Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/77

 

   

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Д аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.У даргалж тус шүүхийн “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Ц

          Улсын яллагч Б.С

         Хохирогч Н.М

         Хохирогчийн өмгөөлөгч Б.А

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч

        Шүүгдэгч Р.Н нарыг оролцуулан Д аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Н-д холбогдох эрүүгийн 2222000000057 дугаартай  хэргийг 2022 оны  05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1985 оны 09 сарын 24-ний өдөр Д аймгийн А суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Д аймгийн А сумын 3 дугаар баг Өвөр-Урт гэх газарт оршин суух, Б овогт Р-ийн Н РД://.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Р.Н нь согтуугаар 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Д аймгийн А сумын 3 дугаар баг “Аман-Ус” гэх газарт байх өөрийн гэртээ эхнэр Н.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч Р.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 03 сарын 10-нд сумын төв орж бензин аваад, нэг архи, нэг пиво авч уусан. Тэгээд гэртээ ирээд эхнэрээ аргалын саваа дүүргэхгүй яасан юм бэ? гэхэд өөдөөс юм яриад байхаар нь зүүн нүд рүү нь өшиглөсөн. Буруутай үйлдлээ ойлгож байна. Эмчилгээний зардалд 800.000 төгрөг төлсөн.” гэв.

          Шүүгдэгч Р.Н-н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  “...Би гэнэт уур хүрээд баруун хөлөөрөө зүүн нүд орчим нь тийрч өшиглөсөн. Эхнэр тэр үед яг миний хажуу талд сууж байсан. Тэгээд ойролцоогоор 20-30 минутын дараа харахад зүүн нүд нь хөхөрчихсөн байсан. Би эхнэрийнхээ гар бугалгад үүссэн гэмтэл шархыг яаж учруулснаа санахгүй байна. Гэхдээ миний буруутай үйлдлээс болж үүссэн гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 47/

          Хохирогч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт: “ Нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэв.

         Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “Хохирогч Н.М нь бичиг үсэг мэдэхгүй учир эрх ашгийг нь хамгаалан оролцож байна. Хохирогч нийт 3.738.490 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа. Үүнээс өмгөөллийн хөлсөнд төлсөн 600.000 төгрөг, шүүгдэгчийн хохиролд төлсөн 800.000 төгрөгийг хасч тооцоход татгалзах зүйлгүй. Шүүгдэгчээс 2.338.490 төгрөгийг гаргуулан, цаашид гарах зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэв.

         Хохирогч Н.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 10-ны өглөө манай нөхөр сумын төв рүү явсан. Тэгээд сумын төвөөс үдээс хойш гэртээ ирсэн. Гэртээ 1 шил архи, 1 том савлагаатай пивотой ирсэн. Тэрийгээ У, Н 2 уусан. Н намайг аргалын авдар аргалаар дүүргэсэнгүй гэж загнаад тэрнээс болж маргаан үүссэн. Тэр үед Н хөл нүцгэн байсан. Н намайг газар сууж байтал миний нүүр рүү өшиглөсөн. Тэр үед У дундуур орж ирээд салгасан. Харин Н гутлаа өмсөх гэж байхдаа миний баруун гарын тохой орчимд дахин 1 удаа өшиглөсөн. Дараа нь намайг хэвтэж байхад миний баруун хавирга орчимд дуу алдтал өшиглөсөн. Мөн харанхуйд шүүгээнээс сэрээ авч миний зүүн гарыг барьж байгаад хатгасан. У дундуур орж ирж салгаад Н-гдарж унтуулах гээд байсан. Зүүн нүд хөхөрч хавдсан, баруун гарын тохой хэсэгт хөхөрч хавдсан, баруун гуянд хэсэг газарт хөхөрсөн, баруун хавирга орчимд гэмтэл үүссэн. Зүүн гарын хэсэгт сэрээний шарх үүссэн. Тухайн үед миний бие их өвдөж байсан. Би Нэргүйтэй 10 гаруй жил хамт амьдарч байна. Зодуулсандаа гомдолтой байна, эмчилгээний зардлаа гаргуулна.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-12/

