Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2024/0005

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

“Д” СӨХ-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Х, өмгөөлөгч М.У

 

Нэхэмжлэгч: “Д” СӨХ /РД:9886427/

Хариуцагч: Х у д У Б с

Гуравдагч этгээд: Р.Батболд, М.С

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн хэлтсийн улсын бүртгэгч С.Оюунболд бүртгэсэн 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний №000325085 дугаартай Ү-2206032917 конторын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн анхны бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах тухай”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2023/0739 дүгээр шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Х

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.У, М.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч

Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Р.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2022/0933/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Д” СӨХ-оос Х у д У Б ст холбогдуулан “...Хан-Уул дүүргийн 20-р хороо Чингисийн өргөн чөлөөний 57-р байрны зоорийн давхрын 20а тоот дахь конторын зориулалтаар өмчлүүлсэн 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 000325085 дугаар гэрчилгээтэй, Ү-2206032917 дугаар бүхий өмчлөх эрхийн анхны бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах ”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2023/0739 дүгээр шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасныг тус тус баримтлан “Д” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. “С” ХХК нь 2008 оны 11 дүгээр сарны 24-ний өдрийн 101 тоот орон сууцны барилгыг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт нотлох баримт хавсарган өгсөн. Энэ харилцааг Эд хөрөнгө бүртгэлийн тухай хуулийн 13.5.1-13.5.8 заалт болон, 2011 оны 38 дугаар тушаалаар баталсан Эд хөрөнгийн бүртгэлийн журмаар нэг бүрчлэн зохицуулдаг. Мэдүүлэг гаргагч М.С Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалт буюу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол мөн Эд хөрөнгийн бүртгэлийн журмын 4.4.2-т заасан бүртгэл хөтлөх журмаа улсын бүртгэгч зөрчсөн байхад дээрх нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлээгүй. 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1.1, 14.1.4, 14.1.6, 14.1.8-д зааснаар М.Сын мэдүүлгээр үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхээс татгалзах үндэслэл байсан.

3.2. Мөн улсын бүртгэгч нь иргэн, хуулийн этгээдээс гаргасан мэдүүлгийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд нийцэж байгаа эсэхийг нягтлахаас бус хавсаргасан баримт бичгийн үнэн зөвийг тогтоох үүрэггүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй. Улсын бүртгэлийн байгууллагын ажилтан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу мэдүүлэгт өгсөн нотлох баримт нөхцөл байдлыг тогтоох, заалт бүрийг зөрчиж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, мэдүүлэг түүнд хавсаргасан баримтыг хуулийн 14.1.6-д заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар буцаана гэж заасныг зөрчсөн.

3.3. Мэдүүлэгт хавсаргасан 20А тоот гэх план зураг, улсын бүртгэлийн байгууллагад “С” ХХК-ийн анхны өгсөн зураг хоёр илт зөрүүтэй буюу засвартай, анхны бүртгэлийн Захиалгын гэрээний жагсаалтад конторын өрөө гэж байхгүй мэдсээр байж мэдүүлэг илтэд агуулга зөрүүтэй алдаатай, гарын үсэггүй байхад улсын бүртгэгч мэдүүлэг хүлээн авч, бүртгэл хийсэн үйлдлийг анхан шатны шүүх зөв гэж үзсэн нь огт ойлгомжгүй байна.

3.4. Мэдүүлгийг бүртгэх үндэслэлгүй байсан гэдэг нь дараах хууль бус үйлдлээр нотлогдоно:

3.4.1. Үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206032917 бүртгэл, гэрчилгээ дээр үл хөдлөх эд хөрөнгө нь 25 кв.м талбай гэж алдаатай. Зоорины байгууламжийн зурагт №3 техникийн өрөө 9.10 кв.м, №4 жижүүрийн өрөө 13.43 кв.м талбай, нийт 22.53 кв.м буюу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээрх 25 кв.м талбайд хүрэхгүй байгаа.

3.4.2. Хоёр өөр зориулалт бүхий талбайг нийлүүлсэн зургийг тодруулагчаар зурж 20А тоот гэж мэдүүлэг гаргахдаа хавсаргасан нь хууль бус, үйлдэл нь засвартай, мэдүүлэгт гарын үсэг зураагүй байхад энэ нь тухайн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэдгээ анхан шатны шүүх шийдвэртээ тайлбараагүй.

