Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2018/00759

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

   Нэхэмжлэгч: Ж.М-ын нэхэмжлэлтэй,

 

   Хариуцагч: УБТЗ ХНН холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 34.253.680 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, 13 дахь сарын цалинд 2.770.460 төгрөг гаргуулах, сургалттай холбоотой зардалд 2.338.394 төгрөг гаргуулах, шүүхтэй холбоотой замын зардалд 865.700 төгрөг, нийт 40.228.234 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

                                    

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр замын даргын тушаалаар миний хашиж байсан албан тушаал өөрчлөгдаж, хүний нөөцийн албаны мэдэлд буюу хуучнаар замын удирдлагын боловсон хүчний мэдэлд шилжүүллээ гэсэн тушаал гарсан. Тухайн үед би 11 сард ОХУ-ын Эрхүү хотын Зам тээвэр удирдлагын их сургуульд аспирантурт сурч байсан. Томилолтын хугацаанд албан тушаал өөрчилсөн тушаал гарсан тул албан тушаалд эгүүлэн томилох тухай 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацааны цалин 34.253.680 төгрөг, 2016 оны 12 дугаар сард ажлын 20 хоногоос 14 хоногийн үндсэн цалин дээр урамшуулал 50 хувь, тасралтгүй ажилласны нэмэгдэл 9 хувь, бүсийн нэмэгдэл 13 хувийг нэмж үндсэн цалин тооцуулсан. Үр бүтээлтэй ажилласан хүмүүст 13 дахь сарын цалин олгодог. Хэрвээ би ажиллаж байсан бол энэ цалинг авах байсан. 13 дахь сарын цалинг үндсэн цалинг 200 хувиар бодож олгох тухай журам байдаг. Миний үндсэн цалин 1.385.230 төгрөг, 2 дахин бодоход 2.770.460 төгрөгийг 13 дахь сарын үр дүнгийн урамшуулал гэж нэхэмжилж байна. Эрхүү хотын Зам харьцааны улсын сургуульд суралцсан зардлын тухайд хариуцагч тал өмнөх шүүх хурал дээр таны гэрээ 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болсон. Учир нь гэрээний хугацаа сунгагдаагүй байсан гэж тайлбарласан. Гэтэл миний аспирантурын сургалтын дүн онц, сайн байсан. УБТЗ ХНХнь захиалагч байгууллага бөгөөд сургалтын гэрээний хугацаа дуусч байгаа, сунгах талаар надад мэдэгдэх ёстой байсан. Гэтэл надад гэрээний хугацаа дууссан, сунгаагүй гэж хэн ч бичгээр мэдэгдээгүй, одоо ч гэсэн мэдэгдээгүй л байна. 2016 оны 09 дүгээр сард Дорнод Сибирийн Чита мужид Эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны их сургуульд аспирантурт суралцсан. 2017 оны 03 дугаар сард УБТЗ ХНХээс миний 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 56.000 рублийг ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны их сургууль руу шилжүүлсэн. Сургалтын төлбөр нэгэнт шилжигдсэн учраас би хүний нөөцийн албаны дарга н.Оюунчимэг, инженер н.Энхболд гэх хүмүүстэй уулзаж ямар зардлаар явах талаар асуухад хэн ч надад тоймтой хариу өгөөгүй, би вагоноор явсан. Ингээд ирээд холбогдох материалаа бүрдүүлж, энэ мөнгийг нэхэмжилж байна. Сургалт, вагоны зардал нийлээд 2.338.394 төгрөг болсон. Хариуцагчийн гэрээний хугацаа сунгагдаагүй байсан гэх тайлбар үндэслэлгүй юм. Би Дорноговь аймгийн Сайншанд суманд ажиллаж, амьдардаг. Ажлаас үндэслэлгүй халагдсаны дараа энэ талаар хөөцөлдөж, замын ангийн удирдлага болон 3 шатны шүүхээр явсан. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл гарсан унааны зардлуудыг нотлох баримттай 865.700 төгрөг нэхэмжилсэн. Үндсэн цалин 34.253.680 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал тооцуулах саналтай байна. Хүндэт төмөр замчны эдлээгүй хөнгөлөлт, нотариатын болон орчуулгын зардал гаргуулах, төмөр замын байгууллагад тасралтгүй ажилласнаар тооцуулах шаардлагаасаа татгалзсан болно гэв.