Гэрч Б.Э-ы: “...Би 2022 оны 03 дугаар сарын 10-ны өглөө Нэргүйн хамтаар А сумын 3 дугаар багийн нутаг Аман ус гэх газраас сумын төв рүү явсан. Сумын төвийн дэлгүүрээс 1 шил архи, 1 том савлагаатай пиво аваад буцаад хөдөө буюу А сумын 3-р багийн нутаг Аман ус гэх газарт байх Нэргүйн гэрт ирсэн. Тухайн үед 19 цаг өнгөрч байсан. Сумын төвөөс авч ирсэн архи, пивоо уусан. Тэгээд намайг гадаа бие засаад ороод иртэл Н эхнэртэйгээ маргалдсан байдалтай байсан. Тэр үед аргалын сав дүүргэсэнгүй гээд Н М нар маргалдаж байсан. Харин Н ах миний хажууд гутлаа тайлсан байхдаа М-гийн нүүр орчимд хөлөөрөө өшиглөсөн. Би тэр үед Н ахыг салгаад хэвтүүлсэн. Тухайн үед М-гийн баруун нүд нь хавдсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

Гэрч Д.Б-ын: “...М манай гэрт байхдаа зүүн нүд орчим нь хавдсан байдалтай харагдсан. Босоод явах гэхээр толгой өвдөөд гэж байсан. М нь манай эхнэр Болормаад хэлэхдээ нөхөр Н нь зодсон гэж хэлээд өвчин намдаах эм авч уусан гэсэн. Надад зодуулсан талаараа дэлгэрэнгүй яриагүй. Гэрийн хойно хэвтэж байснаа эмнэлэг цагдаад дуудлага өгөөд өгөөч гэж хэлсэн. Манай гэрт байхад зүүн нүд орчим нь хавдсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

Шинжээч Д.Д-ийн: “Н.М-гийн биед тогтоогдсон тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн дээд зовхинд шарх, зүүн доод зовхи, баруун бугалга, баруун гуянд цус хуралт гэмтлүүд нь бүгд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Харин баруун бугалганы гадна дунд хэсэгт үүссэн цус хуралт гэмтэл нь 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 40/

 

Д аймгийн шүүх шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 108 дугаартай:

 1. Н.М-гийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн дээд зовхинд шарх, зүүн доод зовхи, зүүн гарын ядам хуруунд зулгаралт, зүүн дээд, доод зовхи, баруун бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.  Баруун бугалганы гадна дунд хэсэгт үүссэн цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна.

3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Н.М-гийн биед үүссэн тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн дээд зовхинд шарх, зүүн дээд, доод зовхины цус хуралт гэмтэл нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэг, зүүн доод зовхи, зүүн гарын ядам хурууны зулгаралт, баруун бугалга, баруун гуяны цус хуралт гэмтэл нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-33/

 

        Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2/

         Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 34-35/

         Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 42-44/

         Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 50-52 /,

         Хохирогчийн амбулаторын дэвтрийн хуулбар /хх-ийн 54-55/

         Малын А дансны хуулга /хх-ийн 59-60/

         Эд хөрөнгөтэй эсэх  лавлагаа /хх-ийн 61/

         Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 63/

         Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/

         Шүүгдэгчээс хохирогч Н.Мд 800.000 төгрөгийн хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 71/

         Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээс татгалзсан тухай тогтоол /хх-ийн 72-73/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Р.Н нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Д аймгийн А сумын 3-р баг “Аман Ус” гэх газарт байх өөрийн гэртээ эхнэр Н.Мг аргалын авдар аргалаар дүүргэсэнгүй гэх шалтгааны улмаас нүүр хавирга, баруун гарын тохой руу нь өшиглөх, зүүн гар хэсэгт нь сэрээгээр хатгаж зодсон үйл явдал болсон байна. 

 

