Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 142

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Мөнхцэцэг,

хохирогч: М.Амарсанаа, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,

шүүгдэгч: Э.Орхонтуул, түүний өмгөөлөгч Б.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж, ирүүлсэн Онолт овогт Эрдэнэчимэгийн Орхонтуулд холбогдох эрүүгийн 2016 2602 1887 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 30 настай, халх, бүрэн дунд боловсролтой, кранчин мэргэжилтэй, хувиараа “Тэхийн зогсоол”-д кран барьдаг, ам бүл 4, хадам ээж, хадам эгч, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 6 дугаар гудамжны 1789 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ХМ 86080511, Онолт овогт Эрдэнэчимэгийн Орхонтуул.

           

Шүүгдэгч Э.Орхонтуул нь 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сорубан” гэх хашаанд иргэн М.Амарсанаа, Э.Орхонтуул нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар М.Амарсанаагийн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Э.Орхонтуул мэдүүлэхдээ:

Би машинаа “Сорубан” ХХК-ий хашаанд өдрийн 3 000 төгрөгөөр тавьдаг байсан бөгөөд машины толийг зогсоолд зогсож байхад нь хулгайд алдсан байсан. Манаач нь М.Амарсанаагийн эхнэр бөгөөд тэр “машиныг чинь үнэгүй тавиулж, толины үнийг төлнө” гэж надтай тохирсон байсан. Гэтэл сүүлд нь “төлөхгүй” гэж зогсоолын мөнгө нэхсэнээс бид маргалдсан. Гэтэл тэр намайг алгадаж, хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би түүнийг алгадах гэтэл М.Амарсанаа эхнэрээ өмөөрч, надтай муудалцан, намайг заамдаад тавихгүй байхаар нь би “болъё” гэж 4-5 удаа хэлсэн. М.Амарсанаад гэмтэл учруулсан нь миний буруу юм. Би түүнийг санаатайгаар зодоогүй. Бид хоёрын маргалдах болсон гол шалтгаан нь түүний эхнэр намайг алгадаж, хэл амаар доромжилсноос болсон. Би эхнэрийг нь алгадаагүй, машиныг нь өшиглөөгүй, тэр үед архи уугаагүй байсан. Би 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хохирогчид 2 000 000 төгрөг өгсөн. Би М.Амарсанаагийн биед хөнгөн гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Түүнээс уучлалт гуйж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-М.Амарсанаа мэдүүлэхдээ:

Тэр өдөр ажлаасаа эрт ирэхэд манайд хүн байхгүй, би түлхүүргүй тул гэртээ орж чадалгүй, гэрийнхнийгээ хүлээгээд хашаанд байж байтал Э.Орхонтуул хашаанаас гарч яваа харагдсан. Энэ үед эхнэр маань машинтайгаа хашаанд орж ирсэн. Машинд нь манай 0-5 насны 3 нялх хүүхэд сууж байсан. Тэгээд тэд уулзаж байсан. Гэтэл гэнэт Э.Орхонтуул хашгираад байхаар нь би гүйгээд очиход тэр машины жолооч талын цонх руу 2-3 удаа цохиж, дараа нь хаалга руу өшиглөсөн. Миний машины баруун талын хормой хэсэгт хонхойсон байсан. Тэгэхээр нь би Э.Орхонтуулыг барьж, заамдаж авснаас биш түүнийг цохиогүй. Э.Орхонтуул миний зүүн нүд рүү баруун гараараа цохиж, гэмтэл учруулсан. Тэгээд дахиад цохиулахгүйн тулд түүнээс зуурч байтал Э.Орхонтуултай хамт ажилладаг залуус ирж, биднийг салгасан. Нэгдүгээр эмнэлгийн нүдний эмч Төмөрбаатарт үзүүлэхэд томографийн зураг авахуулах шаардлагатай гэхээр нь зургаа авахуулаад очиход “яаралтай хагалгаанд орохгүй бол цаашдаа хараанд, улмаар нөгөө нүдэндээ нөлөөлнө гэсэн тул яаралтай хагалгаанд орсон. Би 7 хоног ажлаа хийж чадаагүй. Миний 3 нялх хүүхэд айгаад уйлж байсан, эхнэр, хүүхдийг маань гомдоосонд, надад гэмтэл учруулсанд би гомдолтой байсан. Би шүүгдэгчээс 3 488 502 төгрөг нэхэмжилж байсан боловч эмчилгээний зардалд төлсөн 2 000 000 төгрөгийг авсан. Тухайн үед миний монетон гинж, цаг зэрэг тасарсан байсан. Тэдгээрийн үнэ 1 488 502 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжлэхгүй. Иймд надад учирсан эд хөрөнгийн хохирол бүрэн барагдсан гэж үзэж болно. Би шүүгдэгч Э.Орхонтуулд гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл үгүй. Би сайн дурын үндсэн дээр Э.Орхонтуултай эвлэрч байна гэв.

 

Хэрэг бүртгэлтэд гэрч-Д.Баттулга мэдүүлэхдээ:

      ...2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр бид “Энканто таун” дээр төмөр буулгаад тэгээд гарааш руу явах гэтэл Э.Орхонтуул “би өнөөдөр машингүй байгаа, та намайг гарааш дээрээс ирж аваад, гэр рүү дөхүүлээд өгөөч” гэж хэлсэн. Тэгээд орой Энхтөр, Сүхбаатар, бид гурав Э.Орхонтуулыг авах гэж очоод, гараашийн гадаа зогсож байсан. Манаач Доогий гэх эмэгтэй биднийг машинд сууж байтал ирээд “аллаа, зодоон болоод байна, салгаарай” гэж орилоод ирсэн. Энхтөр бид 2 гүйгээд ортол Э.Орхонтуул доор нь орсон, дээр нь Доогийгийн нөхөр гарсан бие биенийгээ боогоод газар хэвтэж байсан. Тэгээд би очоод тэр Доогийгийн нөхрийг аваад салгасан. Тэднийг салгасны дараа бие биетэйгээ хэрэлдээд, “гарын үсэг зурж байгаад хоёулаа зодолдъё” гээд байсан. Тэгээд манаач Доогий ирээд Э.Орхонтуул руу 2 удаа чулуу шидсэн нэг чулуу нь цээжин дээр нь оносон. Бас өшиглөөд байсан. Удалгүй цагдаа ирээд аваад явсан. Газраас би 2 ширхэг гар утас олоод М.Амарсанаад өгч, Э.Орхонтуулын цүнхийг би авч өгсөн гэжээ. (хэргийн 40 дүгээр хуудас)

 

Хэрэг бүртгэлтэд гэрч-Б.Энхтөр мэдүүлэхдээ:

            ...2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Э.Орхонтуулын машин тавьдаг газар түүнийг авах гээд “Сорубан” ХХК-ий хашаанд ирсэн. Хашааны үүдэнд зогсож байтал гараашийн манаач залуу цагаан Приустай орж ирсэн. Удалгүй манаачийн эхнэр “энэ 2 зодолдлоо” гээд гүйгээд хүрээд ирсэн. Тэгээд би Тулгаа гэх залуутай хамт хашаа руу нь яваад ортол Э.Орхонтуул манаачтай нь ноцолдож байсан. Тэгээд “яасан, юу болсон” гэхэд гараашийн мөнгөн дээрээс болсон, бас урьд нь толийг хулгайлсан гэж байсан. Мөнгөө өгөхгүй бол зайл гэхээр Э.Орхонтуул “чи намайг 2-3 сар үнэгүй зогсоорой, тэгж толь төлье” гэж тохиролцоо биз дээ гэж хэлж байсан. Авгай нь Э.Орхонтуул руу чулуу авч шидээд байсан. Тулгаа бид 2 нэг нэгээр нь аваад явсан...Тэгээд байж байтал нөгөө залуу миний 2 утас, гинж алга гээд байсан. 2 утсыг нь манай найз гэрэл тусгаад олоод өгсөн. Тэгээд цагдаа дуудаад байсан гэжээ. (хэргийн 36 дугаар хуудас)

 

Хэрэг бүртгэлтэд гэрч-Б.Долгорсүрэн мэдүүлэхдээ:

...2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хашаагаар орох үед Э.Орхонтуул хашаагаар гарч яваад, үүдэнд таарсан. Мэнд мэдээд би “гараашийн тооцоо хийе” гэхэд Э.Орхонтуул “юу яриад байгаа юм бэ, хүний толь алдчихаад” гэхээр нь би  “машины толь төлж өгсөн шүү дээ, үлдэгдэл тооцоогоо хийе” гэсэн чинь намайг “хүний юм алдчихаад урдаас мөнгө нэхээд байна” гэхээр нь би “өөр хашаанд машинаа тавь, дахиж юмаа алдвал төлж өгч чадахгүй” гэсэн. Тэгээд би явлаа гэхэд машины цонхноос зуураад, хэрүүл хийгээд байсан. Би гарыг нь тавиулах гээд нүүрийг нь шүргэсэн. Тэгсэн шууд нүүр лүү цохиод авсан. Би айгаад шууд цонхоо хаагаад, машинаа цоожилсон. Э.Орхонтуул машины хаалга, цонх цохиод өшиглөөд, “онгойлго, ална” гээд байсан. Тэгсэн манай нөхөр М.Амарсанаа хүрч ирээд “чи өмгөөлж хамгаалах хүнгүй гэж санаа юу, цаашаа бай” гээд түлхсэн. Нөхөр маань гэнэт орилоод, “ёо ёо миний нүд харахгүй байна” гэсэн. Би буугаад очиход Э.Орхонтуул нөхрийн дал хавьд чулуугаар 3 удаа цохиж, газар унасан байхад бөөр лүү нь өшиглөж, нүүр, ам руу нь цохиод байсан. Би айгаад зам руу гүйгээд хашаанаас гарахад үүдэнд нэг машин байсан. Машин дотор хүмүүс байхаар нь “манай нөхрийг аллаа, салгаад өгөөч” гэхэд 3 хүн гарч ирээд дотогшоо ороод салгасан. Тэгээд цагдаа дуудаад, Э.Орхонтуулыг аваад явсан гэжээ. (хэргийн 37, 38 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 6501 тоот дүгнэлтэд:

1. М.Амарсанаагийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын таславчийн мурийлт, баруун тохой, баруун шуу, зүүн шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 46 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

            Э.Орхонтуул ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 82 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Э.Орхонтуул нь 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сорубан” ХХК-ий хашааны манаач Б.Долгорсүрэнтэй “машины толь хулгайд алдчихаад, толины үнийг машиныг маань үнэгүй тавиулах журмаар төлнө гэж тохирсон атлаа төлөхгүй гэж хэлээд, мөнгө нэхлээ” гэж маргалдсан ба тэднийг салгахаар ирсэн хохирогч М.Амарсанаатай маргалдан, улмаар түүнийг гараараа цохиж, бие махбодид нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын таславчийн мурийлт, баруун тохой, баруун шуу, зүүн шууны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Амарсанаа, гэрч Д.Баттулга, Б.Энхтөр, Б.Долгорсүрэн нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 6501 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Орхонтуулын гэмт  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчилж, яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байна.

 

Иймд шүүгдэгч Э.Орхонтуулыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй боловч хохирогч нь шүүгдэгчээс гэм хорын хохиролд 2 000 000 төгрөг хүлээн авч, 1 488 502 төгрөг төлүүлэх хүсэлтээсээ татгалзан, шүүгдэгчид холбогдуулан гаргах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж сайн дураар эвлэрч байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг үндэслэн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Э.Орхонтуулд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.