Хариуцагч УБТЗ ХНХитгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч заримыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчид үндсэн цалин 18.901.398 төгрөгийг УБТЗ ХНХээс олгох боломжтой. Өмнө 3 шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч эрхэлж байсан албан тушаалдаа эгүүлэн тогтоогдсон. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 1.548.939 төгрөгийг УБТЗ ХНХээс гаргуулж шийдсэн. 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 561 дугаартай шийдвэрт заасан цалин, нэг өдрийн цалинг бодож гаргасан. 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл цалинг бодохдоо 561 дугаартай шийдвэрээр тогтоогдсон нэг өдрийн цалин 59.401 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс цалин 10 хувь нэмэгдсэн гэж үзвэл 19.554.809 төгрөг болж байгаа. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нотлох баримтаас харахад 2017 оны 05 дугаар сарын 18-наас 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажлын 11 өдөр Эрхүү хотод суралцсан учраас энэ өдрүүдийн цалин олгох үндэслэлгүй гэж үзээд 11 ажлын өдрийн цалинг нэмэгдээгүй хэлбэрээр бодож 18.901.398 төгрөг төлөх үндэслэлтэй гэж үзээд энэ төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн ОХУ-д суралцсан сургалтын гэрээний хүчинтэй хугацаа 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дуусч,  сунгагдаагүй, гэрээний хугцааа дууссан учраас энэ төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Сургалтын гэрээний 2.1, 2.2-д сургуулиас дуудах хуудас, нэхэмжлэлийг үндэслэн вагоны тасалбар, томилолт, зам хоногийн зардал, байр, сургалтын төлбөрийг олгоно гэж заасан. Гэрээний 3.2-д аспирантур нь сургалтын ажлын тайлангаа сургуулийн тодорхойлолтын хамт ирүүлэх үүрэгтэй. 2.5-д суралцагч судалгаа хийгээгүй тохиолдолд захиалагч гэрээ цуцалж, хохирлыг барагдуулна гэж заасан. Нэхэмжлэгч дээр дурдсан холбогдох баримтуудыг ирүүлээгүйгээс гэрээний хугацаа сунгахгүй байх үндэслэл болсон. 13 дахь цалин олгох журмын 5-д үндсэн ба харгалзах ажлын биелэлтийг харгалзан уг урамшууллыг олгож болно гэж заасан байдаг. Мөн журмын 14-нд тухайн ажилд гаргасан ажлын амжилт, хариуцлага алдаж зөрчил гаргасан тохиолдолд урамшууллыг 50 хүртэл хувиар бууруулах буюу бүрмөсөн олгохгүй байх талаар заасан байна. Нэхэмжлэгч 2017 онд ажиллаагүй учраас журамд заасан шаардлага хангаж ажилласан гэж үзэж үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй. Нэхэмжлэгчийн оронд ажилд орсон хүн 13 дахь цалин авсан аваагүй нь тодорхой бус учраас ажлын үр дүнгээр олгох шагналыг нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлд шүүхийн зардлын талаар тусгасан. Унааны зардлыг шүүхийн зардалд тооцоогүй. Мөн нэхэмжлэгчийг шүүхэд дуудаж ирүүлсэн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй учраас энэ төлбөрийг барагдуулах үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж, эрхээ хэрэгжүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч оролцох эсэх нь түүний эрхийн асуудал учраас шүүхэд ирсэн гэх унааны зардлыг нэхэмжлэгч өөрөө хариуцах ёстой. 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын 18.901.398 төгрөгийг төлөх үндэслэлтэй, үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч УБТЗ ХНХхолбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс, сургалтын зардал, бусад зардалд 25.438.197 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, төмөр замын байгууллагад ажилласан жилийг тасралтгүй тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ажилгүй байсан хугацааны цалин хөлстэйтэнцэх олговорт 34.253.680 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, 13 дахь сарын цалинд 2.770.460 төгрөг гаргуулах, сургалттай холбоотой зардалд 2.338.394 төгрөг гаргуулах, шүүхтэй холбоотой замын зардалд 865.700 төгрөг, нийт 40.228.234 төгрөг гаргуулах гэж өөрчилж, хүндэт төмөр замчны эдлээгүй хөнгөлөлтөд 258.800 төгрөг гаргуулах, нотариат, орчуулгын зардалд 21.000 төгрөг гаргуулах, төсөр замын байгууллагад тасралтгүй ажилласнаар тооцуулах тухай шаардлагаасаа татгалзсан байна.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, сургалтын зардал, замын зардал, 13 дахь сарын цалин, ажилгүй байсан хугацааны цалингийн нэмэгдэл зэргийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 34.253.680 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлагын тухайд:

