Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/941

 

 

 

 

 

 

 

   2022        06          20                                  2022/ШЦТ/941

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Өсөхбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгжаргал,

улсын яллагч А.Амарсанаа,

хохирогч Д.Б,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Бын Бд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 210 604 800 675 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.             

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Төв аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Хүрээн хаус” орон сууцны конторт цахилгаанчин ажилтай, ам бүл 2, төрсөн ахын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, 64-512 тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан шагналгүй, Боржигон овогт Бын Б /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны шөнийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар хорооллын орчим авга ах Д.Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь доод эрүү ясны хугарал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, хүзүү, зүүн завжны зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бы өгсөн: “... Тухайн өдөр Сансрын тунель дээрээс нагац ах Мөнхбатыг авах гэж ирсэн. Тухайн үед аавын дүү буюу авга ах Б.Б байсан бөгөөд түүнтэй хамт 3 эмэгтэй хүмүүс байсан. Тэгээд тэнд байсан хүмүүсийг бүгдийг нь хүргэж өгөхөөр машиндаа суулгасан. Явж байхад “чиний үхсэн эцэг чинь чамайг өмөөрч чадахгүй”, “чиний ээж чинь янхан” зэргээр намайг доромжлоод байсан. Тэгэхээр нь би “та одоо буучих” гэж хэлсэн. Тэгээд тоохгүй байхаар өөрийн биеэр машинаас татаж буулгасан. Санаатайгаар хохирол учруулъя гэж бодоогүй... Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү. би албадан ажил хийх боломжгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж өгнө үү.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Бын өгсөн: “... Тухайн үед Мөнхбат нь Бы ээжийн дүү манай найз байж таарсан. Мөнхбат бид нар нэг сургуулийн найзууд. Би 2 хүүхэдтэйгээ гэртээ байж байхад Ариун-Эрдэнэ, Янжинлхам нар над руу залгасан. Бид нар 30 гаран жил уулзаагүй байсан. Тэгэхээр нь 2 хүүхдээ айлд үлдээгээд багын найзуудтайгаа уулзахаар гарсан. Бид нар орой нар жаргах үед уулзаад Сансрын тунелийн хажуу талын 2 давхар караоке бааранд орж ууцгаасан. Бид нар 1 шил архи нуугаад орсон байсан. Мөн би нэг шил архи авч өгсөн, тэр эмэгтэйчүүд бас дундаасаа нэг шил архи авч өгсөн. Тэгээд бид нар тавуулаа 3 шил 0.75 граммын архи, 4 ширхэг герман пиво уусан бөгөөд нэлээн согтсон байсан. Мөнхбат байн байн орж гараад дүүгээ дуудаж байна гээд яваад байсан. Тэгээд бид нар караокеноос гараад буудал орохоор инээлдээд гарсан. Тэгэхэд Мөнхбатын дүү ирчихсэн байсан. Машиных нь хойд талын суудал дээр суугаад “Сайн уу Буянаа яагаад ахтайгаа таарахгүй байгаа юм” гээд маргаан эхэлсэн. Би аав, ээжийг нь доромжлоогүй. Надад хүнийг янз бүрээр нь хэлэх ёс суртахуун байхгүй. Би тохитой томоотой айлд өссөн. Тэгээд намайг машинаас түлхээд унагаасан. Машинаас унагаачхаад Б.