Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2019/ДШМ/476

 

 

 

 

 

 

 

 

 

   Д.Н, Л.С нарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Жавхлантөгс,

шүүгдэгч Д.Н, Л.С,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Нын гаргасан давж заалдах гомдлоор Д.Н, Л.С нарт холбогдох 1809011720399 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. С овгийн Д-ийн Н, 1969 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Шонхор” зуслангийн захирал ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 24 дүгээр байрны 68 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            2. Ч овгийн Л-ийн С, 1997 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Идэр" их сургуулийн оюутан, ам бүл 2, эмэг эхийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 2 дугаар гудамжны 35 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Шүүгдэгч Д.Н, Л.С нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, "Санрайз" зочид буудлын 309 тоот өрөөнд М.Быг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Д.Н, Л.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Н, Л.С нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Н, Л.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Ныг 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр, Л.Сыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Н, Л.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3459 дугаартай дүгнэлтээр М.Бын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, хамрын нуруу, баруун чамархай хуйх, дээд уруул, дух, зүүн сарвуу, хуруу, зүүн гуянд цус хуралт, баруун нүдний зовхи, баруун хацарт зулгаралт, баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон байх ба хэн энэ гэмтлийг учруулсныг нарийн тогтоолгүй, хэрэгт ач холбогдол бүхий зарим гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг үнэлэхгүй, зөрүүтэй, үнэн зөв эсэх нь эргэлзээтэй мэдүүлгүүдийг үндэслэн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Үүнд, гэрч Ц.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн буудлын 3 давхарт Янжинлхамын байгаа өрөөний хаалгыг тогшиход онгойлгохгүй байсан. Ресепшин түлхүүрэнд явсан хойгуур...” гэх, гэрч Т.Нарантуяа /ресепшин/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Намайг өрөө рүү хамт яв гэхээр нь би цуг 3 давхарт гарч хаалгыг тогшиход нэг залуу хаалгыг онгойлгож өгсөн. Өрөөнд нэг эмэгтэй орны хажуу талын сандал дээр сууж байсан. ...” гэх мэдүүлгүүд буюу гэрчүүдийн хоорондын мэдүүлэг зөрж байна. Эдгээр гэрчүүдийн аль нэг нь худал мэдүүлэг өгсөн байхад анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд хянаж үзэлгүй, хууль зүйн үндэслэл муутай шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хохирогч М.Б мөрдөн байцаалтын шатанд “...Намайг хананд шахагдахад Солонгын нөхөр гэх залуу гараараа хацар луу цохисон. Би орон дээр унаж гараараа толгойгоо хамгаалж, доош харж сууж...” гэж мэдүүлсэн байх бөгөөд үүнээс үзэхэд Ц.Пүрэвдорж бас цохисон байна. Энэ талаар Ц.Пүрэвдоржийн мэдүүлэгт дурдагдаагүй. Мөн гэрч Т.Нарантуяа /ресепшин/ Ц.Пүрэвдоржийг зодоонд оролцоогүй гэж мэдүүлсэн. Хохирогч М.Быг толгойгоо хамгаалан доошоо харж суусан байхад шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан “...хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, дээд уруул, дух, зүүн сарвуу, зүүн гуянд цус хуралт, баруун нүдний зовхи, баруун хацарт зулгаралт...” зэрэг гэмтлүүд учирсан эсэх нь эргэлзээтэй байна.

Хохирогч М.Б мөрдөн байцаалтын шатанд “...Д.Н зөвхөн маажсан. ...” гэж мэдүүлсэн бөгөөд маажснаас ямар нэгэн хохирол, гэмтэл учраагүй байх ба шинжээчийн дүгнэлтэд ч тийм зүйл дурдагдаагүй. Иймд энэхүү гэмт хэргийг Д.Н нь Л.Стой бүлэглэн гүйцэтгээгүй байна.

