Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/127

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга Ч.Алтанзул

Улсын яллагч Б.Төрболд

Шүүгдэгч Б.Хатанбаатар

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хатанбаатарт холбогдох 2223000000122 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.         

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, багийн засаг дарга ажилтай, ам бүл 4, аав, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Шотой багт оршин суудаг, урьд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/53 дугаартай тогтоолоор 510 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Тарганыхан овогт Батдэлгэрийн Хатанбаатар, регистрийн дугаар: /РД:ИТ94032915/

Шүүгдэгч Б.Хатанбаатар 2022 оны 05 дугаар сарын 25-ны шөнө нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Батсуурь 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн тоглоомын талбайн хажууд хохирогч Д.Жавхлангийн нүүрэн тус газар цохисны улмаас түүний биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт хавдар, баруун нүдний алиманы салстад цус хуралт, хамрын таславчийн мурийлт гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

ЧШүүгдэгч Б.Хатанбаатар нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Батсуурь 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн тоглоомын хажууд хохирогч Д.Жавхлантай маргалдаж нүүрэн тус газар цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:

Зодуулсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч Д.Жавхлангийн “...2022 оны 05 дугаар сарын 25-ны орой ...тоглолт 23 цаг өнгөрч байхад  дууссан ...Бид нар сумын төвийн соёлын төвөөс гараад хүүхдийн тоглоомын талбай дээр цуглараад хөдөө гэртээ харихаар ярилцаад байж байтал ...Хатанбаатар ах машинаасаа бууж ирсэн. ...Хатанбаатар ах бид нар дээр ирээд та нар пизданууд минь Цэцэн-Уулын том гараар оролдлоодоо гэж хэлсэн. Бид нар тойроод зогсож байсан чинь Хатанбаатар тэнд томроод бид нар луу үсчээд хараагаад байсан. ...Хатанбаатар ахыг зогсож байхаар нь эхлээд нүүрэнд нь гараа атгаж байгаад цохиод авсан. Тэгсэн чинь Хатанбаатар ах намайг зөрүүлээд нүүрэн дундуур нүүрний баруун хэсэгт гараа атгаж байгаад цохиод авсан. ...Өглөө босоод ирсэн чинь нүд дух хавдчихсан байсан. Баруун нүд нээгдэхгүй байсан. Тэгээд эмчид үзүүлээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч П.Чүлтэмсүрэнгийн “...Бид нар сумын төвийн соёлын төвөөс гараад хүүхдийн тоглоомын талбай дээр цуглараад хөдөө гэртээ харихаар ярилцаад байж байтал ...тэд нар хоорондоо маргалдаад бужигнаад эхлэхээр нь машинаас сандраад буутал Жавхлан нүдээ дарчихсан ёолоод байхаар нь би очоод юу болсон талаар нь асуухад Хатанбаатар ах цохичихлоо гэсэн ...Хатанбаатар ах Баттогтох ах хоёр маргалдаад бие биенийгээ заамдчихсан хэрэлдээд байхаар нь Жавхлан уурлаад Баттогтох ахыг өмөөрөөд Хатанбаатар ахын нүүрэн хэсэгт нь гараа атгаж байгаад цохисон чинь Хатанбаатар ах буцаагаад Жавхлангийн нүүр лүү нь цохичихсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Г.Хоролсүрэнгийн “...тэр хоёр хоорондоо маргалдаад хэрэлдээд зогсож байтал манай нөхрийг Жавхлан гэх залуу нүүрэн тус хэсэгт нь  баруун гараа атгаж байгаад гэнэт цохиод авсан. Тэгсэн чинь Баттогтох манай нөхрийг заамдаж байснаа болиод манай нөхрийг тавьсан юмаа. ...манай нөхөр Жавхланг барьж аваад чи яаж байгаа пизда вэ гээд Жавхлангийн нүүрэн тус газарт нь гараа атгаж байгаад 1 удаа л цохисон...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Э.Баттогтохын “...тоглолт дуусаад хүүхдийн тоглоомын талбайн ард талд би Цэнд-Аюуш, Баасанжав, Жавхлан, Чүлтэмсүрэн нарын хамт байж байтал  Хатанбаатар эхнэртэйгээ хүрээд ирсэн. ...би Хатанбаатартай маргалдаад хэрэлдээд зогсож байтал Хатанбаатарыг Жавхлан гэх залуу нүүрэн тус хэсэгт баруун гараа атгаж байгаад гэнэт цохиод авсан. Би Хатанбаатарыг заамдаж байснаа болиод Жавхланг чи яаж байгаа юм гэж хэлсэн чинь Хатанбаатар Жавхланг барьж аваад чи яаж байгаа пизда вэ гээд Жавхлангийн нүүрэн тус газарт нь гараа атгаж байгаад 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч А.Баасанжавын “... Бид нар хүүхдийн нар сумын соёлын төвөөс гараад хүүхдийн тоглоомын талбай дээр цуглараад хөдөө гэртээ харихаар ярилцаад байж байтал ...Хатанбаатар машинаасаа бууж ирээд та нар яасан том болчихсон юм бэ гэж хэлээд бид нар луу дайраад байсан. Баттогтох ах Хатанбаатартай маргалдаад байсан тэгсэн чинь Жавхланг чи муу гаднын сумын пизда энд юу хийж яваа юм гэж хэлээд цохиод унагачихсан. Жавхлангийн нүүр лүү нь гараа атгаж байгаад 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч А.Цэнд-Аюушийн “...Соёлын төвийн гадаа Баттогтох ах Хатанбаатар ах руу янз бүрийн зүйл хэлж Хатанбаатар ахтай хэрүүл маргаан үүсгэсэн. ...хоёр хоорондоо заамдалцаад зодолдох гээд байсан. Тэгсэн чинь Жавхаа гэнэт Баттогтох ахыг өмөөрөөд Хатанбаатарын ахын нүүр лүү нь цохиод авсан юм. Тэгээд Хатанбаатар ах уурлаад Жавхлангийн нүүр лүү буцаагаад цохиод авсан юм. Тэгээд бид нар Хатанбаатар ах Жавхаа хоёрыг салгаад тэр газраас шууд яваад өгсөн...” гэсэн мэдүүлгээр,