Б миний нүүр лүү өшиглөөд байхаар нь би эрүүгээ хамгаалсан. Тэгээд холдсоор байгаад харахад Янжмаа “чи хүн аллаа шүү дээ” гээд орилоход Б.Б машинаа унаад зугтаасан. Би тэгээд гэр рүүгээ алхсаар байгаад харьсан. Би нийтийн байр түрээсэлдэг тэгээд 2 хүүхдээ гэртээ авч ороод “аав нь хамаатныхаа хүүхдэд зодуулчихлаа, хамт байсан найзууд маань намайг хаяад явчихлаа” гээд утсаа аваад 102-т дуудлага өгсөн. Маргааш нь надад цагдаагийн байгууллагаас “таны хэргийг хэрэгсэхгүй болголоо, хэргийн газарт байсан хүмүүс зугтаачихсан, хүмүүс байхгүй учраас хэргийг хаалаа” гэх агуулгатай мессеж ирсэн. Мөн Б.Б над руу өөрийн дугаараа нууцалж залгасан бөгөөд тухайн үед эвтэй ярих болов уу гэсэн чинь тэгж хэлээгүй. Би харин Б.Баас “ах нь чамтай муухай харилцсан бол ахыгаа уучлаарай, хоёулаа ах дүү нар юм чинь эвтэй явцгаая” гээд “шүд ам өвдөөд өвчиндөө шаналаад хэвтэж байна, ах руугаа 50.000 төгрөг шилжүүлчих, би цагдаагийн байгууллагад гомдол гаргаад яах вэ” гэж хэлсэн. Тэгээд миний дансны дугаарыг авсан. Тэгээд “чи ахыгаа алчихсан бол яах юм бэ, чи намайг машинаас буулгаад аймаар өшиглөсөн” гэж хэлэхэд “би хүнийг алтал өшиглөхгүй, би 2 удаа өшиглөсөн” гэж хэлсэн. Тухайн үед ярианы бичлэгийг нь хураагаад авчихсан байсан боловч ах дүү нар байж, хэл ам хийгээд яах вэ гэдэг үүднээс бичлэгийг нь устгачихсан. Тэгээд миний бие 7-8 хоногийн хугацаанд маш их өвдсөн. Хүүхдүүдтэйгээ хужаагийн бэлэн гоймон хүртэл чанаж идэх дээрээ тулсан. Тэгээд ингэж шаналж байхаар эмнэлэгт хандъя гэж бодоод гэмтлийн эмнэлэг дээр очсон. Тэгээд очиж үзүүлэхэд гэмтэл авснаас хойш 24 цагийн дотор үнэгүй үздэг, 24 цаг өнгөрсөн учраас үнэтэй үзлэг хийнэ гэхээр нь учир байдал, амьдралынхаа боломжийг хэлээд гуйсан. Тэгэхэд “намайг үзэж өгье” гээд үнэгүй үзэж өгсөн. Үзээд “таны эрүү хугарсан байна, яаралтай хагалгаанд орох шаардлагатай, яаралтай хагалгаанд орохгүй бол эрүүгээ тайруулах эрсдэлтэй” гэж хэлсэн учраас хагалгаанд орох бичиг хийлгэсэн. Хүн амьтны машиныг гуйж явсаар байгаад Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст очиход “та одоо гэртээ хариад 2 хүүхдээ амраачхаад маргааш өглөө хүрээд ир” гэж хэлсэн. Тухайн шөнө цагдаагийн 2 хэлтэст очсон. Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хойно бас нэг цагдаагийн газар байсан. Тэнд очиход хэрэг гарсан газар нь Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс учраас тухайн газарт очиж мэдүүлгээ өгөөрэй гэж хэлсэн. Тухайн шөнө шөнөжингөө хүн амьтнаас гуйж таксигаар явсан. Тэгээд маргааш өглөө нь цагдаагийн байгууллагад очиж өргөдлөө өгөөд энэ хэргийг шалгуулсан... Одоогийн байдлаар хохиролд 830.000 төгрөг авсан. Би 03 дугаар сарын 01-ний хүртэл ажил хийгээгүй. Би амаа ангайж чадахгүй, нэг талаараа хоолоо идэж байгаа.” гэх мэдүүлэг,

