Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2018/00753

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: “ХБ” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.С-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 57.647.140 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар  оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 57.647.140 төгрөгөөс 9.834 төгрөг хасагдаж, 57.637.305 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ. Иргэн Б.Снь ХБтай 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр кредит картын зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ нь 30.000.000 төгрөг бэлэн авсан тохиолдолд 30 хувийн хүүтэй, бэлэн бус зарлага ашигласан тохиолдолд 24 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай 30.000.000 төгрөгийн зээлийн эрх нээж гэрээ байгуулсан. Хариуцагч кредит картын зээлийн гэрээний барьцаанд Налайх дүүргийн 3 дугаар хороонд үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглах 50.000 м.кв газар эзэмших гэрчилгээний эрхийг барьцаалуулсан. Энэхүү үл хөдлөх хөрөнгө Э.Цогтгэрэлийн эзэмшилтэй барьцааны гэрээ байгуулсан. Газрын албанд барьцааны гэрээг бүртгүүлсэн. Хариуцагч санхүүгийн богино хугацааны хэрэгцээгээ хангахын тулд кредит карт ашигладаг. Зээл авч ашигласан тохиолдолд тухайн сарын ашигласан зээлийн хүү, шимтгэл хураамж зэргийг төлснөөр зээл эргүүлж авах байдлаар зээлжих эрх ашигладаг. Зээлдэгч Б.Скредит картын ашиглалтын хугацаанд хүү, шимтгэл төлсөн. Хүүнд 7.277.469 мөнгө, хугацаа хэтрүүлсний төлбөр 28.400 төгрөг, бэлэн зарлагын шимтгэл 5.250 төгрөг, нийт 5.311.110 төгрөг 69 мөнгийг зээлдэгч нь ХБинд төлсөн. 30.000.000 төгрөгийн кредит картын эрхээс нийт 29.912.810 төгрөг 69 мөнгийг зээлдэгч авч ашигласан. Зээлдэгч сард зохих хүү  төлж байгаад хамгийн сүүлд 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 767.613 төгрөг 53 мөнгө, хугацаа хэтрэлтэнд 25.000 төгрөг төлсөн. 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 3.400 төгрөг төлөгдсөн. Үүнээс хойш зээлийн төлбөр төлөгдөөгүй, гэрээний хугацаа 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дууссан. Зээлдэгчийн зээл төлөгдөөгүй учраас 29.912.810 төгрөг 69 мөнгийн үлдэгдэлтэй муу зээлдэгч болсон. Зээлдэгч 50.000 төгрөгийн үндсэн зээлийн төлөлт хийсэн. Үлдсэн зээлээс 50.000 төгрөг хасаад 29.862.810 төгрөг төлөгдөөгүй үлдсэн. 2014 оны 09 дүгээр сараас хойш зээлийн хүүгийн төлбөр төлөөгүй, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 1217 хоногоор тооцоолсон. Зээлдэгч зээлийн төлбөрөө бэлнээр ашигласан учраас хүүгийн төлбөр 30 хувиар тооцсон. Нийт 26.877.895 төгрөгийн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсэн шимтгэл 35 сараар тооцоход 896.600 төгрөг, нийт 57.637.305 төгрөгийг хариуцагч Б.Сөөс ХБ нэхэмжилж байна. Хариуцагч зээлийн төлбөрөө сайн дураараа  төлөөгүй, тохиолдолд барьцааны гэрээгээр барьцаалуулсан үйлдвэр үйлчилгээний зориулалттай Налайх дүүргийн Баян-Уулын 3 дугаар хороонд байрлах 50.000 м.кв талбайтай Э.Цогтгэрэлийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү  гэв.