3.4.3. “С” ХХК-ийн барилга орон сууц хүлээлгэн өгөх жагсаалт дээр “конторын зориулалттай” гэх нэг ч үг ороогүй байхад гуравдагч этгээд нь зоорийн давхрын жижүүрийн болон техникийн өрөөний зурагт гар завсар оруулж, 20А тоот конторын зориулалттай өрөө гэж мэдүүлэг гаргасан нь Улсын бүртгэлийн газраас ирсэн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 1029 тоот албан бичгээр ирүүлсэн нотлох баримтын хамт ямар ч засваргүй зураг хэрэгт байдаг.

3.4.4. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” гэж заасны дагуу орон сууцны доод хонгил, сууцны бус зориулалттай техникийн өрөө, орон сууцны байшингийн халаалтын халуун хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт хамаарна, энэ нь дундын өмч гэх хуулийг шүүх бүрэлдэхүүн огт хэрэглээгүй нь ойлгомжгүй, иргэний худалдан авсан эд хөрөнгийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь үндэслэл  муутай байна.    

3.5. Анхан шатны шүүх хуралдааны явцад бүртгэл үү, гэрчилгээ юу гэж шүүх бүрэлдэхүүн болон хэргийн оролцогч нар их маргасан ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах боломжтой байхад шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Ингэхдээ анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий хууль хэрэглээг бүрэн ашиглаагүй, хэрэгт байгаа нотлох баримтуудыг огт авч үзээгүй, шаардлагатай баримтуудыг нэг бүрчлэн судалж үзээгүй зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасантай нийцээгүй.

3.6. Иймд “Д” СӨХ-ны гаргасан “... 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний №000325085 дугаартай Ү-2206032917 конторын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн анхны бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хянаж, Ү-2206032917 дугаар анхны бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоож, дүгнэлт өгөөгүй; хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасан тул шүүх хэргийн оролцогчдын нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэл бүрд хамаарах нотлох баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, хариуцагч болон гуравдагч этгээдийн татгалзал нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар маргааны үйл баримтын хүрээнд хууль зүйн бүрэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

4. “Д” СӨХ-оос Х у д У Б ст холбогдуулан “Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн хэлтсийн улсын бүртгэгч С.Оюунболд бүртгэсэн 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний №000325085 дугаартай Ү-2206032917 конторын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн анхны бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид “... М.С-ын мэдүүлэгт хавсаргасан план зураг нь Улсын комисст хүлээлгэж өгсөн зургаас өөр, жижүүрийн болон техникийн өрөө нь нийлээд 22.53 кв.м байхад гэрчилгээнд 25 кв.м гэж зөрүүтэй бичигдсэн, “С” ХХК-ийн анхны мэдүүлэгт конторын зориулалттай өрөө гэж байгаагүй, эдгээр үндэслэл нь улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл болно; гуравдагч этгээдийн өмчлөлд бүртгэсэн техникийн өрөөнд тухайн орон сууцны халуун хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт байгаа учраас сууцны бус зориулалттай техникийн өрөө тул хуулийн дагуу нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлд хамаарна; СӨХ нь дундын хөрөнгөдөө бүртгэж, өөрийн хөрөнгөөр хана өрж, засч сайжруулсан; орон сууц ашиглалтад орсон цагаас хойш гуравдагч этгээд нь тухайн өрөөг ашиглаагүй” гэж шаардлагын үндэслэлээ тайлбарлана. 

5. Харин гуравдагч этгээдээс “конторын зориулалттай тухайн өрөөг “С” ХХК-тай гэрээ байгуулж, худалдаж авсан; СӨХ болон оршин суугчид хана өрсөн гэдэг нь худлаа, барилга баригдах үеэс л “С” ХХК нь конторын зориулалтаар ашиглаж байсан, түүнээс биш шатны хонгил юмуу техникийн өрөө биш, нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “... маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-2206032917 дугаарт бүртгэхдээ холбогдох нотлох баримтуудыг үндэслэсэн. Анхны гэрчилгээ нь эрх шилжсэнтэй холбогдуулан 2016 онд хүчингүй болсон” гэж тус тус татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргасан.

6. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, маргааны үйл баримтын талаар “... М.Сын мэдүүлэгт хавсаргасан зоорийн давхрын зохион байгуулалтын схем зураг засвартай, барилгын эх загвар зурагнаас зөрүүтэй; “С” ХХК-иас анх Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн орон сууц болон дулаан гараж захиалагчдын жагсаалтад маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө байхгүй хэдий ч энэ нь тухайн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй; улсын бүртгэгч нь ирүүлсэн мэдүүлгийг хуульд нийцэж байгаа эсэхийг нягтлахаас, хавсаргасан баримт бичгийн үнэн зөвийг тогтоох үүрэггүй;” гэх зэргээр зөрчилтэй дүгнэлт хийснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Тухайлбал,

6.1. нэхэмжлэгчийн зүгээс ... гуравдагч этгээд М.Сын мэдүүлэгт хавсаргасан баримт зөрүүтэй буюу зохих баримт бичгийг хавсаргаагүй нь хуульд заасан мэдүүлгийг бүртгэхээс татгалзах үндэслэлд хамаарна гэх агуулгаар маргаж байхад, анхан шатны шүүхээс ... мэдүүлэгт барилгыг ашиглалтад оруулах улсын комиссын акт, орон сууцны зоорийн давхрын зохион байгуулалтын схем зураг, фото зургийг хавсаргасан нь хуульд заасан шаардлагад нийцсэн тул мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй гэж бүрдлийн хүрээнд дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ.

6.2. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.4-д “Улсын бүртгэгч дараах эрхтэй:” гээд 12.4.2-т “шаардлагатай гэж үзвэл үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ, байршилтай танилцах”, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалын Нэгдүгээр хавсралтаар баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 3.2-т “Мэдүүлэг хүлээн авахдаа мэдүүлгийг үзүүлэлт бүрээр бүрэн гүйцэт бөглөсөн эсэхийг шалгана. Нотлох баримтын хуулбарыг шаардлагатай тохиолдолд эх хувьтай нь тулгаж авна” гэж, маргаан бүхий эд хөрөнгийн анхны бүртгэлийг мэдүүлэг гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль, холбогдох журамд заасан байхад “улсын бүртгэгч хавсаргасан баримт бичгийн үнэн зөвийг тогтоох үүрэггүй” гэж буруу тайлбарлажээ.

6.3. Мөн энэ хэсгийн 3, 4-т заасанчлан тухайн объектын зориулалтыг хэргийн оролцогчид зөрүүтэй байдлаар тайлбарлан маргаж байхад анхан шатны шүүхээс “нийтийн зориулалттай орон сууцны шатны хонгил нь тухайн байрны оршин суугчдын дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар байх боловч үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан иргэний өмчлөх эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй” гэж дүгнэхдээ хэрэгт цуглуулсан аль нотлох баримтыг хэрхэн үнэлсэн тухай үндэслэлээ тусгаагүй, маргаан бүхий улсын бүртгэлд хамаарах уг объектын зориулалт болон нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө мөн эсэхийг эргэлзээгүй нотолж, хэргийн оролцогчдын шаардлага ба татгалзлын үндэслэлд бүрэн дүгнэлт өгөлгүй орхигдуулсан байна. 

7. 128/2022/0933/з индекс дугаартай уг хэргийг өмнө шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар хянаад, “... хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тодруулаагүй, маргааны үйл баримтын хүрээнд хэргийн оролцогчдын зөрүүтэй байдлаар тайлбарласан нөхцөл байдлыг тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулсны үндсэн дээр хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулж шийдвэрлэх шаардлагатай” гэж дүгнэн, 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2023/0349 дүгээр магадлал гаргаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

8. Дээрх магадлалын дагуу анхан шатны шүүх улсын бүртгэлийн байгууллагаас зарим нотлох баримтыг цуглуулж, “С” ХХК-ийн захирал гэх Т.Д-ээс гэрчийн мэдүүлэг авсан боловч тодруулах шаардлагатай гэж заасан хэргийн нөхцөл байдал, маргааны үйл баримтыг бүрэн шалган тогтоосон, шүүх нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтыг гүйцэд цуглуулсан гэж дүгнэх боломжгүй юм.