Цагдаагийн байгууллагад хохирогч Д.Бын гаргасан өргөдөл /хх-ийн 05 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Бын өгсөн: “... Би 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэртээ 2 хүүхэдтэйгээ байж байхад манай 30 жил уулзаагүй найзууд уулзана гэхээр нь 19 цагийн үед Сансарын ойролцоо 2 давхар караокед орсон. Тэндээ 3 жил 0.75 литр хэмжээтэй Соёрхол нэртэй архи, 5 шил пиво уусан. Ууж дуусаад 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01 цагийн орчим... Бид нарыг тарахад Найз Мөнхөө /Мөнхбат/- гийн дүү гээд нэг залуу Приус 20 загварын машинтай ирж авсан... Машинд явах замд жолооч залуу “чимээгүй бай” гээд байсан ба замдаа машинаа зогсоогоод жолооч залуу намайг машинаас чирч буулгаад намайг зодож байсныг санаж байна. Намайг машинаас чирч буулгаад миний нүүр хэсэг рүү буюу нүд рүү цохиж унагаагаад жолооч залуу хөлөөрөө дэвсээд байсан, үргэлжлүүлээд зодож байхад хамт архи уусан Янжинлхам орилж байгаад салгасан. Нөгөө хэд намайг тэнд хаячхаад цаашаа яваад өгсөн. Би нүдээ дараад гэр лүүгээ алхаад харьсан... Маргааш өглөө Буянаа над руу гар утасныхаа дугаарыг нууцалж 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13 цагаас хойш залгаад “та миний үхсэн аавын ясыг өндөлзүүлсэн болохоор би таныг зодсон” гэж хэлсэн. Гэхдээ надаас уучлалт гуйгаад 50.000 төгрөг шилжүүлнэ гэсэн боловч дахин надтай холбоо бариагүй алга болсон... Миний санаж байгаагаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16-н урд талын автобусны буудал орчим зодсон гэж санаж байна. Янжинлхам болохоор 16-н тэнд танай гэртэй нэлээн ойрхон очоод чамайг машинаасаа буулгаж ирээд зодсон гэж хэлсэн. Янжинлхам салгасан, Гэрлээ, Мөнхөө нар тасарчихсан байсан болохоор зодож байхыг хараагүй. Би шүүх эмнэлэгт 8.000 төгрөгөөр үзүүлсэн, гэмтлийн эмнэлэгт үнэгүй үзүүлсэн, эрүүгээ хадуулахад 1.000.000 төгрөг болно гэсэн ба би н.Б гэх хүнээс 2.000.000 төгрөг нэхэмжилнэ... Намайг н.Бы аавынх нь талаар элдэв зүйл ярьсан асуудлаас болж маргалдсан гэсэн, тухайн үед би юу ярьсан эсэхээ санахгүй байна... Тухайн үед машинаас намайг чирч буулгаад зодсон. Би зодуулсныхаа дараа шууд Эрдэнэ толгойд байрлах гэртээ алхсаар байгаад очиход шөнө 03 цаг өнгөрч байсан бөгөөд алхаж явахдаа гайгүй байлгүй, цагдаад хандана гэж бодоогүй байсан чинь гэртээ ороод толинд өөрийгөө харсан чинь нүүр ам аймаар болсон байсан... мөн өөрөө хэргээ хүлээж уучлалт гуйвал гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12, 15-16 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Янжинлхамын өгсөн: “... 2021 оны 10 дугаар сард манай 10 жилийн ангийн н.Мөнхбат, н.Батгэрэл, н.Отгонбаяр, н.Б бид нар уулзаж Сансрын Түнел дээр ууж сууцгаасан. Тэгээд тарах болсон чинь тэд нар нэлээн согтсон байсан тул н.Мөнхбат дүүгээ дуудаад хүргэж өгье гэсэн. Тэгээд байж байхад н.Отгонбаярыг нөхөр нь ирээд аваад явсан. Ингээд н.Мөнхбатын дүү н.Буяка гэж дуудаж байсан /Б/ машинтайгаа ирж урд талд н.Мөнхбат, арын суудал дээр н.Батгэрэл, Д. Б бид гурав суугаад нэлээн явж байтал Д.Б нь машины жолооч н.Бд хандаж түүний эцэг болон мөнгө төгрөгтэй холбоотой зүйл ярьсны улмаас маргалдаж байснаа миний бодлоор Саруул тэнгэр өнгөрөөд 16 дугаар хорооллын урд талын автобусны буудал өнгөрөөд н.