| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2022/0189/ |
| Дугаар | 2022/ШЦТ/189 |
| Огноо | 2022-06-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Энхтулга |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал,
Улсын яллагч Н.Энхтулга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч *********************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********************холбогдох эрүүгийн 2238000000296 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *********************нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 19-06 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогч *********************маргалдаж нүүр хэсэгт нь өшиглөх зэргээр биед нь халдаж баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, нүдний гадна хэсэг, хацрын дээд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүдний алимын салстад цус харвалт, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун эгэмний дотор хэсэгт зулгаралт, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *********************нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 19-06 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогч Т.*********************ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000296 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *********************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би *********************биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн газарт гаргасан гомдол (хх-ийн 7-8-р хуудас),
Хохирогч *********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өглөөний 11 цагийн үед Долгорсүрэн гэх эмэгтэйн гэрт очсон...тэгээд намайг очиход 3 үл таних залуу Долгорсүрэнтэй хамт архи уугаад сууж байсан...тэгээд архийг нь уучихаад тэр гурван залууд та нар ганцаараа амьдардаг эмэгтэй хүнийг архи дарс уулгаад байхгүй шүү гэж хэлсэн...тэгээд тэр гурав архиа ууж дуусаад хар юүдэнтэй малгайтай, жинсэн өмдтэй, туранхай Бямбаа гээд залуу нь намайг “энэ их том пизда” гээд миний баруун талын шанаа руу нэг удаа цохихоор нь би шууд барилцаж авсан...тэгээд намайг газар унасан байхад хар юүдэнтэй малгайтай, жинсэн өмдтэй, туранхай Бямбаа гэдэг залуу нь миний нүүр болон цээж хэсэг рүү дэвсээд байсан...тэгээд би зодуулаад ухаан алдсан байна лээ...Би гомдолтой байна. Эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-13, 15-р хуудас),
Гэрч *********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 11-12 цагийн үед манай гэрт манай найз болох ********************* нь ирсэн...тухайн үед манай гэрт Бямба-Очир, Элбэгдорж, Наранбаатар нартай нийлээд ойр зуурын юм яриад нэг шил архи хувааж уугаад сууж байсан...тэгээд Бямбаа гэдэг залуу архиа ууж байснаа гэнэт босож ирээд шууд *********************ийг дарж унагаагаад нүүр хэрэг рүү нь 3-4 удаа дэвссэн....” гэх мэдүүлэг (хх-ийн 17-р хуудас),
Гэрч *********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Долгорсүрэнгийн хүүхдүүд нь манай гэрт орж ирээд хүмүүс зодолдоод байна. Ээж таныг дуудаж байна гэж хэлэхээр нь би гэрт нь яваад ороход гэрийн хоймор хэсэгт ********************* нь нүүр амнаас нь цус болсон хэвтэж байсан. Хажууд нь Долгорсүрэн нь *********************урд хэсэгт нь суусан боль боль гээд байж байсан...тэгээд намайг харж байхад *********************нь *********************ийг яг өшиглөх гэж байхаар нь би хүүш миний дүү болохгүй гэж хэлээд Бямба-Очирыг салгаад гэрээс гаргасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-р хуудас),
Гэрч *********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр хороонд манай нагац эгч Норжмаа гэдэг айлын хөрш айл болох зүс таних эгчийн гэрт 2 залуу архи ууж байхаар нь очсон юм. Тэр үед улаан алаг бэлтгэлийн хувцастай, хөх жинсэн өмдтэй залуу хамт архи ууж байсан. Жинсэн срочикон цамцтай залуутайгаа маргалдаад босож очоод хөмсгөн тус газарт 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед айлын эзэн эгч гаднаас орж ирэхээр нь би зөрөөд гараад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайгийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 283 дугаартай дүгнэлт:
1. *********************биед баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, нүдний гадна хэсэг, хацрын дээд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүдний алимын салстад цус харвалт, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун эгэмний дотор хэсэгт зулгаралт, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтлүүдээс баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, нүдний гадна хэсэг, хацрын дээд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүдний алимын салстад цус харвалт нь тус тусдаа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэх дүгнэлт (хх-ийн 28-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолтын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 39-52-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2238000000296 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *********************нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 19-06 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогч *********************маргалдаж нүүр хэсэгт нь өшиглөх зэргээр биед нь халдаж баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, нүдний гадна хэсэг, хацрын дээд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүдний алимын салстад цус харвалт, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун эгэмний дотор хэсэгт зулгаралт, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *********************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн газарт гаргасан гомдол (хх-ийн 7-8-р хуудас),
Хохирогч *********************(хх-ийн 12-13, 15-р хуудас), гэрч *********************, гэрч *********************(хх-ийн 19-р хуудас), гэрч *********************(хх-ийн 22-23-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайгийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 283 дугаартай дүгнэлт (хх-ийн 28-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч *********************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *********************нь хохирогч *********************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Т.********************* нь эмчилгээний зардал нэхэмжилж байх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч *********************нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *********************нь 2021 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнсэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 43, 45-52-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2238000000296 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********************ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *********************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 2238000000296 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ********************* нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч *********************нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************* урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР