Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2021/00334

 

2021           04            06                                          001/ХТ2021/00334

................ХХК дахь Банкны эрх хүлээн

авагчийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2019/02047 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1808 дугаар магадлалтай,

 

................ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

“................” ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 66,186,308 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Батжаргалын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаартай ................ХХК дахь Банкны эрх хүлээн авагч томилох тухай тушаалаар ................ХХК дахь Банкны эрх хүлээн авагч томилсон. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасны дагуу ................ХХК, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Иймд банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч ................ХХК нь ................тай 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/056 дугаартай Зээлийн гэрээг байгуулж, 80 000 000 төгрөгийг сарын 0,42 хувь, жилийн 5 хувийн хүүтэй, Нийслэлийн ЖДҮ-г Хөгжүүлэх сангийн зээл зориулалтаар 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлэн авсан. Банк зээлийн гэрээний 3.4 дэх хэсэгт заасан зээлдэгчийн ................ны 2003031612 тоот харилцах дансанд 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр зээлийг шилжүүлснээр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлдэгч ................ХХК ................тай 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр БГ/056 дугаартай Барьцааны гэрээг байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулахаар дараах зүйлсийг барьцаалуулсан. Үүнд, Улсын бүртгэлийн ................ дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №................тоот гэрчилгээтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 127/5 байр, 30 тоот хаягт байршилтай 51.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Барьцааны бүртгэлийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, №11-442453 тоот Барьцаалбар үйлдэгдсэн,Улсын бүртгэлийн ................ дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн N................ тоот гэрчилгээтэй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 11 гудамж, 46 тоот хаягт байршилтай 52 м.кв талбайтай авто машины гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Барьцааны бүртгэлийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, №11-442223 тоот барьцаалбар үйлдэгдсэн, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 11 дүгээр гудамж, 46 тоот хаягт байршилтай, 639 м.кв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар. Газар өмчлөх эрхийн гэрчилгээ №................, Улсын бүртгэлийн дугаар Г- ................. Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст зохих бүртгэлийг хийлгэсэн. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 15 645 889.77 төгрөг, зээлийн хүүнд 12 839 320.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 671 769.58 төгрөг тус тус төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа дууссан болно. Үндсэн зээлийн үлдэгдэл 64 354 110.23 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 1 755 655.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 76 543.28 төгрөг, нийт зээл хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 66 186 308.62 төгрөг. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан 34 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд хариуцагч ................ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 66 186 308.62 төгрөгийг нотариатчийн зардлын 34 000 төгрөгийн хамт гаргуулж ................ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр №ЗГ056 дугаартай Барьцааны гэрээгээр барьцаалагдсан барьцааны зүйлүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Манай банкны эрх хүлээн авагчийн зүгээс хариуцагчид 2020 оны 02 сарын дотор төлбөрөө төлөх хугацааг олгож эвлэрэх санал тавьсан боловч хариуцагч тал уг хугацаанаас илүү хугацаа хүссэн учир эвлэрэх боломжгүй. Бидэнд 2020 оны 4 сар гэхэд бүх төлбөр, зээлийн үлдэгдлийг төлүүлэх чиглэл даалгавар өгсөн учир үүнээс хойш хугацаа өгөх боломжгүй. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сантай ................гэрээ байгуулсан асуудал бол энэ зээлийн маргаанд хамаарахгүй, тусдаа асуудал юм. Зээлийг ................олгосон ба зээлийн хугацааг сунгасан болон өөрчилсөн мэдээлэл бидэнд байхгүй. Энэ компанийн зээлийг өөр банкинд шилжүүлэх боломжгүй, Монгол банкны өгсөн чиглэлийн дагуу ипотекийн зээл болон хэвийн ангилалтай зээлүүдийг бусад банктай тохиролцон шилжүүлж байгаа.................ХХК нь хамгийн сүүлд 2017 оны 4 сард төлөлт хийгээд түүнээс хойш зээлийн төлөлт зөрчигдөж эхэлсэн байгаа. Гэрээний хугацаа нэхэмжлэл гаргах үед дууссан байгаа. Барьцаа хөрөнгийн итгэмжлэлийн дагуу барьцаалсан байдаг. Итгэмжлэл хүчин төгөлдөр байсан. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч ................ХХК-ийн захирал Д.Батжаргал нэхэмжлэгч ................ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 501 дугаар бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 66 186 308.62 төгрөг, нотариатын зардал 34 000 төгрөг, нийт 66 220 308.62 төгрөгийг доорх графикийн дагуу 2019 оны 7 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сарыг хүртэл 27 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байна. Учир нь хариуцагч Д.Батжаргал энэхүү нэхэмжлэлээс гадна Хаан банкинд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 18 000 000 төгрөг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 12 000 000 төгрөгийн нэхэмжлэлтэй хэргийн хариуцагчаар татагдан, өр төлбөрийн дарамтанд орсон байгаа юм. Иймд миний энэ саналыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2019/02047 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ................ ХХК-иас 66 220 308,62 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ................ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ................ ХХК нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн ................ дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №................тоот гэрчилгээтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 127/5 байр, 30 тоот хаягт байршилтай, 51.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн ................ дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №000364227 тоот гэрчилгээтэй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 11 дүгээр гудамж, 46 тоот хаягт байршилтай 52 м.кв талбайтай авто машины гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 11 дүгээр гудамж, 46 тоот хаягт байршилтай, 639 м.кв талбайтай, газар өмчлөх эрхийн гэрчилгээ №................, Улсын бүртгэлийн дугаар Г-................ өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг тус тус албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар нэхэмжлэгч ................ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ................ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 489 051 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1808 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2019/02047 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 489 051 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Батжаргал хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 66 220 308,62  төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй, мөн Иргэний хуулийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгийг худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулан, илүү гарсан үнийг хариуцагч талд буцаан өгөх эрх, үүрэг нь нээлттэй гэж дүгнэсэн болно. Хариуцагч “................” ХХК нь нэхэмжлэгч ................тай 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/056 дугаартай зээлийн гэрээний дагуу 80 000 000 төгрөгийг сарын 0.42 хувь, жилийн 5 хувийн хүүтэй, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг Хөгжүүлэх сангийн зээлийн зориулалтаар 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаагаар зээлж, зээлийн гэрээний барьцаанд 90 000 000 төгрөгийн үнэ бүхий Улсын бүртгэлийн ................ дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №................тоот гэрчилгээтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 127/5 байр, 30 тоот хаягт байршилтай 51.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, 70 000 000 төгрөгийн үнэ бүхий улсын бүртгэлтэй ................ дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн №000364227 тоот гэрчилгээтэй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 11 гудамж, 46 тоот хаягт байршилтай 52 м.кв талбайтай авто машины гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 30 000 000 төгрөгийн үнэ бүхий Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 11 дүгээр гудамж, 46 тоот хаягт байршилтай, 639 м.кв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, газар өмчлөх эрхийн гэрчилгээ №................, Улсын бүртгэлийн Г-................ дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болно. Гэтэл шүүх нэхэмжлэгчид барьцаалсан үл эд хөрөнгийн нийт үнийн дун 190 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө байхад нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 66 186 308 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд албадан дуудлага худалдаанд оруулж худалдан борлуулан, түүний үнийн дүнгээс шүүхийн шийдвэр биелүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байгаа болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг анхаарч үзээгүйгээс хариуцагчийн нэхэмжлэгч ................инд зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ул хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож хууль ёсны эрх, ашгаа хамгаалах, шүүхийн журмаар хөрөнгөө үнэлүүлэх боломж олгоогүйгээс гадна нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв дүгнэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байгаа болно. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ................ХХК дахь Банкны эрх хүлээн авагч хариуцагч “................” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 66,186,308.62 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч 27 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтой гэсэн тайлбарыг гаргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