Б, н.Б хоёр “буугаад үзчихье” гэж хэлээд гэнэт машинаа зогсоогоод хоёулаа бууж, машины хойд талд маргалдаж байснаа сүүлдээ дуу нь чангарч, машин хөдөлгөж түлхэлцэж барьцалдаад байх шиг байхаар нь нөгөө хоёрт “зодолдох гээд байна, буугаач” гэж хэлчхээд түрүүлж буухад машины хойд талд тэр хоёр харилцан заамдалцсан байдалтай зогсож байсан тул салгах гэтэл дийлдэхгүй байсан тул Мөнхбат машинаас гарч ирээд салгасан. Тэгээд Б харилаа гэж хэлээд цаашаа явсан, жолооч Б.Б машинаа асаагаад Цайзаар уруудаж намайг буулгаад Мөнхбат, Батгэрэл тэр гурав цаашаа явсан. Батгэрэл дүүрэг дээр бууна гэж байсан дүүрэг дээр буулгасан байх. Тухайн үед тэр хоёрын хувцас шороо болсон газар унасан эсэхийг анзаарч хараагүй. Харин машин дотор сууж байсан учраас бие биеэ хэрхэн яаж цохисон эсэхийг хараагүй, намайг гарахад босоогоороо заамдалцсан зогсож байсныг салгасан. Маргааш нь Б над руу залгаж “намайг Буяка цохиж өшиглөсөн тээ, юу болсныг мэдэж байна уу” гэж асуухаар нь “өшиглөсөн эсэхийг хараагүй, барьцалдсан байхад чинь салгасан” гэж хэлсэн, ер нь бол Б согтуу байсан учраас өмнөх өдрийн асуудлыг өөрөө сайн мэдэхгүй надаас асууж байсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Мөнхбатын өгсөн: “... 2021 оны 10 дугаар сард манай 10 жилийн ангийн хүмүүс Сансарын Түнел дээр архи ууж байгаад шөнийн 00 цагийн үед ирж аваад хүргээд өг гэж үеэл дүү Быг утсаар дуудаж байсныг санаж байна, түүнээс хойш тус газраас хэзээ гараад хэнтэй хаагуур явж, хэрхэн яаж гэртээ ирсэн эсэхээ огт санахгүй байгаа, маргааш өглөө гэртээ сэрсэн. Түүнээс хойш 2 хоногийн дараа Янжинлхам утсаар ярихдаа “бид нарыг хүргэж өгсөн манай дүү Буяка нь “Быг зодсон” гэж утсаар хэллээ гэсэн, тэгэхээр нь би “дүүгээсээ асууя” гэсэн өөр юм яриагүй. Тэгээд хэд хоногийн дараа дүү Баас асуусан чинь “ээжийг доромжлоод байхаар нь татаж буулгаад явсан” гэж хэлсэн бөгөөд өөр юм хэлээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Ариун-Эрдэнийн өгсөн: “... Д.Б нь манай ээжийн төрсөн дүү, н.Б нь манай эмээгийн талын садны хүн гэдгийг мэддэг бөгөөд баяр ёслол болон чатаар заримдаа мэнд мэдэлцдэг харилцаатай юм. Би тухайн үед Д.Б ахыг хүнд зодуулсан талаар мэдээгүй байсан чинь 2021 оны 10 дугаар сард Б.Б өөрөө миний фейсбүүк хаяг руу залгаж “Д.Б ахын дугаар байна уу” гэсэн, “байхгүй” яасан гэсэн чинь “өчигдөр орой хүн авахаар очсон чинь Д.Б ах тэр хүмүүстэй хамт байж таарсан ба бид хоёр хамт тамхи татсан чинь манай аавын талаар олон юм яриад байхаар нь цохисон” гэсэн, тэгэхээр нь “тэр хүн чинь гайгүй юм уу, хэр их зодсон юм бэ” гэсэн чинь “дугаарыг нь олоод өгөөч, хүмүүс аймаар болсон гээд байна, очиж уучлалт гуймаар байна” гэсэн зүйл яриад өнгөрсөн... Би Б.Бтай харьцсан чат мессежийг хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгөв...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Анударийн өгсөн: “... Манай нагац ээжийн дүүгийн хүүхэд Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр эмээгийн эгчийн хүүхэд хохирогч Д.Буянбат ахыг чатаар хаана байгааг асуухаар нь “мэдэхгүй” гэсэн чинь “өчигдөр олон юм хуцаж байгаад нохой шиг зодуулсан” гэж бичихээр нь хариуд нь “юу юм бэ” гэсэн ойр зуур бичиж байгаад орхисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/,

