Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2018/01036

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б.Н-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “ХЦГ” ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, гэрч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Н-аас 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 10.000.000 төгрөгийг 11.000.000 төгрөг болгож өгөхөөр зээлж, бэлэн мөнгөний орлогын баримт үйлдэж “ХЦГ” ХХК-ийн санхүүгийн тамга дарж, тодорхойлолт бичиж өгсөн байдаг. 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч 2.000.000 төгрөг төлж, үлдэх 8.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаанд төлөөгүй. Нэхэмжлэгчээс хариуцагчийг зээлийн төлбөр төлж барагдуулахыг удаа дараа шаардаж байсан. “ХЦГ” ХХК-иас 8.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч зээлүүлсэн 8.000.000 төгрөгөө “ХЦГ” ХХК-иас гаргуулах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

           

            Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч “ХЦГ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “ХЦГ” ХХК-ийн төлөөлөгч Б.Ц 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан хэдий ч шүүхэд тайлбар, татгалзал гаргаагүй, шүүх хуралдааны товыг хүлээн авсан ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд оролцоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дах хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч нь 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн болох нь “ХЦГ” ХХК-ийн 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хүү төлөлт хийсэн зарлагын баримт, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн тооцооноос хасалт хийх тухай зарлагын баримт, гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан “эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгсөн” байх тул зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, Иргэний хуулийн зээлийн гэрээний зохицуулалт үйлчлэхээр байна гэж дүгнэв.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй адил хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Зээлийн гэрээний дагуу хариуцагч нь хүү төлөлт 1.000.000 төгрөг, тооцооноос хасалт гэж 2.000.000 төгрөгийг тус тус төлсөн байх бөгөөд нэхэмжлэгч нь үлдэгдэл 8.000.000 төгрөгийг гаргуулахаар шаардахад хариуцагч “ХЦГ” ХХК нь хариу тайлбар, татгалзал гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй тул үйл баримтыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчаас 8.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Над олгож шийдвэрлэлээ.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 143.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ХЦГ” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 8.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Над  олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Наас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 143.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ХЦГ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 143.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ч.МӨНХЦЭЦЭГ