Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/151

 

 

 

 

                                                                                                                                                          

                                  2022/ШЦТ/151

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: А.Амарсанаа  

              Шүүгдэгч: Ч.Мөнхтогоо

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  Боржгон овогт Чулуутын Мөнхтогоод холбогдох эрүүгийн 2212000380076 тоот хэргийг хэлэлцэв.

 

              Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 5, ээж, эгч, дүүгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бор толгой хорооллын 25-08 тоотод оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 1994 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил, 1 хоногийн хорих ялаар, мөн шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар, мөн шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон овогт Чулуутын Мөнхтогоо/РД:АЮ76091991/

 

                                    Холбогдсон хэргийн талаар:

 

              Шүүгдэгч Ч.Мөнхтогоо нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бортолгой хорооллын 28-12 тоот хашаан дотроос хохирогч М.Мөнхбатын гээгдүүлсэн Самсунг А-22 загварын гар утсыг олж завшин, түүнд 583.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            *Эрүүгийн 2212000380076 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            *Хохирогч Ж.Төгсжаргалын өгсөн:

            “...Миний эзэмшлийн самсунг А-22 маркийн гар утсыг Ч.Мөнхтогоо гэх хүн олж аваад Арвай төвийн 1 давхарт 60.000 төгрөгөөр тавьсан байсан. Тэгээд би тухайн газар очиж 60.000 төгрөгийн өөрөөсөө гаргаад утсаа авсан. Би утас авсан 60.000 төгрөг, мөн утсанд үнэлгээ гаргуулсан 20.000 төгрөгийг тус тус төлчихвөл надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 35-36 дугаар тал/

 

            *Гэрч Ү.Баянмөнхийн өгсөн:

            “...2022 оны 02 дугаар сарын 12-ны орой би гэртээ ах Булгаагийн хамт хоёулаа байж байтал Тожоо ах /Очирбатын Тожилзөмүү/ нэг ахтай хамт 1 шил 0,75л-ийн Ерөөл архитай орж ирсэн. Тэгээд бид 4 хамт уугаад сууж байтал Тожоо ахтай хамт орж ирсэн хүн нь бурхан руу нулимаад байхаар нь би гэрээсээ түлхээд гаргасан. Намайг түлхэхэд гадаа гэрийн үүдэн дээр унасан. Тэгээд би хаалгаа хаагаад гэртээ орж ирсэн. Тэгээд араас Ч.Мөнхтогоо ах гэрт орж ирсэн. Ч.Мөнхтогоо ах гэрт орж ирээд нэг юм болгочихмоор гайгүй утас надад байна гэсэн. Тэгээд утсаа харуулалгүй эргээд гараад явсан. Тэгээд удалгүй нөгөө гадаа унасан ах арын айлын эгчтэй орж ирээд миний утсыг авчихлаа цагдаа дуудсан утас гаргаж өг гээд байсан. Тэгээд цагдаа нар ирсэн. Манай төрсөн ах Булгаа, Тожоо ах/Очирбатын Тожилзөмүү/ би бид гурав байсан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-7 дугаар тал/,

 

            *Гэрч О.Тожилзөмүүгийн өгсөн:

            “...2022 оны 02 дугаар сарын 12-ны орой Ү.Баянмөнхийнд очих гэж явж байгаад гудамжинд нь бараг хашааных нь гадна М.Мөнхбаттай таарсан чинь 1 шил архи байна, 4 хамт ороод уучих газар байна уу гэсэн. Би М.Мөнхбатыг нэг их сайн танихгүй зүс таних төдий мэднэ. Тэгээд М.Мөнхбаттай хамт Ү.Баянмөнхийнд орсон. Ү.Баянмөнх ах Булгаатайгаа байсан, бид 4 хамт 1 шил 0,75 л-ийн Ерөөл архи уусан. Архи уугаад сууж байтал Ү.Баянмөнх, М.Мөнхбаттай бурхан руу нулимлаа гээд маргалдаад М.Мөнхбат Ү.Баянмөнх хоёр хоорондоо барьцалдаад авсан би салгасан. Дараа нь М.Мөнхбат нэг эгчтэй орж ирээд миний утсыг авсан гаргаж өг та нар гээд тэгээд цагдаа дуудчихсан байсан. Ү.Баянмөнх М.Мөнхбат нар гэрт бурхан руу нулимлаа энэ тэр гээд маргалдаад барьцалдаад авсан. Тэгээд Ү.Баянмөнх, М.Мөнхбатыг чирээд үүд рүү гаргасан гэрийн үүдэнд барьцалдаж байхад би салгасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-9 дүгээр тал/

 

            *Гэрч Т.Билэгсайханы өгсөн:

            “...Ч.Мөнхтогоо гэх хүн надад хар өнгийн гэртэй самсунг-А-22 маркийн гар утас 60.000 төгрөгөөр тавьсан. Тухайн утас нь шинэвтэр утас байсан. Одоо надад байхгүй. Нэг цагдаатай хамт Мөнхөө гэх хүн орж ирээд мөнгийг нь өгөөд аваад явсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 43-44 дүгээр тал/

 

            *Яллагдагч Ч.Мөнхтогоогийн өгсөн:

            “...Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 51-52 дугаар тал/

 

            *Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22-08 дугаартай: “...Самсунг галакси А-22 маркийн гар утасны үнэ 583.200/таван зуун наян гурван мянга хоёр зуу/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 20-22 дугаар тал/

 

            *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 55 дугаар тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч  Ч.Мөнхтогоод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

            Гэм буруугийн талаар: 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Мөнхтогоо нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бортолгой хорооллын 28-12 тоот хашаан дотроос хохирогч М.Мөнхбатын гээгдүүлсэн Самсунг А-22 загварын гар утсыг олж завшин, түүнд 583.200 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

              Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ч.Мөнхтогоо үйлдсэн болох нь хохирогч М.Мөнхбатын”...Миний эзэмшлийн самсунг А-22 маркийн гар утсыг Ч.Мөнхтогоо гэх хүн олж аваад Арвай төвийн 1 давхарт 60.000 төгрөгөөр тавьсан байсан. Тэгээд би тухайн газар очиж 60.000 төгрөгийн өөрөөсөө гаргаад утсаа авсан...” гэх мэдүүлэг, гэрч Ү.Баянмөнхийн”...Ч.Мөнхтогоо ах гэрт орж ирээд нэг юм болгочихмоор гайгүй утас надад байна гэсэн. Тэгээд утсаа харуулалгүй эргээд гараад явсан. Тэгээд удалгүй нөгөө гадаа унасан ах арын айлын эгчтэй орж ирээд миний утсыг авчихлаа цагдаа дуудсан утас гаргаж өг гээд байсан...” гэх мэдүүлэг, гэрч  Т.Билэгсайханы”...Ч.Мөнхтогоо гэх хүн надад хар өнгийн гэртэй самсунг-А-22 маркийн гар утас 60.000 төгрөгөөр тавьсан. Тухайн утас нь шинэвтэр утас байсан...” гэх мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22-08 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг нь шууд санаатай үйлдэгддэг, гэм буруутай этгээд гээгдэл эд хөрөнгийг өөрийн эзэмшилдээ авах, захиран зарцуулах идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрч өөрийн хууль бус өмчлөлд шилжүүлэн завшсанаар гэмт хэргийн шинж хангагдах юм. Шүүгдэгч Ч.Мөнхтогоогийн гар утас бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж авч ломбарданд тавьж өөрт ашиг олсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

              Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Мөнхтогоогийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

              Хохирол хор уршгийн талаар:

              Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Мөнхбатад 583.200 төгрөгийн хохирол учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22-08 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч М.Мөнхбат нь хохирол болох утсаа ломбарднаас 60.000 төгрөгөөр авсан, мөн шинжээчийн хөлс гэж 20.000 төгрөг төлсөн, дээрх хохирол болох нийт 80.000/наян мянга/ төгрөгийг нэхэмжлэх талаар мэдүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шинжээчид төлсөн хөлс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарах тул уг зардлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй, эдгээр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт хамааралтай байх тул Ч.Мөнхтогоогоос 80.000  төгрөгийг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

              Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ч.Мөнхтогоод Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байгааг дурдан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

              Шүүгдэгч Ч.Мөнхтогоо нь урьд удаа дараа ял шийтгүүлж байсан нь хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдалд хамаарахгүй хэдий ч түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэл эдэлж байсан нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

 

              Шүүгдэгч Ч.Мөнхтогоогийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 6/зургаа/ хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон эдлэх ялаас хасч тооцохоор /520-48=472/, түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Чулуутын Мөнхтогоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мөнхтогоог 520/таван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мөнхтогоо нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мөнхтогоогийн цагдан хоригдсон 6/зургаа/ хоногийн 1/нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагаар тооцож эдлэх ялаас хассугай.

 

5. Шүүгдэгч Ч.Мөнхтогоод хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.9 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мөнхтогоогоос 80.000/наян мянга/ төгрөгийн гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, Бортолгой хорооллын 49-11 тоотод оршин суух хаягтай, Баян-Уул овогт Мангалжавын Мөнхбат/РД:АЭ80121519/-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мөнхтогоод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Мөнхтогоод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ГАНДОЛГОР17