            Хариуцагч Б.Сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Сболон түүний гэр бүлийнхэн “Кода” нэртэй тавилгын бизнес эрхэлдэг. ХБнаас зээлсэн төлбөрийг “К” ХХК хэрэглэсэн байдаг. Б.С, түүний аав Голомт, Худалдаа хөгжлийн банкны найдвартай харилцагч байсан. Гэтэл ХБны эдийн засагч нар Б.Срүү манай банк 5 хувийн хүүтэй таатай нөхцөлөөр зээл олгож байна гэж 2, 3 удаа утсаар ярьсан байдаг. Ингээд эдгээр хүмүүс Худалдаа хөгжил, Голомт банктай харьцахгүйгээр ХБнаас зээл авсан байдаг. Зээлийн эдийн засагч, Б.Стэй анх уулзахдаа 5 жилийн хугацаатай зээл олгоно гэсэн ч зээлийн гэрээ байгуулах үедээ журамд өөрчлөлт орсон. 1 жилийн хугацаатай зээл олгоно гэж Б.Стэй зээлийн гэрээ байгуулсан байдаг. Энэхүү зээлийн гэрээг ХБ мэргэжлийн хуульч, эдийн засагч нарын тусламжтай байгуулсан, 10-аад хуудас маш бага жижиг шрифтээр бичсэн гэрээ байдаг. Гэрээнд зээлдэгчийн эрх ашиг хамгаалсан ямар ч заалт байхгүй. Зөвхөн ХБны буюу нэг талын хүсэл зориг илэрхийлэгдсэн байдаг. Дэлхийн 15 орны зээлийн хүүг харьцуулсан судалгаагаар хамгийн өндөр хүү 15 хувь, европын орнуудад жилийн хүү 2.4-2.8 хувь байдаг. Гэтэл Б.Сийн ХБтай байгуулсан зээлийн гэрээ жилийн 30 буюу хэтэрхий өндөр хүүтэй байгуулсан зээл байсан. Зээлдүүлэгч сар болгон 5-8 сая төгрөг дансанд байрлуулахыг шаардаж байснаар зээлдэгчид мөнгийг эргэлтэд оруулж, бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байдал бий болгосон. Зээл авсны дараа Монголын эдийн засгийн байдал хүндэрч, Б.Сийн гэр бүлийн тавилгын бизнесийн үйл ажиллагаа зогссон, түрээсийн төлбөрт 500.000 төгрөг, ажилчдын цалин зэрэгт банкны зээлийн мөнгө зарцуулагдсан. 2014 оны сүүл гэхэд Б.Сийн бизнесийн үйл ажиллагаа дампуурсан. Тухайн үед Б.Сзээлийн нөхцөл өөрчилж, удаан хугацааны зээл болгож өгөөч гэх саналыг ХБинд удаа дараа тавьж байсан боловч банк саналыг хүлээж аваагүй. Үл  хөдлөх хөрөнгө барьцаанд авчихсан, зээлийн хугацаа богино, зээлийн хүү өндөр, улс орны эдийн засгийн байдал хүнд, Б.Сийн бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Зээлдэгчээс хамаарахгүй нөхцөл байдлаас болоод Сарантөгөл зээл төлөх боломжгүй болсон. Зээлийн гэрээний 6.2-д гэрээ 1 жилийн хугацаатай, банк 3 жил буюу хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөж байж, 3 жилийн хугацаа дуусахын өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Үндсэн зээлээ төлж чадахгүй байхад өндөр хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Зээлийг гэрээний хүүг хэтэрхий өндөр гэж шүүх үзвэл хасах эрх нь байдаг. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-д зааснаар хариуцагч Б.Сүндсэн зээл төлнө гэдэг харин хүүгийн төлбөр төлөхийг зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл зээлийн гэрээний хугацаа 1 жил гэтэл ХБ бүтэн 3 жил өнгөрөөчхөөд өндөр хүү нэхэж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Зээлийн хугацаан дахь хүүг төлөх саналтай байна гэв.

            Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.  ХБ хариуцагчаас 57.647.140 төгрөг нэхэмжилдэг. Үндсэн зээл 29.862.000 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрнө. Зээлийн хүүгийн төлбөрт нэхэмжилж байгаа 26.877.895 төгрөг, хугацаа хэтрүүлсний шимтгэлд нэхэмжилж байгаа 906.434 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш зээлдэгч зээлийн хүү төлөөгүй. Энэ тохиолдолд зээлийн гэрээний 6.1.2, 6.2.1, 7.1-д зааснаар зээлийн гэрээний хугацаа 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дуусахад нэхэмжилсэн төлбөр бүрэн төлөгдөж дуусаагүй, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд ХБ зээлийн гэрээний 3.4-д заасан данснаас эсвэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар заасан байна. Тухайн үед ХБ зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах эрхээ хэрэгжүүлэхгүй байснаар барьцаа хөрөнгийг үнэгүйдүүлж, шууд өөрийн өмчлөлд шилжүүлэх нөхцөл байдал бий болгосон. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг үүрэг гүйцэтгүүлэгч хэтрүүлсэн гэж үзэж байна. ХБ эрхээ хэрэгжүүлээгүйгээс Иргэний хуулийн 223.2.4-д зааснаар мөнгөн төлбөрийн хүү, алданги авах эрхээ алдах нөхцөл байдал үүсэж байна. Иймд ХБны хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 26.877.895 төгрөг, хугацаа хэтрүүлсний шимтгэлийг талууд гэрээгээр тохиролцоогүй тул төлөх үндэслэлгүй. Мөнгөн хадгаламжийн тухай хуульд хүү болон нэмэгдүүлсэн хүүг гэрээнд маш тодорхой заах ёстой гэсэн байдаг. Нэгэнт гэрээнд нэмэгдүүлсэн хүүг заагаагүй учраас энэ талаар тохиролцоогүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гэрээгээр тохиролцоогүй зүйл нэхэмжилсэн нь хууль бус байна. Хариуцагчийг зээлийн гэрээ хэрэгжүүлэх явцад хугацаа хэтрүүлсний шимтгэл суутгаж авсан байдаг. Энэ төлбөрийг үндсэн зээлд тооцуулах саналтай байна гэв.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Цшүүхэд гаргасан тайлбартаа: Б.Сийн зээлийн хугацаа жилийн өмнө дууссан байх бөгөөд тэднийг зээлээ төлөөд дууссан гэж бодож байсан. Мөнгө зээлсэн хүмүүс өөрсдөө төлнө гэдэг учраас би өөрийн эзэмшлийн Налайх дүүрэгт байрлах 5 га газар эзэмших эрхээ банкинд шилжүүлэхийг зөвшөөрөхгүй байна. ХБнаас авсан Б.Сийн зээлийн мөнгийг би авч ашиглаагүй. Би хуралд оролцох боломжгүй тул надгүйгээр хурлыг хийнэ үү гэжээ.

