгаж цагдаад дуудаад удалгүй цагдаа нар ирээд нөгөө хүнийг эрүүлжүүлнэ гээд аваад явсан. Ийм л асуудал болсон. Би яг санаатай хагалсан эсэхийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан надтай маргалдаж байгаад цаашаа яваад л газраас чулуу аваад шидчихсэн,  гэхдээ надруу чулуу шидэх гэж байгаад миний машины шилийг оноод хагалчихсан байж магадгүй. Би энэ залуугаас өөрт учирсан хохирлын мөнгө болох 140.000 төгрөгөө гаргуулан авч хохирлоо бүрэн барагдуулсан. Тийм болохоор надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Энэ хэргийг хөнгөрүүлж шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй. Би одоо бие жирэмсэн бөгөөд 2016 оны 08 дугаар сарын сүүлээр төрнө. Тийм болохоор хэргийн материалтай танилцахгүй. Шүүх хуралд биечлэн оролцохгүй гэх мэдүүлэг./хх 16-17/,

             2.2. Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Тэнүүний:… Би холбогдсон хэргийн талаар мэдсэн надад хэлсэн. 2016 оны 06 дугаар сарын 29-ны өдөр 7 буудал дээр хүний машины урд салхины шилийг хагалсан гэж надад хэлж байсан, уг хүний машины шилийг нь хагалсан учирсан хохирлыг барагдуулсан гэж байсан. Миний аав Л.Мөнхбат нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн, 1988 онд 1-р сургуулийг төгссөн, цахилгаанчин мэргэжилтэй, одоогоор хувийн компанид хамгаалагч ажилтай, солонгос улсад 2007-2015 онд ажиллаж байгаад ирсэн, Миний аав Л.Мөнхбат нь бага зэрэг түргэн ууртай, хааяадаа архи уух гээд байдаг, гэр бүл дотроо эелдэг, үр хүүхдүүддээ хайртай биднийг өсгөсөн хүн байгаа юм. Миний аав Л.Мөнхбат нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг,  хааяа найз нөхөдтэйгээ бага зэрэг хэрэглэдэг. Миний аав Л.Мөнхбат нь урд өмнө цагдаагийн байгууллагаар шалгагдаж байсан удаа байхгүй. Би тэр асуудлыг сайн мэдэхгүй байна. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан үедээ санаандгүйгээр чулуу аваад шидтэл машины салхины шилийг хагалсан гэсэн. Надад байтугай манай дүү болон ээжид тэгж догшин хэрцгий авирласан удаа байхгүй. Тэр тал дээр бол тийм ёстой байхгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам тавьж байгаагүй гэх мэдүүлэг./хх 24-25/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. 52-45 УНХ улсын дугаартай авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх-4/, техникийн гэрчилгээ /хх-5/, зарлагын баримт /хх-10/, сэжигтнээр тооцох тогтоол /хх-18/, сэжигтнийг байцаасан тэмдэглэл /хх-19/, яллагдагчаар татсан тогтоол /хх-26/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх 27-28/, эд зүйлийн үнэлгээ /хх-29/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-30/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31/, “Тэргэл-Тех” ХХК-ийн тодорхойлолт /хх-37/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-38/, Авто тээврийн үндэсний төвийн 2016 оны 09 дүгээр сарын  21-ний өдрийн 893-3834 тоот албан бичиг, “Эх-Санж” ХХК-ны 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 893-3833 тоот албан бичиг, зээлийн гэрээ, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судлав.                                        Дээрхи  хуульд заасан журмын  дагуу цугларсан  нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн  байцаалтын  шатанд  хийгдвэл зохих ажиллагаа бүрэн  хийгдсэн бөгөөд шүүх  шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад  тулгуурлан дараахи үйл баримтыг  тогтоов.

Л.Мөнхбат нь 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 15-16 цагийн орчим Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Лха түшиг” дэлгүүрийн гадаа  хохирогч С.Ариунбаяртай хувийн таарамжгүй харьцаанаас болж хоорондоо маргалдан улмаар муудалцах явцад түүний жолоодож явсан 52-45 УНХ улсын дугаартай, “Mitsubishi Lancer” маркийн автомашины урд талын салхины шилийг чулуу шидэж санаатай гэмтээж нийт 140.000  төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогч С.Ариунбаяр, гэрч М.Тэнүүн нарын мэдүүлэг,  эд зүйлийн үнэлгээ болон шүүгдэгч Л.Мөнхбатын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ  хүлээн мэдүүлж  байгаа  мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов.

Шүүгдэгч Л.Мөнхбат нь хэргийн  талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн  нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Мөнхбатад холбогдуулан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн  153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Л.Мөнхбатыг  бусдын  эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг баримтлан, эрүүгийн  хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх дүгнэв.          

            Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн 55.1.1., 55.1.3., 55.1.9 дэх хэсэгт зааснаар  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзсэнээс гадна түүний хувийн байдал,  хохирогч “гомдол саналгүй” гэсэн зэрэг байдлуудыг тус тус харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,   61.4-ийг хэрэглэв.

Шүүгдэгч Л.Мөнхбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус  дурдаж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                                                                             

                                                                                                            ТОГТООХ нь:

1. Дүүрэн овогт Лхаасүрэнгийн Мөнхбатыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Дүүрэн овогт Лхаасүрэнгийн Мөнхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Л.Мөнхбатад оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

     4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Л.Мөнхбатад оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг  Сонгинохайрхан дүүргийн  Цагдаагийн  1 дүгээр хэлтэст даалгасугай.

     5. Шүүгдэгч Л.Мөнхбат нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн болон  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг   тус тус  дурдсугай.    

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Мөнхбатад урьд нь авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 С.БАТЖАРГАЛ