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б-2-153 тоот тушаалаар Замын 4 дүгээр ангийн дарга Ж.М-д сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлсөн байх бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 561 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 966 дугаар Магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 979 дугаар тогтоолоор түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон байх бөгөөд уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.   

Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь Ж.Мыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн авах үүрэгтэй боловч одоог хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

   Нэгэнт шүүхийн шийдвэрээр ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биелэгдээгүй байгаа бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох нь зүйтэй.

   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 561 дугаар шийдвэрээр Ж.Мын нэг өдрийн цалин хөлсийг 59.401 төгрөг гэж тогтоосон байх бөгөөд хариуцагч нь энэ хэмжээгээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор төлөхийг зөвшөөрч байна.

   Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2-ын а-д “ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал” орохоор, журмын 9-д “дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны цалин хөлсний цэс, данс бүртгэл байна” гэж тус тус заажээ.

   Нэхэмжлэгч Ж.М нь дундаж цалин хөлсийг шүүхийн шийдвэрээр тогтоосон үндсэн цалингийн хэмжээгээр бус дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцон шаардаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1д нийцэж байна.

   Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Ж.Мын цалин хөлс нь албан тушаалын үндсэн цалин, сарын үр дүнгийн шагналт цалин 50 хувь, тасралтгүй ажилласан жилийн нэмэгдэл 9 хувь, бүсийн нэмэгдэл 13 хувь гэсэн бүрэлдэхүүнтэй байх ба 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үндсэн цалин 1.259.300 төгрөг, шагналт цалин 629.650 төгрөг, ажилласан жилийн нэмэгдэл 113.337 төгрөг, бүсийн нэмэгдэл 163.709 төгрөг, нийт 1 сарын цалин хөлс 2.165.996 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны А-254 дүгээр тушаалаар 10 хувиар нэмэгдэж, үндсэн цалин 1.385.230 төгрөг, шагналт цалин 692.615 төгрөг, ажилласан жилийн нэмэгдэл 124.671 төгрөг, бүсийн нэмэгдэл 180.080 төгрөг, нийт 1 сарын цалин хөлс 2.382.596 төгрөг болсон байна.

   Ж.М-ын ажилгүй байсан хугацаа нь 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэл байх бөгөөд 2016 оны 12 дугаар сарын цалин хөлс нь ажлын 21 хоногоос 14 хоногоор тооцоход 2.165.996 : 21 х 14 = 1.443.997 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын цалин хөлс нь ажлын 21 хоногоос 6 хоногоор тооцоход 2.382.596 : 21 х 6 = 680.742 төгрөг, нийт цалин хөлс нь 34.181.483 төгрөг байна.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар ажилтныг нийгмийн даатгалд заавал даатгуулж, шимтгэл төлөх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутамд шимтгэл, хураамж төлсөн бичилт хийх үүрэгтэй байх тул 34.181.483 төгрөгөөс тооцож шимтгэл төлж, бичилт хийхийг даалгах нь зүйтэй.

13 дахь сарын цалинд 2.770.460 төгрөг  гаргуулах шаардлагын тухайд:

 

Хэрэв хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчийг ажлын байраар хангасан бол Ж.М нь 13 дахь сарын цалин авах эрхтэй байсан гэж шаардаж байгааг хариуцагч тал түүний албан тушаалд ажилласан хүн 13 дахь сарын цалин 200 хувиар авсан эсэх нь тодорхойгүй тул заавал олгох үүрэггүй гэж тайлбарласан боловч баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгч нь 13 дахь сарын цалин шаардах эрхтэй гэж дүгнэж, түүнд үндсэн цалин 1.385.230 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлэн тооцож, 2.770.460 төгрөгийн цалинг олгохоор шийдвэрлэлээ.

 

Сургалтын зардалд 2.338.394 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь сургалтын гэрээг сунгахгүй, татгалзсан талаар мэдэгдээгүй тул гэрээний дагуу ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны сургуульд суралцахаар 2017 оны 5 дугаар сарын өдрөөс 2017 оны 6 дугаар сарын өдөр хүртэлх хугацаанд гарсан замын зардал 295.005 төгрөг, буудлын төлбөр 12.000 төгрөг томилолтын зардал 840 ам.доллар буюу 2.031.386 төгрөг, нийтдээ 2.338.394 төгрөг гаргуулахаар шаардаж, хариуцагч нь сургалтын гэрээг сунгаагүй, нэхэмжлэгч нь баримтаа ирүүлээгүй тул төлөх үндэслэлгүй гэж татгалзаж байна.

Түүний энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулсан сургалтын гэрээний 2.1-д “Аспирантийг суралцаж төгсөх бүх хугацаанд сургуулиас ирүүлсэн дуудах хуудсыг үндэслэн Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний тасалбар, томилолт, зам хоногийн зардлыг олгоно” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь сургуулийн дуудах хуудас, холбогдох баримтаа ажил олгогчид өгөөгүй,

 

   Шүүхийн ажиллагаатай холбогдож гарсан замын зардалд 865.700 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

   2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох зэргээр удаа дараа ирэхэд гарсан замын зардал 865.700 төгрөгийг гаргуулахаар шаардаж, хариуцагч нь нөхөн төлөх шүүхийн зардалд хамаарахгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

   Нэхэмжлэлийн энэхүү шаардлага нь хангалттай нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь өмнөх шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд гарсан зардалд 749.200 төгрөг, энэ удаагийн шүүхэд гарсан зардал 116.500 төгрөг гэж нэхэмжлэгч шаардаж байх боловч түүний хэрэгт гаргаж өгсөн замын зардлын тасалбарууд нь шүүхэд ирсэн, ирэх зайлшгүй шаардлага бий болсон, шүүх хуралдаанд оролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбараас өөр баримтаар тогтоогдохгүй байхаас гадна хэрэгт авагдсан 3 шатны шүүхийн шийдвэрээр шүүх хуралдаанд нэхэмжлэгч өөрөө биечлэн оролцоогүй байх тул шүүх хуралдаанд оролцохоор орон нутгаас ирсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

   Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасан хэдий ч нэхэмжлэгч нь дээрх замын зардлыг хариуцагчийн үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой болохыг нотолж чадахгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

   Ажилгүй байсан хугацааны олговор, 13 дахь сарын цалинд 36.951.943 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Мад олгож, энэхүү цалин хөлснөөс холбогдох суутгалыг хийж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын  дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж,  нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх цалин хөлс 72.197 төгрөг, сургалтын зардал 2.338.3947 төгрөг, шүүхтэй холбоотой замын зардал 865.700 төгрөг, нийт 3.276.291 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 285.066 төгрөг төлснөөс 70.692 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 214.374 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 342.710 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг баримтлан хариуцагч УБТЗ ХНХээс 13 дахь сарын цалин, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд  36.951.943 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Мад олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын  дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж,  нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 3.276.291 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.15, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285.066 төгрөгөөс 70.692 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 214.374 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 342.710 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                          

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