Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 123/2023/0027/З |
Дугаар | 221/МА2024/0014 |
Огноо | 2023-12-26 |
Маргааны төрөл | Газар, Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2024/0014
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал С.Этийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Э” ХХК
Хариуцагч Т аймгийн Э сумын ИТХ
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал С.Эт
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б
Хариуцагч Төв аймгийн Э сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ш
Хэргийн индекс: 123/2023/0027/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1, 35 дугаар зүйлийн 35.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн санал хүргүүлэх тухай 12 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал С.Эт дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийн 2.7-д ... Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд эдийн засаг нийгмийн асуудлыг хуулийн хүрээнд хариуцаж бие даан шийдвэрлэх эрхтэй... тухайн орон нутагт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай хэлэлцэн саналаа эрх бүхий этгээдэд хүргүүлэх, мөн үндэсний баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах асуудлыг урьдчилан хэлэлцэж шийдвэрлэх эрхтэй байх тул хариуцагчийн сумын баяр наадмыг зохион байгуулах хурдан морины уралдааны замыг хурлаар баталгаажуулахаар төлөвлөсөн, сумынхаа эрх ашгийн үүднээс газрыг хамгаалахаар тогтоол гаргасан гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй гэжээ.
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиар олгосон эрх хэмжээтэй маргаагүй бөгөөд шүүх энэ маргаанд хамааралгүй олон хуулийн заалтуудыг шийдвэрт хуулбарлан бичээд маргаж байгаа “санал хүргүүлэх тухай” 12 дугаар тогтоолын хуульд нийцсэн болон нэхэмжлэгчийн эрх ашгийг яагаад зөрчөөгүй талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийж чадаагүй юм.
Хариуцагч зөвшөөрөл олгохоос татгалзсан үндэслэлээ өргөдөлд дурдсан талбай Архустай голын ай сав газар болон хурдан морины уралдааны зам, Авдрант уул орчмоор нутагладаг Хушингын 4-р багийн малчдын хаваржаа, зуслан, намаржааны газартай давхацсан гэж тайлбарладаг боловч бодит байдал дээр хүсэлт гаргасан талбай нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д “онцгой хамгаалалтын” 22.3 дахь хэсгийн “энгийн хамгаалалтын” болон “эрүүл ахуйн бүс” тогтоосон усны сан бүхий хамгаалалтын бүсэд багтаагүй буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасныг зөрчөөгүй, Газрын тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн өргөдөл гаргасан талбайг орон нутгийн “тусгай хэрэгцээнд” аваагүй, малчин С.Бх, Д.Э, н.Д нарын олон бусад малчдын хаваржаа, зуслан, намаржааны газар эзэмших эрхийн гэрчилгээнд гэр газрын нэр бичигдсэн буюу зөвшөөрөл хүссэн “Авдрант” нэртэй газартай хамааралгүй, хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан байхад шүүх “хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” тогтоол хуульд нийцсэн гэсэн буруу дүгнэлтийг хийсэн.
Ашигт малтмал, газрын тосны газраас нэхэмжлэгчийн өргөдөлд дурдсан талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дэх хэсэгт заасны дагуу ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түүнчлэн түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай ямар ч давхцалгүй болохыг мэргэжлийн байгууллага тогтоосон байхад Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал нь түүн дээр үндэслэгдээгүй тул шүүх хариуцагчийн “санал хүргүүлэх ” тогтоолыг хүчингүй болгох байсан юм.