1. “................” ХХК нь ................ХХК-тай байгуулсан 2015 оны 5 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр жижиг дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангийн зээлийн зориулалттайгаар 80,000,000 төгрөгийг 4 жилийн хугацаатай, сарын 0,42 хувийн хүүтэй нөхцөлөөр зээлж авсан, зээлийн үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 127/5 байр, 30 тоот хаягт байршилтай 51.6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 11 гудамж, 46 тоот хаягт байршилтай, 52 м.кв талбайтай авто машины гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 11 дүгээр гудамж, 46 тоот хаягт байршилтай, 639 м.кв талбайтай, өмчлөлийн газрыг тус тус барьцаалан, барьцааны гэрээ байгуулжээ.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээний төрөл, гэрээ байгуулах хэлбэрийн шаардлагыг хангасан, гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

 

Зээлдэгч нь нийт 29,156,970 төгрөгийг буцааж төлсөн, үндсэн зээлийн үлдэгдэл 64,354,110 төгрөг, хүү 1,755,655 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,543 төгрөг нийт 66,186,308 төгрөгийн үүргийг маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээл, гэрээгээр тохирсон хүүг хугацаандаа төлөх үүрэгтэй, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол гэрээнд заасан тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, шүүх нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон эдгээр хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

2.Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...барьцааны үл хөдлөх хөрөнгийн нийт үнийн дүн 190,000,000 төгрөг байхад 66,186,308 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд дээрхи үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж худалдан борлуулах нь гуравдагч этгээд нарын эрх ашиг ноцтой зөрчигдөх магадлалтай...” гэж дурджээ.

 

Бусдын эд хөрөнгө барьцааны зүйл байж болох бөгөөд 2 өрөө орон сууцны өмчлөгч А.Долгорсүрэн, Э.Мөнх-Эрдэнэ нараас гадна “................” ХХК-ийн захирал Д.Батжаргал нар барьцааны гэрээг байгуулсан, /хх-16/ өмчлөгч нарын зүгээс 2015 оны 04 сарын 20-ны өдөр Д.Батжаргалд олгосон итгэмжлэлд өөрсдийн өмчлөлийн орон сууцыг барьцаанд тавихыг зөвшөөрч, үүргийн гүйцэтгэлийг хангуулах бүрэн эрхийг олгожээ. Итгэмжлэл, барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлыг талууд маргаагүй байв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээд оролцож болдог бөгөөд гагцхүү хэргийн оролцогч эсвэл гуравдагч этгээд өөрөө хүсэлт гаргасны үндсэн дээр шүүх оролцуулах эсэхийг шийдвэрлэнэ. Хариуцагчийн зүгээс барьцааны зүйлийн өмчлөгч нарыг оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргаагүй байв.

 

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.4-т “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага нь хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгийн ипотекоор хангагдахаар байвал үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийг тухайн шаардлагыг бүхэлд нь хангахад ашиглах бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч шаардлагаа хангуулахдаа аль нэгэн үл хөдлөх эд хөрөнгийг сонгож болно.” гэж заасан тул шүүх барьцааны зүйлийн аль нэгийг сонгож үүргийг хангуулах эрхгүй юм.

 

Иймд барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг зөрчөөгүй тул хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2019/02047 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1808 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 489,051 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.УНДРАХ

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Г.АЛТАНЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                               Х.СОНИНБАЯР

                                                                                               Г.ЦАГААНЦООЖ