Гэрч Х.Анударь шүүгдэгч Б.Бтай цахим хаягаар харьцсан тухай гэрэл зургийн хуулбар /хх-ийн 42 дугаар тал/,

Хохирогч Д.Баас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 43-50 дугаар тал/,

Гэрч Ц.Ариун-Эрдэнийн шүүгдэгч Б.Бтай цахим хаягаар харьцсан тухай гэрэл зургийн хуулбар /хх-ийн 52-53 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 10901 дугаартай:

1. Д.Бын биед доод эрүү ясны хугарал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, хүзүү, зүүн завжны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Бгийн өгсөн: “... Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа, уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би бусдыг зодоогүй. Тэр өдөр нагац ахыг Сансараас авахаар очиж 2 эмэгтэй хохирогч нарын хамт дөрвөн хүнийг хүргэж өгөхөөр явах замдаа Офицерын буудал дээр 2 эмэгтэйг буулгаад Быг хүргэж өгөхөөр явж байхад хэрүүл хийгээд байсан тул Да хүүрээ захын ХААН банкны харалдаа буулгаад явсан, өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр тал/,

Шүүгдэгч Б.Бы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 64, 67-70 дугаар тал, шинээр гаргасан 6 хуудас/,

Хохирогчид хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 71 дүгээр тал/,

Хохирогчийн шүүхийн шатанд гаргаж өгсөн тайлбар /хх-ийн 82 дугаар тал/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны шөнийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар хорооллын орчим авга ах Д.Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь доод эрүү ясны хугарал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, хүзүү, зүүн завжны зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Цагдаагийн байгууллагад хохирогч Д.Бын гаргасан өргөдөл /хх-ийн 05 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Бын өгсөн: “... Намайг машинаас чирч буулгаад миний нүүр хэсэг рүү буюу нүд рүү цохиж унагаагаад жолооч залуу хөлөөрөө дэвсээд байсан, үргэлжлүүлээд зодож байхад хамт архи уусан Янжинлхам орилж байгаад салгасан... Маргааш өглөө Буянаа над руу гар утасныхаа дугаарыг нууцалж 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13 цагаас хойш залгаад “та миний үхсэн аавын ясыг өндөлзүүлсэн болохоор би таныг зодсон” гэж хэлсэн. Гэхдээ надаас уучлалт гуйгаад 50.000 төгрөг шилжүүлнэ гэсэн боловч дахин надтай холбоо бариагүй алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12, 15-16 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Янжинлхамын өгсөн: “... н.Б, н.Б хоёр “буугаад үзчихье” гэж хэлээд гэнэт машинаа зогсоогоод хоёулаа бууж, машины хойд талд маргалдаж байснаа сүүлдээ дуу нь чангарч, машин хөдөлгөж түлхэлцэж барьцалдаад байх шиг байхаар нь нөгөө хоёрт “зодолдох гээд байна, буугаач” гэж хэлчхээд түрүүлж буухад машины хойд талд тэр хоёр харилцан заамдалцсан байдалтай зогсож байсан тул салгах гэтэл дийлдэхгүй байсан... намайг гарахад босоогоороо заамдалцсан зогсож байсныг салгасан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Мөнхбатын өгсөн: “... Янжинлхам утсаар ярихдаа “бид нарыг хүргэж өгсөн манай дүү Буяка нь “Быг зодсон” гэж утсаар хэллээ гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Ариун-Эрдэнийн өгсөн: “... 2021 оны 10 дугаар сард Б.Б өөрөө миний фейсбүүк хаяг руу залгаж “Д.Б ахын дугаар байна уу” гэсэн, “байхгүй” яасан гэсэн чинь “өчигдөр орой хүн авахаар очсон чинь Д.Б ах тэр хүмүүстэй хамт байж таарсан ба бид хоёр хамт тамхи татсан чинь манай аавын талаар олон юм яриад байхаар нь цохисон” гэсэн, тэгэхээр нь “тэр хүн чинь гайгүй юм уу, хэр их зодсон юм бэ” гэсэн чинь “дугаарыг нь олоод өгөөч, хүмүүс аймаар болсон гээд байна, очиж уучлалт гуймаар байна” гэсэн зүйл яриад өнгөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Анударийн өгсөн: “... Б.Б нь ... Д.Буянбат ахыг чатаар хаана байгааг асуухаар нь “мэдэхгүй” гэсэн чинь “өчигдөр олон юм хуцаж байгаад нохой шиг зодуулсан” гэж бичихээр нь хариуд нь “юу юм бэ” гэсэн ойр зуур бичиж байгаад орхисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/,