Гэвч шүүх маргаж байгаа газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд аваагүй байхад цаашид ч авах эсэх нь тодорхойгүй буюу холбогдох шийдвэр гаргаагүй байхад ... “хэлэлцэн шийдвэрлэх” эрхтэй..., Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “санал хүргүүлэх тухай” тогтоол хуульд нийцсэн гэж хууль зүйн үндэслэл муутай дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн 37 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч “Э” ХХК-аас “Төв аймгийн Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын /цаашид “сумын Хурлын” гэх/ 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 12 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
1.2. Уг тогтоолоор “... аймгийн Засаг даргын орлогчийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/439 тоот албан бичгээр ирүүлсэн “Э” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг дэмжих, эс дэмжих тухай саналыг хэлэлцээд Архустайн амны голоос 1,9 км, сумын баяр наадмын хурдан морины замтай давхацсан талбай тул санал ирүүлсэн Авдрант хэмээх газарт 27 га талбайд шинээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” гэж үзжээ.
2. Анхан шатны шүүх “... хариуцагч нь “Э” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд, тогтоосон журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул маргаан бүхий тогтоол хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна ...” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
3. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд “... хариуцагч нь голын ай сав газар, хурдан морины зам, малчдын бэлчээр өвөлжөө, хаваржаа, зуслан намаржаа гэж тайлбарладаг боловч тухайн талбайг тусгай хэрэгцээнд аваагүй, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарахгүй, малчдын өвөлжөө, хаваржаатай хамааралгүй байхад “тогтоол хуульд нийцсэн” гэж шүүх буруу дүгнэлт хийсэн” гэжээ.
3.1. Анхан шатны шүүх хэргийн оролцогч нарын маргаж буй уг асуудлын талаар холбогдох нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул “давхцалтай” эсэхэд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгч нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.
3.2. Нэхэмжлэгчийн маргаж буй сумын “Хурал”-аар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудалтай холбоотой Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 11.1.1.аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон уурхайн талбайг тусгах;”, Газрын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Газрын хэвлийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагаа нь улс, аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сум, нийслэл, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байна” гэж заасны дагуу аймаг, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухайн талбайг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбай байхаар тусгасан эсэх, мөн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 52 дугаар зүйлд зааснаар сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хурдан морины зам, бэлчээрийн газар зэргээр тусгагдсан эсэх, ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахыг хориглосон /Архустай амны гол/ усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, голын ай сав газарт хамаарч байгаа эсэх талаар тодруулж, холбогдох баримтыг цуглуулах нь хэрэгт ач холбогдолтой байна.
4. Мөн гомдолд “... Ашигт малтмал, газрын тосны газраас нэхэмжлэгчийн өргөдөлд дурдсан талбай нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дэх хэсэгт заасны дагуу ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түүнчлэн түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай ямар ч давхцалгүй болохыг мэргэжлийн байгууллага тогтоосон байхад Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал нь түүн дээр үндэслэгдээгүй” гэжээ.
4.1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан магадлан шалгах ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр холбогдох дүгнэлтийг цахимаар хүргүүлнэ” гэж,
14.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан дүгнэлтийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ.” гэж тус тус заасан.
4.2. Дээрх хуулийн заалтаар дүгнэлтийг хүлээн авсны дараа сум, дүүргийн болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас санал авахаар хүргүүлэхээр зааснаас үзвэл тухайн орон нутгийн бүрэн эрх, холбогдох бусад хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэгт хамаарах газар зохион байгуулалт хийх, бэлчээр, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэд, малчдын эрх, ашгийг хамгаалах зэрэг асуудалтай уялдуулан тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар хэлэлцэж, санал хүргүүлэхийг ойлгохоор байна.
Иймд сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлыг зөвхөн дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан дүгнэлтээр хязгаарлаж санал өгөх үүрэгтэй гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг мөн хангах үндэслэлгүй.
5. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.4-д заасан аймгийн “Хурал”-аас санал авсан эсэх, уг саналуудад үндэслэж, аймгийн Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзсан шийдвэр нь гарсан эсэх талаар баримтыг цуглуулж, сумын Хурлын “санал” дангаар Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжүүдийг хангасан эсэх, үр дагавар үүсгэсэн эсэхэд дүгнэлт өгч нэг мөр хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нь маргаан бүхий актын үндэслэл, холбогдох баримтыг цуглуулан дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал С.Этийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