9. Анхан шатны шүүх хэрэг /дахин/ хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, гуравдагч этгээд М.Сын хүсэлтээр тус орон сууцны барилгын гүйцэтгэгч болох “С” ХХК-ийн менежер Ц.Б-аас гэрчийн мэдүүлэг авахаар шийдвэрлэж, энэ үндэслэлээр товлон зарласан шүүх хуралдааныг хойшлуулсан боловч түүнээс гэрчийн мэдүүлэг авалгүй хэргийг шийдвэрлэсэн ба гуравдагч этгээд хүсэлтээсээ татгалзсан тухай тайлбар, тэмдэглэл хэрэгт авагдаагүй байна.

10. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1-д орон сууцны байшингийн доод хонгил, цахилгаан болон явган шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн өрөө, халаалт болон халуун хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт зэрэг нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар, 15.4-д дундын өмчлөлийн эд хөрөнгийг сууц өмчлөгчид дундаа хамтран өмчлөхөөр, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглохоор тус тус хуульчилсан.

11. Эдгээр зохицуулалтын хүрээнд маргааны үйл баримтыг харьцуулж үзэхэд, улсын бүртгэлийн байгууллагаас гуравдагч этгээдийн хууль ёсны өмч хэмээн бүртгэж, гэрчилгээ олгосон тухайн орон сууцны 2 дугаар орцны зоорийн давхар дахь 20А тоот бүхий объект нь (а) нэхэмжлэгчийн тайлбарласанчлан сууц өмчлөгчдийн хөрөнгөөр хана өрж, өрөө болгож тохижуулсан буюу нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгө; тухайн орон сууцны халуун хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт байрласан техникийн өрөө; эсхүл (б) гуравдагч этгээдийн тайлбарласанчлан техникийн биш, сууцны зориулалттай буюу конторын өрөөний алинд хамаарах тухай хэргийн нөхцөл байдал шүүхээс цуглуулсан нотлох баримтаар бүрэн тогтоогдохгүй байна.  

12. Энэ тохиолдолд шүүхээс холбогдох нотлох ажиллагаа явуулахгүйгээр,  хэрэгт авагдсан фото зураг, орон сууцны барилгын зоорийн давхрын зохион байгуулалтын план зургаар, эсхүл Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг иш татан, маргаан бүхий бүртгэлд хамаарах объект нь нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлд хамаарна гэж шууд дүгнэх эрх зүйн үндэслэлгүй. 

13. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч СӨХ ба оршин суугчид техникийн болон жижүүрийн өрөөнд хана хийж, өрөө болгож тохижуулснаар объектын хэмжээ өөрчлөгдсөн эсэх, эсхүл “С” ХХК уг орон сууцны барилгыг анх ашиглалтад оруулахдаа гэрчилгээнд заасан тухайн хэмжээгээр конторын зориулалтаар барьсан эсэх, маргаан бүхий 20А тоот хаяг бүхий Ү-2206032917 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө нь сууцны зориулалттай, эсхүл сууцны бус зориулалттай техникийн өрөөний аль болох талаар мэргэжлийн байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргуулах, шүүхийн үзлэг хийх; “С” ХХК-аас улсын бүртгэлийн байгууллагад гаргасан анхны мэдүүлэгт хавсаргасан орон сууцны зоорийн давхрын зохион байгуулалтын план зургийг өөрчилсөн эсэх, хаана хадгалагдаж байгаа талаар холбогдох этгээдээс гэрчийн мэдүүлэг авах зэргээр хэргийн оролцогчдын тайлбарын зөрүүг арилгаж, маргааны үйл баримтад хамаарах нөхцөл байдлыг нэг мөр тогтоосны үндсэн дээр улсын бүртгэл хуульд нийцсэн буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг дүгнэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн “... анх М.С-т олгосон 000325085 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлагын хүрээнд, тус гэрчилгээ 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүчингүй болсон гэж, гуравдагч этгээдээс “... уг конторын өрөөг 2014 онд өмчлөлдөө бүртгүүлснийг СӨХ-ны өмнөх захирал Ц.Г мэдэж байсан, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэж тус тус татгалзлын үндэслэлээ тайлбарласныг шүүх анхаарч дүгнээгүй болохыг тэмдэглэв.

15. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл тус бүрд дүгнэлт хийгээгүй, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой баримтуудыг бүрэн цуглуулаагүй учраас шийдвэрийн хууль зүйн үндэслэлд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2023/0739 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                          ШҮҮГЧ                                                                   Ц.САЙХАНТУЯА

 

 

                          ШҮҮГЧ                                                                     А.САРАНГЭРЭЛ

 

 

  ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