Хэргээ хүлээн мэдүүлсэн Б.Хатанбаатарын “...тоглолт дуусаад сумын соёлын төв дотор бүжиг болсон Тэр бүжиг дээр байж байхад Баттогтох согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай надтай мөрлөлцөөд тэгээд маргалдаад гарах уу гэхэд манай гэр бүлийн хүн хориод гаргаагүй. Тэгээд бүжиг дуусаад гараад гэр рүүгээ явж байтал Баттогтох замд тааралдсан, тэгэхээр нь би  очоод чи яг яах гээд байгаа юм бэ гэтэл Баттогтох яасан ч яадаг юм бэ гэсэн. Тэгээд Баттогтох бид 2 харилцан бие биенээ заамдалцсан байдалтай зогсож байтал хажууд нь зогсож байсан Д.Жавхлан гараараа миний нүүрэн тус газар нэг удаа гэнэт цохиж Баттогтох намайг тавьсан би ч тавьсан. Тэгээд би Д.Жавхлангаас чи яаж байгаа юм бэ гэтэл яадаг юм гэсэн тэгээд би зөрүүлээд Д.Жавхланг баруун гараа атгаж байгаад нүүрэн тус газар нь нэг удаа цохиж тэгээд тэнд байсан хүмүүс салгасан. Д.Жавхланг цохисны дараа хамраас нь цус гарсан тэгээд би гэртээ ирсэн юм...” гэсэн мэдүүлгээр  тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Хатанбаатарын үйлдлийн улмаас хохирогч Д.Жавхлангийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч П.Базардаргиагийн “...Иргэн Д.Жавхлангийн баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт хавдар, баруун нүдний алиманы салстад цус хуралт, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтэл нь 2022 оны 05 дугаар сарын 25-26-нд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн Д.Жавхлангийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч Б.Хатанбаатар нь хохирогч Д.Жавхлангийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангажээ.

Иймд шүүгдэгч Б.Хатанбаатарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Хохирогч нь “хохирлоо бүрэн барагдуулсан, гомдол санал байхгүй” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                  2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч Б.Хатанбаатарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Шүүгдэгч Б.Хатанбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Хатанбаатар нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/53 дугаартай тогтоолоор 510 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн бөгөөд уг ялаас эдлээгүй болох нь түүний мэдүүлэг болон Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ДШМ/17 дугаартай магадлалаар тогтоогджээ.

 Монгол Улсын  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн  төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Хатанбаатарын Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 53 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 510 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялыг, энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох  ялыг  тус тусад эдлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Хатанбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан  болохыг тус тус дурдах нь зүйтэй  гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тарганыхан овогт Батдэлгэрийн Хатанбаатарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Хатанбаатарт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хатанбаатарт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр /200000/ төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хатанбаатар нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг  журамлан шүүгдэгч Б.Хатанбаатарт Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 53 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус оногдуулсан нийт 510 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялыг, энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох  ялыг  тус тусад эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Б.Хатанбаатар нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч Б.Хатанбаатар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДЭЛГЭРМАА