Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2021/00332

 

2021           04            06                                          001/ХТ2021/00332

................ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/02245 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1814 дүгээр магадлалтай,

 

................ы нэхэмжлэлтэй

................т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 41,400,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, илүү төлсөн 4,370,000 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч ................, түүний өмгөөлөгч С.Давааравдан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ................ нь 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 588/11:50 дугаартай зээлийн гэрээ байгуулан 11 500 000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сарын 6 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний дагуу 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээгээр авсан мөнгөө хүүгийн хамт бүрэн төлж барагдуулах ёстой байсан боловч мөнгөө төлөлгүй өнөөдрийг хүрсэн юм. Иймд ................ээс зээлийн гэрээгээр төлөөгүй үндсэн зээл 11 500 000 төгрөг, хүү 24 150 000 төгрөг, алданги 5 750 000 төгрөг, нийт 41 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ................, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 4 дүгээр сард мөнгө хэрэгтэй болсон тул иргэн ................аас гар бичмэлээр баримт үйлдэж 11 500 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй зээлж авсан юм. Мөнгө авснаасаа хойш сар бүр 11 500 000 төгрөгөө хүүгийн хамт дансаар болон бэлнээр 690.000 төгрөгийг тасралтгүй төлж дууссан. Сүүлд зээлсэн мөнгөнөөс 2, 3 сарын төлөлт үлдсэн байхад ажил дээр ирж хүү, алданги тооцож хугацаагаа бичмээр байна гээд бүтэн нэг өдөр намайг ажил хийлгэхгүй элдвээр доромжлон үүдний харуул, жижүүр, зохион байгуулагч нарын дэргэд асуудал үүсгээд хүчээр дарамталж байгаад ойрхон нотариат дагуулж ороод зээлийн гэрээ хийлгэн ямар ч ойлголцолд хүрч чадалгүй яваад өгсөн. Өөрт нь миний гараар хийсэн баримт байсан учир надад дахин нотариатаар гэрээ хийх шаардлага байхгүй байсан. 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ................аас 11 500 000 төгрөг хүлээн аваагүй, 2014 онд мөнгө авсан юм. Зээлсэн мөнгөний төлбөрөө авахдаа хариуцагч нь өөрийнхөө эзэмшдэг Голомт, Хаан банкны дансаар, мөн бэлнээр авч байсан. Зарим үед энэ хүний данс руу хийчих гээд өөрийн дүү болох Э.Энхбаатарын Хаан банкны 5003931951 тоот данс, найз А.Энхбаярын Хаан банкны 5020240862 тоот данс руу мөнгөө хийлгэж, төлбөрийг төлж дуусгасан. Надад ямар ч тооцоо байхгүй, нийт 16 490 000 төгрөг төлсөн гэжээ.

 

Хариуцагч ................, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээгээр ................т 11 500 000 төгрөгийг шилжүүлээгүй, зээлээгүй тул ................ нь тус гэрээгээр зээл, хүү, алданги шаардах эрхгүй байна. Харин ................ нь 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 11 500 000 төгрөгийг ................аас авч сар бүр 690 000 төгрөг төлсөөр нийт 15 870 000 төгрөг болгон төлж барагдуулсан ба төгрөгийг илүү төлсөн 4 370 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ................, түүний өмгөөлөгч С.Давааравдан нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Зээлийн 588/11:50 дугаартай гэрээнд 11 500 000 төгрөгийг хэрхэн төлөх талаар тохиролцсон ба зээлийн гэрээний дагуу 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээгээр авсан мөнгөө төлөлгүй өнөөдрийн хүрсэн нь үнэн юм. Сөрөг нэхэмжлэлд дурдсан нэг сарын 690 000 төгрөг нь 11 500 000 төгрөгийн сарын хүү байсан бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан гэрээнээс хойш надад ямар ч мөнгө, хүү, алданги төлөөгүй. 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зээлж авсан 11 500 000 төгрөгөө төлөхгүй, хүүг нь өгөхгүй байсан тул зээлийн гэрээгээ хууль зүйн хувьд баталгаажуулах зорилгоор 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 588/11:50 дугаартай гэрээг байгуулсан нь хууль зөрчөөгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу ................т 8 000 000 төгрөг, 3 500 000 төгрөг нийт 11 500 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ингэснээр бидний хооронд зээлийн гэрээ бодитой байгуулагдсан бөгөөд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор шударгаар биелүүлсэн байдаг юм. ................ээс үндсэн зээл болон зээлийн хүүг төлөхийг шаардахад янз бүрийн шалтаг тоочин өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ зохих ёсоор хугацаанд нь биелүүлэхгүй, мөнгө орж ирэх гэж байна, зээл хөөцөлдөж байгаа удахгүй төлнө, түр хүлээгээч гэснээр иргэн намайг чирэгдүүлсээр байна. Зээлдэгч ................ нь зээлийн хүүнд буюу 11 500 000 төгрөгийн нэг сарын хүүнд 690 000 төгрөгийг хийхээр тохиролцсон бөгөөд Голомт банкны 2705014366 дугаар дансанд 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн хүү 690 000 төгрөгийг нийт 1 380 000 төгрөг, Хаан банкны 5009342202 тоот дансанд 10 удаагийн гүйлгээгээр хүү гэж 7 удаа 690.000 төгрөгөөр нийт 4 830 000 төгрөг, 210 000 төгрөгөөр 2 удаа 420 000 төгрөг, 1 удаа 480 000 төгрөгөөр нийт 5 730 000 төгрөг нийт 7 110 000 төгрөгийн гүйлгээг тус тус хийсэн. Өөрөөр ямар ч зээл болон хүү төлж байгаагүй юм. Би хэзээ ч бэлнээр нь зээлийн хүү авч байгаагүй бөгөөд зээлийн үндсэн мөнгийг ч аваагүй. Сөрөг нэхэмжлэлд дурдсан 4 370 000 төгрөгийн илүү төлөлт огт хийгээгүй бөгөөд зээлийн хүү гэж 7 110 000 төгрөг л төлсөн нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой харагдана. Иймд надаас 4 370 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/02245 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ................ээс 19 320 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ................д, нэхэмжлэгч ................аас 2 070 000 төгрөг гаргуулан хариуцагч ................т олгож, үндсэн нэхэмжлэлээс 22 080 000 төгрөгт холбогдох хэсгийг, сөрөг нэхэмжлэлээс 2 300 000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 364 950 төгрөг, хариуцагчийн төлсөн 84 870 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ................ээс 254 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ................д, нэхэмжлэгч ................аас 48 070 төгрөг гаргуулан хариуцагч ................т олгож, хариуцагч ................, нэхэмжлэгч ................ нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1814 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/02245 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 254 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч ИХШХШТХуулийн 25.1.6, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар хяналтын гомдол гаргаж байна. Үндэслэл-1 Магадлалд “... Хэргийн 147 талд хариуцагч ................ 2014 оны 4 сарын 28-ны өдөр ................аас 11 500 000 төгрөгийг барьцаагүйгээр зээлж авсан бөгөөд сар бүрийн 28-ны өдөр 6 хувиар тооцож хүүг шилжүүлэхээр тохиролцсон, мөн ................аас сарын 6 хувийн хүүтэй мөнгийг тус тус зээлдэв. 8 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 3 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сар бүр хүүг төлнө гэсэн 2014 оны 4 сарын 28-ны өдөр хийсэн бичгийн баримт авагдсан байна гэж хэрэгт нотлох баримтаар авагдсан бичгийн баримтыг дурьджээ. Энэхүү баримтаар нэхэмжлэгч ................ нь анх 11 500 000 төгрөгийн 8 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 3 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн ба хариуцагч ................ 8 000 000 төгрөгийн 1 сарын хүү 480 000 төгрөг, 3 500 000 төгрөгийн 3 сарын хүү 630 000 төгрөг нийт хүү 1 110 00 төгрөг төгрөг, зээл 11 500 000 төгрөг, бүгд 12 610 000 төгрөгийг 2014 оны 7 сарын 28-ны өдөр төлөхөөр хугацаа, хүүгээ тохирсноор Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсч, 16 490 000 төгрөг /2015.5.28-ны өдөр 490 000 төгрөг ороод/ төлж барагдуулсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх 2014 оны 7 сарын 28-ны өдрөөс 2016 оны 4 сарын 28-ны өдрийн хооронд ямарч гэрээгүй, хүү тохироогүйгээр 1 жил 9 сар буюу 21 сарын хугацаанд сар бүр 690 000 төгрөгөөр тооцож 14 490 000 төгрөгийг хариуцагч хэрхэн яагаад юуг үндэслэн төлөх ёстой талаар үнэлж дүгнээгүй нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Дээрх хугацаанд хариуцагч ................ нь хүү тохирсон зээлийн гэрээгүйгээр 14 490 000 төгрөг, тохирсон хүү 1 110 000 төгрөгийг нэмээд 15 600 000 төгрөгийг төлсөн, шүүх 101/ШШ2019/02245 дүгээр “Шийдвэр”-ээр 19 320 000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн өөрөөр хэлбэл нийт 34 920 00 төгрөг төлөх хууль зүйн үндэслэлгүй байна. Үндэслэл-2 Магадлалд “Зохигчид 2016.05.02-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, 11 500 000 төгрөгийг 2016 оны 04 сарын 28-ны өдрөөс 2016 оны 07 сарын 28-ны өдрийг хүртэл хугацаатайгаар, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ” гэж анхан шатны шүүхийн нэгэн адил дүгнэжээ. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээгээр үндсэн зээл 11 500 000 төгрөг, хүү 24 150 000 төгрөг, алданги 5 750 000 төгрөг нийт 41 400 000 төгрөгийг шаардсан. Дээрх гэрээгээр нэхэмжлэгч ................ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар “...зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлээгүй, 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар “...24 150 000 төгрөг буюу 35 сарын хүү тохирсон бичгийн гэрээ хийгээгүй, тухайн гэрээ хэрэгжээгүй тул нэхэмжлэгч шаардах эрхгүй байхад шүүх Иргэний хуулийн 196, 281, 282 дугаар зүйлүүдийг буруу тайлбарлан хэрэглэж хууль зөрчсөн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй, ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.3-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Иймд “Магадлал” нь ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-д заасан шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ................ нь хариуцагч ................т холбогдуулан зээлийн үүрэгт 41,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч илүү төлсөн 4,370,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс 19,320,000 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлээс 2,070,000 төгрөгийг тус тус хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн маргааны талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх боловч анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтад “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.” гэж заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх анхаараагүй, энэ талаар залруулах нь зүйтэй гэж үзэв. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

1. Зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийг зөрчөөгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2016.05.02-ны өдөр 11,500,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлэх тухай талуудын бичгээр байгуулсан гэрээ нь 2014.04.28-ны өдрийн зээлийн гэрээг дүгнэсэн агуулгатай баримт гэж үзсэн шүүхийн дүгнэлт нотлох баримтад тулгуурласан байна.

 

Талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд гэрээний дагуу биелүүлэх үүрэгт үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоож, хүү, алданги төлөх нөхцөлийг тохирсон нь хууль зөрчөөгүй, уг тохиролцоог хэлбэрийн хувьд “гэрээ” гэж нэрлэсэн нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй юм.

2016.05.02-ны өдрийн гэрээ нь талуудын хооронд үүссэн өмнөх зээлийн гэрээний тооцоог дүгнэсэн агуулгатай, хугацаа, хүү, анз төлөх нөхцөлийг тогтоосон  талуудын тохиролцоо тул уг гэрээний дагуу хариуцагч нь үүргээ биелүүлэх ёстой байна.

 

Хариуцагч ................ нь зээл, 3 сарын хүүг 2016.07.28-нд буцааж төлөх үүргээ  биелүүлээгүй тул гэрээнд зааснаар алданги төлөх үүрэг үүссэн, шүүх хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээг үндэслэлтэй тогтоожээ.

 

2014.04.28-ны өдөр ................ нь ................аас 8,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 3,500,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сар бүр тус тус 6 хувийн хүүтэй зээлэхээр тохирч, нийт 11,500,000 төгрөгийг авсан ба 2 жилийн турш, 2016 оны 4 дүгээр сарын 29 хүртэл хугацаанд нийт 12,560,000 төгрөгийг буцааж төлсөн нь баримтаар тогтоогджээ.

Үүний дараа талууд 2016.05.02-ны өдөр “зээлийн гэрээ” гэсэн баримт үйлдсэн байх ба нэхэмжлэгч нь “...хариуцагч үндсэн зээл 11,500,000 төгрөгийг төлөөгүй...” тул дахин гэрээ байгуулсан гэсэн бол хариуцагч нь “...хүч хэрэглэж, дарамталж гэрээнд гарын үсэг зуруулсан, гэрээний дагуу мөнгийг хүлээж аваагүй тул үүрэг үүсээгүй...” гэж маргажээ.

 

Хэрэгт байгаа баримтаар, гэрээг байгуулахад хүч хэрэглэсэн гэх байдал тогтоогдоогүй, гэрээ хүчин төгөлдөр байна. Шүүх гэрээний үүрэгт үндсэн зээл, 3 сарын хүү, алданги нийт 19,300,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй, сөрөг нэхэмжлэлээс 2,070,000 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, зөвшөөрчээ.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...зээлийн гэрээний хугацаа дууссан, гэрээг сунгаагүй тул зээлдэгчийн төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасах байсан, ...гэрээний дагуу 11,500,000 төгрөгийг аваагүй байхад шүүх гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийг зөрчсөн... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

2014.04.28-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа дууссан, зээлдэгч нь 2014.05.29-2016.04.29 хүртэл хугацаанд 12,560,000 төгрөгийг төлсөн боловч үндсэн зээл 11,500,000 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулснаас үзэхэд 12,560,000 төгрөгийг зээлийн хүүд төлсөнийг зөвшөөрсөн гэж үзнэ. Хариуцагч нь хүлээн зөвшөөрч, биелүүлсэн үүргээ буцаан шаардах эрхгүй юм.

Талууд өмнөх зээлийн гэрээг дүгнэж, төлөгдөөгүй үндсэн зээлийн хэмжээнд гэрээний нөхцөлийг дахин тохирсон тул мөнгө шилжүүлэх шаардлагагүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэх хуулийн шаардлага хамаараагүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

3. Шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсэгт хууль зөрчсөн заалт тусгагдсныг залруулах нь зүйтэй байна. Шүүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шууд явуулахыг шүүхийн шийдвэрээр тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 183 дугаар зүйлийн 183.1, 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсгийг зөрчсөн, уг заалтыг хүчингүй болгох шаардлагатай гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1814 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/02245 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн 4 дэх заалтыг 3 болгон өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 254,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.УНДРАХ

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Г.АЛТАНЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                               Х.СОНИНБАЯР

                                                                                               Г.ЦАГААНЦООЖ