Дээрх үйл явдлын улмаас хохирогч Н.М-гийн биед “үүссэн тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн дээд зовхинд шарх, зүүн дээд, доод зовхины цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл /хохирол/ учирсан болох нь хохирогч нь Н.М нь 2022 оны 3 сарын 11-ний өдөр Д аймгийн А сумын эрүүл мэндийн төвд үзүүлсэн тухай яаралтай тусламжийн хуудас, гэрч Б.Э-ы: “...Би 2022 оны 03 дугаар сарын 10-ны өглөө Нэргүйн хамтаар А сумын 3 дугаар багийн нутаг Аман ус гэх газраас сумын төв рүү явсан. Сумын төвийн дэлгүүрээс 1 шил архи, том савлагаатай пиво 1-ийг аваад буцаад хөдөө Нэргүйн гэрт ирээд сумын төвөөс авч ирсэн архи, пивоо уусан. Тэгээд намайг гадаа бие засаад ороод иртэл Н эхнэртэйгээ маргалдсан байдалтай байсан. Тэр үед аргалын сав дүүргэсэнгүй гээд Нэргүй, М нар маргалдаж байсан. Харин Н ах миний хажууд гутлаа тайлсан байхдаа М-гийн нүүр орчимд хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед М-гийн баруун нүд нь хавдсан байсан.” гэх мэдүүлэг, гэрч Д.Б-ын “...М манай гэрт байхдаа зүүн нүд орчим нь хавдсан байдалтай харагдсан. Босоод явах гэхээр толгой өвдөөд гэж байсан. М нь манай эхнэр Болормаад хэлэхдээ нөхөр Н нь зодсон гэж хэлээд өвчин намдаах эм авч уусан гэсэн. ...Манай гэрт байхад зүүн нүд орчим нь хавдсан байсан” гэх мэдүүлэг, шинжээч Д.Д-ийн “Н.М-гийн биед тогтоогдсон тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн дээд зовхинд шарх, зүүн доод зовхи, баруун бугалга, баруун гуянд цус хуралт гэмтлүүд нь бүгд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна” гэх мэдүүлэг болон хохирогчийн амбулаторын картын хуулбар,  шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.

 

Хохирогч Н.М-гийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн дээд зовхинд шарх, зүүн дээд, доод зовхины цус хуралтбүхий хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч Р.Н нь  2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр эхнэр Н.Мг аргалын авдар аргалаар дүүргэсэнгүй гэх шалтгааны улмаас зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа учруулсан болох нь хохирогч Н.М-гийн “2022 оны 03 дугаар сарын 10-ны өглөө манай нөхөр сумын төв рүү явсан. Сумын төвөөс үдээс хойш гэртээ ирэхдээ 1 шил архи, 1 том савлагаатай пивотой ирсэн. Тэрийгээ У, Н2 уусан. Н намайг аргалын авдар аргалаар дүүргэсэнгүй гэж загнаад тэрнээс болж маргаан үүссэн. Тэр үед Н хөл нүцгэн байсан. Н намайг газар сууж байтал миний нүүр рүү өшиглөсөн, мөн гутлаа өмсөх гэж байхдаа миний баруун гарын тохой орчимд дахин 1 удаа өшиглөсөн. Дараа нь намайг хэвтэж байхад миний баруун хавирга орчимд дуу алдтал өшиглөсөн. Мөн харанхуйд шүүгээнээс сэрээ авч миний зүүн гарыг барьж байгаад хатгасан. Зүүн нүд хөхөрч хавдсан, баруун гарын тохой хэсэгт хөхөрч хавдсан, баруун гуянд хэсэг газарт хөхөрсөн, баруун хавирга орчимд гэмтэл үүссэн. Зүүн гарын хэсэгт сэрээний шарх үүссэн. Би Нэргүйтэй 10 гаруй жил хамт амьдарч байна.” гэх мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Р.Нэргүй, Н.М нар нь 2007 онд гэрлэлтээ бүртгүүлсэн тухай гэрлэсний бүртгэлийн лавлагаа, шинжээчийн мэдүүлэг, дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

 

 Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

       Шүүгдэгч Р.Н-н 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Д аймгийн А сумын 3-р баг “Аман Ус” гэх газарт байх өөрийн гэртээ эхнэр Н.Мг аргалын авдар аргалаар дүүргэсэнгүй гэх шалтгааны улмаас нүүр хавирга, баруун гарын тохой руу нь өшиглөх, зүүн гар хэсэгт нь сэрээгээр хатгаж зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.

          

         Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний сэтгэл санаанд дарамт учруулсан, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, биемахбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэх бөгөөд шүүгдэгч Р.Н-н үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж дүгнэлээ.

 

        Д аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Р.Н-гЭрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгчийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

 

       Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

       Шүүгдэгч Р.Н-н хууль бус үйлдлийн улмаас хохирогч Н.М-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хохирогч Н.М-гийн хамрын ясны хугарал засах хагалгаанд орсон, эм тариа авч хэрэглэсэн зардал, ЭХО болон томографид харуулсан зардал, гар утас худалдан авсан зардал нийт  3.234.490 төгрөгийг нэхэмжилсэн байна.