Л.С шүүхийн хэлэлцүүлэгт “...Би шинжээчийн дүгнэлтэд дурдсан хохирлыг учруулсан, хохирогч намайг цохихоор нь би буцааж цохисон. ...” гэж мэдүүлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Энэ гэмт хэргийг Л.С ганцаараа үйлдсэн бөгөөд Д.Ныг Л.Стой бүлэглэн үйлдсэн гэх хангалттай нотлох баримт байхгүй байхад анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд хянаж үзэлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

М.Бын анх өгсөн өргөдөлд “...Солонгын нөхөр гэх залуу намайг архины шилээр цохисон. ...” гэсэн бөгөөд надад “...3.000.000 төгрөгийг Солонгын нөхөр гэх залуугаас авч өг, үгүй бол шүүхэд өгнө. ...” гэж хэлсэн. Надад тэр мөнгийг өгөх боломж байхгүй. Дахин М.Бтай холбоо барьж чадаагүй.

Дээр дурдсан тайлбар, үндэслэлүүдээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д тус тус зааснаар шийтгэх тогтоолд заасан үндэслэл, зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.        

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Л.С “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

Прокурор Т.Жавхлантөгс тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ноцтой зөрүүтэй байна” гэж үзвэл нүүрэлдүүлэн мэдүүлэг авахаар заасан. Гэрч Пүрэвдорж, Наранцацрал нарын мэдүүлэгт ноцтой зөрүүтэй асуудал байхгүй. Эдгээр гэрчүүд зөрүүтэй мэдүүлэг өгснөөр хэн нэг нь ял завших, хилсээр ял шийтгэл оногдуулсан асуудал байхгүй.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3459 дугаартай дүгнэлт /хх 21/-ээр хохирогч М.Бын нүүрний зүүн хэсэгт гэмтэл тогтоогдоогүй бөгөөд баруун хэсэгт нь гэмтэл тогтоогдсон байдаг. Хохирогч М.Бын “...Г.Гангансолонгын нөхөр миний зүүн хацарт гараараа цохисон. ...” гэж мэдүүлсэн боловч, түүнийг дахин байцаахад эхлээд нүдний шилтэй залуу өрөө рүү орж ирээд баруун талын нүдэнд цохиод, ээж нь орж ирээд баруун хацар, шанаа хэсгээс базсан. Тэгээд би доошоо тонгойгоод суусан. Гэтэл миний энд тэндээс өшиглөөд байж байтал, гэнэт миний толгой өвдөөд толгойноос их хэмжээний цус гарсан. Тэр үед буудлын хамгаалагч орж ирсэн.” /хх 6, 8/,