Гэрч Х.Анударь шүүгдэгч Б.Бтай цахим хаягаар харьцсан тухай гэрэл зургийн хуулбар /хх-ийн 42 дугаар тал/,

Хохирогч Д.Баас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 43-50 дугаар тал/,

Гэрч Ц.Ариун-Эрдэнийн шүүгдэгч Б.Бтай цахим хаягаар харьцсан тухай гэрэл зургийн хуулбар /хх-ийн 52-53 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 10901 дугаартай:

1. Д.Бын биед доод эрүү ясны хугарал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, хүзүү, зүүн завжны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Бын өгсөн: “... Машиных нь хойд талын суудал дээр суугаад “Сайн уу Буянаа яагаад ахтайгаа таарахгүй байгаа юм” гээд маргаан эхэлсэн... Тэгээд намайг машинаас түлхээд унагаасан. Машинаас унагаачхаад Б.Б миний нүүр рүү өшиглөөд байхаар нь би эрүүгээ хамгаалсан. Тэгээд холдсоор байгаад харахад Янжмаа “чи хүн аллаа шүү дээ” гээд орилоход Б.Б машинаа унаад зугтаасан... Маргааш нь ... Б.Б над руу өөрийн дугаараа нууцалж залгасан бөгөөд тухайн үед эвтэй ярих болов уу гэсэн чинь тэгж хэлээгүй. Би харин Б.Баас “ах нь чамтай муухай харилцсан бол ахыгаа уучлаарай, хоёулаа ах дүү нар юм чинь эвтэй явцгаая” гээд “шүд ам өвдөөд өвчиндөө шаналаад хэвтэж байна, ах руугаа 50.000 төгрөг шилжүүлчих, би цагдаагийн байгууллагад гомдол гаргаад яах вэ” гэж хэлсэн. Тэгээд миний дансны дугаарыг авсан. Тэгээд “чи ахыгаа алчихсан бол яах юм бэ, чи намайг машинаас буулгаад аймаар өшиглөсөн” гэж хэлэхэд “би хүнийг алтал өшиглөхгүй, би 2 удаа өшиглөсөн” гэж хэлсэн... Тэгээд миний бие 7-8 хоногийн хугацаанд маш их өвдсөн...гэмтлийн эмнэлэг дээр очсон. Тэгээд очиж үзүүлэхэд ... “таны эрүү хугарсан байна, яаралтай хагалгаанд орох шаардлагатай, яаралтай хагалгаанд орохгүй бол эрүүгээ тайруулах эрсдэлтэй” гэж хэлсэн учраас хагалгаанд орох бичиг хийлгэсэн...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бы өгсөн “хохирогчийг зодож цохиогүй, биед нь гэмтэл учруулаагүй” гэх агуулгатай мэдүүлгүүд нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Мөнхбат, Ц.Ариун-Эрдэнэ, Х.Анударь нарын тус тус өгсөн мэдүүлгээр үгүйсгэгдэн няцаагдана.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Б.Бы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Д.Бын зүгээс бусдыг үл хүндэтгэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биеэ зөв авч яваагүй зүй бус, ёс суртахуунгүй байдал нөлөөлжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Бын эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

Хохирогч Д.Б нь энэ гэмт хэргийн учир өөрт учирсан гэм хорын хохиролд 3.975.400 төгрөгийг нэхэмжилсэн боловч эмчилгээний зардлын баримтаар нэхэмжилсэн 975.400 төгрөгөөс 830.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б нь нөхөн төлсөн учир үлдэх 145.400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.Бт олгохоор тогтоон, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг нотлох баримт хангалтгүй учир хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.

Харин хохирогч Д.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Баас жич нэхэмжлэх эрхтэй юм.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Иймд Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Бы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Б.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заалтад “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж тус тус заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Б.Бд торгох ялын доод хэмжээг оногдуулахыг шүүгдэгч хүсэж байх боловч уг гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, учруулсан бодит хохирлыг гүйцэд төлөөгүй зэргээс үзэхэд дээрх хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

          Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Бын Быг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Бд сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 830.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Баас 145.400 төгрөг гаргуулж хохирогч Д.Бт олгосугай.

          7. Хохирогч Д.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Баас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ӨСӨХБАЯР