      Хохирогч Н.М-гийн нэхэмжилсэн 3.234.490 төгрөгийн хохирлоос /эм тариа худалдан авсан болон бензины зардал, Мөнгөн гүүр эмнэлэгт хэвлийн ЭХО, компьтер томографид үзүүлсэн зардлууд болох 236.090 төгрөг, 80.825 төгрөг, 202.100 төгрөг, 18.720 төгрөг, 40.000 төгрөг, 20.000 төгрөг, 64.900 төгрөг, 16.625 төгрөг, 73.600 төгрөг, 150.000 төгрөг, 27.000 төгрөг, 27.500 төгрөг/  957.360 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан хэрэг болсон цаг хугацаатай тохирч байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь үндэстэй байх ба шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид төлсөн 800.000 төгрөгийг хасаж тооцон шүүгдэгчээс 157.360 төгрөгийг гаргуулан хохирогч Н.М-д олгохоор шийдвэрлэлээ.

       Мөн хохирогч Н.М нь бичиг үсэг мэдэхгүй учир эм тариа худалдан авах, эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээ авахтай холбоотой зардлыг ах тэтгэврийн зээл авч өгч, эгч О.Э-ийн дансанд мөнгөө хийж захиран зарцуулсан гэж тайлбарлаж Э-ийн Оюунцэцэг гэх хүний 5450410519 дугаартай Хаан банкны дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлснийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

      Харин тухайн дансны хуулгад авагдсан хохирогч Н.М-гийн эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээ авах болон эм тарианы зардалд зарцуулсан гэх утга бүхий хийгдсэн  /236.090 төгрөг, 80.825 төгрөг, 18.720 төгрөг, 40.000 төгрөг, 20.000 төгрөг, 150.000 төгрөг, 27.000 төгрөг, 27.500/ нийт 600.135 төгрөгийн баримтууд нь шүүх нотлох баримтаар үнэлж шүүгдэгчээс хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн баримтуудтай давхцаж байгаа, өмгөөллийн хөлсөнд төлсөн 600.000 төгрөгийг  /хохирогчийн өмгөөлөгчөөс хохирлын үнийн дүнгээс хасаж тооцохыг зөвшөөрсөн/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

      Түүнчлэн хохирогчийн нэхэмжлэлээс 1.738.355 төгрөгт холбогдох хэсэг нь Э-ийн О-ийн 5450410519 дугаартай Хаан банкны дансны хуулгаар хохирогч Н.М эм тариа худалдан авсан гэх утгатайгаар гүйлгээ хийгдсэн байх боловч хувь хүмүүсийн данс руу шилжүүлсэн, ямар эм тариа худалдан авсан нь тодорхойгүй байх бөгөөд шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заахаар шийдвэрлэв.

        Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хохирлын хэмжээг 2.000.000 төгрөг болгон бууруулж, шүүгдэгч хохирлыг 2022 оны 6 сард төлж барагдуулахаар шүүгдэгч, хохирогч нар хоорондоо тохирсон гэж тайлбарлаж байх боловч шүүгдэгч Р.Н нь хохирол 2.000.000 төгрөг төлөх талаар М-гийн эгч О-тэй тохирсон гэж мэдүүлж байна. Оюунцэцэг нь тухайн хэргийн оролцогч биш тул шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ.

       Хохирогч Н.М нь шүүх хуралдаанд дахин хагалгаанд орох шаардлагатай гэж мэдүүлж байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:                                         

   

          Шүүх шүүгдэгч Р.Н-г “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

      Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “шүүгдэгч Р.Н-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгчид хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.

          Шүүгдэгч Р.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчид учирсан хор уршиг бүрэн арилаагүй, шүүгдэгч согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,  түүний хувийн байдалд дүгнэлт хийж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

        Шүүгдэгч Р.Н-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэсэгчилэн төлүүлэхээр  шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч Р.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчид учруулсан хохирлоос 800.000 төгрөг нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

      Шүүгдэгч Р.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.М-д хохиролд 800.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдлаа.

 

      Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Н-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

   1. Шүүгдэгч Б овогт Р-ийн Н-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

     2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Р-ийн Н-д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

 

           5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Нэргүйгээс 157.360 /нэг зуун тавин долоон мянга гурван зуун жаран/ төгрөгийг гаргуулан хохирогч Н.М-д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас /эм тарианы зардал/ 600.134 төгрөг, өмгөөллийн хөлс 600.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, 1.738.355 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.

 

           7. Шүүгдэгч Р.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.М-д 800.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.М нь цаашид гарах хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.

 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Н-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.У