 

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “ХБ” ХХК нь хариуцагч Б.Сд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 57.647.140 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч нь зээлийн үлдэгдэл, гэрээний хугацааны хүүг хүлээн зөвшөөрч, хэтэрсэн хугацааны зээлийн хүү болон шимтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Б.Снь 2013 оны 10 дугаар сарын 35-ны өдөр “ХБ” ХХК-тай Кредит картын гэрээ байгуулж, 30.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, бэлэн зарлагын хүү жилийн 30 хувь, бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24 хувь байхаар тохиролцож, зээлийн барьцаанд Налайх дүүрэг, 3 дугаар хороо, Баян-Уул, үйлдвэр үйлчилгээний зориулалттай 50.000 м.кв, нэгж талбарын 18667291404363 дугаартай гуравдагч этгээд Э.Ц-ийн газар эзэмших эрх бүхий газар барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, кредит картын болон барьцааны гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан хуулийн агуулгад нийцсэн, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байна.

            Хариуцагч зээлийн үлдэгдэл 29.862.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, зээлийн гэрээний хэтэрсэн хугацааны хүү, шимтгэл төлөх хуулийн болон гэрээний үүрэг үүсээгүй гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана” гэж тус тус заасан.

 Хуулийн дээрх зохицуулалтаас дүгнэвэл талууд гэрээ байгуулахдаа гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд төлөх хүүгийн хэмжээг тохиролцож, гэрээнд тусгасан байх шаардлагатай. Гэвч талуудын байгуулсан кредит картын гэрээнд зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд төлөх хүүгийн талаар тусгаагүй байна. Мөн гэрээний 1.3.9-д “Хугацаа хэтрүүлсний шимтгэл” гэж бичсэн байгаа хэдий ч ямар хэмжээгээр төлөх талаар мөн гэрээнд тусгаагүй тул талуудыг гэрээний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд төлөх хүү, шимтгэл төлөхөөр тохиролцоогүй гэж үзэхээр байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь гэрээний 7.1-д заасан эрхээ Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлнэ” гэж зааснаар хэрэгжүүлээгүй гэж шүүх дүгнэж байна.

Нэгэнт талууд гэрээнд зээлийн гэрээний хэтэрсэн хугацааны хүү, хугацаа хэтрүүлсний шимтгэл төлөхөөр тохиролцоогүй байх тул хариуцагч Б.Сөөс үндсэн зээл 29.837.810 төгрөг 69 мөнгө, 2014 оны 8 дугаар сарын 28-наас 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх 13 хоногийн хүү 323.784 төгрөг 62 мөнгө төлөхөөс хариуцагч 3.400 төгрөг төлсөн, 2014 оны 9 дүгээр сарын 10-наас 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 33 хоногийн хүү 821.917 төгрөг 79 мөнгө, зээлийн хүү 1.142.299 төгрөг 41 мөнгө,  нийт 30.980.110 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ХБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зээлийн гэрээний хэтэрсэн хугацааны хүү, хугацаа хэтрүүлсний шимтгэлд 26.657.195 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Цнар өөрсдийн хүсэл зоригийн дагуу БГҮ-13/453 дугаартай барьцааны гэрээ байгуулсан, уг гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 153, 154, 156 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана”, мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана” гэж заасан.

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Цнь зээлийн барьцаанд бариулсан Налайх дүүрэг, 3 дугаар хороо, Баян-Уул, үйлдвэр үйлчилгээний  зориулалттай 50.000 м.кв талбай бүхий газар эзэмших эрхээр үүргийн гүйцтэгэлийг хангахыг зөвшөөрөхгүй байгаа хэдий ч барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх тул хариуцагч Б.Сшүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 513.309 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 383.051 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь заалтыг баримтлан хариуцагч Б.Сөөс 30.980.110 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ХБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26.657.195 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.С үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Э.Цогтгэрэлийн эзэмшлийн нэгж талбарын 18667291404363 дугаартай, 0392328 гэрчилгээний дугаартай, Налайх дүүргийн 3 дугаар хороо, Баян-Уул хаягт байрлах, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай, 50.000 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

   3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 513.309 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 383.051 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