гэрч Баярнэмэх /буудлын хамгаалагч/-ийн “...Намайг буудлын өрөөнд ороход Наранцацрал, Сандаг-Очир нар нэг залууг орон дээр зодож байсан. Өөр хүн байгаагүй. ...” /хх 16/ гэх мэдүүлгүүд, дээр дурдсан шинжээчийн дүгнэлт зэргээр М.Бын нүүрний зүүн хэсэгт гэмтэл тогтоогдоогүй бөгөөд Пүрэвдоржтой холбоотой үйлдэл үүгээр няцаагдаж байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас шийтгэх тогтоолын 2 дахь хэсэг буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Д.Н, Л.С нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, "Санрайз" зочид буудлын 309 тоот өрөөнд М.Быг зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, хамрын нуруу, баруун чамархай хуйх, дээд уруул, дух, зүүн сарвуу, хуруу, зүүн гуянд цус хуралт, баруун нүдний зовхи, баруун хацарт зулгаралт, баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогч М.Б /хх 6-7/, гэрч Ц.Пүрэвдорж /хх 13-14/, Т.Нарантуяа /хх 15/, Б.Баярнэмэх /хх 16/ нарын мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...М.Бын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, хамрын нуруу, баруун чамархай хуйх, дээд уруул, дух, зүүн сарвуу, хуруу, зүүн гуянд цус хуралт, баруун нүдний зовхи, баруун хацарт зулгаралт, баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх    гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ...” 3459 дугаартай дүгнэлт /хх 21/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.Н, Л.С нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Н, Л.С нарын нэг цаг хугацаанд, үйлдлээрээ нэгдэж, хохирогч М.Быг зодож, эрүүл мэндэнд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Д.Нд 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял, Л.Ст 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Д.Нын “...Энэ гэмт хэргийг Л.С ганцаараа үйлдсэн байх бөгөөд намайг Л.Стой бүлэглэн үйлдсэн гэх хангалттай нотлох баримт байхгүй байхад анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд хянаж үзэлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь, хохирогч М.Бын “...Янжинлхамын нөхөр нь миний нүүрэн тус газар гараараа цохиж Янжинлхамын ээж нь миний нүүр базаж маажсан. ...Тэгээд би орон дээр унаж гараараа толгойгоо хамгаалж доош харж сууж байхад миний толгой руу архины шилээр цохисон. Нүд, хамар, хавирга, гуя руу өшиглөж цохисон. ...” /хх 6-7/, шүүгдэгч Л.Сын “...Нэг удаа цохисон, тэгтэл араас хадам ээж орж ирээд тэр залууг цааш нь түлхсэн. ...Би шинжээчийн дүгнэлтэд дурдсан хохирлыг учруулсан, хохирогч намайг цохихоор нь би буцааж цохисон. ...” /хх 8-9/, гэрч Ц.Пүрэвдоржийн “...Янжинлхамын ээж, найз залуу 2 дайрч ороод өрөөнд байсан нэг залууг барьж аваад 2 талаас нь зодож эхэлсэн. ...” /хх 13/, гэрч Т.Нарантуяагийн “...Залууг охины ээж шууд цүнхээрээ нүдээд байсан. өрөөнд байсан эмэгтэйн нөхөр нь гэх өндөр шар царайтай залуу мөн адил шууд дайрсан гартаа нэг юм барьсан толгой руу нь цохиод байсан. би тэрийг харахдаа тэлээгээ гартаа ороосон байсан гэж харсан. Өрөөнд зодуулсан залуу толгойноос нь цус гараад толгойгоо бариад өрөөндөө үлдсэн. ...” /хх 15/,

гэрч Б.Баярнэмэхийн “...Буудлын өрөөнд нэг хүний толгойг хагалсан байсан. тэгээд би өрөөнд ороод буудалд байсан охины ээж нөхөр 2-г та нар хүн аллаа гээд болиулаад өрөөнөөс гаргасан. ...” /хх 15/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3459 дугаартай дүгнэлт /хх 21/ хэрэгт авагджээ.

Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгүүд хоорондоо харилцан зөрүүгүй байгаагийн зэрэгцээ тухайн гэмт хэргийн үйл явц болон өрнөлийг биечлэн харсан гэрч Ц.Пүрэвдорж, Т.Нарантуяа, Б.Баярнэмэх нарын мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзнэ.

Хэрэгт буй баримтаас үзэхэд, мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Бын “...Янжинлхамын нөхөр нь миний нүүрэн тус газар гараараа цохиж Янжинлхамын ээж нь миний нүүр базаж маажсан. ...Тэгээд би орон дээр унаж гараараа толгойгоо хамгаалж доош харж сууж байхад миний толгой руу архины шилээр цохисон. Нүд, хамар, хавирга, гуя руу өшиглөж цохисон. ...”, шүүгдэгч Л.Сын “...Нэг удаа цохисон, тэгтэл араас хадам ээж орж ирээд тэр залууг цааш нь түлхсэн. ...Би шинжээчийн дүгнэлтэд дурдсан хохирлыг учруулсан, хохирогч намайг цохихоор нь би буцааж цохисон. ...” гэж тус тус гэм буруугийн талаар мэдүүлдэг бөгөөд энэ мэдүүлэг нь гэрч Б.Баярнэмэх, Ц.Пүрэвдорж, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогджээ.

Харин шүүгдэгч Д.Нд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт,

Л.Ст холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх явцад буюу 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр дуусчээ.

Иймд Д.Нд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Л.Ст холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Нын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Сартуул овгийн Дарьсүрэнгийн Наранцацрал, Чонос овгийн Лхамсүрэнгийн Сандаг-Очир нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгож,  бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            3. Шүүгдэгч Д.Нын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                    ШҮҮГЧ                                                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